Энэ жил улсын хэмжээнд нийт 1629 багийн 164.0 мянган малчин өрхөд дотоодын хэрэгцээнд хэрэглэх болон экспортонд гаргах махаа тооцон 66.0 сая толгой мал өвөлжих, үүнээс 9.2 сая мал отроор өвөлжих урьдчилсан тооцоо гарч орон нутагт мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулан ажиллаж байна.
2017 онд шаардагдах тэжээлийг тэжээлийн нэгжид шилжүүлснээр 700,6 мянган тэжээлийн нэгж бүхий өвс, сүрэл, ногоон тэжээл, үйлдвэрийн тэжээл, гар тэжээл, дарш, давс, хужир шүү хэрэгтэй байна.
Манай улс жилд 1.2-1.4 сая тонн өвс бэлтгэдэг байсан бол энэ жилийн хувьд 850.0 мянга орчим тонныг бэлтгэж 400-аад мянган тонн өвс дутагдах төлөвтэй байна. Дутагдаж буй өвсийг тэжээлд шилжсэн үр тариа, хаягдал буудай, ногоон тэжээл, рапсын шахдас болон гар тэжээлээр нөхөх боломжтой.
Энэ жил тэжээлийн ургамлаас 47.0 мянган тн ногоон тэжээл, улаан буудайнаас 14.7 мянган тн буудай тэжээлд, үтрэмийн цэвэрлэгээнээс 20.7 мянган тн буудай тэжээлд, шилжих төлөвтэй байна. Ингэснээр энэ жил 150.0 мянган тн хүчит тэжээл, 100.0 мянган тн гар тэжээл, 100.0 мянган тн эрдэст тэжээл бэлтгэгдэнэ.
Одоогийн байдлаар малчдын түвшинд 471.0 мянган тн өвс, 525 тн сүрэл, 1622.7 тн ногоон тэжээл, 5413.6 тн үйлдвэрийн тэжээл, 6374.0 тн гар тэжээл, 47.7 тн дарш, 13.2 мянган тн давс, хужир бэлтгэж өвс, тэжээлийн бэлтгэл 31.7 хувьтай байна. Баян-Өлгий, Увс, Ховд аймгууд 50.0-иас дээш хувьтай байна.
Засгийн газрын 186 дугаар тогтоолоор аймаг, сумын аюулгүйн нөөцөд 30.8 мянган тн өвс, 11.7 мянган тн тэжээл бэлтгэх үүрэг өгсөн. Одоогийн байдлаар 6836.4 тн өвс буюу 22.2 хувьтай, 1431.5 тн тэжээл буюу 12.2 хувьтай бэлтгэж байна.
2017 онд тэжээлийн нэгжид шилжүүлснээр 649.6 мянган тэжээлийн нэгж бүхий өвс, үр тариа, хаягдал буудай, хивэг, ногоон тэжээл, рапсын шахдас, гар тэжээл, эрдэст тэжээл үйлдвэрлэх боломжтой байна.
2017 онд бэлтгэх өвс, тэжээлийн балансаас үзэхэд 2017-2018 оны малын өвөлжилт, хаваржилтад 51.0 мянган тэжээлийн нэгж тэжээл буюу 50.0 гаруй мянган тн хүчит тэжээл эсвэл 110.0 мянган тн өвс дутагдалтай байна.