Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн гишүүн, хүчит арслан Лувсанчимэдийн Сосорбарамтай ярилцлаа.
-Таныг ид үед Монголын домог болсон их аваргууд, арслан, заанууд барилдаж байсан. Тэр дундаас олон түмний дунд төдийлөн яригддаггүй хэрнээ тухайн үедээ монгол бөхийн гайхамшиг болж байсан хүчтэнүүдийн тухай дурсахгүй юу?
-Би ч ер нь их огцом гарч ирсэн хүн шүү дээ. Ингэж гарч ирсэн бөхийг том цолтнууд төдийлөн амладаггүй байсан. Хорин нэгтэй залуу ид гарч ирж байхад Түвдэндорж аварга дөч гарчихсан бөх байлаа. Намайг ер нь л авдаггүй байсан. Түвдэндорж аварга мундаг хүн л дээ. Араас нь харвал бөгтгөр, урдаасаа гэдгэр, хажуугаас нь харвал урагшаа түрсэн гүдгэр цээжтэй бөх байсан юм. Их өргөн цээжтэй. Домог болсон олон аваргуудтай ид үед байхад нь барилдаж явсан. Үйлдвэрчдийн эвлэлийн хоёрдугаар их наадам гэж 1962 билүү жаран гурван онд болсон юм. Тэр наадамд Дамдин аваргатай үзүүр, түрүүнд үлдлээ. Тэр үед чинь Дамдин аварга гэж орсон буур шиг амьтан л байсан шүү дээ. Ингээд барилдлаа. Өрж эхлээд л над руу дайрч, янз бүрийн мэх хийж байна. Арай гэж тогтоочихоод сэнжигнийх нь барьцыг халаад тавиулчихсан чинь гараа үлээгээд л цаашаа хэд алхав. Тэгэхээр нь жаахан зориг орлоо шүү. За Дамдин аварга надаас бас бэргэж байна. Би ч бас сүрхий халдаг л байлаа. Дахиад дайраад ороод ирэхээр нь хоёр улаан сугаар нь тэвэрч аваад татчих юм бодоод мэх хийх гэтэл хоёр гараа ганцхан суга татангуутаа намайг тахимдаж хаячихаад дэвээд явчихлаа. Тэр үед Дамдин аварга миний шинэ далбааг хоёр сугаар нь зад татаж билээ. Дамдин аваргатай тулахад хад чулуу л гэсэн үг. Хүн байна даа нааш цаашаа хөдлөнө биз дээ. Ерөөсөө тийм юм байхгүй. Очоод тулна, залгаад хөдөлгөх гэтэл бат л зогсдог. Мижиддорж арслан Дамдин аварга хоёр их сайн найзууд. Улсын баяр наадмаар Дамдин аварга Мижиддорж арсланг есөн удаа авсан юм. Наадмын өмнөх бэлтгэлээ ч хамт хийнэ. Мижиддорж арслан амнаасаа болоод л авахуулдаг байсан даа. Нэг жил наадмын бэлтгэл хамт хийж байхдаа Дамдин аваргыг хаясан юм билээ. Тэгээд Мижиддорж арслан “Чи ч энэ жил олигтой барилдах юм уу даа. Ер нь их сул байна шүү. Миний өрөөсөн хөлийг даахаа больсон байна. Ийм байж намайг давахгүй шүү” гэж л дээ. Дамдин аварга “Тэгвэл чамайг өнөө жил авчих уу” гэдэг байж. Тэгээд л наадам болохоор Мижиддорж арсланг амлан авч барилддаг байсан гэдэг. Хамгийн сүүлийн буюу ес дэх удаагаа Дамдин аваргад амлуулан барилджээ. Тэгсэн Мижиддорж арслан “Чи элэг бүсдээ хүргүүлчихвэл юу ч биш л дээ” гэж. Тэгэхээр нь Дамдин аварга элэг бүсний барьцыг нь өгсөн гэнэ. Тэгсэн ч Дамдин аварга давж. Барилдааны дараа Мижиддорж арслан “Муу нохой чинь гар хугалчих шахлаа” хэмээн гомдоллон ярьж байсан гэдэг. Энэ хоёр чинь хоорондоо их муудалцаж, зодолдоно. Тэгснээ маргааш нь хамт ууж, инээж ханиагаад л явна. Дамдин аварга гэж ийм л мундаг тэнхээтэй, жудагтай, ааш зан, яриа хөөрөө их сайхантай хүн байлаа.
-Та Түвдэндорж, Чимэд-Очир аваргуудын талаарх дурсамж түүхийг их мэднэ. Түвдэндорж аваргын тухайд…
-Түвдэндорж аварга ч энгүй хүчтэй, цаанаасаа л тусгай төрчихсөн хүн л дээ. Нэг жилийн наадмаар Мөнхбат, Баянмөнх аваргуудыг удаан барилдсан гээд хасч байсан даа. Тэр жилийн наадмын маргааш түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд бай шагналаа гардан авч байх үед Түвдэндорж аварга улаан “яавтай” ирж явна. Бид хоёр хоорондоо их маазарна. Тэгсэн Түвдэндорж аварга “Энэ хоёр (Хоёр Мөнх) төрийн наадам удаагаад” л гэж байна. Тэгэхээр нь би тоглоод “Та бол ингэж уддаггүй байсан биз” гэсэн чинь “Шудраад өнгөрөхгүй яах юм” гэж байна. Тэгэхээр нь “Аан тийм үү. Та манай Дэлгэрхааны мохой Норов гэдэг хүнийг хонон өнжин шударсан (удаан барилдсан) гэл үү” гэтэл Түвдэндорж аварга их ууртай “Үхсэн, тэр чинь аль эрт балрын явдал” гэж билээ(инээв). Аваргатай барилдсан манай нутгийн мохой Норов гэдэг хүнийг би мэднэ л дээ. Их л бяртай, хүчтэй бөх хүн байсан юм. Тэр хүнтэй л аварга хонон өнжин барилдсан гэдэг.
-Танд хамгийн харамсалтай ч гэх үү, хамгийн их сургамж авсан барилдаан гэвэл…
-Би ч ер нь их багаасаа барилдсан. Хүүхэд байхын л үеийнхэнтэйгээ ноцолдож, хувцас хунараа урж, тасдана. Бүтэн сугатай дээл өмсөнө гэж байхгүй шүү дээ. Сургамж авсан барилдаан их ээ. Би наймдугаар ангийн хүүхэд байв уу даа. Төв аймгийн Баянбараат, Баянцагаан сум нийлчихсэн байлаа. Тэр суманд очиж анх удаа зодоглож цэргийн заан Юндэн гэх бөхийг давж түрүүлж байв. Дараа нь Угтаалын наадам болох сургаар хүргэн ахаа гуйж байгаад хамт морьтой явлаа. Тэр наадамд дөрөвт үлдчихлээ. Түрүү, үзүүрт Дэрэн сумын Жамц хэмээх бөхтэй үлдлээ. Барилдаан болох гэж байхад тэр бөх алга болчихов. Тэгсэн наадамчид “Баянцагаанд түрүүлээд ирсэн Сосорбарамаас Жамц айгаад алга болчихлоо” гэж ярьцгааж байна. Үнэхээр айж дээ гэж би бодов. Тэгсэн нээх том биетэй хар нөхөр зодог шуудгаа өмсөөд гараад ирлээ шүү. Нөгөө нөхөртэй чинь үзлээ. Би нэг хөлд ордог ухаантай. “Том биетэй хүнийг хөлд нь орж, хүчтэй унагавал их сүртэй байдаг юм гэсэн. Тэгж хаянаа” гэж бодоод орох гээд ухасхийснээ болиод сугадаж аваад давуулах гэтэл дор нь орчихлоо. Тэгээд тэр наадамд үзүүрлэсэн юм. Энэ л их сургамж болсон доо. Би одоо шавь нартаа хэлдэг. Бөх хүнд хоёр мундаг алдаа байдаг. Нэгдүгээрт бардаж байгаад унах, хоёрдугаарт айж байгаад унах. Айсан хүн мэхээ дандаа дутуу хийдэг. Бардсан хүн сагсуурч байгаад учраа бөхдөө хөнгөхөн “зууш” болдог юм. Бөх хүн ерөөсөө дөлгөөн, тайван, хараатай, ухаантайхан барилдах хэрэгтэй.
-Таны үед монгол бөхийн ёс жудаг, эрэмбэ дараа, нэгнийгээ хүндэтгэнэ гэдэг жинхэнэ утгаараа оршиж байсан. Цагийн эрхээр бөхийн ёс жудаг элэгдэх боллоо хэмээн ахмадууд ярьдаг. Таны хувьд өнөөгийн монгол бөх эртний ёс уламжлалаасаа хэр алсарсан гэж бодож байна?
-Монгол бөх бол монголчуудын шүтээн болсон өв соёл. Ахмад бөхийн хувьд залуус дүү нартаа энэ тухай их ярьдаг. Эцэг эхээс заяасан бие галбир, бяр чадлаараа бөх болж болно. Үүнийг зөв авч явах л учиртай. Монгол бөхийн ёс жудаг гэдэг бол монгол эр хүний ёс суртахуун юм. Үүнийг л залуучууд маань сайн ойлгох хэрэгтэй. Монгол бөхийн ёс жудаг гэдэг бол ахмад болон том цолтой бөхчүүдээ хүндэтгэж, эрэмбээ мэдэж байх хэрэгтэй. Хамгийн чухал нь цолтноо хүндэтгэх явдал юм. Энэ нь сүүлийн үед буюу зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш жаахан алдагдах гээд байна. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг нэг бөх алдаа гаргалаа гэхэд бөхчүүд ингэлээ, тэглээ л гэж ярина. Тийм болохоор бөх гэдэг нэр алдрыг дээдэлж, өндөрт өргөн явах учиртай.
-Нөгөө талаас бөхийн ёс жудаг алдагдаж, бөхчүүд зүй бус авир гаргах болсон нь бөхийн бай шагналаас боллоо гэж зарим нь хэлдэг дээ. Та үүнтэй санал нийлэх үү?
-Ээ, яг даа. Манай Дагвасүрэн арслан амьд сэрүүн байхдаа бөхийн бай, шагналын талаар нэг нийтлэл бичсэн юм. Тэрийг би цаг үеэ олсон их үнэн зүйл бичлээ гэж тухайн үед уншиж байлаа. “Хоёр давааны дундах даваанаас болж эр хүний жудаг алдах ёсгүй” ч билүү иймэрхүү гарчигтай нийтлэл бичсэн санагдана. Бидний үед түрүүлсэн бөхийг хоёр, гурван төгрөгөөр байлдаг байв. Одоо ч сая, саяар нь хэлдэг болж. Улсын баяр наадамд 15 сая төгрөг өгч байхад захын нэг компанийн ойн баяраар л түрүүлсэн бөхөд хорь, гучин сая төгрөг өгч байна. Үүнээс л болж бөхийн ёс жудаг, эр хүний ноён нуруу хугарч байна уу даа. Энийг анхаарах ёстой.
-Та олон жил Үндэсний бөхийн хөлийн цэцээр ажилласан хүн. Сүүлийн үеийн барилдаанууд маргаан их дагуулах болсон. Ялангуяа улсын баяр наадмаар…
-Энэ ажил миний хийдэг ажил биш юм билээ. Одоо ч хоёр бөх унасан ч дэвдэг болсон. Очоод хэлэхээр миний өөдөөс элдэв бусын юм хэлж, хөгшин зөнөгөөр нь дуудахгүй л юм. Гэхдээ л гаргаж байгаа үйл хөдлөл нь их дургүй, төвөгшөөсөн янзтай. Манай Үндэсний бөхийн холбоо монгол бөхийн гадаад байдлыг их сайхан болгосон, хөгжүүлсэн. Малгай, дээл, зодог шуудаг, залаа гээд… Одоо дотор тал буюу бөхчүүдийн ёс, жудгийг засах хэрэгттэй. Мөн жалга довны үзэл их гаргах болсон. Энэ бол маш том аюул. Монголчууд эрт дээр үеэсээ эвтэй байхдаа хүчтэй, их гүрэн болж байсан. Хоорондоо эвдрэлцэж, талцсанаасаа болж бутарсан, сүйрсэн. Яг энэ систем, өнөө цагт монгол бөхөөр жалга довны үзэл гаргах байдлаар илэрч байна. Үүнийг цаашид хаа, хаанаа анхаарч, бие биенээ ялгаварлах, талцах үзлийг арилгах хэрэгтэй. Энэ бол өргөн хүрээндээ үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Хэдэн бөхчүүдийн биш төр улсын хэмжээнд очиж болохоор том аюул шүү. Монгол бөхийн дэг жаяг алдагдана гэдэг бидний хойч ирээдүйд үнэхээр хор хөнөөлтэй, муу зүйл. Энэ бүгд өнөөгийн Монголын нийгмийн байдлаас их шалтгаалж байх шиг байна.
-Өнөө жилийн наадмын тухайд ярихгүй юу. Аварга, арслангууд өндөр даваанд барилдалгүй элэг бүсээ тайлсан. Үүнийг Сэрээтэр харцага их шүүмжилж байсан. Мөн тавын даваанд аварга Санжаадамба, улсын начин болсон Ганжад нарын барилдаан гээд ярих зүйл ихтэй наадам боллоо?
-Жил бүрийн наадам сайхан болдог. Энэ жилийн наадам ч гэсэн сайхан болсон. Гэхдээ ганц, хоёр хүн дээр л асуудал гараад байгаа юм. Тавын даваанд аварга, аймгийн арслан хоёрын барилдаан дүрмээрээ л шийдэгдсэн. Тэр дэлгэцээр маргаантай барилдааныг үзүүлэх буруу л даа. Санжаадамба, Ганжад нарыг найман шүүгч шүүсэн. Олонхийн саналаар барилдааныг Ганжадын талд шийдвэрлэсэн. Дүрмээ л барих учиртай.
-Үндэсний бөхийн хөлийн цэцийг ахмад бөхчүүдээр бус нүд сайтай, залуу хүмүүсээр хийлгэх хэрэгтэй гэсэн саналыг иргэдийн зүгээс гаргадаг?
-Олон жил хөлийн цэц хийсэн дээ. Одоо ч больсон. Нэгдүгээрт халуун наранд суугаад байх хэцүү юм. Хоёрдугаарт их хариуцлагатай ажил. Олон түмэн хоёр бөхийн барилдааныг үзээд л сууж байгаа. Хөлийн цэц буруу шийдвэр гаргавал үзэгчид эсэргүүцэх нь ойлгомжтой. Нөгөөтэйгүүр аль нэг бөхийн талд шийдвэр гаргахад нутгийнхаа бөхийн талд орлоо, буруу харлаа гэж шүүмжилдэг. Их л хэл амтай ажил. Манай нутагт хуучин хөлийн цэцийг хөлийн сайд гэж хэлдэг байлаа. Хөлийн цэцээр хуучин барилдаж байсан бөх хүнийг ажиллуулах хэрэгтэй. Багачууд, хүүхдийн барилдаанд бол нүдний хараа гэх мэт зүйл чухал. Харин томчуудын барилдаан бол өөр шүү дээ. Тийм ч учраас өмнө нь барилдаж байсан хүн хөлийн цэц хийснээр тухайн хоёр бөхийн аль нь түрүүлж унасан, хэн нь давсныг мэдэрдэг юм. Харин барилдаж байгаагүй хүн хөлийн цэц хийвэл үүнийг мэдрэхгүй. Иймд барилдаж байсан туршлагатай бөхчүүдээр хөлийн цэц хийлгээд байгаа юм. Ахмад бөхчүүд хөлийн цэц хийж байгаа нь эртний уламжлал. Хүний нүдний хараа гэдэг их сонин. Шууд хараад тэр бөх уначихлаа, давчихлаа гэж хэлэхэд хэцүү. Үүнд барилдаж байсан хүний мэдрэмж чухал. Би хөлийн цэц хийж байхдаа “Хөөе тэр цэнхэр далбаатай нь давлаа, улаан далбаатай нь уналаа” гэж бөхчүүдийн далбааны өнгөөр нь дууддаг байсан. Тэр их зүгээр. Тэгэхгүй бол тэр аварга давсан, тэр заан унасан гэж нэр устай нь хэлэхээр шийдвэр гаргахад нөлөөлдөг юм болов уу гэж боддог. Өөр нэг зүйл нь даваа бүрийг цол, эрэмбээр нь амлуулж барилдуулах хэрэгтэй. Яах гэж цол өгч байгаа юм. Бөх хүн даваа бүрт өөрийнхөө эрхээр, цолныхоо эрэмбээр бөхөө амлахгүй байна гэхээр тухайн бөхийн эрх зөрчигдөж байгаа мэт санагддаг. Энэ бол миний л бодол шүү.
-Та Үндэсний бөхийн холбооны Цэцийн зөвлөлийн гишүүн. Танай холбоог тойрсон маргаан сүүлийн хорь гаруй жил яригдлаа. Ирэх онд МҮБХ ээлжит “Их Эе”-ийг хуралдуулна гэсэн.
-Эрт л энэ маргааныг шийдье гэсэн саналыг оруулж байсан ч дэмжигдээгүй юм. Уг нь миний бодлоор хоёр талын улсууд ижил түвшинд, тэрхүү их хурлаараа шударгаар өрсөлдөх хэрэгтэй юм. Улстөрийн намууд шиг. Манайд чинь АН, МАН гээд хоёр том нам байна шүү дээ. Сонгуулиар УИХ-д аль нам суудал авсан нь Засгийн газраа байгуулж, улс эх орноо жолооддог шиг л аль их хүнтэй тал нь бөхийн холбоог удирдчихмаар байгаа юм. Энэ саналыг би хэд дахин хүргүүлж байсан. Даанч хүлээж авдаггүй юм. Уг нь шийдэхэд их амархан санагддаг. Болдоггүй л юм байлгүй дээ. Одоо эв эеэ ололцох хэрэгтэй.