Нийслэлийн статистикийн газраас долоо хоног тутамд, хүнсний захаар худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүний үнийг, өнгөрсөн долоо хоногийн үнийн дүнтэй харьцуулсан судалгааг гаргадаг. Тэгэвл энэ долоо хоногийн хүнсний бүтээгдэхүүний үнийг танилцуулж байна.
Махны үнэ
Хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6155 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7255 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.2 хувиар буюу 15 төгрөгөөр буурч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байлаа. Ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5700 төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7800 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.2 хувиар буюу 15 төгрөгөөр, хонины цул махны үнэ 0.4 хувиар буюу 25 төгрөгөөр тус тус буурчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 4600 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 6500 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
Хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 819-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300 төгрөгийн үнэ ханштай байв. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1220 төгрөгийн үнэтэй байна.
Төмс, хүнсний ногоо
Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 2.7 хувиар буюу 35 төгрөгөөр, лууван 0.7 хувиар буюу 15 төгрөгөөр, хятад сонгино 1.8 хувиар буюу 25 төгрөгөөр буурчээ.