Categories
мэдээ цаг-үе

А.Нямдолжин: Нүүрсээ худалдах шинэ суваг нэмснээр дэлхийн зах зээлийн үнэд ойртуулах боломжтой

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга А.Нямдолжинтой ярилцлаа.


Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-д албан ёсны айлчлал хийгээд ирлээ. Түүний оролцсон Дорнын эдийн засгийн форумын цар хүрээний талаар сонирхуулахгүй юу. Манай улс энэ уулзалтын үйл ажиллагаанд хэрхэн оролцов?

-Дорнын эдийн засгийн чуулга уулзалтыг 2015 оноос хойш ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины санаачилгаар Владивосток хотноо зохион явуулж ирсэн бөгөөд энэ жил гурав дахь удаагаа зохиогдож байна. Владивостокийг сонгосон нь зүгээр ч сонгосон зүйл биш. ОХУ-ын Алс Дорнод, Байгалийн бүс нутгаа хөгжүүлэх бодлоготой нь салшгүй холбоотой. Түүнээс гадна 21-р зууныг “Азийн зуун” хэмээж буй өнөө үед Алс Дорнодын бүс нутгаа дэлхийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болох Ази руу гарах хөгжлийн гарц, зангилаа судас гэж харж байгаа юм. Гэвч хүн ам сийрэг суурьшсан, Европын хэсэгтэй харьцуулахад хөгжлийн түвшин ялгаатай, сул хөгжсөн байдал нь Оросын улс төр, эдийн засгийн эмзэг асуудал юм. ОХУ-ын байгалийн баялгийн нөөцийн 60-80 хувь, нийт хүн амын 18 хувь, газар нутгийн 78 хувь нь Азийн хэсэгт оршдог. Алс Дорнодын сав газарт 64 далайн боомтын 28 нь байдаг ба Хабаровск, Приморскийн хязгаарын Восточный, Находка, Владивосток, Ванино зэрэг боомтод бараа эргэлтийн 75 хувь оногддог нь Оросын томоохон 10 боомтын тоонд багтдаг. В.Путин Ерөнхийлөгч болсон цагаасаа эхлэн тус бүс нутгийг хөгжүүлэх эрчимтэй бодлого баримталж ирсэн. Тухайлбал, тус бүс нутгийг хэдэн жилийн өмнө “Тэргүүлэх хөгжлийн бүс” болгон зарласан, Алс Дорнодын хөгжлийн яамыг шинээр байгуулсан, Алс Дорнод, Байгалийн бүсийг 2025 он хүртэл хөгжүүлэх стратегийг баталсан гэх мэт ажлуудыг хийж байна. Дорнын эдийн засгийн форумын өргөтгөсөн хуралдааны нээлт дээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин:“Алс Дорнодын бүс нутгийн ирээдүйг хурдацтай хөгжиж буй Ази Номхон далайн бүс нутагтай интеграцичлагдах Оросын нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол төв гэж харж байна. Зам тээвэр, дэд бүтэц, эрчим хүчний салбарыг шинэчилж, үр ашгийг нэмэгдүүлэх, улмаар шинэ үйлдвэр, үйлчилгээ, ажлын байрыг бий болгох нь бидний ажлын гол зорилго” хэмээн онцолсон. ОХУ-ын эдийн засгийн гол түнш БНХАУ болоод байгаа, түүнчлэн Япон, Өмнөд Солонгос зэрэг Зүүн Хойд Азийн бусад орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн, Оросын болон гадаадын зах зээл дээр хөрөнгө оруулалтыг татахыг зорьж байна.Түүнээс гадна Өрнөдийн хүчтэй дарамт шахалтыг сөрөн зогсох, Евразийн өргөн уудам бүсэд эдийн засгаа тэлэх Оросын бодлоготой нийцсэн чухал ажил болж байгаа юм. Хэдийгээр 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ч цар хүрээ нь өсөн нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Дорнын эдийн засгийн чуулга уулзалт нь ОХУ, Ази-Номхон далайн бүс нутгийн орнууд хоорондын улс төр, бизнесийн төлөөлөгчдийн харилцан хамтран ажиллах, санал бодлоо солилцох олон улсын томоохон талбар болсон. Өнгөрсөн онд тус чуулга уулзалтын хүрээнд дэлхийн 60 гаруй орны 3000 гаруй төлөөлөгчид оролцон, 1,7 триллион рублийн 200 гаруй гэрээ хэлэлцээр хийгдсэн байдаг. Энэ удаагийн форумын үйл ажиллагаанд 60 гаруй орны 4000 гаруй төлөөлөгчид оролцсон. Тус чуулга уулзалтан дээр Оросын талаас хэрэгжүүлэх мега төслүүдээ танилцуулав. Тухайлбал, Хабаровскийн хязгаарын амбан захирагч В.Шпортын танилцуулсан төслийн дотор, нефть боловсруулах, нефть-химийн үйлдвэр, Евро-5 түлш шинээр гаргах 660 тэрбум рублийн төсөл, 2017 оны 9-р сард эхэлж байгаа Хабаровскийг тойрсон төлбөртэй автозам байгуулах 41,8 тэрбум рублийн төсөл болон гадаадын хамтарсан том хэмжээний төслүүд багтаж байна. Гадаадын том төслүүдийн тоонд Японтой хамтарсан төсөл орж байна. Энэ нь “Надеждинская” хөгжлийн тэргүүлэх бүсэд Mazda маркийн хөдөлгүүр үйлдвэрлэх үйлдвэр байгуулах Алс Дорнодын хөгжлийн корпораци,Mazda Sollers Manufacturing компаниудын хооронд Орос-Японы хамтарсан хэлэлцээрийг байгуулав. Сахалин-Хоккайдогийн хооронд гүүр байгуулах бизнес төсөл ч яригдав. В.Путины үзэж байгаагаар Өмнөд Солонгосын бизнесийн түншүүдтэй Алс Дорнодын боомтуудыг хөгжүүлэх дэд бүтцийн бүтээн байгуулалтад Өмнөд Солонгосын компаниуд оролцох нь илүү ирээдүйтэй төсөл болох юм. Түүнчлэн В.Путин хөдөө аж ахуйн салбарыг онцлон дурдаад, Өмнөд Солонгост нийлүүлсэн Оросын хүнсний бүтээгдэхүүн эхний 7 сард 17%-иар өссөн буюу 870 сая ам.долларт хүрснийг онцлов. Энэ мэтчилэн одоогийн байдлаар нэг триллион давсан гэрээ хэлэлцээрүүд Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын талбар дээр хийгдсэн байна.

-Манай Ерөнхийлөгч Восточный боомтын үйл ажиллагаатай танилцсан. Энэ боомтоор манай улс нүүрсээ гуравдагч орнуудад гаргах боломжтой хамгийн дөт зам гэж байна. Тийм боломж бидэнд бий юу?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын чуулга уулзалтад оролцсон гол зорилго бол Приморын хязгаарын“Восточный” боомтоор Оросын нутаг дэвсгэрээр дамжуулан гуравдагч орны зах зээлд Монголын эдийн засгийн стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн болох нүүрс, зэсээ худалдах боломжийг нээх,төмөр замын транзит тээврийн хөнгөлөлт эдлэх талаар олон жил яригдсан энэ асуудлаар Оросын талтай тохиролцон хэлэлцээрийн түвшинд хүрэх явдал байв. Энэ зорилгоо амжилттай биелүүлсэн гэж үзэж байна. Учир нь Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын талбар дээр манай Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авч, Монголын нүүрсийг дамжин өнгөрүүлэх тухай хэлэлцээрт 2017 онд багтан гарын үсэг зурах тухайгаа Оросын талаас мэдэгдсэн.

-Эдийн засагчид үүнд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа бололтой. Монгол Улсын хувьд гуравдагч хөрш рүүгээ нүүрсээ гаргахын тулд урдуураа гаргасан нь дээр юм уу, хойгуураа явсан хоёрын аль нь ашигтай юм бэ?

-Тувагийн Хакас нь 8000 км-ийн алсаас “Восточный” боомт руу нүүрс тээвэрлэдэг. Монголын нүүрсний ордоос “Восточный” боомт хүрэхэд 5000 км-ийн зайтай.Тус боомтыг ашиглахад эдийн засгийн үр ашиг бага, эрсдэл дагуулж болох ч нэг зах зээлээс хараат байхаас зайлсхийдэг, эмзэг, жижиг эдийн засагтай, далайд гарцгүй орны хувьд Монголын нүүрсний зах зээлд Хятадын нөлөө, хамаарал улам бүр өсөн нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд стратегийн чухал ач холбогдолтой алхам болсон гэж бодож байна. Нөгөө талаас, Монгол-Оросын харилцаа сэргэх нэг илэрхийлэл болж байгаа төдийгүй урд хөрш рүү хэдийгээр 200 км-ийн ойр зайнд нүүрсээ худалдаж байгаа боловч, нүүрсээ худалдах шинэ суваг нэмснээр дэлхийн зах зээлийн үнэд ойртуулах боломжтой. Ерөнхийлөгч Х.Баттулга “Восточный” боомтын үйл ажиллагаатай танилцах үеэр ОХУ-ын Зам тээврийн сайд Максим Соколов “Восточный” боомт нь дэд бүтэц хөгжсөн хамгийн сайн бэлтгэгдсэн талбай бүхий боомтуудын нэг бөгөөд АНД-н бүс нутгийн орнууд, Зүүн Өмнөд Азийн орнууд руу тээвэрлэх Монголын нүүрсийг хүлээж авах боломж байгааг онцлон тэмдэглэсэн. Тэрээр ТАСС агентлагт өмнө нь өгсөн ярилцлагадаа Монгол Улс “Восточный” боомтод сард 70 гаруй мянган тонн нүүрс нийлүүлэх боломжтой. Гэхдээ одоохондоо нүүрсний тодорхой хэмжээг тогтоогүй байна. Нүүрс худалдах тухай Монголтой байгуулах гэрээнээс тодорхой болно гэж мэдэгдсэн. “Восточный” боомт Оросын нүүрсний төрөлжсөн томоохон боомтуудын нэг юм. 2016 онд тус боомтын нүүрсний экспортын бараа эргэлт 23,5 сая тонн-д хүрсэн. Нийт экспортын нүүрсний 30 хувь нь тус боомтоор дамжин өнгөрсөн байна. Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтын хүрээнд болсон “Орос-Монгол: Уулзах газар-Алс Дорнод” дугуй ширээний уулзалтын нээлт дээр Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ энэ 5000 км төмөр зам дээр хөндлөн буюу ОХУ, БНХАУ-ыг холбосон гурван транзит тээврийн төслийг хоёр хөрштэйгээ хамтарч хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн.

-Ер нь Монгол Оросын эдийн засгийн харилцаа идэвхгүй байдаг. Харин шинэ Ерөнхийлөгчийн хувьд гадаад бодлогодоо сайн хөршийн харилцааг идэвхжүүлнэ гэж байгаа. Тэгэхээр ОХУ-тай нэн түрүүнд эдийн засгийн харилцаагаа сайжруулахын тулд ямар тохиролцоонд хүрэх ёстой вэ?

-Монгол Улс хойд хөрштэйгөө стратегийн түншлэлийн хэмжээнд харилцаа тогтоосон ч эдийн засгийн салбарт тэнцүү харилцаж чадахгүй байна. Монгол-Оросын худалдаанд голлох экспортын нэр төрөл нь газрын тосны бүтээгдэхүүн буюу шатахуун байдаг. Тиймээс хоёр талын худалдааны хэмжээг өсгөх, Монголын талын худалдааны алдагдлыг бууруулахын тулд Монголын экспортын бараа, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нэр төрлийг төрөлжүүлэх, Оросын талын гаалийн өндөр татвар, тарифын болон тарифын бус саад тотгор, Монголын мах, махан бүтээгдэхүүнд Оросын талын тавьж буй хорио, цээр, квотын асуудлыг хамтран шийдвэрлэх тал дээр хамтран ажиллах шаардлагатай байна. Тус чуулга уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр орны худалдааны эргэлтэд гарсан зарим эерэг өсөлтийн талаар дурдсан. Тухайлбал, 2017 оны эхний долоон сарын байдлаар Монгол Улс, ОХУ-ын худалдааны эргэлт 705,3 сая ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 46,8 хувь өссөн таатай мэдээ байна. Үүний дотор ОХУ-д гаргасан манай экспорт 33,4 сая ам.доллар буюу өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8,5 хувь, ОХУ-аас импортолсон бараа бүтээгдэхүүн 671, 9 сая ам.доллар буюу 49, 5 хувиар тус тус өссөн байна. Хэдийгээр өссөн дүн харагдаж байгаа ч 4000 орчим км хуурай газраар хиллэдэг хоёр орны хувьд чамлалттай байгаа. Үүнийг өргөжүүлж, бүс нутаг хоорондын харилцааг дэмжиж ажиллах хэрэгтэйг энэ статистик тоо харуулж байна гэлээ. Эдийн засгийн харилцаанд ОХУ, БНХАУ зэрэг том орнуудын аль нэг давамгайлах байр суурийг эзлэх нь манай улс шиг жижиг орны хувьд эдийн засгийн хараат бус байдлыг алдагдуулж, үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж болзошгүй тул хоёр хөрштэйгөө адил тэгш харилцааг хөгжүүлэх нь чухал юм.Энэ хүрээнд Монгол Улс-ОХУ-БНХАУ-ын эдийн засгийн коридорыг байгуулах нь Зүүн Хойд Азийн бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэвтрэх боломжийг бүрдүүлж байна.

-Ерөнхийлөгч Х.Баттулга Будапештэд болсон жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчдаа дэмжихээр очихдоо В.Путинтай уулзсан. Спортын наадмаар дөвийлгөж хоёр улсын Ерөнхийлөгч уулзсан нь ашигтай хувилбар болж чадсан уу?

-Ерөнхийлөгч Х.Баттулга Будапештэд болсон жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж ярилцсан. Энэ үеэр хоёр орны ерөнхийлөгчид энэ оны эхний зургаан сарын байдлаар хоёр орны худалдааны эргэлтэд гарсан нааштай үр дүнд суурилан улс төр, эдийн засгийн харилцаа хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх, Монгол-Оросын хөрөнгө оруулалттай “Улаанбаатар төмөр зам”-ын үйл ажиллагааг шинэчлэх талаар ярилцсан. Аливаа олон улсын арга хэмжээний үеэр төрийн тэргүүнүүд уулзаж ярилцах явдал түгээмэл байдаг. Ялангуяа Монгол Улсын ерөнхийлөгчөөр шинээр сонгогдоод удаагүй байгаа Х.Баттулгын хувьд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж хоёр орны харилцааны асуудлаар ярилцах нь зүй ёсны хэрэг болов уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *