Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй ярилцлаа.
-Ж.Эрдэнэбатын толгойлж байсан засгийн газарт хариуцлага тооцож, өчигдөр уиХын ээлжит бус чуулганаар огцруулчихлаа. Та ерөнхий сайд байсан хүний хувьд энэ Ж.Эрдэнэбат сайдад ямар дүн тавих вэ?
-Дүн тавихын хувьд их төвөгтэй л дээ. 2016 онд Монголын эдийн засаг хүнд байдалд байлаа. Гэхдээ одоогийн эрх баригчид АН-ыг төр барьж байхдаа ийм болгочихлоо гэдэг. Үнэндээ бол эдийн засгийн хүндрэл 2008 оноос хойш төр барьсан улс төрийн хүчнүүдийн хамтын бүтээл юм шүү дээ. Монголыг дааж давахгүй өр зээлэнд оруулаад, дампуурлын ирмэгт тултал нь явуулаад эдийн засгийг нь сонгуулийн худлаа амлалтын барьцаа болгосоор байгаад ийм байдалд орсон. Сүүлийн нэг жилийн хугацаанд эдийн засаг тогтворжих хандлагатай байна. Гэхдээ энэ бол нүүрс, зэс, алтны үнэ өсч байгаа хүчин зүйлийг бодох юм бол манай төр засаг өөрөө зөв бодлогоороо оруулж байгаа нөлөө нь харьцангуй бага л даа. Гэхдээ монгол хүн эдийн засгаа доройтоход нь баярлаж, сэргэхэд нь уурладаг байж болохгүй шүү дээ. Эдийн засаг одоо тогтворжих хандлага байна.
Үүн дээр нь төр засгийн хандлага будлиантаад байхгүй бол цаашид монголын эдийн засаг тогтворжоод явах боломж бий. Нөгөө талаас гэвэл Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед сонгуулийн үед амласан амлалтуудаа биелүүлж чадаагүй. Эдийн засгаа жил тутамд долоон хувийн өсөлттэй байлгана гээд Ардын намын мөрийн хөтөлбөрт байгаа. Энэ нь бүтэхгүй гэдэг нь тодорхой. Нөгөө талдаа ОУВС-гийн болзолд тулгагдаад татвараа нэмсэн зэрэг янз янзын алхам хийлээ шүү дээ. Гэхдээ монголын эдийн засгийг одоо босчихлоо гээд зарлах болоогүй.
-МАН-ын даргын төлөөх тэмцэл тогооноосоо халилаа. Энэ нам бол академик шинж чанартай гэдэг. Эдний хоорондын тэмцэл юунаас болоод байна вэ?
-Монголын улс төрийн тогтолцоо бүхэлдээ хямрал, дампуурлын байдалд хүрээд байна л даа. Одоогийн яригдаад байгаа хурц асуудлууд зөвхөн Засгийн газрыг огцруулах үндэслэл биш. Ардын нам даргаа солих тухай асуудал биш. Ерөнхий сайд, шадар сайдын хоорондын маргааны асуудал ч биш. Цаад талд нь засгийн газар нь бүхэлдээ авлигын шинж чанартай концессуудын гэрээ хийсэн асуудал байна. Дээрээс нь төрийн эрх мэдлийг Ардын нам худалдаж, мөнгө босгосон тухай болон оффшорын асуудлууд гарч ирж байна. Сүүлийн үед нийгмийн сэтгэхүйд хүчтэй нөлөөлж байгаа төрийн шийдвэрүүдийг харах юм бол С.Зоригийг хөнөөсөн хэрэг хүртэл төрийн бодлогын хүрээнд энд багтах ёстой л доо. Тэгэхээр энэ байдал юуг харуулж байна вэ гэхээр Монголын төрд олон жил бугшсан өвчин хүндэрснийг харуулж байна. Урьд нь бид эдийн засгаа голдуу ярьдаг байсан. Гэхдээ улс төрөө анхааралтай ажиглах юм бол Н.Багабанди Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн сүүлчийн хугацаанаас эхлээд Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга Ерөнхийлөгч гээд дөрвөн Төрийн тэргүүний үеэр дамжуулаад төрийн ялзралын талаар ярьсан. Энэ нь одоо болохоо байгаад тогтолцоогоороо гарч ирж байна. Дээрээс нь маргаантай, нийгмийн сэтгэхүйд нөлөөлж байгаа хууль хяналтын байгууллагууд, төрийн тусгай албад үүнд орж хутгалдаад, тэр байтугай УИХ нь хүртэл өөрөө орж хутгалдаад улс төрийн дампуурлын байдал бий боллоо. Үүний гол үндэс нь бол 2006 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр нэг намын дарга Ерөнхий сайдын өмнө очиж суугаад “Би Ерөнхий сайд болмоор байна. Таныг огцруулмаар байна” гэж байсныг монголчууд сайн санаж байгаа байх. Тэр үеэс эхлээд Монголд олигархи бүлэглэлийн засаглал гэдэг цоо шинэ бүтэц бий болж эхэлсэн юм. Өөрийнхөө Засгийн газрын олигархи бүлэглэлд захирагдаж явах ийм байдал бий боллоо шүү дээ. Энэ нь явсаар байгаад эдийн засгийн, улс төрийн гажуудалд хүргэсэн. Тэгэхээр монголын одоогийн төрийн дампуурал, мухардмал байдлын цаад талд чинь Монголын нам дамжсан олигархи бүлэглэлүүд зогсч байгаа төдийгүй тэдний ард байгаа даяаршлын нэрээр халхавч хийсэн, шинэ клончлол, эдийн засгийн алуурчид, магадгүй гадны төрийн субьектүүд байж болох.
-Ерөнхий сайдыг огцруулснаар энэ өвчин намдах уу?
-Өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулах, Шадар сайдын бүлгийг дарчихвал байдал намжих юм шиг яригдаад байгаа. Миний бодлоор энэ бол говийн гүрвэлтэй төстэй санагддаг юм. Говийн гүрвэл араатанд баригдах болохоороо сүүлээ тасдаж хаячихаад зугтаачихдаг. Сүүл нь тэнд тонгочоод, шавхдаад байдаг. Араатан тэр сүүлийг барих гэсээр байгаад хоцордог. Ер нь Монголын улс төрийн тогтолцооны цаад бугшмал үндэс нь ил гарах гээд ирэх үед хэн нэгнийг огцруулаад хариуцлага тооцож, арга хэмжээ авлаа гээд намжаахыг оролддог. Авлига,Оюутолгойтой холбоотой асуудал ч гарч байхад ингэж оролдож байлаа. Оффшорын асуудал С.Баярцогттой холбоотой гарч байхад УИХ-ын дэд даргаас нь буулгачихлаа, хариуцлага тооцчихлоо гээд өнгөрч байлаа шүү дээ. Гэтэл оффшорт хэдэн арван эрх мэдэлтнүүд цаана нь суугаад үлдчихсэн байсан нь одоо тодорхой болж байна. Энэ бол ужиг асуудал. Үүнийг шийдэхэд ганц нэг эрх мэдэлтний албан тушаалтантай хариуцлага тооцохоор ярих нь утгагүй. Яригдаж байгаа гол асуудлын үндсийг бодож зөв шийдэлд хүрэх хэрэгтэй. 60 тэрбумын асуудлыг цагдаагийнхан аль эрт өөрийнхөө байр суурийг илэрхийлээд нэг улс төрийн хүчний талд ороод зогссон. АТГ гэхэд У.Хүрэлсүхийг төрийн эргэлт хийхийг оролдсон гэж үзээд прокурорт шилжүүлэх шийдвэр гаргаж байна. Төрийн онцгой албад, хууль хяналтын, хүчний, тусгай албад улс төрд худалдагдсан, хуйвалдсан гэдгийг шийдэх хэрэгтэй болно. Энэ бол том асуудал. Одоо тагнуулын байгууллага нь Ерөнхий сайдын мэдэлд, цагдаа нь өөр нэг хүний мэдэлд байдаг. Эдгээр байгууллага өөрийн хүнээ л хамгаална шүү дээ. Тэгэхээр үүнийг тогтолцоогоор нь шийдэх ёстой. Магадгүй Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах шаардлагатай байх.
-Засгийн газрыг унагаад дараагийн ээлжийнхэн хоолондоо орсон ч дахиад л тэд хэсэг бүлэг хүмүүсийн хүсэл сонирхлыг биелүүлээгүйн төлөө огцруулах асуудал тавигдах байх…
-Би өнгөрсөн тавдугаар сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа хоёрдугаар ээлжийнхэн хоолонд орох сэжиг төрж байна гэж хэлж байсан. Эргээд харахад тэр нь сэжиг төдий биш байж. Таван толгой, Оюу толгой, Эрдэнэт,60 тэрбумын гээд олон асуудал гараад ирлээ. Хэрэв концессын 800 гаруй тэрбумын хэрэг үнэхээр авлигын шинжтэй байна уу үгүй юу гэдгийг обьект нэг бүрээр нь гаргаж, тогтоож гаргаж ирэх хэрэгтэй. Нарийн мэргэжлийн хүмүүс оруулж тэр дүгнэлтийг шийдмээр байгаа юм. Энэ мэтийг шийдсэний дараа Засгийн газрын хувь заяаны асуудлууд аяндаа гараад ирнэ. Засгийн газрыг огцруулаад уг асуудлыг шийднэ гэдэг мөхөс л дөө. Нэг хэсэг өндөр албан тушаалтан банкнаас зээл хөөцөлдөж байгаа хүнд зуучлаад арван хувийг нь авлигад нь авдаг болхи үе байсан. Харин одоо больсон. Энэ жил 1115 км засмал зам тавина гээд байгаа. Тэр засмал замын өртөгт зардлаас гадна авлигын мөнгө ороод суучихсан байдаг. Бодит зардлаасаа хоёр дахин давсан төсөвт өртөг батлагдаад явж байгаа. Ийм байдлаар авлига хэрэгжиж байна л даа. Үүнийг нарийн шалгаж, ул үндэстэй гаргах хэрэгтэй. Үнэхээр улс төрийн байгууллага уу, бизнесийн байгууллага болсон уу гэдгийг тогтоох хэрэгтэй.
-60 тэрбумын хэргийг прокурор эвлүүлэг гэж шийдлээ. Үүнд та ямар бодолтой байна вэ?
-Намын санхүүг нь шалгах юм бол гараад ирнэ шүү дээ. Тэгэхгүйгээр олон түмний толгой эргүүлэх элдэв хуулийн үндэслэл иш татаж байгаад орхих юм бол асуудал улам бугшаад дэлбэрэлтийн байдалд орж магадгүй.
Бүх л цаг үеийн яриаг яаж эвлүүлэг хийж болох билээ дээ. Гадны өндөр мэргэжлийн лаборатори энэ тэр чинь нэг орчинд тасралтгүй хийсэн бичлэг байна гэж тогтоосон. МАН-ын Ц.Сандуй гэдэг хүн “Манай намын стратеги тактикаа ярилцсан уулзалтын материал задарсан байна” гээд ярьсан байна шүү дээ. Гэтэл А.Ганбаатар гэдэг хүн “Тэнд У.Хүрэлсүх, Амарбаясгалан нар байсан” гээд ярьж байхад баримттай гэж үзэхээс өөр яах вэ. Энийг ингээд дараад өнгөрүүлбэл Монголын ард түмнийг дэндүү басамжилсан хэрэг болно. Монголын ард түмэн хэзээ ч өршөөхгүй.
-Прокурорын байгууллага хэнд үйлчлээд энэ хэргийг дарах гэж оролдож байгаа юм бол?
-Амиа аврах гэж оролдож байна. Ер нь тэдэнд монголчуудыг хуурч мэхлээд, сэтгэхүйгээр нь тоглоод болдог юм гэсэн ойлголттой байх шиг байна л даа.
-Ингэхэд Хяналтын дэд хороо Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх ёстой байгууллага мөн үү?
-Ерөнхий сайд, Шадар сайд хоёр албан тушаалтны хоорондын асуудал юм шүү дээ. Хяналтын дэд хороо сайндаа л Ерөнхий сайдынхаа харьяанд байгаа Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын дарга генералаа аваачиж сонсоно биз. Түүнээс биш энэ асуудлыг анхан хэлж байсан гэрчийн хүмүүстэй энэ хяналтын хороо уулзаж чадахгүй. Гэтэл АТГ нь нэгэнтээ У.Хүрэлсүхийг төрийн эргэлт хийх гэсэн байна гээд прокурорт асуудлыг нь шилжүүлснээ мэдэгдсэн. Ийм байхад нөгөө гурав нь хяналтын хороон дээр очоод тоть шиг давтана. Энэ нь Засгийн газар нь маргаантай байхын хажуугаар УИХ өөрөө хамгаалдаг байгууллага болж хувирсан байна. Энэ бол төрийн доройтлын маш том хэмжүүр. УИХ нь очоод хоёр хүний маргааны асуудлыг яриад сууж байна. Ул мөрийг нь олохын тулд бодитоор хандах ёстой. Гэхдээ найдвар тун бага. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг Дээд шүүх шийдлээ шүү дээ. Шүүхийг буруу зөв гэж хэлэхэд хэцүү. Цаана нь логик гэж хэнд ч дийлддэггүй юм байдаг. Хэрэв С.Зоригийн амь насыг хөнөөсөн юм бол захиалагч нь хэн бэ. Гэтэл шүүх хурлыг хаалттай хуралдаж байгаа нь сэжиг төрүүлээд байгаа юм. Энэ хэргийг ингэж хаалттай маягаар шийдэж байгаа юм бол бусад асуудлыг шийдэхэд хялбархан гуйвуулж чадна. Тэр тусмаа прокурорынхон дотор “сагсайдах” гэж сайхан үзэгдэл бий. Төрийн дампуурлын энэ нөхцөлд хамгийн гол дуу хоолойг Ерөнхийлөгчөөс сонсох ёстой.
-Шинэ Ерөнхийлөгч цаашид хэрхэн ажиллана гэж итгэж байна?
-Х.Баттулга гэдэг хүнээр төрөө удирдуулъя гэж Монголын ард түмэн сонголоо.Түүнийг хүн бүр өөр өөрийн өнцгөөр хардаг байх. Миний хувьд энэ хүн самбо бөхийн дэлхийн аварга. Дэлхийн аварга хүний сэтгэхүй ямар байх вэ гэдгийг бодох ёстой. Тэр хүн заавал нэг алхам хийхдээ дараагийн алхмуудаа бодно. Тэгж бодож чаддаггүй хүн дэлхийн аварга болж чаддаггүйдээ. Хоёрдугаарт, энэ хүн зорьсондоо хүрэхийн тулд туйлбартай зүтгэх чанар байх ёстой. Үүнийгээ сонгуулийн үеэр харуулсан. Нөгөө талдаа энэ хүний хувьд дэлхийн олон аавын хөвгүүдтэй нүүр тулж явсан. Хэнтэй ч ярихдаа жигд түвшинд яриад, өөрийгөө ойлгуулаад, тэр хүнийг ойлгуулах чадвар сэтгэхүй талаасаа байна. Ер нь мэргэжлийн асуудлыг шийдэхэд зөвлөхүүд нь ямар байхаас шалтгаална.
-Манай улс бондын өрөө төлж чадахгүй бол деполт зарлах аюул нүүрлээд байсан. Харин ОУВС-гийн дэмжлэгийг авлаа. Засгийн газар гадны өр зээлээ дарах ямар гарцуудыг эрэлхийлэх хэрэгтэй вэ?
-“Ж.Эрдэнэбатын Засгийн газар гаднаас зээл аваад бондоо төлөх бэлтгэлд хийж байсан юм. Засгийн газар унаснаар ОУВС-гийн хөтөлбөр болино” гэж яриад байх юм. ОУВС-гийн хувьд Ж.Эрдэнэбат Засгийн газрыг толгойлбол зээл өгнө, өөр хүн гарч ирвэл өгөхгүй гэсэн хэлэлцээ байгаагүй байх л даа. Монгол Улсын нэрээр өгсөн болохоор болох байх. Ирэх онд зээлийн ачаалал хүндэрнэ. Бондуудын болон бусад өр төлбөрүүд гээд нэг тэрбум ам.долларын асуудал гарна. Энэ бүхний цаад талд нөгөөх олигархи засаглалын арчаагүй байдал улс орныг ийм байдалд оруулчихлаа. Харамсалтай Ардын намынхан гарч ирээд газрын тос боловсруулах үйлдвэрийг нэн тэргүүнд шийдсэн бол Монгол Улс өнөөдөр адаглаад нэг тэрбум ам.долларын импорт хэмнэчих боломж байсан. Хэрэв ингэсэн бол бид өр зээл төлөхөд ямар ч бэрхшээл гарахгүй.Бусад улсын нефть боловсруулах үйлдвэрүүд асар том байдаг байх. Гэхдээ Монголын хэрэгцээг тэдэнтэй жиших юм бол өчүүхэн шүү дээ.300 мянган тн шатахуун гаргах үйлдвэр байгуулъя гэвэл хоёр жилийн дотор хийчих ажил. Гэтэл хийсэнгүй. Өөрсдөө газрын тос олборлоод гадагш нь гаргачихаад эргүүлээд бензин аваад өрөнд ороод сууж байгаа бол арчаагүй байдлын шинж л дээ. Ийм нөхцөлд ойрын гурав дөрвөн жилд эдийн засаг сэргэлт авна гэхэд хэцүү. Эдийн засгаа сэргээе гэвэл баялгийнхаа эзэн болох ёстой. Тэрнээс ямар ч өр бондын асуудал бидэнд хүндрэл болохгүй байсан.
-Энэ цаг үед Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг орон даяар хэлэлцүүлж байна. Та ярилцлагынхаа эхэнд улс төрийн тогтолцоогоо өөрчлөх ёстой гэлээ. Тэгэхээр “эцэг” хуулиндаа өөрчлөлт оруулахаар хэлэлцүүлж буй зургаан сэдвийн тухайд юу хэлэх вэ?
-Одоогийн санал болгож байгаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зургаан асуудал бол гол агуулгаараа луйврын аргаар төрийн эргэлт хийх оролдлого гэж бодож байгаа. Монголын үе үеийн Үндсэн хуулинд төрийн эрх мэдэл ард түмний гарт байна гэж тунхаглаж ирсэн. Одоогийн үндсэн хуулинд ч гэсэн тийм л байгаа. Гэтэл одоогоор монголын нийгэмд гарч байгаа бүх хүнд асуудлууд төрийн эрх маань ард түмний эрх мэдлээс гараад намуудын гарт очоод, намууд нь цаашаа олигархи бүлэглэлүүдэд худалдаад, олигархи бүлэглэлийн засаглал тогтсонтой холбоотойн. Энэ асуудлыг шийдэхгүйгээр бид юу ч шийдэж чадахгүй. 2006 онд олигархи бүлэглэлийн засаглал тогтсоноос хойш солигдсон Засгийн газрууд бүгд тодорхой ашиг сонирхолд үйлчиллээ шүү дээ. Эх орон, ард түмэндээ үйлчлэхээс илүү тодорхой бүлэглэлийн явцуу эрх ашигт үйлчиллээ. Үүнийг өөрчлөхгүйгээр юуг ч өөрчилж чадахгүй. Одоогийн 76 гишүүнийг намууд нэр дэвшиж гаргадаг. Намд хэн хандив өргөнө, хэн намын даргын цүнхийг барьж гүйсэн нь нэр дэвшээд гараад ирж байна. Энэ тогтолцоогоо өөрчлөхгүй бол монголын нийгэмд цаашдаа зөв явна гэхэд хэцүү. Гэтэл одоогийн байдлаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал Монгол төрийн тэргүүний хууль санаачлах эрхийг хасаад, Засгийн газартаа чиглэл өгөх эрхийг нь хасаад, бэлгэдлийн төдий үлдээгээд, Ерөнхий сайдаа дөвийлгөж байгаа юм. Сүүлийн зургаан Ерөнхий сайдыг хүн тус бүр дээр нь ярья л даа. М.Энхболд Засгийн газрын үед баахан компанийн захирлуудыг авчираад цоохор засаг байгуулсан. Их бүтээн байгуулалт гэж зарлаад Монголынхоо дөнгөж тэнцвэржиж байсан эдийн засгийн бүх тэнцвэрийг эвдсэн. Гадаад худалдаа нь алдагдалтай, төсөв нь алдагдалтай, төмөр зам нь ачааллаа даахгүй, мөнгө нь дуусаагүй барилга руу хэт цацсан байдалтайгаа 2007 оны их хямралтай залгуулсан. Дараа нь С.Баяр гарч ирээд 2008 оны сонгуулийн үеэр намын дарга болно гэж зүтгэсээр байгаад Ерөнхий сайд болсон. Тэгээд Оюутолгойн гэрээг Монголынхоо эрх ашгийн эсрэг хийсэн. Нөгөө хүлээлт нь байхгүй болохоор эдийн засаг нь ангайсан чигээрээ хоосон хоцорсон. Дараа нь Сү.Батболд гарч ирээд дахиад Оюутолгойн гэрээг батлуулаад Их хурлаа хахуульдаж байж алдагдалтай төсөв гаргасан. Засгийн газар Их хурлаа хахуульдана гэдэг бол дэлхийд ховор үзэгдэл. Гэтэл 2009 оны төсвийг Их хурал нь буцаая гэж байхад бүх гишүүнд нэг тэрбум төгрөг зарцуулах эрх өгье гэхэд тэр дор нь баталчихсан. Н.Алтанхуягийн Засгийн газар банкаа барьж чадахгүй нэг жилийн дотор мөнгөний нийлүүлэлт 70 хувь өсч байлаа. Баахан зээл, бонд, Хөгжлийн банкны зээл гээд баахан үр ашиггүй үрэн таран хийсэн. Дараа нь Ч.Сайханбилэг гарч ирээд Дубайн хэлэлцээ хийгээд Монголынхоо газар нутгийг гадны банкнаас зээл авахдаа барьцаанд тавиад туучихсан. Одоо арабууд ирээд манай нутаг дэвсгэр гээд манай газар нутаг гээд байшин бариад суух тохиолдол бодитой болох гээд байна. Ийм Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэхээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл оруулж байна. Гэтэл одоо Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ өөрөө мэдэж авч болохгүй.