Яг одоо хотын дарга С.Батболд НЗДТГ-ын А зааланд автозамын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэнтэй уулзалт хийж байна. Тодруулбал, баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх долоон уулзварт зүүн эргэхийг хориглосон шийдвэрийг цуцлах чиглэлийг хотын дарга холбогдох хүмүүст үүрэгдлээ. Хотын дарга С.Батболд хэлэхдээ “Өнгөрсөн хугацаанд автозамын түгжрэлийг бууруулах чиглэлд нийслэлийн зүгээс олон ажил хийсэн. Үүний нэг нь өнгөрсөн 14 хоногийн хугацаанд зүүн эргэх асуудлыг бид туршиж үзлээ.
Мэдээж, дэлхийн хотуудын туршлага бий. Гэхдээ өнгөрсөн 14 хоногт хэрэгжүүлсэн зүүн эргэхийг хориглосон буюу 7 уулзварыг чөлөөлсөн нь замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгодоо хүрч чадсангүй гэж үзэж байна. Тиймээс Ажлын хэсгийг саналаа татаж аваад, замын хөдөлгөөнийг есдүгээр сарын 1-ний 06:00 цагаас эхлэн хэвийн хөдөлгөөнд оруулах чиглэл өгч байна. Иргэдийн дасал болсон хөдөлгөөний зүг чигийг өөрчлөхдөө бид олон нийтийн саналыг сонсох ёстой. Олон нийт энэ өөрчлөлт үр дүн багатай байна гэсэн үнэлэлт дүгнэлт өгч байна” гэлээ.