Categories
мэдээ нийгэм

Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалж буй иргэд ургац арвинтай байна

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр болон бусад албаныхан өнөөдөр бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалж буй иргэдийн үйл ажиллагааны явцтай танилцлаа.

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь “Нэг өрх-Нэг ажлын байр” нийслэлийн дэд хөтөлбөр болон Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс баталсан “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд “Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-г зохион байгуулж, нийслэлийн төвийн 6 дүүргийн 566 өрхийн төлөөллийг хамруулжээ. “Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-ний хүрээнд хүнсний ногоо тариалах хүсэлтэй 40-өөс дээш насны, тодорхой эрхэлсэн ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалтад оруулж, тусгай төлөвлөгөөний дагуу сургалтад хамруулсан байна.

2017 онд уг хөтөлбөрт хамрагдсан иргэдийг 28 бүлэг тус бүрт нэг га талбайд хуваарилж, нийт 28 га-д төмс, 26 га-д хүлэмжид нарийн ногоо тариалуулжээ. Уг хөтөлбөрт хамрагдсанаар иргэд өөрөө өөртөө ажлын байр бий болгож, хүнсний ногоо тариалах арга зүйд суралцаж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтойг албаныхан онцолж байв.

Д.Энхтөр: Хөтөлбөрийн хүртээмжийг сайжруулахад анхаарч ажиллана

Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрт “Нэг өрх-Нэг ажлын байр” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэхүү хөтөлбөрийг 2020 он хүртэл хэрэгжүүлнэ. Дэд хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт “Агро парк” буюу 566 өрхийн төлөөллөөс бүрдсэн иргэд энэ газарт ирж газар тариалангийн ажил хийж байна. Бидний зүгээс тус газарт шаардлагатай бүх бэлтгэлийг өнгөрсөн 5-6 дугаар сард хангасан. Тодруулбал, эдгээр иргэдийн дунд сургалт зохион байгуулж, тус газрын хүлэмжүүдийг засварлаж, ногоо тарих газраа хагалснаар бидний ажил эхэлсэн. Харин одоо ургац хураалтын үе ирсэн энэ цагт тус талбайгаасаа арвин их ургац хураан авах гэж байгаад өндөр сэтгэгдэлтэй байна. Хөтөлбөрийн дагуу мэргэжлийн агрономич талбайд ажиллаж, иргэдэд заавар, зөвлөгөө өгч байгаа. Хөтөлбөрт хамрагдсан иргэд хураан авсан ургацаа өөрийн хэрэгцээнд болон өрхийн орлогодоо ашиглах бүрэн боломжтой. Тиймээс иргэд уг хөтөлбөрийн хэрэгжих хугацааг уртасгах хүсэлтэй байдаг. Бидний зүгээс цаашид хөтөлбөрийн хүртээмжийг сайжруулахад анхаарч ажиллах болно” хэмээлээ.

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзориг “Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу хэрэгжиж буй уг хөтөлбөр нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр явдаг. 2011 анх хэрэгжүүлж эхэлсэн. Ерөнхийдөө жилд 500 гаруй иргэнийг хамруулдаг. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдэд янз бүрийн шалгуур тавьдаггүй. Нэг өрхөөс нэг л хүн хамрагдаад бусадтайгаа нэгдэж бүлэгт хуваагдах зарчмаар ажилладаг. Энэ жилийн хувьд тухайлбал өргөст хэмхийг өнгөрсөн сарын 7-нд хурааж эхэлсэн. Нэг хүлэмжээс ойролцоогоор 800 кг өргөст хэмх хурааж аваад зах зээлийн үнэлгээгээр бодвол өнөөдрийг хүртэл 26 хүлэмжэээс нийт 70 гаруй сая төгрөгийн нарийн ногоог хураан авсан байх жишээтэй.

Мөн энд иргэд үрсэлгээний ногоогоо хадгалах зориулалттай нийслэлийн төсвийн хөрөнгөөр 200 тн-ын багтаамжтай зоорь барьсан байгаа.. Иргэдэд байрлах байрыг шийдэж өгсөн. Түүнчлэн тус талбайд 11 худаг бий. Энэ мэтчилэн иргэдэд газар тариалангийн хөдөлмөр эрхлэх боломж бололцоог бүрдүүлсэн байгаа” гэлээ.

Хөтөлбөрийг цаашид олон жил хэрэгжүүлж, улам өргөжүүлээсэй

Харин иргэд олгогдсон талбайдаа ногоо тариалж, өрхийн хэрэгцээгээ хангахаас гадна борлуулж өрхийн орлогын эх үүсвэрээ бий болгоход тусалж дэмждэгт талархаж байлаа.

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны иргэн С.Ариунаа “Хөтөлбөрт 2 дахь жилдээ хамрагдаж байна. Хөтөлбөрийг зохион байгуулж хэрэгжүүлж байгаад бид бүхэн маш их баярлаж явдаг. Нэг хүлэмжид 20 өрхийн төлөөлөл ажилладаг. Энэ жил манай бүлэг 18 нэр төрлийн нарийн ногоо тарьсан. Одоогоор ургацаа хураагаад эхнээс нь ногоогоо даршлан өвлийнхөө хэрэгцээг бэлтгээд байж байна. Би газар тариалангийн чиглэлээр 30 жилийн өмнө мэргэжил эзэмшсэн. Нэг хэсэг газар тариалангийн ажил зогсонг байдалд хүрснийг та бүхэн мэдэж байгаа байх. Харин сүүлийн 5 жилийн хувьд эргээд сэргэж байх шиг байна. 40-өөс дээш насныханд ажил олдоход хэцүү байдаг шүү дээ. Тиймээс бидэнд ийм сайхан боломж олгож байгаад баяртай байдаг. Хөтөлбөрийг цаашид олон жил хэрэгжүүлж, улам өргөжүүлээсэй гэж хүсч байна” гэв.

Газар тариалан эрхэлдэг энэхүү талбай бидэнд үр өгөөжөө өгдөг

Агрономич Ж.Сүрэнжав “1986 онд Агрономич мэргэжлээр төгссөн. Ерөнхийдөө 1977 оноос эхэлж ногоочин болж амьдралаа газар тариалантай холбосон. “Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ” хөтөлбөрийнхөнтэй 2012 оноос хамтарч ажиллаж байгаа. Энэ жилийн хувьд 566 иргэн 28 га талбайд төмс, 26 га-д 20 гаруй нэр төрлийн хүнсний нарийн ногоо тариалсан. Хөтөлбөрт хамрагдсан иргэд хавар тариалалт эхлэхээс намар ургац хураалтын үе хүртэл гэр бүлээрээ энд амьдрах боломжтой. Тариалалтын ид ургалтын арчилгааны үед бид 04.30-23.00 цагийн хооронд тасралтгүй ажилладаг. Энэ жилийн ургац сайн байна. Бидний газар тариалан эрхэлдэг талбай их үр өгөөжтэй газар. Хөтөлбөрт хамрагдсан иргэд маш сэтгэл хангалуун байдаг. Нэг хүн 1 тн төмс, хүлэмжээс өвлийн хэрэгцээндээ хэрэглэх хангалттай ургац авчихдаг. Иргэд анх сургалтад хамрагдахдаа ямар ч ойлголтгүй ирдэг. Тиймээс тэдэнд зааж, зөвлөх зүйл маш их байдаг. Гэхдээ монголчууд хөдөлмөрч ард түмэн учраас өөрсдийн санаачлагаар янз бүрийн нарийн ногоог хүлэмжиндээ тариалж, туршиж үзэн, ургуулдаг” гэсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *