АТГ-аас У.Хүрэлсүхтэй холбоотой мэдээлэл хийсний дараа Шадар сайдын ажлын албанаас хариу мэдээлэл хийлээ. Шадар сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр мэдээлэхдээ:- У.Хүрэлсүхийн амь нас, эрүүл мэнд, нэр төр, аюулгүй байдалд халдахаар зарим иргэн хууль бусаар тагнах, чагнах мөрдөх ажиллагаа явуулж байгааг шалгуулахаар 2017 долдугаар сарын 3-ны өдөр хүсэлт гаргасан. Гэвч АТГ, ТЕГ бүтэн сарын турш энэ хэргийг шийдэхээр дорвитой алхам хийгээгүй атлаа мушгин гуйвуулсан, нэг талыг барьсан алхам хийлээ. Шадар сайд өөрийгөө мөрдөн мөшгисөн учир яллагдагчаар татахаар санал хүргэсэн тухай мэдэгдлээ. У.Хүрэлсүх удаа дараа хуулийн байгууллагад гомдол гаргасан. Гэтэл АТГ илтэд нэг талыг барьсан, улс төрийн зорилготой алхам хийлээ.
Хэргийн гэрч бодит үнэнийг нотолсоор ирсэн. Хууль хяналтын байгууллага үнэнийг мэдээлээгүй. Зөвхөн нэг талыг барьсан. Б.Энхмэнд , З.Золбаяр гэж хэн бэ гэдгийг огт мэдээлсэнгүй. Илт нэг талыг барьсан улс төрийн зорилготой үйл ажиллагаа явууллаа. Төрийн өндөр албан тушаалтан хууль хүчний байгууллагыг өөрийн зорилгод үйлчлүүлж байгаа нь үүгээр нотлогдож байна. Тун удахгүй Шадар сайд, өөрийн биеэр бодит мэдээлэл өгөхөөр боллоо гэв. Өнөөдрийн энэ үйл явдал гэнэтийн байлаа. АТГ арай ч ингэж нэг талыг барина гэж бодсонгүй. Тун ойрын хугацаанд та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ гэсэн юм.