Categories
мэдээ цаг-үе

Ембүүгийн Батчулуун: Газарзүйн боловсрол залуусын соёлд ч хэрэгтэй

Монгол Улсын Боловсролын их сургуулийн Газарзүйн тэнхимийн багш, профессор Ембүүгийн Батчулуунтай ярилцлаа.


-Саяхан олон улсын газарзүйн олимпиадад манайхан амжилттай оролцоод иржээ. Олимпиадын онцлог, сонин сайхнаас дуулгаач?

-“Олон улсын газар зүйн холбоо” гэж бий. Энэ холбооноос олон улсын газарзүйн олимпиадыг 1996 оноос эхлэн зохион байгуулсаар ирсэн. Манай улс 2013 оноос анх оролцож эхэлсэн юм. Өнгөрсөн жил газарзүйн олимпиад Бээжинд болоход “Шинэ эрин” сургуулийн сурагч Э.Жагар мөнгөн медаль хүртсэн нь манай анхны медаль. Энэ жил Э.Жагар мөн хүрэл медаль хүртэж, амжилтаа баталлаа. Олон улсын газарзүйн олимпиад Серби Улсын нийслэл Белград хотод энэ сарын 2-8-ны өдрүүдэд болж өнгөрсөн. Манайхаас дөрвөн хүүхэд, хоёр багшийн бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцоод ирлээ. Энэ олимпиадын гол ялгаа нь гэвэл зөвхөн англи хэлээр явагддаг. Зарим хичээлийн олимпиад орчуулгатай байдаг бол энэ өөр. Улсын газарзүйн олимпиадад түрүүлсэн хүүхэд явах ёстой ч хэлний мэдлэгээс болоод, бид хамгийн сайн англи хэлтэй, газарзүйн мэдлэгтэй хүүхдийг сургаж, бэлтгэл хийж байгаад аваад явдаг.

-Олимпиад хэдэн төрөлтэй, ямар, ямар даалгавартай байх уу?

-Олон улсын газарзүйн олимпиад гурван үндсэн төрлөөр явагддаг. Нэгдүгээрт бичгээр хариулах онолын асуултууд. Хоёрдугаарт, хээрийн дадлага, гуравт мультимедиа. Мөн ханын илтгэл танилцуулдаг. Жишээлбэл, манай хүүхдүүд яг л англи хүүхэд шиг бүх асуултыг бүрэн ойлгоод сэтгээд, хариултаа англи хэлээр бичнэ, ярина, асуулт хариултад оролцоно. Энэ нь нэлээд хүнд олимпиад гэсэн үг. Гэхдээ манайх тавхан удаа оролцож байгаа ч сүүлийн хоёрт нь медаль авсан нь том амжилт. Мөн энэ удаагийн олимпиадад ханын илтгэлээр хоёрдугаар байр эзэлсэн.

-Олимпиадад нийт хэдэн орны хичнээн хүүхэд оролцов. Манай багийн танилцуулсан ханын илтгэл ямар сэдэвтэй байв?

-Нийтдээ 44 орны 170 орчим хүүхэд олимпиадад оролцсон. “Танай оронд залуучуудын аялал жуулчлал ямар байх вэ” гэсэн сэдвээр ханын илтгэл танилцуулсан. Энэ илтгэлдээ адал явдалт аялал жуулчлалыг сонирхдог залуус манай Монгол оронд аялвал тохиромжтой. Яагаад гэхээр манай улсад том далай, дээд зэрэглэлийн зочид буудал, наран шарлагын газар байхгүй. Байгалийн онгон, дагшин байдлаараа байгаа. Тиймээс адал явдалт морин аялал, тэмээгээр аялах, сарлаг унах, оросын пургон машинд сууж, мотоцикль, унадаг дугуйгаар аялах боломжтой. Түүнээс биш, тансаг, тав тухтай байна гэж очих нь өрөөсгөл гэх зэргээр эх орныхоо онцлогийг харуулсан илтгэл тавьсан. Ингэхээр оролцогчид, шүүгчид сонирхоод, маш их асуулт асууж байгаа юм. Энэ бүхэнд англи хүн шиг чөлөөтэй англиар ярьж хариулж, харилцан ярилцаж чадсан. Хэлний мэдлэг хүртэл их давуу тал болсон. Тав тухтай, тансаг аялах боломжгүй, харин ганцхан төмөр замтай, транс, Сибирийн төмөр зам Монголыг дайрч өнгөрч байгаа шүү, тиймээс энэ төмөр замаар аялах боломжтой гэх зэргийг илтгэлдээ тусгасан. Мөн газарзүйн олимпиадын онцлог нь нэг чиглэлтэй байдаггүй, маш олон салбар, чиглэлийг хамарсан байдгаараа онцлог. Тухайлбал, байгаль орчин, нийгэм эдийн засаг. соёл, газар ашиглалт, газар зохион байгуулалт, өлсгөлөн зэрэг хамаарна. Тиймдээ ч олон улсын олимпиадаас нийтдээ 20 гаруй сэдвийн хүрээнд бэлтгэл хийнэ шүү гэж сануулга ирүүлдэг.

-Огт санаанд ороогүй асуулт ирсэн үү?

-Рио-де-Жанейро хотод олимп болоход тамирчид энд байрласан, харин тэмцээн энд болсон энэ байршлын давуу болон сул тал юу байна гэх зэрэг асуулт ирсэн нь санаанд ороогүй. Мөн олимпиадад оролцогч орон болгон англи хэл дээр асуулт явуулдаг журамтай. Тодорхой нэг сэдвээр нэг бүлэг асуулт буюу арваад асуулт бэлтгэдэг гэсэн үг. Энэ асуултууд стандартад нийцэхээр бол олимпиадад оруулна. Манайхаас явуулсан гурав, дөрвөн асуулт багтаж байсан. Манайхаас сүүлийн гурван жилд энэ олимпиадад материал засахад оролцож байна.

-Энэхүү олимпиадын ач холбогдлын талаар сонирхуулаач?

-Нэгдүгээрт улсын нэр хүнд. Монгол хүүхэд англи хэлээр олимпиадад оролцоод бусад орны хүүхдүүдтэй мөр зэрэгцэн амжилт гаргаж байна. Мөн тэдэнтэй нийлж аялж, юм үзэж нүд тайлж байна. Мөн манай газарзүйн сургалтын түвшин хаана нь явж байна гэдгийг харах. Тэндээс суралцах ач холбогдолтой. Дэлхийн жишгээс дутахааргүй гэж бид харж байна. Мөн цаашид чиг хандлага ямар байна гэдгийг харж болдог. Энэ жил олимпиадын зардлын хагасыг улсаас өгсөн. Ирэх жил бүтэн олгох байх гэж найдаж байна. Өнгөрсөн жилүүдийг бодоход манай хүүхдүүдийн хэлний мэдлэг маш сайжирсан байна лээ.

-Монгол хүүхдүүдийн дутагдалтай болон давуу тал нь юу байв?

-Манай хүүхдүүд бие дааж ажиллах, багаар ажиллах тал дээр жаахан муу байдаг нь жил бүр ажиглагддаг. Мөн бие дааж шийдвэр гаргах, ном унших, бие дааж өөрийгөө хөгжүүлэхэд анхаарах шаардлагатай санагдсан. Медаль авсан хүүхэд гэхэд л газарзүйн чиглэлээр найман ном бие даагаад уншсан байсан нь амжилтад нь нөлөөлсөн. Мөн манайхан хээрийн дадлага маш тааруу хийдэг. Өөрсдөө шийдвэр гаргах нь тааруу. Чамд ийм газар өгвөл тэнд ямар хот байгуулах вэ гэхээр энд нь ийм ийм байна гэж зураглах шаардлагатай.

-Манай улсын газарзүйн хичээлийн сурах бичиг өмнө нь ямар байсан. Одоо хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

-1990-ээд он хүртэл оросын сургалтыг дагаж явсан. Өмнө нь орос сурах бичгийг орчуулан хэрэглэж байсан. Харин үндэсний сурах бичиг гарахад академич Ш.Цэгмид багш маш том үүрэг гүйцэтгэсэн. Тэрээр 1957 онд анхны Монголын газарзүй номыг бичсэн. 1984 онд Төрийн шагнал хүртсэн. Энэ нь дунд сургуулийн сурах бичгээс анх удаагаа ийм том шагнал хүртсэн гэсэн үг. Маш сайн шинжлэх ухааны үндэслэлтэй сурах бичиг. Мөн Г.Батсүх гэж анхны ардын багш байна. З. Мөнхөө, М.Баянтөр, Ж.Авхинсүх нарын үүрэг их. Монголын газарзүйн боловсрол өдий зэрэгтэй болоход Ш.Шагдар, Г.Содномваанчиг нар их үүрэг гүйцэтгэсэн. Энэ хоёр багштай нийлж, би 1990-ээд оны дундаас хойш газарзүйн хөтөлбөр, стандартыг боловсруулах багийн ахлагчаар ажиллаж эхэлсэн. 20 гаруй жил энэ ажлыг хариуцаж байна. Энэ хугацаанд газарзүйн сургалтын агуулга сайн байсан бол манай багийн амжилт, саар муу байгаа бол миний алдаа байсан гэдгийг дурдах нь зүйтэй.

-Газарзүйн хичээлийн сүүлийн үеийн судлах онцлог нь ямар байгаа вэ?

-Хүн байгалийн буюу байгаль нийгмийн харилцан хамааралд нь авч үздэг болж байгаа. Энэ нь дэлхийн жишигт нийцэж байна гэсэн үг. Бороо орлоо, маргааш үүлтэй, хур тунадасны хэмжээ тэд гэхээс илүүтэйгээр бороо яаж нөлөөлөв, үер буусан уу, үүний давуу болон сул тал. Үерийн улмаас газар тариалан, хөдөө аж ахуй, эдийн засагт яг ямар хохирол гарав гэх зэргийг ч судална. Тогтвортой хөгжлийн боловсрол гэж их ярих боллоо. НҮБ-аас тогтвортой хөгжлийн зорилтууд гэж зарласан. Нийт 17 зорилт бий. Уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, байгалийн гамшиг, цөлжилт, үер ус, эрчим хүч зэрэг бүх зорилтууд газарзүйн агуулгад багтдаг. Бүх юм нь холбогдсон байгаа учраас дэлхийн хөгжингүй орнууд газар зүйн хичээлийнхээ цагийг нэмж байна. Манайх мөн ахлах ангийнхаа цагийг нэмлээ. Гэхдээ суурь боловсролын түвшинд долоо, найм, есдүгээр ангидаа долоо хоногт ганцхан цаг орж байна. Гэтэл Монгол Улс дэлхийн хуурай газрын нэг хувийг эзэлдэг онцлогтой том газар нутагтай орон. Тиймээс энэ орны иргэд газарзүйн онцлог, түүх соёл, эх орныхоо хаана юу байдгийг мэдэх хэрэгтэй. Ингэж байж эх оронч сэтгэлгээ төлөвшлийг бүрдүүлдэг. Орос бол газарзүйн маш хүчтэй бодлоготой. Оросын газарзүйн нийгэмлэгийн хүндэт тэргүүлэгчээр Путин өөрөө ажилладаг. Тэрээр орос хүн газар нутгаа мэдэж байх нь маш чухал гэдгийг онцлон тэмдэглэсэн байна лээ.

Манайх ч цаашид бусад орнуудын жишгийг дагаж газарзүйн хичээлийн цагийг нэмэгдүүлэх байх. Тухайлбал, одоогоор зургадугаар ангид газарзүйн хичээл огт орохгүй байгаа. Энэ алдаа засагдах байх гэж бодож байна. Тэгээд ч дэлхий дахинаа XXI зууны цөм хичээл гэж гаргасны дотор газарзүй бие даан орсон байгаа.

-Газарзүйн мэдлэгтэй байх, газарзүйн хичээлд ач холбогдол өгөн сайтар судлах нь ямар, ямар ач холбогдолтой вэ?

-Монгол байгалиасаа хамаардаг орон. Бельги улсын хүн амын 75 хувь нь хотод, Японд ч нэг хот залгаад, дараагийн хот эхэлдэг. Гэтэл манайд эрс өөр. Манай улсын үндсэн уламжлалт амьдрал байгалиасаа хамаарч байна. Эдийн засаг мөн байгалиас, байгалийн унаган төрхөө хадгалсан онцлогтой гэдэг нь маш том давуу тал. Алт угаавал гол бохирдоно. Энэ өвөлжөөнийхөө өвсийг хамгаалах хэрэгтэй, энэ уулын ард цас их унадаг тул өвс сайн ургана гэх зэрэг мэдлэг зайлшгүй шаардлагатай. Жолооч нар гэхэд л замгүй газраар явдаг тул автозамын зураг ашиглаж сурах хэрэгцээ гардаг. Ийм чадварыг газарзүйн хичээлээр л олгоно.

Түүнчлэн гол гатлах үедээ голын энэ хэсгээр, цүнхээл үүссэн, энэ хэсгээр харгиа үүссэн гэх зэргийг хараад ойлгох нь өдөр тутмын хэрэгцээ. Газарзүйн боловсрол амьдрах ухаанд хамгийн их хэрэгтэй боловсрол гэсэн үг. Мөн залуу хүний соёлд хэрэгтэй. XXI зууны залуу хүн “Хавай явна гэнэ ээ хаана байдаг юм бол” гэвэл инээдтэй биз дээ. Энэ зуунд амьдарч байж хаана ямар улс байдгийг мэдэхгүй байх нь зохимжгүй. Тэгэхээр энэ нь ерөнхий соёлд их хэрэгтэй гэсэн үг. Тиймээс бусад орнууд газарзүйг чухалд тооцож байна. Газарзүйн мэргэжил хөрвөх чадвар их сайтай.

7 replies on “Ембүүгийн Батчулуун: Газарзүйн боловсрол залуусын соёлд ч хэрэгтэй”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *