Categories
мэдээ цаг-үе

МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн гишүүн, улсын харцага Д.Сэрээтэр: Хоёр бөх зэрэг унахад түрүүлж мэх хийсэн нь давна гэсэн дүрэмтэй

Ардын хувьсгалын 96 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн тавын даваа. Улсын аварга Ч.Санжаадамба, аймгийн арслан Г.Ганжад нарын барилдаан

Энэ жилийн наадмын бөхийн барилдааны хөлийн цэцээр ажилласан, Ардын багш, гавьяат тамирчин, Монгол Улсын харцага Данзандаржаагийн Сэрээтэртэй ярилцлаа.


-Өнөө жилийн наадам үзүүштэй, ярих зүйлтэй сайхан наадам болж өнгөрлөө. Таны хувьд олон жил үндэсний бөхийн хөлийн цэцээр ажиллаж байна. Энэ жилийн наадмын тухайд яриагаа эхлэх үү?

-Энэ жилийн наадам яриангүй сайхан болж өнгөрлөө. Сонин, содон барилдаанууд их гарч, олон түмний хайрлан хүндэтгэж явдаг улсын харцагууд урамтай сайхан барилдаж, цолоо нэмлээ. Ёстой л нар хур нь тэгширсэн сайхан наадам болсон гэж бодож байна. Миний хувьд хорь гаруй жил үндэсний бөхийн хөлийн цэцээр ажиллаж байна. Хүчит бөхчүүдийн барилдааныг дэргэдээс нь харж, шийд гаргана гэдэг маш их хариуцлагатай ажил. Улсын баяр наадамд ч гэлтгүй бүх барилдаанд барилдаж буй тухайн бөхийн олон жилийн хөдөлмөр, хөлс хүчийг Монголын үндэсний бөхийн дүрмийн дагуу шударгаар шүүж, шийдвэр гаргах нь бидний зорилго байдаг. Тийм дээ ч өдий олон жил хөлийн цэц хийхдээ, нутаг нуга гэхгүйгээр дүрмийн дагуу шударгаар шийдвэр гаргаж явлаа. Энэ жилийн наадмаар хоймор нутгийн хүчтэн Ц.Содномдорж маань одтой байж, улсын харцага цолоо ахиулан, түмэн олныхоо итгэлийг алдалгүй, урамтай сайхан барилдаж улсын арслан цол хүртлээ.

-Ц.содномдоржийн хувьд өнөө жил яалт ч үгүй бусдаасаа илүү байж, харгүй сайхан барилдан улсын арслан цол хүртсэн. олон түмэн ч их баяртай байна. Мөн энэ жилийн наадмын гол сенсаци бол аварга Ч.санжаадамба, г.ганжад нарын барилдаан байлаа шүү дээ. Энэ хоёр бөхийн барилдааныг яг дэргэдээс нь харсан хүний хувьд та юу хэлэхсэн бол?

-Энэ жилийн баяр наадмын тавын даваанд улсын аварга Ч.Санжаадамба, Төв аймгийн бөх аймгийн арслан Г.Ганжадыг амалж авсан. Ганжадын хувьд гурвын даваанд улсын заан Амгаланбаатарыг, дөрвийн даваанд гарьд Ш.Жаргалсайхантай оноолт таарч, давсан. Улмаар аварга Ч.Санжаадамба тавын даваанд Ганжадыг амлан барилдсан. Хоёр бөхийн барилдаан нэлээдгүй маргаан дагуулсан. Барилдааны эцсийн шийдвэрийг хөлийн цэц, засуул, ерөнхий цэцийн шийдвэрээр Г.Ганжадыг давсан гэж үзсэн шүү дээ. Энэ шийдвэр нэг хүний шийдвэр биш тав, зургаан хүний олонхийн саналыг дагасан шийдвэр. Нодлин жилийн улсын баяр наадмын наймын даваанд улсын арслан п.Бүрэнтөгс, тухайн үед начин цолтой барилдаж байсан Р.пүрэвдагва нарын барилдаан бас маргаантай болсон. Тэрхүү барилдааныг ч бас хөлийн цэц, засуул нарын олонхийн саналаар шийдэж л байсан шүү дээ.

Үндэсний бөхийн дүрмэнд зэрэг буюу хайн унасан барилдааныг шийдвэрлэхдээ тухайн хоёр бөх зэрэг унахад түрүүлж мэх хийсэн нь давна гэсэн дүрэмтэй. Үүгээр бол хамгийн түрүүнд Ганжад дэгээ ороож хөмрөөд буцаж эргэх үед Санжаадамбыг далаар нь унагачихаж байгаа шүү дээ. Энэхүү барилдааныг камераар яг зэрэг, олон талаас нь харуулах боломжгүй. Санжаадамба, Ганжад нарын барилдааныг ганцхан хүн шийдчихсэн юм биш. Хоёр засуул нь Санжаадамбыг унасан гэж үзсэн. Би бас уначихлаа л гэж харсан. Гэхдээ юмыг яаж мэдэх үү гээд Мөнхжаргал начинг дуудаж асуусан чинь “өө Санжаадамбын гуя түрүүлж газарт хүрсэн” гэсэн. Ингээд бид хоёрыг ярьж байтал цаанаас Баярсайхан “Санжаадамба түрүүлж хүрсэн, хүрсэн” гэсэн юм.

Харин Бадрах начин “Энэ хоёрын барилдаан зэрэг шахуу болчихлоо” гэж билээ. Тэгэхээр нь бид ерөнхий цэцтэй уулзъя гээд Мягмар заан дээр очсон. Ингээд бид зургаа ерөнхий цэцэд учир байдлаа хэлсэн. Улмаар Мягмар заан “Зургаан хүний тав нь Санжаадамбыг унасан гэж шийдвэр гаргаж, тийм болохоор олонхоо дагана, Ганжадыг давуул” гэсэн юм. Тухайн үед болсон зүйл ерөөсөө л ийм. Үүнийг нутаг, ус, нэг хүний шийдвэр гэж ярих нь дэндүү болчимгүй зүйл л дээ.

-Тухайн үед дэлгэцээр Ганжадын тохой түрүүлж хүрсэн мэт харагдаж байсан. Үүнийг үзсэн үзэгчид болоод аварга Санжаадамба нэлээдгүй эсэргүүцсэн шүү дээ?

-Хоёр бөхийн барилдаан дууссаны дараа Санжаадамба аварга унасан үгүй дээ их эргэлзэж байсан. Улмаар элэг бүсээ тайлаад тахим өгөх гэж байсан юм. Гэтэл тэр хоёрын барилдааныг дэлгэцээр удаашруулан харуулсан. Наадмын комиссын дарга нь дэлгэцээр маргаантай барилдааныг харуулж, шүүхгүй шүү хэмээн хэлсэн ч манай телевизийнхэн хоёр бөхийн барилдааныг хэд дахин давтан, удаашруулж харуулсан. Ингээд л бөөн будлиан болгочихож байгаа юм. Дэлгэцнээс үзэхэд Ганжадын тохой түрүүлж хүрчихсэн нь харагдсан л даа. Үүнийг харсан Санжаадамба эсэргүүцэх нь тодорхой. Энэ бол Санжаадамба аваргын буруу зүйл огт биш. Хэн ч гэсэн “өө тэр дэлгэцнээс харалдаа би унаагүй байна шүү дээ” гэж хэлэх нь тодорхой.

Гэхдээ дэлгэц харж, барилдааныг шүүнэ гэсэн дүрэм байхгүй. Тэрхүү бичлэг зөвхөн нэг талаас нь авсан дүрс. Сумогийн барилдааныг дөрвөн талаас нь дүрсийг нь авч, шүүдэг. Гэтэл манайд барилдааныг холоос дээрээс нь юм уу зөвхөн нэг талаас нь дүрсийг авдаг. Ингэхээр хоёр бөхийн хэн нь түрүүлж унасныг шүүх боломжгүй болж байгаа юм. Тухайн хоёр бөхийн барилдааныг дэлгэцээр харж шүүнэ гэдэг манай үндэсний бөхийн хувьд боломжгүй зүйл л дээ. Улсын баяр наадмын өмнө бөхийн барилдааныг шууд дамжуулах гэж буй телевизүүдийн улсуудтай уулзаж, “Маргаантай барилдааныг дэлгэцээр үзүүлэхгүй шүү. Зөвхөн хөлийн цэц, засуул нарын саналаар хоёр бөхийн барилдааныг эцэслэн шийдвэрлэнэ. Үүнийг дэлгэцээр үзүүлчихвэл бөөн маргаан болно” гэж анхааруулан хэлж л байсан.

-Жил бүрийн наадмаар иймэрхүү маргаан их гарах болжээ. Хожим ийм маргаан гаргахгүйн тулд орчин үеийн техник, хэрэгсэл ашиглаж, хоёр бөхийн барилдааныг камерийн бичилгээс үзэж байгаад шийдчихэж болохгүй юу?

-Болохгүй ч юм байхгүй л дээ. Үнэхээр камерийн бичлэг, дэлгэц харж байгаад шүүхээр болбол барилдах бөхчүүдээ цөөлж, дэвжээн дээр хоёр, хоёроор нь гаргах хэрэгтэй. Ингээд нэг л барилдаан явуулж, түүнийгээ дэлгэцээр шүүх боломжтой юм. Яг сумо шиг. Гэвч манайх чинь мянган бөхийг дэвжээн дээр зэрэг гарган барилдуулдаг болохоор энэ зүйл худлаа болж таарч байгаа хэрэг. Талбай дээр энэ олон бөх гараад ирэхээр яаж барилдаан болгоныг бүх талаас нь камераар бичих билээ.

Тийм болохоор л үндэсний бөхийн барилдааныг нэг талаас нь авсан дүрс бичлэгийг олон нийтэд үзүүлэхгүй байвал зүгээр. Хоёр бөхийн барилдааныг зөвхөн хажууд нь үзэж байгаа хөлийн цэц, засуул нар нь дүгнэж, шийдвэр гаргах боломжтой. Ингэж хэлээд байхад л олон нийтэд үзүүлээд, наадамчин олонг талцуулж, бөөн будлиан болгочихож байгаа юм. Манай телевизийнхэн жоохон зарчимтай байх ёстой. Ер нь хөлийн цэц, засуул, бөхчүүд, хэвлэлийнхэн бүгд л дүрэм журмаа л барих хэрэгтэй. Дэлгэцээр хоёр бөхийн барилдааныг удаашруулан харж, шийдвэр гаргана гэсэн дүрэмтэй бол хамаагүй шүү дээ, тэр дүрмээ л барина.

-Санжаадамба, Ганжад нарын барилдааныг эс тооцвол үнэхээр сайхан наадам болсон гэж олон түмэн ярьж байна лээ…

-Наадам сайхан болсон. Гэхдээ манай бөхчүүдэд нэг дутагдалтай зүйл харагдсан. Улсын үнэн хүчит аварга, арслангууд учраа бөхдөө элэг бүсээ шууд л тайлж өгч байсан. Тухайлбал, долоогийн даваанд улсын аварга Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат нар нутгийн бөхчүүддээ шууд л элэг бүсээ тайлж, тахим өгсөн. Уг нь өвдөг газар хүрч байж, элэг бүсээ тайлах ёстой юм. Ийм үйлдэл цаашид олшрох юм бол наадам наадам биш болно шүү дээ. Хичнээн нутгийн, таньдаг, тусалдаг, дэмждэг бөхтэйгээ таарсан ч гэсэн шууд л ингээд бууж өгөөд байвал утгаа алдана биз дээ. Олон түмнийгээ хүндэтгэн, төрт ёсоо дээдэлж, үнэн хүчийг үздэг наадмаар барилдахгүй бууж өгнө гэдэг муухай л харагдаж байна лээ. Хамгийн гол нь улсын баяр наадмаар нэгнийгээ амалж авчихаад барилдахгүй бууж өгч болохгүй л юм. Энэ ч бас дүрмэндээ бий шүү дээ. Үндэсний бөхийн дүрмэнд “тухайн бөх учраа бөхтэйгөө барилдахгүй, элэг бүсээ тайлж, бууж өгвөл хоёр бөхийг уг барилдаанаас шууд хасна” гээд заачихсан байдаг. Энэхүү дүрмийг манай бөхчүүд бас мөрдөхгүй л байна. Хэрэв дүрэм гээд элэг бүсээ тайлж өгсөн бөхчүүдийг хасчихвал, наадам ч утгагүй болно, үзэгчид ч дургүйцэх байлгүй. Иймэрхүү нарийн ширийн асуудлыг олон түмэн ойлгох хэрэгтэй, бөхчүүд дүрмээ мэдэж, мөрдөж байх учиртай юм. Мөн Үндэсний бөхийн холбоо олон түмэндээ бөхийн дүрмээ илүү тодорхой сайн тайлбарлах хэрэгтэй.

-Өнгөрсөн долоо хоногт даншиг наадам болсон. Энэхүү наадмаар шөвгөрсөн, түрүүлсэн бөхчүүдэд цол олгож эхэлсэн. Ингэж цол олгох нь зөв үү?

-Үүнийг одоо бас больчих хэрэгтэй. Ямар ч үр ашиггүй цол. Үнэхээр цол олгож байгаа юм бол улсын баяр наадмаар олгосон цол, даншиг наадмаар олгосон цол хоёрын эрэмбэ ямар байх юм. Даншгийн цол хүртсэн бөхчүүд ам авах уу, хэрхэн ам авч, эрэмбэлэгдэх юм гэдгээ судлах хэрэгтэй. Хоёрын хооронд ийм худлаа цол гуншингаар бөхчүүд яах юм. Цол олгож байгаа бол эрэмбэ гаргах хэрэгтэй. Тэр эрэмбээрээ ам авч барилдах ёстой шүү дээ. Энэ жилийн даншгаар ам авах байх гэж харсан чинь авсангүй. Мөн л сугалаа, оноолт тааруулж барилдуулж байна. Ийм заваан зүйл хийхээ болих ёстой. Энэ наадамд улсын арслан Р.Пүрэвдагва гурван удаа түрүүлж, даян аварга боллоо. Тэглээ гээд одоо яах юм. Тухайн бөхдөө ямар ч үр ашиг алга байна шүү дээ.

-Даншиг наадмаар мөн л улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Н.Түвшинбаяр нарын барилдаан маргаан дагуулсан. Олон түмэн Гончигдамбын өвдөг түрүүлж хүрсэн хэмээн одоо хүртэл цахим сүлжээнд маргалдаж байна..

-Даншиг наадмыг дэлгэц, камерийн бичлэгээр шүүж, шийдвэр гаргана гэсэн. Гэтэл бас болохгүй л байна. Зурагтаар харж байхад Гончигдамбын өвдөг түрүүлээд хүрчихсэн л байна лээ. Тэгээд дэлгэцээр харж шийдвэр гаргана гэсэн юм бол Түвшинбаярыг давуулах нь зөв л байсан. Нөгөө дэлгэцээр харж шийдвэр гаргана гээд байсан, чадахгүй л байгаа байхгүй юу. Тийм болохоор дүрмэнд юу гэж заасан байна, түүгээрээ л шийдвэр гаргах учиртай.

-Таны талаар гадуур ташаа буруу мэдээлэл нэг бус удаа гарч байсан. Үүнийг та “Манайд Сэрээтэр нэртэй гурван хүн бий. Тэр хүмүүсийн гаргасан үйлдлийг намайг хэмээн хэвлэл мэдээллээр цацаж байсан удаатай” хэмээн хэлж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-1960-аад оны сүүлээр “Улсын начин Сэрээтэр согтчихоод жорлонд унажээ, Сэрээтэр начин мөнгө хулгайлжээ” гэсэн мэдээлэл гардаг байсан. Энэ ийм учиртай юм. Эхнийх нь Боксын Сэрээтэр гэх хүнтэй намайг андуурдаг. Тэр хүн жоохон архи уудаг хүн байж л дээ. Тэгж согтуурхан явж байгаад хуучин Пионерын ордны тэнд нэг айлын хашаанд орж жорлонд нь бие засахдаа ойчсон байдаг юм билээ. Ингээд намайг согтуу явж байгаад жорлонд унасан мэтээр ташаа мэдээлсэн. Би чинь амьдралдаа архи дарснаас хол явсан хүн юу гэж тийм юм тохиолдох билээ. Дараагийнх нь манай чөлөөтөд Сэрээтэр гэх эмэгтэй багш, дасгалжуулагч байлаа. Тэр багш гимнастикийн хичээл зааж байгаад савлуурнаас унаж хүнд гэмтсэн байгаа юм. Хөөрхий одоо хөгжлийн бэрхшээлтэй хүн бий л дээ. Тэр хүнтэй намайг андуурч “Сэрээтэр турникаас унаад нугасандаа юм оруулжээ” гэсэн мэдээлэл цацагдаж билээ. Ийм хоёр ташаа мэдээллийн учрыг олчихоод байж байтал “Сэрээтэр харцага мөнгө хулгайлсан хэргээр шүүхэд дуудагджээ” хэмээн цуурхаж эхэлсэн. Тэр нь Цэрэндагва багшийн хүүхэд Чөлөөт бөхийн холбооны нарийн бичгийн дарга Сэрээтэртэй намайг андуурсан хэрэг л дээ. Хожим намайг хулгай хийгээгүй, өөр Сэрээтэр гэх хүнтэй андуурсан гэдгийг мэдсэн л дээ. Ингэж л гурван удаа миний нэрийг андуурч, төөрч байсан юм.

-Сүүлийн үед Монголын үндэсний бөхийн холбоог тойрсон маргаантай асуудал олон түмнийг талцуулж байгаа шүү дээ. Та энэхүү холбооны тэргүүлэгчийн хувьд асуудлыг юу гэж харж байна?

-Монголын үндэсний бөхийн холбоо, Бөхийн өргөөг хууль бус аргаар хувьдаа авах гэсэн нэр бүхий хэдэн нөхдүүдийг би мэднэ. Олон ч жил жоохон зүйлээс болж, маргалдаж байна. Одоо учраа олох цаг болсон. Хамгийн гол нь Монгол бөхийн өргөөг Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан нарын хүмүүс олон жилийн өмнө ард түмнийхээ итгэл сэтгэлээр байгуулсан нь үнэн. Үндэсний бөх өдий зэрэгтэй хөгжиж байгаа нь эдгээр хүмүүсийн гавьяа гэж боддог.

Гэтэл нэр бүхий хэсэг нөхдүүд шүүхийн шийдвэр гараагүй байхад хууль бус хурал, цуглаан хийж, холбооны тэргүүнээр Чинбат гэх нөхрийг тавьчихаад Бөхийн өргөө рүү дайран орж, тамга тэмдэг булаах үйлдэл хийж байгаа нь харамсалтай. Ийм утгагүй, хууль бус үйлдлээ одоо зогсоо. Учир зүйгээ олох хэрэгтэй. Удахгүй Үндэсний бөхийн холбоо их хурлаа хийнэ. Тэр хурлаар өөрсдийнхөө санаа бодлыг тусгаад, учир зүйгээ олж болно шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *