Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд нь Ардчилсан намын зүгээс “Төрийн тэргүүнээр сонгогдвол малчны, оюутны, цалингийн, тэтгэврийн зээлийг тэглэх боломжийг хамгийн түрүүнд судлах асуудлын нэг” хэмээн санал хүргүүлж байсан билээ. Харин өнгөрөгч долоо хоногт УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өр тэглэх асуудлын хүрээнд хуулийн төсөл боловсруулж байгаа хэмээн мэдэгдсэн. Уг асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой ярилцлаа.
-Иргэдийн өрийг тэглэх асуудлын хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газраас хуулийн төсөл боловсруулж байгаа гэсэн. Ямар шатандаа яваа юм бол. Иргэд өрөө тэглүүлэхийг хүсч байна. Зарим иргэд зээл чөлөөлнө гэх юм. Тэглэх, чөлөөлөх гээд хоёр өөр ойлголтыг нэгтгэж ойлгоод байх шиг байна…
-Сонгууль болохоос хэд хоногийн өмнө Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгад захиас өгч байсан. Уг захиасын агуулга нь Монголчуудын өр болохоо байлаа, малчны, тэтгэврийн, цалингийн зээлийг шийдэх байсныг санаж байгаа байх. Монголбанкнаас авсан дүнгээр оюутны зээл бараг байхгүйтэй адил байгаа юм. Учир нь оюутны зээл цалин, тэтгэвэр, малчны зээл гуравт нуугдаад ангилалын хувьд харагддаггүй юм байна. 2017 оны тавдугаар сарын байдлаар Монголбанкнаас авсан албан ёсны мэдээгээр монголчуудын зээлийн хэмжээ нэг тэрбум 183 сая 650 мянган ам.долларт хүрсэн байна л даа. Үүнийг төгрөгт шилжүүлэхээр 2.9 их наяд болж байгаа. Үүнээс 120 мянган малчин тус бүр дунджаар 1282 ам.долларын зээлтэй. Зээлтэй малчдын зээлийн хэмжээ 153 сая 840 мянган ам.доллар буюу 384 тэрбум 600 сая төгрөг гэсэн үг. Харин цалингийн зээлтэй 277 мянган иргэн байгаагаас дунджаар 2730 мянган ам.долларын зээл авсан байна. Энэ нь 756 сая 210 мянган ам.доллар буюу 1.9 их наяд төгрөг гэсэн үг. 228 мянган тэтгэвэр авагч тэтгэврээ барьцаалан зээл авсан. Зээлийн хэмжээ нь 273 сая ам.доллар буюу 652.5 тэрбум төгрөг болж байгаа юм. Энэ өрний хүрээнд ярьж байгаа.
-Гэхдээ иргэдийн зүгээс ипотекийн зээлийг тэглүүлэх асуудлыг ярьцгааж байна. Тийм боломж байгаа юм уу?
-Дээр дурдсан гурван зээлийн хүрээнд асуудлыг ярьж байгаа болохоос ипотекийн зээлийг яриагүй. Ипотекийн зээл дангаараа гурван их наяд. Энэ зээл өр биш хөрөнгө болж хувирдаг онцлогтой зээл тул хүн бүр өөрөө төлөх үүрэгтэй. Ипотекийн зээлийг төлөх тухай асуудлыг ардчилсан нам яриагүй, Ерөнхийлөгч ч тийм захиас хүлээж аваагүй. Цалин, тэтгэвэр, малчны зээл Монголын нийгэмд томоохон бэрхшээл болон хувирсан. Таны асуусанчлан зээлийг чөлөөлөх тухай яригдаагүй. зээл чөлөөлчихвөл нөгөө талд нь зээлгүй хүмүүс яах вэ гэдэг асуулт байгаа юм. Нэр дурдсан гурван зээлийг чөлөөлөхөд 2.9 их наяд төгрөгийн асуудлаа хэрхэн шийдэх вэ гэдэг хувилбараа ярилцаж байна. Монгол улсын Ерөнхийлөгч ажлаа аваад нэг сар боллоо. УИХ-ын гишүүн З.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. аравдугаар сард хуулийн төслийг өргөн барих юм.
-Асуудлыг тэгээд яаж шийдэх боломжтой вэ?
-Яригдаж буй шийдлүүдээс би нэг л жишээ ярья. Эрдэнэс таван толгой компанийн 2017 оны төлөвлөгөө, үйл ажиллагааны тоо баримтыг олж авсан. Эрдэнэс Таван толгой энэ онд 12 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй байгаа. Харин нэг тонн нүүрсээ уурхайн аман дээрээс 71 ам.доллараар зарж байгаа бөгөөд жилийн нийт борлуулалт нь 852 сая ам.доллар байх тооцоо бий. Уурхайгаас нүүрс олборлохдоо 16 орчим ам.долларыг олборлож буй компанидаа төлж байгаа юм. Энэ нь 192 сая ам.доллар гэсэн үг. Татвар, рояалти төлөхөөс өмнөх цэвэр ашиг нь 660 сая ам.доллар болж байгаа. Хэрэв энэ мөнгөөр нөгөө зээлээ төлье гэвэл 1.8 жилийн дотор төлж дуусахаар байна. Улс таван хувийн рояалтигаа авна гээд тооцохоор 2.5-3 жилийн дотор төлөхөөр тооцоо байгаа юм. Энэ зөвхөн эрдэнэс таван толгой дээр гарч буй тооцоо. Үүнээс гадна стратегийн 15 орд бий.
з.нарантуяа гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийн чиглэл Монголын ард түмэн гурван их наяд төгрөгийн өртэй байна. тэрийгээ төлөх хэрэгсэл нь Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх заалт гэж байгаа юм. Уг заалтад “Монгол улсад газар түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна” гэсэн байдаг. Энэ заалтад “байгалийн баялаг ард түмний мэдэлд” гээд байгаа биз. Тиймээс ашиг гарах юм бол төр биш эзэн нь болох ард түмэн авна. Байгалийн баялаг гэдэг нэр томьёо ганц манай Үндсэн хуульд байдаг юм биш. Бусад улсуудын Үндсэн хуульд ч байдаг. Тухайлбал, норвеги байгалийн баялгаа ашиглан хөгжсөн. Байгалийн баялгийг хүн биш байгаль бүтээсэн учраас хувийн өмч биш нийтийн өмч гэж үздэг. Гэтэл манайд лиценз гэдэг алга дарам цаас авчихаад хувийн өмч мэт захиран зарцуулдаг. Баялгийн эзэн гурван сая иргэн нь ноогдол ашиг авдаггүй. Эрдэнэс Таван толгойн эзэн нь төрийн нэр барьсан хэдэн нөхөд болчихоод нүүрсийг хэнд, ямар үнээр өгөхийг шийддэг. Уурхайн аман дээрээс 71 ам.доллараар борлуулагдаж буй нүүрс маань 200 км тээвэрлэгдээд хилийн цаана 210 ам.доллар хүрч байгаа юм. Зах зээлийн үнээс гурав дахин хямд зарагдаж байна.
-Үнэ ийм ялгаатай байх ямар шалтгаан байгаа юм бол?
-Монголын, Хятадын зуучлагчид их байна. Үйлдвэрлэгч эрдэнэс таван толгойн 16 ам.доллараар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн Бугатын гангийн үйлдвэрт очоод 220 ам.доллараар зарагддаг. Тэгэхээр Ерөнхийлөгчийн өргөн барих гэж буй хууль батлагдвал эдгээр зуучлагчид алга болж өнөөдөр эдний хувааж идэж байгаа их мөнгийг Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1-т заасан эзэд нь авна. Гурван сая иргэд байгалийн баялгаасаа ноогдол ашгаа авдаг болно.
УИХ сүүлийн 10 жилийн хугацаанд таван толгойг ажиллуулах гэж янз бүрийн тогтоол гаргасан байдаг. Экскаватор, самосвал худалдан аваад нүүрсээ ух, хөрөнгө оруулалт хий гэхээр мөнгөгүй байна гээд Хятадын Шинхуа, энержи ресурст үнэгүй өгөх тухай л ярьдаг болохоос биш энэ компанийг ажиллуулах тухай бодсонгүй. Гэтэл Эрдэнэс Таван толгой ажиллах хэлбэрээ өөрөө олчихож. одоо яаж байна гэхээр эрдэнэс таван толгойд өөрийн ажилтан, техник, тоног төхөөрөмж алга. Чалкод төлөх өрөө төлчихсөн. Тэгэхээр Эрдэнэс таван толгой үндсэндээ нэг лицензтэй аппаратын хэдэн ажилтантай компани болсон. Цаашид ч гэсэн Эрдэнэс Таван толгой экскаватор, самосвал худалдаж авч нүүрс ухахын оронд Монголдоо явж буй бизнесийг үндэсний компаниудаараа хийлгэх хэрэгтэй. 16 ам.доллар авч нүүрс олборлож буй компаниуд Монголынх. тэр компаниуд ажлыг нь хийж өгөөд мөнгөө авахдаа баяртай байгаа. Учир нь компани нь ажилтай, ажилчид нь цалинтай. Тэд гэрээнд заасан үүргээ биелүүлээд явчихна. Цаашид Эрдэнэс Таван толгой олборлолтоо нэмэгдүүлье гэх юм бол цаад компаниуддаа л захиалгаа өгчихөд болно. Эрдэнэс Таван толгойд ямар ч эрсдэл байхгүй.
-Ямар зарчмаар ажиллана гэсэн үг вэ?
-Шинэ Эрдэнэс Таван толгой гурван төрлийн тендер зарлана. Нэгдүгээрт, хэн хамгийн хямд олборлох вэ гэдэг тендер. Үүнд хэдэн ч компани орж болно. Хоёрдугаарт, 200 км газар хэн хамгийн хямд тээвэрлэх вэ гэдэг тендер зарлана. Энэ хоёр тендерт зөвхөн Монголын компаниуд оролцоно. Ингэснээр зуучлагчид алга болно. Гуравдугаарт, хил дээр аваачсан нүүрсийг хэн хамгийн өндөр үнээр худалдаж авах гэдэг дуудлага худалдааг дотоод гадаадын компаниудын дунд нээлттэй явуулна. Гэхдээ дуудлага худалдаа жилдээ нэг болох юм. Тээвэрлэдэг, олборлодог компаниуд өрсөлдсөнөөр үнэ тогтоно. Ийм үйл ажиллагаа явуулах юм бол гуравхан жилийн дотор монголчуудын өрийг тэглэх боломжтой.
Одоогоор 600 мянган хүн зээлтэй байна. Энэ хүмүүс ноогдол ашгаараа зээлээ төлчихлөө. Цаана нь насанд хүрсэн 1.4 сая хүн бий. Тэр хүмүүс ялгаагүй ноогдол ашгаа авна.Энэ бол халамж биш. Монгол хүн болж төрсний төлөө Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж буй хэрэг.
-Эрдэнэс Таван толгойн 80 хувь нь төрийн мэдэлд байдаг. Үлдсэн 20 хувь дээр асуудал яригдах уу?
-Эрдэнэс Таван толгойн 80 хувь нь төрийн мэдэлд байдаг. УИХ хууль гаргаад төрийн мэдэлд байдаг хувьцааг гурван сая иргэндээ тэгш хувааж өгнө. Энэ хувьцаа худалдагдахгүй. Монгол хүн болж төрсний төлөө авч буй ногдол ашиг учраас мөн өвлөгдөхгүй. Хувьцаа эзэмшигч нас барсан бол улс хураан авч, шинэ хүн төрөхөд олгоно. Тэгэхээр төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэх маань тухайн жилийн ногдол ашгаас авах эрхийн бичиг болж байна гэсэн үг.
Тухайн жилд Эрдэнэс Таван толгой яаж ажиллаж байгааг хүн бүр харж байна. Шилэн данс гэдэг шиг энэ компанийн вэб сайт дээр хэнтэй ямар гэрээ хийв, дуудлага худалдаагаар ямар үнэ өгөв гэдгийг бүгд зурагтаар хараад сууж байх юм. Орлого, зарлагаа өөрсдөө хараад сууж байх тул оны эцэст би тэдэн төгрөгийн ногдол ашиг авах юм байна гэдгээ хялбархан бодчихно.
Ингэснээр Эрдэнэс Таван толгойг Шинхуа, Энержи Ресурст өгье гэдэг бүх яриа утга учиргүй болно. Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1-т заасны дагуу байгалийн баялаг ард түмний мэдэлд байдаг юм бол бүгдээрээ байгалийн баялгийнхаа ач тусыг тэгш хүртэнэ. Ийм маягаар Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1-т заасан “байгалийн баялаг ард түмний мэдэлд байна” гэсэн үгийг Ерөнхийлөгч эхний ээлжинд өртэй хүмүүс өрөө төлөх боломжийг ногдол ашгаараа олгоё гэсэн санаа юм. Өргүй хүмүүс нь ногдол ашгаа цалиндаа нэмэрлээд явчихна. Эрдэнэс Таван толгой компани мань ганц жил, 10 жил ажиллах компани биш. Жилдээ 12 сая тонн нүүрс олборлож зараад байвал 200 жил Монголын ард түмэнд ногдол ашгаа өгөх компанийн тухай ярьж байна. Хүн бүр очоод нүүрс хүрздээд байх боломжгүй тул хүн төрөлхтөн хувьцаат компани гэдэг зүйлийг бодож олсон. Ийм маягаар ойр зуурын өрнөөсөө гарч болно.
Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1-ээ эргэж харъя. Компаниудад баялгаа үнэ төлбөргүй өгдөг байдлыг өөрчилье гээд Ерөнхийлөгчийн анхны санаачлах хууль бол Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1-ийг хэрэгжүүлэх тухай хууль. Эрдэнэс Таван толгой дээр олборлолт хийдэг Монгол компаниудын консорциум 16 ам.доллар аваад нүүрсээ олборлож байхад нөгөө талд нь өөрсдийн хөрөнгөөр хайгуул хийгээгүй, яаж ч юм явж байгаад лиценз гээд цаас олж авсан Энержи Ресурс компани бий. Тэд ялгаагүй 16 ам.доллараар нүүрс олборлочихоод гарч ирсэн нүүрс нь өөрсдийнх нь хувийн өмч болчихоод байгаа юм. Монгол компаниудын консорциум нүүрс гаргаж ирчихээд өөрийнх нь өмч биш, нөгөөх нь адилхан гаргаж ирчихээд 220 ам.доллараар зараад бүх мөнгөө өөрөө авчихаж байна. Ийм ялгаатай хоёр компани байж болохгүй. Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1-т зааснаар байгалийн баялаг болохоос Энержи Ресурсийн хувийн өмч биш. Монгол компаниудын консорциум Үндсэн хуулийн дагуу ажиллаж байгаа бол нөгөө компани одоогийн буруу хуулиар баялгийн эзэн болчихоод байна л даа. Ерөнхийлөгчийн санаачлах хууль батлагдвал хууль баталсан өдрөөсөө хойш үйлчилнэ.
-Энержи Ресурсийн зүгээс хувийн өмч гээд шүүх, цагдаадаа тулах байхдаа…
-Үндсэн хуулиар байгалийн баялаг хувийн өмч биш гээд биччихсэн байна. Байгалийнх учраас таны, миний ч өмч. Түүнээс Оджаргалын өмч биш. Мөн Ерөнхийлөгч МҮОНТ-ээр алтны тухай ярьсан. Алт нь улсын монополь өмч байдаг хуулийг мөн санаачлах юм. Гэхдээ өнөөг хүртэл явсан алтны лицензийг бид хөндөж чадахгүй. Үүнээс цааш олдох алтыг улсын монополь болгоно. Учир нь алт бол нүүрс, зэс бусад ашигт малтмал биш. Алт монгол төгрөгийн үнэ цэнийг тодорхойлдог онцгой бараа тул хоёр хөрш маань алтыг улсын монопольдоо одоог хүртэл авч явж байгаа юм. Бид монгол төгрөгөө чадвартай байлгая гэх юм бол алтыг улсын монополь болгох ёстой. Иймэрхүү шинэчлэлүүдийг дэс дараатай хийнэ. Аравдугаар сард УИХ нээлтээ хийхээр хуулийн төслийг өргөн барих юм.
-Өр тэглэх боломжийг хуулиар зохицуулна. Тэгэхээр Их хурал шийдэх юм байна, тийм үү?
-Улсын Их хурал шийднэ. Ерөнхийлөгч саналаа оруулна. Ерөнхийлөгчийн санал Үндсэн хуулиа хэрэгжүүлэхээр оруулж байгаа санал учраас гишүүд эсэргүүцэхгүй байх гэж бодож байгаа. УИХ энэ хуулийг шийдэж өгөхгүй бол 30 гэр бүлийн нөлөөнд орсон УИХ юм байна гэж дүгнэхээс өөр аргагүй байдалд очно. Байгалийн баялгаа гурван сая хүндээ тэгш хуваая, байгалийн баялаг хувийн өмч биш гэхэд “үгүй” гэх юм бол тэгж дүгнэхээс өөр аргагүй болно. Байгалийн баялгаар баяжчихаад үүнийгээ бизнес хийж байна гэж ярьдаг хүмүүс болих хэрэгтэй. Байгалийн баялагаар бизнес хийж болно. Харин Монголын үндэсний компаниудын консорциум шиг ердийн компанийн ашигтай ажилла гэж байгаа юм. Нэг нь 16 ам.доллараар нэг тонн нүүрс ухаад ашигтай ажиллаж болоод байна. Нөгөө нь ялгаагүй зардал гаргаад 220 ам.доллараар өөрийн хувийн өмч шиг зараад байж болохгүй. Эрдэнэс Таван толгой өөрөө аж ахуй бизнесийн ажилд хутгалдахгүй, олборлох, тээвэрлэх, өртөг нэмэх бүх л ажлаа гэрээгээр хийлгэснээрээ Монголын хувийн компаниудад харин ч их боломж гаргаж өгч байгаа. Чи угаах үйлдвэрээ барь, чи тээврийн компаниа байгуул, чи олборлодог жинхэнэ уул уурхайн компаниа байгуул гэх юм. Баялгийн эзэн монголчууд, баялгаа мэдсэн шиг мэдье. Хамгийн их ашгийг эзэн бид авна. Дараа нь нэмүү өртөг шингээсэн болгон Монголын компаниуд байг. Үүнд гадны компаниуд ороод байх ямар ч шаардлага байхгүй. Тээвэрлэхэд гадаадынхан хэрэггүй. Манайхан самосвал, эксковаторыг ямар ч асуудалгүй барьж чадна. Нүүрсний ил уурхайгаас нүүрс олборлоод, тээвэрлэх нь нэг их ухаан зараад байх ажил биш. Ийм ажлаа хийж чадахгүй гээд гадны компанид өгч байгаа бол харин Монголын төр буруу ажиллаж байна гэсэн үг. Чаддаг чаддаг юмаа л хийцгээ. Нүүрсийг хамгийн өндөр үнээр авах ажлыг Монголын компани хийж чадахгүй. Яагаад гэвэл 12 сая тонн нүүрсийг шингээх үйлдвэр байхгүй. Яваандаа харин болж болох байх.
-Одоо бол Эрдэнэс Таван толгойн 1072 хувьцаа хэзээ амилах вэ гэдэг асуудлыг л ярьдаг. Таны хэлж байгаагаар гурван сая иргэндээ хувьцаа эзэмшүүлээд явахаар 1072 хувьцаан дээрээ нэмэгдээд явчих юм уу, яг яах юм бэ?
-Эрдэнэс Таван толгойн 20 хувь нь Монголын хүн амд хуваагдаад 1072 хувьцаа болж тараагдсан. Оюутан, ахмад настнууд 1072 хувьцаагаа зарчихсан. Харин би зараагүй хүмүүсийн нэг. Үлдсэн 80 хувиа тэгш бүх хүнд хуваариллаа гэхэд нэг хүнд 10 мянган хувьцаа ноогдлоо гэж бодъё. Би 11072 хувьцаатай болно. Харин өмнө нь 1072 хувьцаагаа зарсан хүмүүс 10 мянган хувьцаатай болно гэсэн үг. Нэг хувьцаанд ногдох ашгаа жил бүр тооцож олгоно.
-Хувьцааны мөнгөөрөө иргэд зээлээ дарж болно, хэрэгтэй зүйлээ ч авч болохоор зохицуулах юм байна, тийм үү?
-Тэгнэ. Төр засгаас ямар зүйл хийж өгч байна гэхээр одоо байгаа зээлийг яаж хамгийн түрүүнд дарж болох вэ гэдэг тооцоо хийж өгч байна. Одоогийн зах зээлийн үнэ, олборлолт, тээвэрлэлтийн зардал гурван жилдээ хадгалагдаад явчихвал 1.8-3 жилийн дотор иргэд өрөө тэглэх боломжтой. Хэдэн төгрөгийн ногдол ашиг гарах вэ гэдгийг бид мэдэхгүй, зах зээл шийднэ. Үнэ үргэлж 210 ам.доллар байхгүй байгаа шүү дээ. Зургаан сарын өмнө 300 ам.доллар байлаа. Ардчилсан нам засгийн эрх барьж байхад 30-хан ам.доллар байсан. Үнэ 10 дахин өөрчлөгдөөд байна. Олон мянган хувьсагч ярьж хүний толгой эргүүлээд байхгүй хамгийн хялбар арга зам нь Эрдэнэс Таван толгой явсаар байгаад хамгийн зөв механизмдаа оччихож. Энэ чигээрээ л явъя. 200 жил монголчуудад ашгаа өгдөг хамгийн өгөөжтэй компани болно.
-Хуулийн нэршил яг юу гэж явах юм бол?
-Нэрийг удахгүй өгнө. Ерөнхийлөгч “өр гэж асуудал байна, үүнээс гарахын тулд байгалийн баялгаас олох ногдол ашгаа ашиглая, боломжит хувилбаруудыг бодож ол” гэсэн чиглэл өгсөн. Удахгүй Иргэний танхимд хуулийн төслийн хэлэлцүүлгүүд явагдана. Сум, хороо бүрт ийм танхим бий. Тэнд бас иргэд хэлэлцүүлгээ хийгээд явж болно.