Categories
мэдээ цаг-үе

Ж.Баясах: Манай улс Өмнөд Солонгостой эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулах гэж байгаа

Олон улс судлалын хүрээлэнгийн захирал Ж.Баясахтай ярилцлаа.


-“Азийн геополитикийн өөрчлөлт 10 жилд” форумаас ямар үр дүн гарсан бэ?

-Тэр хурлыг уг нь Шанхайн Пуданы их сургуулиас зохион байгуулах санаачилга гаргасан. Уг нь их том хурал болох ёстой байсан. Гэтэл цаг нь тулахаар гэнэт оролцож чадахгүй гэдэг юм байна. Нэгэнт зарлачихсан учраас бид өөрсдийнхөө хүчээр хийсэн л дээ.

-Гэхдээ цөөнч гэсэн гадныхан ирсэн байсан…

-Франц, Голланд, Хятад, Австралиас оролцсон. Оросууд ажил гараад ирж чадаагүй.

-Солонгосын хойгийн байдал хэцүү байгаа гэсэн асуудлыг хятадууд яриад эхэлсэн үү?

-Зөвхөн хятадууд энэ тухай яриагүй. Дэлхий нийтээр түгшиж байна. Солонгосын хойгт мөргөлдөөн үүсэхэд ойрхон байгаа. Хэзээ гэдэг нь л асуулт болохоос байдал аль хэдийнэ хурцадчихсан. Эдийн засаг гэхээсээ тухайн хоёр улсын улс төрийн хямрал туйлдаа хүрч байна.

-Америкчууд хатуу арга хэмжээ авна гэсэн. Ямар арга хэмжээ авах бол?

-АНУ-ын Ерөнхийлөгч нэлээд хатуу мэдэгдэл хийж хямралыг улам даамжруулаад байна. Цаашдаа ийм бодлого үргэлжилбэл энэ хүн өөрөө асуудалтай тулгарна. Буруу газраа буруу мэдэгдэл хийгээд байна. Бизнесмен хүн улс төрийг буруу хэрэгжүүлээд байгаа юм.

-Ямар буруу мэдэгдэл хийгээд байна гэж?

-“Герман гэж ямар улс байдаг юм. Хэдэн машин хийдэг улс биз дээ” гэж мэдэгдэхээр германчууд түүнийг олигтой хүлээж авах уу. Болчимгүй үг их унагаж байна. Хавар ажлаа авсны дараа анхны санал асуулга явуулахад сонгогчдынхоо 30 хувийн саналыг авч байх жишээтэй. Энэ чинь дахин сонгууль явахгүй гэх газаргүй гэсэн үг.

-Манай улсын хоёр хөрш эдийн засгаар олигтой ахицгаахгүй байна. Бусад орнуудтай том гэрээ, хэлцэл хийгээд байна. Энэ ямар учиртай вэ?

-Хөршүүдтэй 50 гаруй төсөл дээр ажиллах тухай гэрээ, хэлцэл яригдсан ч нэгэнт хэрэгжсэнгүй өдий хүрлээ.

-Яагаад?

-Нэг дарга очоод ямар ч тооцоо, судалгаагүй нэг юм ярьчихдаг. Нөгөөх нь хэрэгжих үндэслэл байхгүй. Судлаачдаасаа асуух ёстой байхгүй юу. Хэнтэй ямар чиглэлээр ажиллах хэрэгтэй байна. Бид юуг анхаарах, тэд юун дээр хамтрах ёстой вэ гэдгийг судалгаагаар тогтоодог. Гэтэл ямар ч судалгаагүй том том юм яриад явахаар яаж хэрэгжихэв дээ.

-Оросууд Эгийн голын УЦС-ыг эсэргүүцээд байсан нь юу болж төгсөх бол?

-Одоо оросууд эсэргүүцэх нь гайгүй болж байгаа. Харин манайхан юу хийж байгаа нь сонин. Хятадууд байнга биднээс асуудаг. Та нар юу хийх гэж байна. Юун дээр хамтармаар байна гэдэг. Төр юу хийх гэж байгааг бид мэдэхгүй болохоор ямар ч хариу хэлж чаддаггүй.

-Эгийн голын тухай манай эрдэм шинжилгээний хүрээлэнгээс дүгнэлт гарсан уу?

-Гарсан. Байгаль нуурт ямар нэгэн хор хөнөөлгүй гэдгийг Оросын талд гаргаад өгчихсөн. Бүх юм болж бүтэж байгаа юм шиг яриад суугаад байдаг. Болж байгаа юм нэг ч алга.

-Яагаад манайхан хятадуудын том төсөлд хамрагдаж чадахгүй байна вэ?

-Одоо дэлхий тэр чигээрээ хятад руу хошуурч байна. Тэнд маш их мөнгө байна. Төсөлд хамрагдах нь тухайн улс орны удирдагчдын овсгоо самбаанаас хамаарч байна. Хэн харилцан ашигтай төсөл бариад очно, хятадууд тэдэнтэй шууд хамтарч байгаа. Том жижиг гэлтгүй төслүүдийг санхүүжүүлж байна л даа. Бидэнд боломж бий. Гэтэл бид өөрсдөө ашиглаж чаддаггүй. Нэг юм ярьчихаад яах нь мэдэгдэхгүй гөлийгөөд суучихна.

-Хоёр хөршөөс горьдох юм байхгүй гэсэн үг үү?

-Уг нь сүүлийн хэдэн жил алтан боломж байсан. Энэ хоёр орон чинь хоёулаа хамтрахад бэлэн гээд л мэдэгдээд байсан. Мөнгө, технологи бэлэн байсан. Ашиглаж чадсангүй.

-Боломж алдагдсан гэсэн үг үү?

-Өмнөд хөрш есдүгээр сард хурлаа хийнэ. Хоёр л хүн үлдэх сураг байгаа. Оросууд бас В.Путинаа солих яриа гаргаж байна. Бодлого нь хэвээрээ манайхыг дахин дахин хамтаръя гээд гуйгаад байх нь юу л бол.

-Хятадын бодлого өөрчлөгдөх үү?

-Хятад улс 2020 он хүртэл бодлогоо зарлаад таван жилийн төлөвлөгөөгөө баталчихсан. Харин 2020 оноос хойш өнөөгийн энх тайванч нэртэй налайгаад, улс орны дотоод бодлогод оролцохгүй гэсэн бодлогоо хэвээр үргэлжлүүлэх баталгаа байхгүй шүү дээ.

-Цаашдаа яаж эргэх бол?

-Эдийн засаг нь хүчирхэгжиж байна. Хүчтэй болох тусмаа бяр амтагдана. Оросыг дуурайгаад аль нэг бүсэд цэрэг оруулж болно.

-Хөршүүдтэй хамтын ажиллагаа өргөжихгүй байгаа нь юунд байна?

-Хөршүүд төлөвлөгөө гаргаад түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө бүгд нэг тойргоор зүтгэж байна. Харин манайхан дөрвөн жил тутамд засаг солигдоно. Түрүүчийн Ерөнхий сайдын ярьсан зүйл дараагийн Ерөнхий сайдын үед эсрэгээрээ өөрчлөгддөг. Гэтэл нөгөө улсууд чинь цаг, хөрөнгөө барах гэж бидэнтэй уулзаж байгаа юм биш. Тодорхой төсөл хэрэгжүүлэх гэж уулздаг. Нөгөөх нь талаар болохоор “За эртхэн өөр зам хайя” гээд шийднэ биз дээ. Бид бурууг өөрсдөөсөө хайх хэрэгтэй. Одоо бид хөршүүдийн хувьд найдваргүй түншид тооцогдож байгаа.

-Хоёр Солонгостой манайхан ямар харьцаатай байна?

-Манай улс шиг хоёулантай нь сайн улс бараг байхгүй дээ. Хойт солонгос эдийн засгийн хувьд хэцүү байгаа. Хятадууд жаахан нүүрс авдаг байсан нь зогссон. Байдал улам л хүндэрнэ. Өмнөд Солонгос нь улс төрийн шокноос гарах гэж нэлээд асуудал болно.

-Одоо хөршүүдээс жаахан ашиг олохын тулд юу хийх хэрэгтэй вэ?

-Эхний ээлжинд төмөр замаа хос болгочих хэрэгтэй. Хурдны авто зам яаралтай барих хэрэгтэй.

-Санхүүжилт нь яах бол?

-Хэрэв манайхан хөдлөөд эхэлбэл цаадуул чинь туслахад бэлэн байгаа байхгүй юу.

-Хэн хөдлөх хэрэгтэй гэж?

-Засгийн газар. Зүүн талаараа аялал жуулчлал, баруун талаараа ачаа тээвэр ложистикийн бодлого хэрэгжүүлээд эхэлбэл асар их боломж байна л даа.

-ШХАБ-д элсээгүй учраас бидэнтэй хамтрахгүй байна гэсэн яриа байдаг л даа?

-Тийм юм байхгүй.

-Японтой эдийн засгийн түншлэлийн том гэрээ байгуулсан. Үр ашгийг нь хэзээ хүртэх бол?

-Одоогоор хэрэгжээд эхэлсэн том юм харагдахгүй байна. Одоо өмнөд Солонгостой байгуулна гээд давхиад байгаа.

-Ямар түвшинд яваа бол?

-Ажлын хэсгүүд байгуулсан. Өмнөд Солонгос 54 оронтой чөлөөт худалдааны гэрээ байгуулсан. Асар их туршлагатай орон. Намраас хятадтай яриа хэлэлцээ хийнэ гэсэн мэдээ байгаа. солонгосууд манайхаас уул уурхайн бүтээгдэхүүн авах сонирхол бий.

-Японтой байгуулсан чөлөөт худалдааны гэрээнээс ашиг олоогүй байж Өмнөд Солонгостой байгуулаад хэр үр дүн гарах бол?

-Японтой харьцуулахад манайхан чинь Солонгостой ойр л доо. Тэнд олон монголчууд амьдарч байна. Солонгос баялаггүй улс.

-Визэнд өөрчлөлт гарах болов уу?

-Гэрээгээ байгуулж чадвал олон талын хөнгөлөлт эдэлнэ шүү дээ.

Х.БАТТӨГС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *