Хүн бүр машинтай болохыг эрмэлзэж, хувийн унаагаараа хотын төв рүү чихэлдэн орж ирж байгаа нь нийслэлийн нийтийн тээвэр үүргээ биелүүлж чадахгүй байгаагийн илэрхийлэл. Дэлхий дахинд нийтийн тээврийн хөгжлийг энэ мэт иргэдийн хандлагаар хэмжсээр ирсэн. Харин нийтийн тээврийн хөгжил нь хотынхоо, улсынхаа хөгжлийн шууд илэрхийлэл болно. Улаанбаатарын төвд 400 орчим мянган хувийн машин чихэлдэж, өдөрт 800-хан автобус шугамд явж байгаагаас асуудал ямархан түвшинд байгааг харж болно. Хотын удирдлагууд, салбарынхан нэг үеэ бодвол нийтийн тээвэр маань хөгжиж байгаа гэж өөрсдийгөө өмөөрөх байх. Тэр нь ч үнэн. Гэхдээ яст мэлхий шиг удаан байна. Нийслэл хүрээ Улаанбаатар болж өөрчлөгдөөд ердийн хөсөг механик тээвэрт шилжээд 100 орчим жил болчихоод байхад нэг их ялгарах юм алга. Хараал урсгаж нервтсэн жолоочтой, хар утаа олгойдуулж тасалдсан автобусанд хамаг цагаа иргэд барж байгаа. Нэг цэгээс нөгөөд хүрэх гэж автобусаа хүлээж, хүлээж суухаар сүнсийг нь зайлтал давхиж, цус харватал нь тоормозлодог. Нэгдүгээр эгнээг нь нийтийн тээвэрт зориулаад чөлөөлж өгчихөөд байхад л эгнээ дамнан тэгнэж, хоорондоо уралдаж, сүлжилдэж хувийн унаатай иргэддээ тээр болсоор байна. Ингэж хээр талд яваа юм шиг авирласан автобус зөрчил гаргаж, аваар хийлээ гэхэд нийтийн тээврийн үйлчилгээнд саад учруулсан гэх хэргээр хохирогч нь бүр гэмтэн болоод үлддэг. Гээндээ ч бий гоондоо ч бий гэдэг шиг иргэд маань ч зорчих соёлд ёстой суралцаагүй. Өдөр бүр суудаг автобусандаа шүлсээ хаяж бузарлахаас эхлээд ёс суртахууны дутагдал, доголдол гаргах нь энүүхэнд. Гэхдээ л хүн хүрэхээс хайран санагдах тийм тансаг орчинтой шинэ автобус соёлтой үйлчлээд эхэлбэл иргэд шүлсээ хаях нь бүү хэл мөнгөө төлөлгүй туулайчилахаас ч цэрвэнэ. Ийм учраас хамаг буруу дахиад л хотын удирдлагууд, нийтийн тээврийн салбарынхан руу чиглэх нь ойлгомжтой.
Ер нь Нийслэлийн удирдлагууд нийтийн тээврийн хөгжлийг ярихаараа иргэдийнхээ ая тухыг хангаж, амин хувийг нь нэгдүгээрт тавих бус үйлчилгээ эрхлэгчдийн ашиг хонжоог, орлогыг дээдэлсэн тийм л шийдлүүдийг нэвтрүүлж байна. Смарт карт гэдэг ердөө ч хөгжил биш. Автобусаа шинэчилдэггүй, зөв боловсон, соёлч, мэргэжлийн жолооч ажиллуулдаггүй, зорчигчдыг юман чинээ тоодоггүй эздэд иргэн нэг бүрээс мөнгийг нь тоо ёсоор авч өгөх тийм л систем. Гадныхны хувьд картаар төлбөрөө төлнө гэдэг нь хугацаа хэмнэх зохицуулалт болохоос манайх шиг нэг төгрөг ч дутаалгүй авахын тулд ашигладаггүй. Бодит байдал ийм л байгаа.
Харин нийтийн тээврийн хөгжил хаана чинээндээ тулчихаад улам бүр төгөлдөржиж байгаа вэ гэвэл бидний мэдэх Солонгос, Америк, Орос, Хятад, Япон зэрэг дэлхийн орнуудын дийлэнх олонхи нь асуудлаа шийдчихсэн. Тэд автобуснаас аль болох татгалзаж цахилгаан галт тэрэг, метро гээд мөн ч сайхан унаатай болоод бас л зуун дамначихаж. Жил ирэх тусам метро нь бас үйлчилгээ нь хөгжсөөр байна. Бүхий л орон метроноос цааш ямар боломж байна вэ гэдгийг судлуулсаар, инженер техникчдээ ажиллуулсаар байгаа. Хэдхэн жилийн дараа цоо шинэ, метрог хол орхих тээврийн хэрэгсэл нийтэд үйлчилж эхэлнэ гэвэл гайхах хэрэггүй.
Манайхны хамгийн сайн мэдэх Солонгос улсын жишээг хар. Нийтийн тээвэр нь тэр чигтээ хувьд гарсан учраас хамгийн сайн хөгжиж байгаа. Тэд автобусны жолоо мушгих хүнээ сонгохоос эхлээд өндөр шаардлага тавьж, цензур тогтоодог. Наанадаж 15-20 жил ажилласан мэргэжлийн жолоочтой л гэрээ байгуулна. Ингээд зам дээр гарвал зөвхөн зөвшөөрөгдсөн эгнээгээр ямар ч саадгүй зорчих учраас дээд хурд нь 40 километр цаг. Солонгост нийтийн тээврийн жолооч нь осол аваар гаргаад зорчигчдоо, ойролцоо байсан иргэдийн амь нас, эд хөрөнгөд аюул учруулаад зогсч байдаг гэсэн ойлголт огт байдаггүй нь ийм энгийн зүйлээс эхэлдэг. Иргэд нь ч нийтийн тээвэртээ маш хүндэтгэлтэй хандана. Автобусны буудал дээр очих цагтаа очиж хөдлөх цагтаа л хөдөлнө. Энэ нь ч иргэдэд ямар ч чирэгдэл учруулахгүй. Автобусаа хэзээ ирэхийг нь мэдэж байгаа болохоор нэгхэн минутын өмнө буудал дээр ирэхэд хангалттай. Буудал дээрээ хүнээ булаацалдаад тав, арван автобус чихцэлдээд зогсож байна гэж хэзээ ч байхгүй. Ийм л энгийн иргэнээ, зорчигчоо дээдэлсэн үйлчилгээг үзүүлдэг учраас Солонгосчуудын сэтгэл ханамж 100 хувь байдаг. Метроных нь тухай яривал бүр ч тансаг.
Иймхэн технологийг л манайд одоо биш маргааш биш бүр 20 жилийн өмнө хуулаад хэрэгжүүлээд эхэлчих ёстой байсан. Гэтэл 20 жилийн өмнө нийтийн тээвэр нь дампуурах шахаж, нийслэлийн иргэд маань явгарах дөхөж байлаа. Тухайн үед микроныхон бидний аминд орсон. Чиглэлээ хашгирах нь чихэнд чийртэй, хүн чихэж, хурдалж давхидаг нь асуудал болдог байсан гэвэл үнэн. Тэдэнд өндөрхөн шиг шаардлага тавиад анхаараад, зөв залаад хөгжүүлээд авчихсан, Солонгос шиг зарчимтай байлгаж чадсан бол өнөөдөр нийтийн тээвэр өөр байх байлаа.
Одоо оройтсон гээд хойш суух бус үйлчилгээний энэ мэт соёлыг, стандартыг нь нэн даруй хуулж, нутагшуулах хэрэгтэй. Ингэж л ашгийн ч юм шиг ард түмний ч юм шиг нийтийн тээврийг цэгцэлж нийслэлийнхээ иргэдийг бодох хэрэгтэй байна. Үйлчилгээнд явж буй том оврын автобусны тал нь төрийнх, тал нь хувийнх болохоор учир зүйгээ ерөөсөө олж чадахгүй байгаа бололтой. Бүр цаашлаад Э.Бат-Үүлийн биелээгүй мөрөөдөл метроны түлхүүрийг 2020 онд гардан авцгаая. Монгол метротой болно гэдэг мөрөөдөл ч гэлээ биелэх боломжтой байсан. Бүр хаанаас хаа хүртэл барих зураг нь зурагдаж ТЭЗҮ нь бараг батлагдчихсан байгаа байх. Хотын захирагч асан Э.Бат-Үүлийн энэ мөрөөдлийг Су.Батболд мээр биелүүлчихвэл түүхэн үйл явдал болно. Хотын удирдлага маань 2025 он хүртэл метроны тухай яриад ч хэрэггүй хэмээн хээвнэг хэлж суухын оронд өөрөө хотжих хэрэгтэй байгаа юм. Хотын дарга хотжоод, нийслэлийнхээ нийтийн тээвэрт анхаарал хандуулах хэрэгтэйг дахин сануулах нь илүүц биз. Дэлхийд 30 сая, гурван зуун сая хүнтэй улс нийтийн тээвэртээ багтаад, сэтгэл хангалуун үйлчлүүлж, үйлчилж болоод байхад гуравхан сая Монгол хүнийг нийтээр нь тээх асуудал хийдэг хүнд хамгийн амар ажил байх биз.