Өнгөрсөн сарын 24-ний өдөр Завхан аймгийн Тэс суман дахь хилийн цэргийн 0277 дугаар ангийн заставын хоёр байлдагч унаж явсан морьтойгоо хамт амь насаа алдсан байдалтай олдсон харамсалтай хэрэг гарсан. Тухайн өдөр тус ангийн ахлагч, байлдагч хоёр хилийн харуулд гарч байгаад 16:00 цагийн үед харуул солилцоход ирээгүй байна. Оройн 19:00 цагийн орчимд нэг байлдагчийн унаж явсан морь тус ангид эргэж ирж, сүрэгтээ нийлжээ. Дуудлагыг долдугаар сарын 25-ны өдөр аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газарт өгсөн байна. Дуудлагын дагуу Завхан аймгийн онцгой байдлын аврах ангийн таван алба хаагч эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
Онцгой байдлын бие бүрэлдэхүүн эхний ээлжинд Тэс сумын Нисэг багийн нутаг, Тэсийн голын сав дагуу хуурай газрын эрэн хайх ажиллагаагаар байлдагчдыг олоогүй аж. Харин маргааш өглөөнөөс тус аймгийн онцгой байдлын ахмад Н.Пүрэвтулгаар ахлуулсан хоёрдугаар ээлжийн 10 албан хаагч усанд долдугаар сарын 26-ны өдрийн 11 цагийн орчим эрэн хайх ажилллагааг эхлүүлсэн байна.
Эрлийн ажиллагаанд Завхан аймгийн Тэс сумын Нисэг багийн 0277-р ангийн нэгдүгээр заставын хэрэг гарсан газар, цагдаа, Онцгой байдал, Хил хамгаалах 0277-р ангийн алба хаагчид, байлдагчдын ар гэрийнхэн гээд нийт 74 хүний бүрэлдэхүүн, найман автомашинтай эрэн хайх ажиллагаа явуулжээ.
Хоёр цагийн турш хайсны эцэст өдрийн 13 цагийн орчимд Тэс сумын 0277 хилийн ангиас найман километрт байрлах Нисэг багийн нутаг дэвсгэр, Нэгдүгээр заставын цөөрөмд нэг байлдагчийн унаж явсан морь осолдсон байжээ. Тэрхүү цөөрөмд онцгой байдлын усч аврагчид эрэн хайх ажиллагаа явуулж, 2.8 метрийн гүнээс тус хоёр байлдагчийн цогцсыг гарган авсан байна.
Амиа алдсан байлдагч морио усалж байгаад тогтоол цөөрөмд живсэн байж болзошгүй байгаа аж. Живэх гэж байсан нэгийгээ татаж гаргах гэсэн нөгөө байлдагч санамсаргүй живсэн гэсэн дүгнэлт урьдчилсан байдлаар гарчээ. Энэхүү хэргийг Завхан аймгийн Тэс сумын цагдаагийн газраас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, мөрдөн байцаах ажиллагаа үргэлжлүүлэн явуулж байна. Хоёр байлдагчийг гадны нөлөөтэй нас барсан эсэх шүүх эмнэлгийн шинжилгээний хариу гараагүй байна хэмээн тус аймгийн цагдаагийн газраас мэдээллээ.