Categories
мэдээ цаг-үе

Ж.Бат-Эрдэнэ: Өмнөх Засгийн газрын алдааг засахын тулд татвар нэмэх шийдвэрт хүрсэн

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-УИХ-ын чуулган завсарлачихсан. Та юу хийж байна. Тойрогтоо буюу Булган аймагтаа ажиллаж байна уу?

-Сая сайхан наадамлалаа. Булган аймагтаа наадам зохион байгууллаа. Манай аймаг энэ жил сүүлийн гурван жилд амжилттай сайн уралдсан морьдоо цуглуулж шилмэл морьдын уралдааныг зохион байгуулсан.

-Таны морь улсад айрагдаж байсан байх аа. Энэ жил хурд хүч хэр байна?

-Өнгөрсөн 2011 онд улсын наадамд соёолон маань гурваар давхисан. Сая энэ жил эрлийз морьдын уралдаанд “булган бор”-ын үр төл улсын наадамд айрагдлаа. Булган аймгийн уяачдын холбоонд өмнө нь хоёр азарга өгсөн байсан юм. Нэг нь эндчихсэн. Нөгөө азаргаа сумдаараа тойруулж төлийг нь авахуулдаг. Эхнийх нь төл энэ жил сая улсын наадамд аман хүзүүдсэн. Булганчууд маань бөөн баяр л байна. Булган аймагтаа морин спортыг хөгжүүлэх, өв уламжлалыг нь зөв авч явах, уралдааныг зөв зохион байгуулалттай зохион байгуулахыг эрхэмлэж байна.

-Та багадаа хурдан морь унадаг байв уу?

-Би хурдан морь унаж байгаагүй. Аав маань нэгдүгээр баазын жолооч байсан. Тээвэрт явахдаа зундаа ах дүү бид хэдийг хамаатны айлуудад тараагаад хөдөө аваачдаг байсан. Булган, Өвөрхангай, Төв аймгийн Заамар гээд л ах дүүсийндээ орхиж үлдээн ажлын зах зухаас суралцуулдаг байсан. Зургадугаар сараас эхлээд наймдугаар сарын сүүл үед сэрүү орохоор л ирж авдаг байсан. Хүүхдүүд бид морь унаж, адуу, хонь хариулж малд сайн явдаг байлаа.

-Энэ уиХ шинээр бүрэлдээд нэг жилийг ардаа орхилоо. Жилийн хугацаанд ямар үр дүнтэй ажилласан гэж дүгнэхээр байна?

-Би урьд нь төрийн байгууллагуудад цөөнгүй жил ажилласан. Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. УИХ-д сонгогдоод төрийн түшээгээр ажиллахад төрийн албанд ажиллаж байсан туршлага маань ойр байсан болов уу. Бас хөдөө орон нутагт ажиллаж байсан. Миний хувьд сонгогч нартайгаа уулзаж санаа бодлыг нь сонсох, хуулийн ажлын хэсгийнхэнтэй орой болтол сууж ажиллах, чуулган, байнгын хорооны хурлуудын завсраар төсөл хөтөлбөрүүдтэй танилцах зэргээр ачаалалтай тун завгүй өнгөрүүллээ. Энэ жил чуулганаар олон хуулиуд батлагдан гарлаа. Хуулийн ажлын хэсгүүдэд орж ажиллалаа. Хоёр ч хуулийг өөрөө ахалж суусан. Миний санаачилсан хуулийн нэг болох авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгад авто замын чанарыг сайжруулахад хатуухан заалт өөрчлөлтийг оруулсан гэж үзэж байна. Нэгдүгээрт, техник технологи талаас нь хатуу харах, хоёрдугаарт хяналтыг сайжруулах, гуравдугаарт баталгаат засварын хугацааг нэг жил байсныг гурван жил болгосон. гурван жилийн хугацаанд зөвхөн гүйцэтгэгч компани хяналт тавиад зогсохгүй хяналт тавьдаг байгууллагад хариуцлагыг нь хамт хүлээлгэхээр болсон. Ингээд хяналтын инженерүүд хариуцлага хүлээдэг болж байгаа нь зөв механизм юм. үүнчлэн “Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль”-ийн төсөл уИХ-ын чуулганаар хэлэлцэж батлахад бэлэн болсон байгаа. Хуулийн төслийг боловсруулахын өмнө санал авч, малыг эрүүлжүүлэх, мал эмнэлгийн тогтолцоог боловсронгуй болгож, чанар хүртээмжийг сайжруулах, малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар санал сонсож, гарц гаргалгааг ярилцаж байсан. уг хуульд төрийн механизмын хяналт шалгалтыг сайжруулахын тулд дээрээсээ доошоо чиглэсэн шууд босоо удирдлагатай болгож байна. Яамнаас гарсан шийдвэр сум, багийн тасгийн малын эмч дээр шууд очих бололцоо бүрдэнэ. урьд нь тухайн аймаг хүмүүсээ томилчихдог, хариуцлагыг тэр хавьдаа тооцдог байсан. Бразилийн эрүүл мэндийн салбарын сайдын хэлсэн алдартай нэг үг байдаг л даа. 150 сая малын нэг л тун вакцины хариуцлагыг би шууд хариуцна гэж хэлсэн үг байдаг. энэ нь хариуцлагын тогтолцоо маш сайн байгааг харуулна. Ер нь мал аж ахуйг хөгжүүлэхэд малын эрүүл байх эсэхээс шалтгаалаад малын ашиг шимийг хүртэх, эдийн засгийн эргэлтэд орох эсэх шалтгаалдаг. гадагшаа махаа экспортлоход малын өвчин саад тээг болж байна шүү дээ. Өнгөрсөн жил БнХау-ын мэргэжлийн хяналтын газрынхантай хамтарсан хэлэлцээр хийж гадагшаа мах гаргах тухай яг тохиролцож байтал манайд малын өвчин гарчихсан. тэгэхээр малын өвчлөлийг хүнийхээ хэмжээнд хүртэл анхаарч үзэн чанарын шаардлагыг сайтар тавихгүй бол эргээд малын махаар дамжин хүний эрүүл мэндийн асуудал ч яригдана. Үүнд хатуу хяналт тавьж төрийн механизмыг сайжруулахад анхаарсан хууль болсон гэж хэлэх байна.

-Манай улс Олон улсын Валютын санд хамрагдахын тулд долоон төрлийн татвараа нэмсэн. Улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?

-2012-2016 он хүртэл эрх барьж байсан Засгийн газрыг улс орныг ийм хүнд байдалд оруулчихсаныг хараад үнэндээ зүхэх нь битгий хэл хэлэх ч үг олдохгүй харуусдаг. Өнгөрсөн хугацаанд 7.2 тэрбум ам.долларын өр зээл авсан байна. Хэрэв энэ мөнгө эдийн засагт зүй зохистойгоор хүрч наалдаж чадсан бол Монгол улсын хөгжил гайхалтай сайхан байх боломж байсан. Шулуухан хэлэхэд урьдах засгийн газрын алдааг засахын тулд татвар нэмэх шийдвэрт яах аргагүй хүрсэн. Манай ардын нам 60 гаруй хувийн рейтинг өндөртэй байсан бол жил хүрэхгүй хугацаанд доошоо ортлоо буулаа. Хэн ч гэсэн ард түмэндээ таалагдахгүй шийдвэр гаргахыг хүсэхгүй. гүйж яваад өөрийгөө дэгээдээд унагадаг хүн гэж байдаггүй. тэрэнтэй адилхан ард түмний итгэлийг авч гарч ирчихээд өөрөө өөрсдийгөө татаж унагаах шийдвэрүүдийг сайн дураараа гаргаад явах тэнэг хүмүүс биш. улс орны эдийн засгийг сэхээнд оруулахын тулд хүссэн хүсээгүй ийм шийдвэр гаргахаас аргагүй болоод шийдвэрлэсэн. одоо олон шалгалтууд хийгдэж байгаа. төрийн өмчит компаниудад шалгалт хийхэд маш их алдаатай зүйл илэрсэн. нэг их наяд төгрөгийн алдагдал гарсан. Хөгжлийн банк 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай. Монголбанкин дээр 3.5 их наяд төгрөгийн алданги гарсан. Ийм ноцтой байдал үүсгэснийг ард түмэн учрыг нь сайн мэдэхгүй байх нь аргагүй.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН-ын шинэчлэлийг ярьж, намын удирдлагуудад хариуцлага тооцохыг шаардаж эхэллээ. Та үүнийг юу гэж харж байна?

-сая Ерөнхийлөгчийн сонгуульд дүн тавьсан ард түмэнд гомдоод байх зүйл алга. гагцхүү ийм хүнд нөхцөлд орхисон урьдын засгийн газарт хэлэх үг даанч алга. Ямар сайндаа Монголбанкны золжаргалыг шоронд хийгээч гэж хэлж байхав. Манай намын хувьд намын Их хурал удахгүй хуралдана. Хурлаар алдаа оноогоо ярилцаж дүгнэлтээ хийнэ. Ялагдал хүлээсэн юм чинь хариуцлага тооцох тухай тодорхой хэмжээгээр яригдах байх. Бодит байдал дээр 160 мянган гишүүнтэй намын дарга байна гэдэг маш их хариуцлага, шалгарч гарч ирэхээс эхлээд чадвартай хүний шинж, үнэлгээ юм. Манай намд шинэчлэл байнга л явагддаг. Хэдэн хүн гэнэтхэн нэг юм яриад шинэчилчихдэг ч биш. нэг хэсэг нь шинэчилнэ гэхээс илүүтэй намынхаа хурлаараа сайн, муугаа ярилцаж таарна.

-ОУВС-д манай улс хамрагдчихлаа. Яг ямар үр дүн гарах юм бэ?

-Хэрэв валютын санд орохгүй байсан бол ямар нөхцөлд байх байсан бэ гэвэл маш эрсдэлтэй, эдийн засаг зогсох аюулд хүрэхэд ойрхон ирсэн байсан. Бид зодуулж цавчуулсан ч хамаагүй улсынхаа эдийн засгийг сэргээх гэдэг сонголт дээр шийдэл гаргасан. валютын сан татваруудаа нэм, халамжийг хас цоорхой сав шиг байдгаа боль. Банкны системээ сайжруулахыг зөвлөсөн. Өөрсдөө очиж шалгалтаа хийнэ гэсэн. одоо удахгүй шалгалтууд хийгдэж эхэлж байна. Манай улс урьд нь зээл энэ тэрээр өчнөөн мөнгө орж ирэхэд дахин эргэж төлөгдөхгүй зам барих гэх мэт хөрөнгө оруулалтад зарцуулчихсан. Үүнийг зээл өгсөн нөхдүүд илхэн харж байгаа шүү дээ. түүнийхээ оронд байнгын эргэлт өгөхөөр эдийн засгийг хөдөлгөөнд байлгах хөрөнгө оруулалтад зарцуулсан бол үр дүн өндөртэй байх байсан. олон улсын валютын санд хамрагдсанаар төсөв эрүүлжиж, банкны системээсээ эхлээд эрүүлжиж эдийн засгийн хөгжил зөв голдрилдоо ороод явна гэсэн хүлээлттэй байна.

-Та тойрогтоо байнга ажиллаж байдаг гишүүдийн нэг. Ойрд ямар ажилтай сууна?

-Бид олон жилийн турш дээр дооргүй тавантолгой, оюу толгой, зам, дэд бүтэц зэрэг томоохон хөрөнгө оруулалтыг хангалттай ярьцгаалаа. Өнгөрсөн хугацаанд харахад орон нутагт иргэдийн амьжиргаа орхигдож ирсэн нь үнэн. Яг иргэддээ хүрсэн бодит хөрөнгө оруулалт, улсын дэмжлэг үгүйлэгдэж байгаа нь илт. сүүлийн жилүүдэд ажлын байр бодитоор нэмэгдсэн зүйл алга. Миний харж байгаагаар жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, гадагшаа экспортолдог байхыг зорих нь бодитой амьжиргаа гэж харж байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл дээрээ энэ зун сууж, бэлтгэл ажлаа хангана. Ингээд 2018 оны төсөвт тодорхой мөнгө суулгахыг зорьж байна. Хөдөө орон нутгаар яваад үзэхээр ногоо тарихаас эхлээд ажил эрхэлье гэсэн хүмүүс олон байна. Чухам яаж хийх учраа тэр болгон олохгүй байх шиг байна. Малынхаа ашиг шимийг боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулах сонирхол малчдад байна. Үүн дээр л төрийн бодлого хэрэгтэй. Хүмүүсийг хувиараа аж ахуй эрхлэх, бизнесийн гараагаа эхлэхэд нь сургамаар байна.

-Та аймагтаа “Чацаргана” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэв үү?

-Би Булган аймагтаа “Чацаргана” хөтөлбөр санаачлан эхлүүлсэн байгаа. нэг иргэн нэг га талбайтай байя. нэг га-гаас жилдээ 20 гаруй сая төгрөгийн ашиг олно. нэг хүн жилдээ 20 сая төгрөгийн орлоготой буюу сарын хоёр сая орчим төгрөгийн цалинтай гэж бодоод үзэхэд болж байгаа биз дээ. “витафит” компани гэхэд ундааныхаа сиропоо гаднаас авч байна. Яагаад Монголоосоо авч байж болохгүй гэж. Бид иргэдээ сургаад дэмжээд өгвөл хийх, хөдөлмөрлөх үнэхээр сонирхол өндөр байна. Манай улс гаднаас заавал идэх төмсөө хүртэл авах ёстой биш. Хүнсний хэрэгцээгээ бүрэн хангачих боломж байна. тиймээс би жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх төсөл дээр маш нухацтай анхаарч байна. Ерөнхий сайдтай сая уулзаж ярилцахад дэмжиж байна лээ. Үүний сацуу боловсролыг дэмжих тал дээр анхаарахыг зорьдог. аймагтаа “оюутан зөвлөх” хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлдэг. нэг чуулганы хугацаанд аймгаасаа шилдэг 10 гаруй хүүхдийг сонгон авч, өрийн ордонтой танилцуулж, төрийн ажил ямар байдлаар явдгийг танилцуулж, ажлын дөр суулгадаг. Шилдэг хүүхдүүд дотроосоо зарим нэгийг нь ажилд оруулах нь бий. одоо манай аймагт шижигнэсэн олон сайхан залуучууд ажиллаж байна шүү дээ. Ер нь би сардаа дор хаяж хоёроос дээш удаа Булган руугаа явсан байдаг юм билээ. Их ажлынхаа хажуугаар заавал орон нутагтаа анхаарч ажиллах үүрэгтэй гэж ойлгодог. аймаг, орон нутаг төсвөө батлахад нь хүртэл зөвлөж, уялдаа холбоотой ажиллахыг эрхэмлэдэг. орон нутагт урьд нь ажиллаж байсны хувьд төр засагтай уялдаа холбоотой ажилласнаар үр дүн сайн байна гэдгийг анзаарч ажилладаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *