Categories
мэдээ цаг-үе

Ж.Номин: Сүүлийн үед удирдах ажил хийдэг хүмүүс карьерын зөвлөгөө их авдаг болсон

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн удирдах түвшний ажилтанд коачинг /coach/ хийх, карьерын зөвлөгөө үзүүлэх эрхтэй Монголын анхны мэргэжилтэн Ж.Номинг уншигчдадаа танилцуулж байна. Тэрээр Лондоны “International University of America” сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр төгсөж, эх орондоо сэтгэл зүйчийн мэргэбжил эзэмшсэн. Хувь хүний ажлын бүтээмж болон шинээр ажилд ороход юуг анхаарах вэ гэсэн сэдвийн хүрээнд Ж.Номинтой ярилцлаа.


-Та юуны өмнө хийж буй ажлынхаа талаар танилцуулахгүй юу?

-Би Сингапурт төвтэй “Mongolia Talent Network” компанид ажилладаг. Энэ компани хөдөлмөр зуучлал явуулдаг. Нэг талд байгууллагууд маш мундаг чадвартай ажилтныг хаанаас олох вэ гэж хайж байдаг. Нөгөө талд нь өндөр боловсролтой залуучууд өөрийн хүссэн ажилдаа орж чадахгүй ажил эрж байдаг. Энэ хоёрыг холбогч байгууллага бол манайх. Хүний нөөц юм шиг мөртлөө борлуулалтын ажил хийдэг. Өдөр тутамдаа хүмүүстэй уулзана, хүмүүсийг ажилд зуучилна. Тэр хүнтэй уулзаж ярилцаад, тухайн хүнд ажил “зарна” гэдэг тухайн хүний сэтгэлзүйг судалж байгаагаас ялгаагүй. Манайх олон улсын нэр хүндтэй компаниудад тэр дундаа захирлын удирдлагын түвшний ажилд зуучилдаг. Хийж буй ажилтайгаа уялдаад сүүлийн үед хувь хүний хөгжил, карьер зөвлөгөө хийдэг болсон. Карьерын зөвлөгөө үзүүлэх, удирдах түвшний ажилтанд коачинг /coach/ хийх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургагч багшийн эрхийг авсан.

-Ажилд орох гэж буй хүмүүс юуг хамгийн түрүүнд анхаарах ёстой вэ. Ямар ажил хамгийн их эрэлттэй байна вэ?

-Олон улсын байгууллага, Монголын томоохон компаниудаас санал ирүүлсэн шалгуурт нь тэнцсэн хүнийг бид олж өгдөг. Тиймээс бид эхэлж уулзаж ярилцлага хийж хэлний мэдлэг, хувь хүний зан байдал бүх мэдээллийг нь шалгадаг. Англи хэлтэй малын эмч гэсэн захиалга орж ирвэл бид зайлшгүй хайж олох ёстой. Болохгүй бол Монголоосоо гарч хүнээ хайна. 20 гаруй мянган хүний мэдээллийн сантай. Олон улсын байгууллагуудын тавьдаг эхний гурван шаардлагын нэгд англи хэл зайлшгүй орж байна. Ажилд орохын тулд юуны өмнө CV буюу анкетаа зөв бичиж сурсан байх хэрэгтэй. Миний ажигласнаар уул уурхай хөгжиж байх үед гадаадад төгссөн хэлтэй залуучуудад ажил олдох боломж маш өндөр байлаа. Сүүлийн хоёр жилээс шалгуур өндөрссөн. Хэлний мэдлэгээс илүүтэй ажлын туршлага чадварыг нь үнэлдэг болсон. Компаниудын хувьд гадаад, дотоодод төгссөн нь тийм их хамаатай биш.

Хамгийн их чухалчилдаг зүйл нь: Нэгдүгээрт, ажлын туршлага. хоёрдугаарт, эерэг хандлага, хэр бүтээлч байж чаддаг юм. Гуравдугаарт, тогтвор суурьшилтай ажиллах эсэх, хэтийн зорилго. Дөрөвдүгээрт, өөртөө итгэх итгэл гэсэн дөрвөн зүйлийг чухалчилдаг. Хамгийн эрэлттэй мэргэжил гэвэл санхүүгийн менежер, нягтлан, борлуулалт маркетингийн менежерүүдийг нэрлэх байна. Мөн нарийн мэргэжлийг сонирхдог болсон. Малын эмч, агрономич, айтигийн тодорхой чиглэлийн инженер гэх зэрэг олноор сурдаггүй нарийн мэргэжлийг сонирхох хандлага байна.

Ажлаа хийж байгаа хүнд боломжийн санал тавьснаар тухайн хүн ажлаасаа шууд гардаг уу. Энэ нь ажлын байр хадгалж буй компанидаа сөрөг нөлөө үзүүлэх үү?

-Боловсролтой, чадварлаг хүн дийлэнхдээ ажилтай байж таардаг. Бидний гол зорилго бол ажиллаж байх хугацаанд нь тухайн хүнд бүх боломжийг нь танилцуулах. Ийм төрлийн ийм цалинтай ажил гарч ирлээ, танд ийм боломж байна гэдгийг танилцуулдаг. Зарим хүнийг харахад нэг газраа удаан ажиллахгүй үсчээд яваад байдаг. Энэ нь карьерын хувьд том алдаа юм. Бид тийм хүмүүст зөвлөхдөө “Та дор хаяж одоогийн ажиллаж байгаа газраа хоёроос дээш жил ажиллах хэрэгтэй” гэж зөвлөдөг. Ер нь тухайн хүн амьдралынхаа туршид хүсч мөрөөдөж байсан, зориглоод шийдвэр гаргаж чадахгүй байхад нь бүхий л боломжийг танилцуулж, шинэ ажил олж өгнө гэдэг сайхан. Хүмүүс мэдээлэлгүйгээсээ болоод өөрт бий болох боломжоо тэр болгон мэддэггүй. Хаана, ямар ажлын байр байгаа талаарх мэдээллийг гүйцэд аваагүй байдаг. Бид сургалт явуулж хувь хүнийг өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлдэг. Ажилд зуучилж байхдаа карьерын зөвлөгөөгөө ч өгдөг. Ихэнх хүмүүс амьдралыг маань өөрчиллөө гэж талархдаг.

Ажилдаа амжилт гаргаж, ахиж дэвших зөвлөгөө өгдөг гэлээ. Карьертаа өөрчлөлт хийх гэж буй хүмүүс юуг тооцож үзэх ёстой вэ?

-Хамгийн түрүүнд өөрийн карьерийн зорилгыг маш сайн тодорхойлох ёстой. Өөрийгөө илүү таньж мэднэ гэсэн үг. Би 10-20 жилийн дараа хаана баймаар байна, би карьерийн ямар төвшинд байх юм, би ямар ур чадвартай вэ гэдэг асуултыг өөрөөсөө байнга асуух хэрэгтэй. Санхүүгийн хувьд эрсдэл дагуулахгүйгээр шилжилт хийх нь чухал. Дан ганц мэдрэмжиндээ суурилаад өөр ажил хайна гэдэг карьерийн хувьд том алдаа. Тухайн ажиллах гэж буй компани, салбараа маш сайн судлах хэрэгтэй. Үнэхээр ажлаа солих гэж байгаа бол шалтгаанаа зөв ол, санхүүгийн хувьд эрсдэл дагуулахгүйгээр шилжилт хийх нь чухал. Ажлын газраа солихоосоо өмнө одоо байгаа газраа бүх боломжийг ашиглаж үзэх хэрэгтэй. Ихэнх хүмүүс байгууллага дотроо байгаа боломжийг олж хардаггүй. Гэтэл байгууллага дотор жинхэнэ хөрвөх, карьераа солих боломж байж байдаг. Олон улсын карьерийн зөвлөгч нар ажлаа богино хугацаанд солих нь сайн зүйл биш гэж зөвлөдөг. Ялангуяа нэг жилээс доош хугацаанд ажиллаж байгаа бол ажлаа солих тухай яриад ч хэрэггүй. Нөгөөтэйгүүр, тогтвор суурьшилтай байна гээд нэг байгууллага, нэг хэлтэстээ 10 жил ажиллаж байгаа бол карьерийн хувьд яав ч зөв биш. Энэ асуудлыг яаж шийдэх ёстой юм гэхээр, чиний хийж байгаа ажил хэт амархан санагдаад эхэлвэл чамд ямар нэгэн шинэ зүйл хэрэгтэй гэсэн үг. Зарим хүмүүс 10 жил нэг байгууллагад ажиллаж байгаа хэрнээ өөр өөр хэлтэс рүү орж үзээд, олон зүйл сураад, түүндээ их сэтгэл хангалуун байдаг. Салбарын ялгаа бас үүнд нөлөөлнө.

-Тэгвэл ажиллах компаниа сонгохдоо ямар хүчин зүйлүүдийг харгалзаж үзэх шаардлагатай вэ?

-Хамгийн түрүүнд компаниа сонгохдоо дараах асуултыг өөртөө тавьж, хариулт олох хэрэгтэй. Чи өөрийгөө тэр компанид 5,10 жилийн дараа хаана байхаар харж байна. Чиний зорилго компанийн зорилготой хэр нийцэж байна. Чиний зорилго, компанийн зорилготой ямар нэгэн байдлаар огтлолцох ёстой. Тухайн компани ямар соёлтой юм, тэр нь чиний эрхэмлэдэг зарчимтай хэр нийцдэг юм. Санхүүгийн хувьд чамд ямар боломж олгож байна. Өдөр тутам ажиллахад чамд шинэ зүйл сурах боломж хэр их байх вэ. Тухайн компани хэр найдвартай вэ, урт хугацааны турш тогтвортой үйл ажиллагаа явуулах уу, хэр ирээдүйтэй вэ гэх мэт зүйлсийг бодолцож үзээрэй гэж зөвлөх байна.

-Сүүлийн үед улстөрчид, бизнесмэнүүд шийдвэр гаргахдаа амжилтын зөвлөгөө авдаг болсон гэсэн үү?

-Гадаадын томоохон компаниуд дэргэдээ карьерийн амжилтын хөтлөгч сэтгэл зүйчтэй байдаг. Ийм шийдвэр гаргах гэж байна. Энэ зөв үү буруу юу гэдэг ч юм уу байнга асууж зөвлөгөө авдаг. Манай Монголд ч ялгаагүй удирдлагын түвшний хүмүүс карьерийн зөвлөгөө авах сонирхолтой болжээ. Сүүлийн нэг жилээс улстөрчид, бизнесмэнүүд карьерийн зөвлөгөө авахаар санал ирүүлж байна. Олон улсын карьерийн зөвлөх эрхтэй сургагч багшийн хувьд тогтмол уулзаж, шийдвэр гаргаж амжилтад хүрэхэд нь нөлөөлөхийг хичээж ажилладаг. Миний хувьд хувь хүний хөгжил ур чадварыг нь хөгжүүлж өөрөө чухам юу хүсч байна вэ гэдгийг нь нээн харуулахад түлхүү анхаардаг. Хүний хандлагыг өөрчлөх хамгийн хэцүү ч аажим аажмаар тухайн хүний юу хүсч, юунд хамгийн дурлаж, цаг заваа зарцуулдагийг нээж өгснөөр тухайн хүнээс хүлээж ч байгаагүй амжилт гардаг.

-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ. Их эртэч хүн гэж сонслоо?

-Өглөөний хүн гэж хэлж болно. Өглөө 4:30 цагийн үед босоод 30 минут орчим тухайн өдрийн хийх ажлын төлөвлөгөөгөө гаргана. Нэг цаг орчим дасгал хийнэ. Үүний дараа 1-1.30 минутыг ном уншихад зориулдаг. Ингээд 9:00 цагт ажилдаа очдог. Миний анзаарч байгаагаар өглөөний цагийг хэн ч авч чаддаггүй. Ажлын цаг бол их хурдан өнгөрнө. Манай ажлын онцлог их хурдацтай, олон ажлыг зэрэг амжуулах болдог. Тэгээд ажлын цагийн дараа 18.00 цагаас хойш Lean In, Global Shapers, Women Leadership

гэх мэт хүний хөгжлийн өөрийн сонирхдог нийгмийн үйл ажиллагаануудад идэвхтэй оролцдог. Мөн залууст зөвлөгөө өгөх, уулзалт хийх гэх мэтээр өнгөрдөг.

Өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх тал дээр анхаарч, үргэлж шинэ зүйл сурч, шинэ зүйл мэдэж авахыг эрмэлздэг. Би аливаа ажлыг хийж гүйцэтгэхдээ урт хугацаан дахь үнэ цэнэ, үр дүнг нь харахыг чухалчилдаг. Тийм учраас өнөөдөр бүтэхгүй байгаа, жижиг сажиг асуудлуудад сатаараад байдаггүй. Тууштайгаар урагшлах нь чухал гэж үздэг.

-Та оюутан, залууст үнэ төлбөргүйгээр лекц уншдаг юм билээ. Энэ нь таны хувьд ямар үнэ цэнийг дагуулдаг вэ?

-Би цаг зав багатай ч гэсэн оюутан залууст зориулж лекц уншихдаа дуртай байдаг. Ажил сурлагадаа яаж амжилтад хүрэх үү, гадаад руу сургуульд явахын тулд CV анкет яаж бөглөх үү, амжилтанд хүрэх нууц зэрэг хувь хүний хөгжлийн лекц голдуу уншдаг. Саяхан Анагаах ухааны сургуулийнхан лекц тавиад өгнө үү гэж урьсан. Миний хувьд нийгэмдээ оруулж буй өөрийн хийж чадах хөрөнгө оруулалт энэ гэж үзээд их сургуулийн оюутан, арван жилийн сурагч нарт үнэ төлбөргүйгээр сургалтаа явуулдаг. Оюутан залуус маань чиглүүлээд урмаар дэмжээд өгвөл бүхнийг сурч мэдэж, боловсрох боломжтой нь сайхан шүү. Аливаа хүн өөрөө өөрийгөө олох хэрэгтэй. Юу хүсч байгаагаа бүр цаг гаргаж тунгаан бодож, өөрийн сонирхол ур чадвараа танин мэдэж олох хэрэгтэй. Хүн гэдэг төөрч будилсаар зорилгодоо хүрч чадахгүй байх нь үнэхээр харамсалтай санагддаг.

-Цаг үргэлж сурч боловсорч, шинийг эрэлхийлдэг таны дадал зуршил юунаас эхтэй байв. Таны цаг хэмнэх сайн арга тань юу вэ?

-Би багадаа өвөө, эмээ дээрээ өссөн. Миний өвөө А.Дашдорж Завхан аймагтаа удирдах түвшний ажил олон жил хийсэн хүн. Өвөө маань намайг сургуульд ороогүй байхад самбар, шохой барьчихсан тоо бодуулж, уншуулж сургаж байсан. Анхны багш болсон өвөөгийнхөө буянаар аливаа зүйлийг ухаж ойлгох, сурч мэдэх хүсэлтэй болсон байх. Урьд нь миний бие өвдөж, олон цагаар хэвтэх шаардлагатай болж байсан үе бас бий. Тухайн үед юуг хамгийн сайн ойлгосон бэ гэвэл өөрийгөө сорьж суралцаж байж амьдралын амтыг, ажлын сайхныг мэдрэнэ гэдгийг анзаарч сонсч чадсан. Одоо миний хамгийн чухал зуршил бол нэгдүгээрт төлөвлөх. Төлөвлөгөөгөө гаргахдаа хувийн, ажлын гэж хоёр хуваагаад дотор нь хамгийн чухал хийх ёстой зүйл, хамгийн хурдан хийх ёстой зүйл, урт хугацаанд илүү үнэ цэнээ өгөх ёстой зүйл, хойшлуулж болох гэх мэтчилэн ангилдаг. Хоёр дахь чухал зуршил бол унших. Би жилд 100 ном уншина гэж төлөвлөдөг. Ойролцоогоор бодвол долоо хоногт 2-3 ном уншина гэсэн үг. Өдөрт ямар ч байсан 100 хуудсыг уншчихдаг. Гуравдугаарт, өдөрт нэг цаг тогтмол дасгал хийдэг. Хүн ер нь дасгал, хөдөлгөөн биеийн хүчний ажил хийхгүйгээр хурдан ядарч, сульддаг. Өдөр бүр дасгал хийгээд ирэхээр энергийн түвшин нэмэгддэг. Энэ гурван зуршлыг их олон жил, тууштай мөрдөж байна.

Image may contain: 1 person

-Унших номоо ямар шалгуураар сонгодог вэ. Тогтмол ном уншсанаар танд мэдрэгдсэн зүйл юу байв?

-Би ном уншихдаа гурав дөрвөн хэсэгт ангилчихдаг. Хувь хүний хөгжил, карьерт хэрэгтэй, уран зохиолын ном, түүхийн ном, намтар, хүнд төрлийн ном гэж хувааж байгаад бүгдийг зэрэгцүүлээд уншдаг. Ном уншсанаар өөрт мэдрэгдсэн хэд хэдэн мэдрэмжээ хуваалцъя. Ном унших тусам хүн илүү даруу төлөв болдог болов уу. Ном уншаад ирэхээр өөрийгөө үнэхээр юу ч мэддэггүй юм байна даа. Дэлхий ертөнцөд маш олон сурах зүйл байгаа юм байна. Амьдрал тэр чигээрээ эрдэнэс гэж хардаг. Мөн бүх зүйлийг эерэгээр хардаг болдог. Тогтмол ном уншаад байхаар хажууд байнга зөвлөгч дагаж яваа юм шиг санагддаг. Хүн гэдэг анхнаасаа би төвтэй байдаг. Би л сурч мэдье гэж зорьдог байсан бол одоо ахмад туршлагатай хүмүүстэй уулзаж санал бодлоо солилцоод ирэхээр аандаа би бол яах вэ. Хүн мөнх биш. Нэг өдөр үгүй боллоо гэхэд миний дотор байгаа ертөнц тэр чигтээ алга болно. Тэгэхээр сурсан мэдсэн зүйлээсээ нэг, хоёр хүнд ч гэсэн хэлж өгч, нийгэмдээ эерэг өөрчлөлтийг бага ч болтугай яаж оруулах вэ гэдэг дээр толгойгоо гашилгадаг болчихож.

Таны ойрын зорилтыг сонирхъё?

-Олон зорилттой байгаа. Хувь хүний хөгжлийн сургалтаар дэлгэрэнгүй программ хийж байгаа бөгөөд удахгүй дуусах гэж байна. Ингэхдээ карьерийн зөвлөгөө өгөх тодорхой арга барилыг гаргаж ирж, Монголын хөрсөнд буусан монгол хүний оюун ухаанд таарсан аргыг гаргах юм. Залуучууддаа зориулж хэрхэн амжилттай ажиллах тухай ном бичиж байгаа. Мөн сэтгэл зүйн багц сургалтын аргыг гаргая гэж төлөвлөж байгаа. Сэтгэл зүйн стресст орсон үед хэрхэн гарах вэ гэдэг судалгаагаа хийж байна. Миний хийж буй ажилтай холбоотойгоор удирдлагын түвшинд хэрхэн амжилттай ажиллах вэ, тухайн компани өөрийн гэсэн соёлыг хэрхэн бий болгож хэвшүүлэх вэ гэдгийг сонирхон судалдаг. Гадаад хүмүүс Монголд ирж хөрөнгө оруулж, бизнес эрхлэхдээ соёлын шоктой эхлээд нүүр тулгардаг. Манай компани монгол хүн бизнесийн ямар соёлтой юм бэ гэдэг судалгааг Монголд анх удаагаа хийж, бизнесийн соёлын сургалтыг хийсэн. Монгол хүн, гадаад хүн хоёрын дунд аливаа зүйлд хандах хандлага, итгэлцэл, хошин шогийн мэдрэмж зэрэг соёлын ялгаа маш өөр байдаг. Энэ чиглэлээр ОХУ, БНХАУ-д очиж амьдарч, ажиллаж туршлага судлахаар төлөвлөсөн байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *