Жил бүрийн зуны адаг сараар нийслэлийн иргэдийн тав тухыг алдагдуулах ялаа, шумуул, төрөл бүрийн эрвээхэйн нүүдэл ихэсчээ. Үүнээс хүр эрвээхэйн нүүдэл хамгийн их байгааг иргэд ярьж байна.
Хүр эрвээхэйн нислэг биологийн мөчлөгөөр дөнгөж эхэлж байгаа бөгөөд есдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ гэж Ойн судалгаа, хөгжлийн төвийн Ой хамгаалал үржүүлэг нөхөн сэргээлтийн албаны дарга Б.Ганзориг хэллээ. Нислэгийн оргил үе нь наймдугаар сарын дунд 10 хоног байх гэнэ. Тэрнээс хойш энэ эрвээхэй байгалийн аясаараа өндгөө гаргаад нисэх нь бага болж, улмаар огт үзэгдэхээ больдог байна. Энэ хугацаанд модонд хөнөөл учруулахгүй, харин хүнд амьсгалын замын харшил үзүүлэх магадлалтай гэлээ. Учир нь эрвээхэй өөрөө тоостой, пургисан юм гаргадаг байна. Бусад талаараа хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл байхгүй хэмээн мэргэжлийн амьтан судлаач хэллээ.