Би долоон нас хүртлээ хөдөө байсан учир наадам гэдгийг мэддэггүй байж. Аймаг суманд наадам болно гээд Балжир ах л олон морь хөтлөөд, дэл сүүлий нь боогоод явдаг байсныг бүүр түүрхэн санадаг юм. Балжир ах гэдэг маань одоогийн Ардын уран зохиолч Б.Догмидын аав шүү дээ.Миний л мэдэхийн манай хоёр гэр айл явдаг, өвөл ч, зун ч хамт л байдагсан. Манайх бол ядуу, гуч дөчөөд хонь ямаатай, ачлаганы хэдэн тэмээтэй, чөдрийн ганц “хөгшин борлог” морьтой айл байсан.
Балжир ахынх бол баян. Их л адуутай айл байж билээ. Уяан дээр морьд дүүрэн байна. Тэр дунд манай муу борлог л содон. Би малд явахдаа түүнийг унана. Номхон гэдэг нь өрөвдмөөр амьтан. Би бол нэг муу хазаарын тамтагаар хаанаас л бол бариад ирнэ. Араг хөмөрч байгаад, зөв буруу хамаагүй үсрээд мордчихно. Хонь хурганы хойноос шогших төдий л морьтой хүн.
Балжир ахынд хүмүүс их цуглана. Яриагий нь чагнахад голдуу л морь ярьж байна. Наадмын морь уяад, түрүүлсэн л гэнэ. Айрагдсан л гэнэ. Үнэндээ учрыг нь олдоггүй байждээ. Нэг удаа Балжир ах манайд орж ирээд хоёр ээжтэй ярилцаж байснаа: Наад дөшин толгойтоор чинь өнөө жил наадмын морь унуулна аа! гэж байна шүү.Намайг тэд нар дөшин толгойт л гэдэг байсан юм. Мөөм минь их л дургүйцэж байх шиг:
-Больё доо хүү минь. Тэгж чамаар тоглуулахгүй шүү. Моринд сайнаар нь Цэрэн–Очироороо л унуулна биз. Хүүгээ тэгж чиний адсаганы хөлд үрэгдүүлэхээ ч больё оо! гэж байна. Юун наадмын морь байтугай, хөгшин борлогтойгоо бөг бөг шогшихоос цаашгүй би гэдэг хүн дотроо айж л байлаа. Хоёр ээж маань зэрэг зэрэг татгалзаснаас Балжир ах надаар наадмын морь унуулаагүй. Энэ үед Догмид, Хэнмэдэхэв, Норжин гурав төрөө ч үгүй байсан юм л даа. Ингээд манайх аймгийн төв Сайншанд руу нүүх болж “ялтай мал”–аа данс бичигтэй нь айлд өгч өнчин ишиг ч үгүй болохдоо “хөгшин борлог”-оо хамт өгчихөж билээ. Түүнээс хойш би морь унасангүй, моринд муу амьтан болсон юм.
Аймгийн төвд ирж л би гэдэг хүн анхныхаа баяр наадмыг үзэж байлаа. Улсын наадам долоо хоног, аймгийн наадам тав хоног наадна. Морь уралдаж бөх барилдаж, эрхий мэргэнүүд чадал авьяасаа сорино. Сайхан нааддаг байлаа даа. Дайны дараа жилийн наадмыг үзсэн Төв асарт унтаж өнгөрүүлсэн наадаммаань эхнийх. Наадам, одоо Сайншандын төв цэнгэлдэх байгаагаас хойхно болдог байв. Төв асар гэхэд гоё цэнхэр эрээн асар. Баруун зүүн талд нь жижгэвтэр эрээн асар.
Доошихноо хөлийн цэц бөхчүүдийн майхан үргэлжилнэ. Наадмын талбайн эргэн тойронд сумдууд, байгууллагын гэр майхнууд алаглаад, юм үзээгүй над бол сүртэй л байсан. Айл болгон идээ засчихсан, бууз хуушуур, бүхэл мах чанаад л бас квас гэж шар юм ууцгаана. Цагаан архи, нэрмэлийн архи бол “далай” л байсан.
Өглөө мөөм минь, миний цамц өмдийг сольж өгөөд нагац ах Г.Лувсанбалданы гараас хөтлүүлэн наадмын талбай руу үдэж билээ. Лувсанбалдан гэдэг маань геологи минералогийн ухааны доктор профессор агсан М.Жамсрангийн эцэг л дээ. Тэр ах маань аймагт танил ихтэй “Гонжоон Лувсанбалдан” гэвэл мэдэхгүй хүн байхгүй. Их авьяастай, сайхан дуулж хуурддаг хүн байсан юм. Архи их ууна. Гэхдээ овилгогүй зангүй. Тасраад ойчоод өгнө. Хэсэгхэн унтаад эв эрүүл болчихдог л хүн. Би өндөр ахынхаа гараас зуураад л явж байгаа. Наадмын талбайд очингуутаа ах маань Алтанширээ сумын гэрээс эхлээд л зочилж байгаа юм. Цай идээ болно. Ахад бол аяга тагш юм хийж өгнө. Над бол банш бууз, хурууд ээзгий тасрахгүй.
Нэлээн халуун байсан учир нэг хүн дуудаад ахыг маань төв асарт захдуухан суулгачихлаа. Би, ахынхаа өвдөг дээр сууж, хажууд нь зогсож, урлаг уран сайхны тоглолт, бөхийн барилдаан, үзээгүй л бүх юмаа үзсэн дээ.
Асар гэж их л гоё юм байсан. Эсгий дэвсгэр дээгүүр битүү берзинт дэвсчихсэн, хаяагий нь шуучихсан, сайхан газар ах бид хоёр наадамлаж байгаа юм. Нэг мэдсэн орой болчихож. Ахыг “харья” гээд ханцуйнаас нь дугтарсан чинь, хариу ч байхгүй сандал дээрээсээ ойчоод өгдөг байгаа. Ухаангүй согтчихож. Би, явъя, харья гэж баахан чангаасан боловч, хөдөлдөг юм биш. Хүмүүс ч цуварч явсаар байгаад ах бид хоёр л үлдлээ. Бид хоёрыг зууралдсаар байтал харуй бүрий боллоо. Би, ахыг орхин ганцаараа гүйгээд гэрээ олох ч үгүй. Аягүй бол золбин нохдод уруулчихна. Ахыгаа түшин, айсан шиг, уйлсан шиг сууж байсан чинь, нэг мэдэхнээ унтчихаж.
Ингэж анх удаа наадам үзээд төв асарт нь хонодог байгаа. Нэг сэрсэн чинь ах бид хоёр зэрэгцээд унтаж байна. Яриангүй л өчигдрийн байж байсан асартаа. Нэг муу хуучин тэрлэгээр бид хоёрыг хуччихсан байх юм.
Хоёул л сэргэлээдээ. Ах маань хэзээний сурсан хүн шиг, гарч “морь харж“ ирээд урт ширээний урдуур хойгуур юм эрээд байгаа нь, одоо бодвол шараа л тайлах гэж л дээ.
Энэ наадмын талбайн манаач нь манай байрны Лувсанцэрэн гэж ах байж. “Сөөсөг Лувсанцэрэн” л гэх. Юугаар нь тэгсэн юм, бүү мэд. Жамсран, Халтар, Цагаан гээд хүүхдүүдтэй.Жамсран нь манай ангийнх. Наадам тарсны дараа Лувсанцэрэн гуай асар майхнуудаа эргэж явсан чинь ах бид хоёр унтаж байна гэнэ. Тэгээд хуучин муу дээлээ авчирч бид хоёрыг хуччихаад, манайх руу “Лувсанбалдан, хүү хоёр чинь асарт унтаж байгаа” гээд хэлүүлчихэж. Ингэж би, наадмын эхний өдөр төв асарт нь хонотлоо баярлаад дахин очоогүй. Өндөр ах маань тав хоног өдөр нь наадам үзэж архидаад, шөнө нь “тасарч” асарт унтсаар, гэрийн бараа хараагүй. Миний анхны үзсэн наадам энэ.
Үүнээс хойш би жил болгон аймгийн наадам үздэг байсан. Нэг удаагийн наадамд “Улсын арслан Намжилваанчиг зодоглоно” гэсэн зар тарлаа. Манай аймаг ч бөх ховордуу. Даа ялангуяа улсын арслан гэдэг хүн бол тэр үедээ “од” л байсан. Хүн болгон л “Арсланг зодоглохыг харна” гээд сүртэй юм боллоо. Энэ наадмыг мөөм бид хоёр очиж их тухтай үзсэнсэн. Олон л бөх барилдсан. Чухам хэдэн бөх барилдсаныг мэдээгүй. Зүүн талын магнайд туранхайвтар настай хүн гарч барилдсан нь манай аймгийн уугуул, улсын арслан Намжилваанчиг гуай байсан юм. Лав л нэг давсан. Хэд давсныг санахгүй байна. Аль нэг даваанд нь цэргийн өндөр залуутай таарч барилдсан чинь тэр залуу, харьмал арсланг төвөггүйхэн шиг өргөөд тавьчихна билээ. Намжилваанчиг арслан босч ирээд цэргийн залууг үнсэж байсан. Манай хүчит арслан маань энэ наадмаар зодог тайлж цэргийн залууд зодог шуудгаа өгсөн гэдэг юм. Энэ шинэ цэрэг чинь Архангай аймгийн харьяат, улсын босоо арслан Мижиддорж байсан юм шүү дээ. Манай аймгаас бөхийн цолныхоо гарааг эхэлсэн хүчит арслан маань сүүлд миний дотно найз болсон, одоо амьд сэрүүн, саяхан бөхийн өргөөнийхөө хойморт заларч байна билээ. Миний найз Мижиддорж цэргээс халагдаад Дорноговь аймагт сум- нэгдлийн дарга мэт албыг олон жил хашиж, бараг л манай аймгийн болчихсон хүндээ. “Дорноговь бол миний хоёр дахь нутаг. Сэтгэлд үргэлж явдаг газар.Намжилваанчиг арслан миний бөхийн замыг зааж, цагаан мөр хайрласан, нэг ёсны эцэг” хэмээн Мижиддорж маань ярих дуртай. Говь нутгийн хүчит бөх, улсын арслан Намжилваанчиг гуайнхаа зодог тайлах наадамд оролцсоноос хойш, би төдийлөн олон наадам үзэж чадаагүй. 1960-аад оны үед би аймгийн эвлэлийн хороонд ажиллаж байлаа. Биднийг аймгийн бүхий л ажилд дайчилдаг байсан үе. Залуучуудын байгууллага ч хамгийн их ажилтай, аймаг орон нутгийн бүхий л ажилд дайчлагддаг, тэр чинээгээрээ хийж бүтээдэг байсансан.
Нэг удаа би, аймагтаа хамгийн олон залуучуудтай Дэлгэрэх суманд томилогдлоо. Залуучуудаар хашаа хороо бариулах аймгийн төлөөлөгч. Эвлэлийн гишүүдээсээ арван хэдэн хүн цуглуулаад сумын зүүхэн хойно чулуун хороо бариуллаа. Тэр үед, нэг л стандартын чулуун хороо барьдаг байсан юмдаа. Сумын төв, бас ойр нутгийн эвлэлийн гишүүд ирж байгаа юм. Лувсандаш, Надмид, Бадамжав… гээд л.
Бид ажлаа нарийн тооцоолон улсын баяр наадмын өмнө, арван тав хоногт багтаахаар төлөвлөсөн юм. Уулнаас үхэр тэргээр чулуу зөөнө. Ус шавар… гээд ажил их л дээ. Гэхдээ манай хөдөөгийн залуучууд за гэвэл ёогүй. Ажил нэг л эхлэсэн бол дуусгаж л амардаг хүмүүс. Ингээд бид наадмаас хоёр хоногийн өмнө чулуун хороогоо барьж дуусган, сум нэгдлийн удирдлагуудад хүлээлгэн өгсөнсөн.
Тэгээд сумандаа наадамлах болж байгаа юм. Зарим нь хөдөө гэрээдээ явчихсан, төвийн голдуу арваад залуу үлдлээ. Бүгд л наадмаар барилдана гэж байна. Намайг “Аймгийн төлөөлөгч зодоглоно шүү” гэж шахлаа. Өчнөөн хоног хамт ажиллачихаад тэднийхээ үгнээс яаж зөрхөвдээ. Сумын наадамд зодоглох боллоо доо. Гучин хоёр бөх барилдсан шиг санаж байна. Би, цээж нүцгэн, савхин гутал дээр өмд чихээд өмсчихсөн, дээгүүр нь шар дурдан бүсээр баглачихсан, бөх гарч байгаа.
Аймгийнхаа төлөөлөгчийг арай ч нэгийн даваанд унагачихгүй гэсэн юм болуу, аравдугаар ангийн жаал хүүтэй таараад, бас “сээрэн дунгаарахуу” юм хийгээд хаячихаж байгаа юм.
Хоёрын даваанд хамгийн жижиг биетэй “хар” Бадамжавтай таарлаа. Дэвж шаваад сүртэй л юм болсон. Барилцаад авсан чинь нэг мэдэхнээ би дээшээ хараад хэвтэж байсан. Ичсэндээ болоод тахимаа ч өгөлгүй босч гүйгээд майхандаа шургаж билээ. Дорноговь аймагтаа наадам үзсэн хамгийн сүүлийн тохиолдол, бас миний наадамд барилдсан хамгийн сүүлчийн тохиолдол энэ болсон юмдаа.
Намайг хаядаг жижиг Бадамжав маань сайн бөх болсон л доо. Чөлөөтөөр хичээллэн аймагтаа аварга болоод, улсад ч хэд хэдэн удаа амжилттай барилдчихсан сайн бөх байлаа. Сүүлийн жилүүдэд Налайхад суурьшсан, Налайхаас хотод ирж долоо хоног бүр нийтийн бүжиг хийдэг байсансан. Хоёр гурван жилийн өмнө Налайхдаа өвчний учир таалал төгссөн гэсэн.Найзтайгаа даанч уулзаж амжилгүй бурхан болгочихсон байна билээ. Үүнээс хойш би хотынхоо наадмыг л үздэг байлаа. Анх Яармагийн дэнжийн наадамд очоод С.Янжмаа гуайг нутгийнхаа тайрмал үстэй авгайтай андуурч яаж солиорлоодоо! Тэр бүх сонин дурсамжаа дараа жилийн баяр наадмын сонинд толилуулах билээ.
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Г.ЖАМЪЯН