Categories
мэдээ соёл-урлаг

“PLAYTIME 2017” амьд хөгжмийн наадмын хөтөлбөр

“PLAYTIME 2017” Олон улсын Амьд Хөгжмийн Наадам 7-р сарын 14, 15, 16-нд цэвэр агаар, инээмсэглэл, амьд хөгжим, цогц шийдэл уриатайгаар 16 дахь жилдээ Монгол шилтгээнд болно.

Наадмын олон улсын онцлог хөтөлбөрт:

  • Дэлхийд нэртэй Японы “The Fin”, “The You”, “Churashima Navigator”,
  • Швейцарийн “One Sentence.Supervisor” зэрэг инди рок элетроник хөгжмийн 6 хамтлагийн 32 уран бүтээлчид урилгаар хүрэлцэн ирж наадмын хөгжмийн өнгө аясыг тодорхойлно.

Мөн наадмын хүрээнд Монголын рок хөгжмийн домог болсон “Харанга” хамтлагын 30 жилийн ойг тэмдэглэхийн сацуу, “The Lemons”,“Mohanik”, “Nisvanis”, “Magnolian” зэрэг Монголын нэр хүндтэй 11 хамтлаг уран бүтээлээ хүргэнэ.

Мөн наадмыг санаачлагч, захирал Ц. Нацагдорж, “Плейтайм наадмын чухал хэсэг бол залуу хамтлаг дуучдын шинэ хөгжмийг дэмжих замаар Монголын инди, рок, амьд хөгжмийн хөгжилд хувь нэмэр оруулах” зорилготой Шинэ Давалгаа тайзаар Bazo, Even Tide зэрэг нийт 11 хамтлаг, нийлээд Монголын 21 гаруй хамтлагын 100 гаруй залуу уран бүтээлчид 3 өдрийн турш энэхүү хөгжмийн баярыг наадмын үзэгчидтэйгээ хамтран тэмдэглэнэ.

Энэ жил Герман болон БНХАУ-д уран бүтээлээ хүргэж ирсэн The Majesti Label студын DJ Билгүүдэй, Монголын шилдэг 25 DJ-н хамт Нааглихац электрон тайз агуулгыг хөгжим болон орон зайн хувьд шинэлэг, онцлог содон байхаар удирдан, найруулж байна.

Мөн энэ жилийн наадмын хөтөлбөрийн онцлогоор Францын нэрт дуучин Эдит Пиафын алдарт “La vie en rose” дууны нэрээр овоглосон акустик, жазз хөгжмийн тайз шинээр нэмэгдэж, намуухан, романтик орчин, хөгжим, stand up comedy, хөгжилтэй тоглоом, кино зэргийг сонгодог хүмүүст олон төрлийн гэнэтийн, сонирхолтой бэлгийг барихаар ажиллаж байна.

Мөн тус наадам “REPLAY MARKET” гар урлалын хотхоноор дамжуулан залуу уран бүтээлчдэд бүтээлээ сурталчлах боломж олгохоос гадна энэ жилийн наадмын онцлох орчин үеийн бүтээлээр дэлхийд данстай зураач М.Эрдэнэбаярын УЛААН МОРЬ орчин үеийн уран баримлын бүтээлийг сонгон танилцуулж байгаагараа онцлогтой.

Наадмын хүрээнд Монгол, Солонгос, Япон, Зүүн Ази болон Турк зэрэг олон улсын хоолны соёлыг 20 гаруй мэргэжлийн байгууллагууд сурталчилахаас гадна зочдын хэрэгцээ, тав тухыг хангах зорилготой харилцаа холбоо, мэдээлэл технологи, хаягжилт, банк санхүү, болон бусад үйлчилгээний ЦОГЦ шийдлийг 55 гаруй байгууллагатай хамтран бий болгон ажиллаж байна.

Мөн наадмын үеэр хотын иргэд, залуус хог хаягдалаа хэрхэн багасгаж, зөв зохистой ашиглаж, ногоон хөгжлийг дэмжих зорилготой ХОГГҮЙ PLAYTIME 2017 хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Наадмын түүх

Playtime наадам нь Монгол улсад 1990-ээд оны сүүлч, 2000-аад оны эхээр шинээр дэлгэрч эхэлсэн амьд хѳгжмийн шинэ урсгал, түүний тѳлѳѳлѳл болсон гадаад дотоодын хамтлаг, дуучдын бүтээлийг түгээх онцгой талбар болон жилээс жилд утга агуулга, уран бүтээлчдийн ур чадвар, цар хүрээ, зохион байгуулалтын хувьд тогтворжин хөгжиж ирсэн онцлогтой.

The Lemons, Нисванис, Батчулуун зэрэг олны танил болсон хамтлаг уран бүтээлчид тус наадамд оролцож ирсэн уламжлалтайгаас гадна Magnolium, The Colors, зэрэг залуу хамтлагууд энэхүү наадмаар эхлэн, олонд танигдаж, нэрд гарч байсан түүхтэй. Тус наадамд 2002 оноос хойш давхардсан тоогоор нийт 500 гаруй хамтлаг, дуучид оролцож уран бүтээлээ хүргэж байснаас гадна, 2014 оноос АНУ, Их Британи, ОХУ, Япон, Ѳмнѳд Солонгос, Швед, Польш, Франц, БНХАУ-ын ѲМӨЗУ-ын уран бүтээлчдийг наадамдаа оролцуулж, цар хүрээгээ олон улсын тодотголтой болгон нэмсэн түүхтэй.

Тухайлбал, ОХУ-ын Муммий Тролль, Английн Peter Hook and The Lights, АНУ-ын The Pains of Being Pure at Heart, Шведийн The Radio Dept., Японы Mono, Envy зэрэг дэлхийд алдартай хамтлагууд Playtime наадамд ирж тоглож байсан болно.

2014 оноос Playtime наадмыг Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчын ивээл дор, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газартай хамтран зохион байгуулж ирсэн бөгөөд өнгөрсөн 3 жилд давхардсан тоогоор төр, хувийн хэвшил, ТББ болон хэвлэл мэдээллийн салбарын 60 гаруй байгууллагатай үр бүтээлтэй, тогтвортой түншлэлийг бий болгон хамтран ажиллаж иржээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *