ОХУ-д төрийн айлчлал хийж буй БНХАУ-ын дарга Си Жиньпин Ерөнхийлөгч В.Путин нар өчигдөр албан бус уулзалт хийсэн тухай мэдээллээ. Кремлиэс хоёр улсын төрийн тэргүүнүүд энэ үеэр чухам юун талаар ярилцсан талаар ямар нэгэн мэдээлэл өгсөнгүй. Гэсэн хэдий ч сэтгүүлчид олж мэдсэн байна. Оросын зарим хэвлэлд бичсэнээр хоёр улсын төрийн тэргүүнүүд албан бус уулзалтынхаа үеэр Солонгосын хойг болон Сирийн асуудлаар санал солилцжээ.
Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын гол хэлэлцээ өнөөдөр Кремльд болсон бөгөөд хоёр улсын хамтын ажиллагааны цогц асуудлууд тэрдундаа стратегийн түншлэлийг хөндсөн байна. Төрийн тэргүүнүүд бүс нутаг болон олон улсын тулгамдсан асуудалд анхаарал хандуулж Солонгосын хойгийн байдалд зохих арга хэмжээ авч БНАСАУ-ын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг энхийн замаар шийдэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн юм. БНСУ-д АНУ нь пуужингийн довтолгооны эсрэг төхөөрөмжийг байрлуулахаар болсоныг эсэргүүцэж байгаагаа В.Путин, Си Жиньпин нар илэрхийлжээ. Энэ нь бүс нутгийн стратегийн тэнцвэртэй байдлыг алдагдуулахад хүргэх аюултай гэнэ. БНХАУ-ын дарга хоёр тал улс төрийн харилцаа холбоогоо улам идэвхжүүлж олон улсын болон бүс нутгийн чухал асуудлаар харилцан холбоотой ажиллах нь чухал болохыг дурдсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч үүнтэй санал нэгдэж байгаагаа онцлоод энэ нь хоёр улсын стратегийн хамтын ажиллагаанд шинэ эрч хүчийг өгнө гэжээ.
БНХАУ-ын даргын ОХУ-д хийж буй төрийн айлчлал хоёр хоног үргэлжлэх бөгөөд өнөөдөр өндөрлөх юм. Айлчлалын төгсгөлд хамтарсан мэдэгдэл гаргаж 2017-2020 онд хүртэлх найрсаг хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах юм. Орос, Хятад хоёр худалдаа, эрчим хүч, боловсролын салбарт хамтран ажиллах нийт 40 гэрээ үзэглэх гэнэ. Энэ үеэр Орос, Хятадын компаниуд нийтдээ 10 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан тухай албан эх сурвалжууд мэдээллээ.
Айлчлалын үеэр БНХАУ-ын дарга Си Жиньпин Хятад улс Оросын худалдааны маш чухал түнш гэдгийг онцлон дурдав. Өнгөрсөн жилийн байдлаар хоёр улсын бараа эргэлтийн хэмжээ 69.53 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь өмнөх жилийнхтэй харьцуулах юм бол 2,2 хувиар өссөн аж.
“Нэг бүс, нэг зам” төсөлд ОХУ хамрагдах болсоныг ч Оросын хэвлэлүүд дурдсан байна. Түүний хүрээнд Орос-Монгол-Хятад гэсэн эдийн засгийн коридорыг бий болгох аж. Уг төслийн хүрээнд саяхан Тяньжинаас Улаанбаатар, Улаан-Үдээр дайран өнгөрсөн тээвэрлэлт хийж эхлээд байгаа. Эрхүүгээр дайран Новосибирск хүрэх энэ зам нь ирээдүйд Хятадыг Европтой холбосон зам болох аж.
Ю.ДЭЛГЭР