Categories
мэдээ цаг-үе

Төрийн цагдаа хууль зөрчиж бусдын гар утсыг тагнаж, чагнан, мессэжүүдийг нь уншиж, мэйл хаягийг шалгадгийг хурандаа П.Батбаатар илчлэв

“Өдрийн сонин”-ы 2017.06.19-ний Даваа гаригийн 136, 137(5703, 5704) дугаараас авч нийтлэв.

Монголын цагдаа хууль зөрчин бусдыг тагнаж чагнаж, мөрдөн шалгадаг болжээ. Бүр хэнтэй утсаар ярьж байгаа, хэн рүү юу гэсэн мессэж явуулж байгааг, мөн цахим шуудангаараа явуулсан имэйлийг нь хүртэл байнга хянаж байдаг юм байна. Өөрөөр хэлбэл, цагдаа хууль зөрчиж, бусдыг тагнаж, чагнадаг болох нь ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатарын энэ сарын 15-нд сэтгүүлчдэд хийсэн мэдээллээс маш тодорхой харагдаж байгаа юм. Тэрбээр “Сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан нам эвсэл, холбоод, нэр дэвшигчдээс хууль зөрчсөн үйлдлүүд гарч буйг цагдаагийн байгууллага шалгаж байна. Тухайлбал, сонгуулийн санал тоолох төхөөрөмж буюу хар машиныг худалдаж авах зорилготойгоор цахим ертөнцөөр мессэж бичиж, сонгуулийн үйл ажиллагааг будлиантуулах гэсэн хэрэг гарсан. “Шинэ яармаг” хорооллын захирал Н.Ууганбаяр гэх этгээд тухайн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг Канад улсын компани руу мессэж бичсэн. Мессэждээ “Санал тоолох төхөөрөмж хэдэн төгрөг вэ, худалдаж авъя, түрээслэх боломжтой юу” гэх мэтээр тодорхой бичсэн байна лээ. Иймээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 130 дугаар зүйлээр шалгаж байгаа юм. Түүнчлэн тэрбээр “Хэвлэл мэдээлэл болон цахим ертөнцөөр цацагдсан “Улаан тарианы хүүхдүүд” гэх нэвтрүүлэгт “200 хүний толгойг авч тойрон бүжиглэнэ, цусаар цэвэрлэгээ хийнэ” гэх зэргээр ард иргэдийг алан хядлагад уриалан дуудсан байдаг. Ийм өнгө аястай нэвтрүүлэг хийгдсэн “Хэро энтертайнмэнт” студийн захирал Б.Баатар болон уг нэвтрүүлгийг бэлтгэсэн бусад хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ хэрэгтэй холбогдуулж сонгуульд нэр дэвшигчдийг гарал үүсэл, үндэс угсаагаар нь гүтгэн доромжилсон билээ. Жишээ нь, МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын удам судрыг нь Хятад гаралтай гэсэн нэвтрүүлэг хийж, олон нийтэд цацсан. Үүнийг Б.Түвдэнбалжир гэх хүнээр хийлгэсэн. Иймээс “Бусдыг гүтгэж доромжилсон” гэдэг зүйл ангиар “Хэро энтертайнмэнт” студийнхэн болон Б.Түвдэнбалжир гэх этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэчихсэн шалгаж байгаа” гэсэн юм. Эдгээр хэргийн нотлох баримтууд хууль зүйн дагуу бүгд бүрдсэн байгаа гэнэ. Зохион байгуулсан гэх УИХ-ын гишүүн асан Г.Уянгын Б.Түвдэнбалжир рүү бичсэн мессэжүүд бүгд байгаа гэв. “Одоо нөгөө газраа хүрээд ир, одоо нөгөө юм аа ярина, одоо ингэж хэлнэ” гэх зэргээр Б.Түвдэнбалжирт үүрэг даалгавар, зааварчилгаа өгч зохион байгуулалттай, гүтгэлийн шинжтэй хийсэн аж. Үүнийг шалгалтын явцад тогтоосон гэдгээ хэлж байлаа.

Гэвч дээрх мэдэгдлээс цагдаа нар “Шинэ яармаг” хорооллын захирал Н.Ууганбаяр гэх хүний мэйл хаяг, болон гар утсыг хянаж шалгаж байсан нь тодорхой харагдаж байгаа юм. Тэрбээр Канад улсын компани руу хувийн цахим шуудангаа ашиглаж мэйл бичсэн байдаг. Үүнийг нь цагдаа нар ямар аргаар хэрхэн олж авсан бэ гэсэн асуулт гарч ирнэ. Цагдаа нар Н.Ууганбаярт гүйцэтгэх ажиллагаа хийж, тагнаж шалгасан тодорхой биш гэж үү. Гэхдээ ийн ажиллагаа явуулахдаа прокуророос зөвшөөрөл авсан нь эргэлзээтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, Н.Ууганбаярыг сонгуулийн санал тоолох төхөөрөмж буюу хар машиныг худалдаж авах гэж байгааг урьдчилан мэдээд прокуророос зөвшөөрөл авах ямар ч боломжгүй. Тиймээс хууль зөрчин тагнаж шалгаж байгаа нь тодорхой харагдаж байгаа юм. Мөн УИХ-ын гишүүн асан Г.Уянгын Б.Түвдэнбалжир руу бичсэн мессэжүүд бүгд байгаа гэж мэдэгдсэн. Тэгэхээр УИХ-ын гишүүн асан Г.Уянга, Б.Түвдэнбалжир рүү бичиж байгаа мессэжийг хуулийнхан мөн л хууль зөрчин олж авсан болж таарч байгаа юм. Монголын цагдаа аль дуртай хүндээ гүйцэтгэх ажиллагаа хийж, тагнаж, шалгадаг нь энэ бүгдээс маш тодорхой харагдаж байгаа юм.

ЦАГДАА НАР ХУУЛЬ ЗҮЙН САЙДАА ТАГНАЖ, ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА ХИЙЖ БАЙВ

Хэдэн жилийн өмнө цагдаа нар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд гүйцэтгэх ажиллагаа хийж, тагнаж шалгаж байсан нь олон нийтэд ил болж байсан. Мөрдөн байцаах газраас онц ноцтой хэргүүдийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ Хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байсан Г.Сарангэрэл нарт холбогдох хэргийн талаар ярихдаа “Г.Сарангэрэл гэгч охины ашиглаж байсан 9961…, 9520… гэсэн дугааруудаас тэр өдөр сэжиг бүхий нэг дугаар луу маш олон удаа залгасан болох нь анзаарагджээ. Цагдаа нар энэ хоёр дугаарын цаана хар тамхи, мансууруулах бодис худалддаг гэмт этгээд байж болзошгүй гэж үзэн энэ дугаарыг эзэмшдэг хүнийг олж тогтоох зорилгоор Г.Сарангэрэлийн 9961…, 9520… дугаараас гадагшаа гарсан ярианы цэсийг УЕПГ-ын зөвшөөрлөөр оператор компаниас нь гаргуулан авч дүн шинжилгээ хийтэл их л хачирхалтай зүйл болсон аж. Г.Сарангэрэлийн 9961… дугаараас 71 удаа залгасан, 9520… дугаараас 41 удаа залгаж холбогдсон 9910… дугаар нь ХЗДХ-ийн сайд Х.Тэмүүжингийн гар утасны дугаар болох нь тогтоогдсон” хэмээн мэдэгдэж байв.

“ЦАГДАА ПРОКУРОРЫН ЗӨВШӨӨРЛӨӨР БУСДЫН ГАР УТАС, ЦАХИМ ХАЯГИЙГ ТАГНАЖ ШАЛГАДАГ” ГЭВ

Тэгвэл цагдаа нар бусдыг тагнаж, шалгах, гүйцэтгэх ажиллагаа хийх эрхтэй юү. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын нэгэн эх сурвалжаас асууж тодруулахад “Цагдаагийн байгууллагад бусдын шалгах, хэнтэй утсаар ярьж байгаа, ямар хүн рүү мессэж бичиж байгаа, цахим хаягнаасаа хаашаа, хэн рүү хандаж байгааг мэдэх боломж байгаа. Гэхдээ заавал прокурорын зөвшөөрөл авч байж бусдыг тагнаж чагнах ёстой. Өөрөөр хэлбэл, цагдаа нар өөрсдийн дураар хэн нэгний гар утсыг чагнах, хэн рүү мессэж бичиж байгааг шалгах хууль эрх зүйн ямар ч үндэслэл байхгүй. Прокурорт албан бичгээр хүсэлт тавьж, үүнийхээ дараа хариу зөвшөөрөл нь бичгээр ирсэн тохиолдолд гүйцэтгэх ажиллагаа хийдэг. Хэрэв прокурорын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэх ажиллагаа хийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээнэ” гэв.

“БУСДЫГ ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТАГНАЖ, ЧАГНАЖ, МЕССЭЖИЙГ НЬ УНШСАН ТОХИОЛДОЛД 3-5 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООДОГ ХУУЛИЙН ЗААЛТ БИЙ” ГЭВ

Бусдын гар утсыг тагнаж, чагнах нь хуулийн ямар зүйл заалтыг зөрчиж байгаа талаар өмгөөлөгч Д.Батжаргалаас цөөн асуултад хариулт авсан юм.


-Иргэний гар утас, цахим хаягийг тагнаж шалгах зөвшөөрлийг прокуророос ямар тохиолдолдТЕГ, цагдаа нарт олгодог юм бэ?

-Хэн нэгний гар утсыг тагнаж, чагнах гүйцэтгэх ажиллагаа хийх эрх нь манай улсын хоёр байгууллагад байдаг. Тагнуулын ерөнхий газар, цагдаа нар нь прокурорын зөвшөөрөл авсны дараа гүйцэтгэх ажиллагаа хийдэг. Энэ нь хуулиар зөвшөөрөгдсөн байдаг. Тэгвэл ямар хүнийг тагнаж чагнах ёстой вэ гэхээр улс эх орны аюулгүй байдалд заналхийлсэн. Онц ноцтой гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөж байгаа хүнийг олж мэдсэнээр гүйцэтгэх ажиллагааны хууль журмын дагуу шалгадаг. Өөрөөр хэлбэл, цагдаа нар прокурорын зөвшөөрөлгүйгээр дуртай хүнээ тагнаж шалгах нь хуулиар хориотой.Эрүүгийн хуулийн 136 дугаар зүйл. Шуудан-цахилгаанаар явуулсан зүйлийг битүүмжлэх, хураан авах, түүнд үзлэг хийх, 136.1.Шуудан-цахилгаанаар явуулсан зүйлийг шуудан-цахилгаан харилцааны байгууллагад байх үед нь битүүмжлэх, хураан авах, түүнд үзлэг хийхийг прокурорын зөвшөөрлөөр гүйцэтгэнэ. 136.2.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч шуудан, цахилгаанаар явуулсан зүйлийг битүүмжлэх, хураан авах, түүнд үзлэг хийх тохиолдолд энэ тухай үндэслэл бүхий тогтоол гарган прокуророор батлуулсны дараа холбогдох ажиллагаа явуулах ба хөндлөнгийн гэрчийг байлцуулна гэж заасан байдаг.

-Тэгвэл хууль зөрчиж иргэнийг тагнаж чагнасан тохиолдолд ямар зүйл ангиар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Үндсэн хуулийн 13 дугаар зүйлд “Монгол Улсын иргэний хувийн болон албаны захидал, харилцаа халдашгүй дархан байна” гэж заасан байдаг. Үүнийг зөрчиж байгаа үйлдэл болдог. Мөн Харилцаа холбооны тухай хуулийн заалт зөрчигдөнө гэсэн үг. Хэн хэзээ хаана хэний утсыг чагнаж байгааг нотлох боломж байхгүй. Харин нотлох баримттайгаар батлагдсанаар хүний яриаг зөвшөөрөлгүй чагнасан тохиолдолд хэн ч байсан хуулийн хариуцлага хүлээнэ.Гар утас чагнах, мессэжийг нь унших эрхтэй хүн байсан ч эрхээ аваагүй бол хариуцлага хүлээнэ. Хэн хаана хэзээ хэнийг ямар тохиолдолд яаж чагнах вэ гэдгийг Гүйцэтгэх ажлын тухай хуульд тодорхой заасан байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасан “Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих” гэсэн гэмт хэрэгт буруутгагдаж шалгагдана. Өөрөөр хэлбэл, 3-5 жилийн хорих ял оноодог хуулийн заалт бий.

Г.БАТЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *