“Улаанбаатар цом” олон улсын боксын тэмцээн “Буянт-Ухаа”-гийн спорт цогцолборт өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт эхэлсэн билээ. Энэхүү тэмцээнд манай улсын 40, олон улсын 81 боксчин өрсөлдөж байна. Өдгөөгөөс 48 жилийн тэртээ анх зохион байгуулагдаж байсан “Улаанбаатар цом” XXVIII удаагийн тэмцээнд Орос, Бутан, Хятад, Энэтхэг, Сингапур, Тайван, хойд Солонгос, Монгол зэрэг Азийн олон орны шилдэг тулаанчид иржээ.
Энэхүү тэмцээн өнөөдөр албан ёсоор өндөрлөж, эрэгтэй долоо, эмэгтэй гурван жинд шилдгүүдээ тодруулна. Одоогийн байдлаар манай тамирчид алт, мөнгө, хүрэл медалийн төлөөх тулаанаа өрнүүлж буй юм. Мөн уг тэмцээнд сонирхогчдын боксын олимпийн хүрэл медальт, дэлхийн таван удаагийн аварга Энэтхэгийн алдарт боксчин Мэри Ком хүрэлцэн ирж, тулалдаж байгаагаарай онцлогтой юм. Түүний хувьд бүтэн жил их спортоос завсарлаад “Чингис хаан- Улаанбаатар цом” олон улсын тэмцээнээр рингэндээ эргэн ирж байгаа ажээ. “Улаанбаатар цом” олон улсын боксын тэмцээний эмэгтэйчүүдийн 75кг-д Э.Эрдэнэтуяа мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 48кг-д О.Жаргалан мөн адил мөнгөн медаль хүртжээ.
Энэхүү жинд хүрэл медалийг Монголын боксчин Л.Алтанцэцэг, Хятадын тамирчин И Най Ян нар хүртсэн байна. Харин эрэгтэйчүүдийн 64кг-д Г.Баярхүү алтан медаль хүртэж, цомын эзэн боллоо. Мөн эрэгтэйчүүдийн 56кг-д аваргын төлөө Монголын боксчин Б.Төмөрхуяг хойд Солонгосын шилдэг тулаанч Жо Хю Намтай тулалдлаа. Гурван үе эн тэнцүүхэн өрсөлдөж БНАСАУ-ын боксчин шүүгчдийн санал нэгтэйгээр “Улаанбаатар цом”-д түрүүлэв. Б.Төмөрхуягийн хувьд өнөө жил 20 настай, Барселона клубт бэлтгэл сургуулилтаа хийдэг аж. Өнөө жилийн насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол энэхүү олон улсын тэмцээнээр өсөх ирээдүйтэй боксчин гэдгээ батлан харуулсан юм.
Э.МӨНХ