Categories
мэдээ цаг-үе

Д.Золбоо: Монгол Улс ШХАБ-д ажиглагчийн байр сууриа хадгалж үлдэх, үгүй нь манайхаас л шалтгаална

“Өдрийн сонин”-ы 2017.06.14-ний Лхагва гаригийн №133(5700) дугаараас авч нийтлэв.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын хурлын эргэн тойрондох асуудлаар судлаач, доктор Д.Золбоотой ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн томоохон үйл явдлуудын нэг ШХАБ-ын хурал байлаа. Өнөө жилийн хурлын онцлог юу байв. Ямар асуудлууд хэлэлцсэн бэ?

-2001 онд анхлан зохион байгуулагдаж байсан ШХАБ-ын 17 дугаар ээлжит дээд хэмжээний уулзалтыг Казахстан улс нийслэл хотдоо гурав дахь удаагаа амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Албан ёсны үйл ажиллагаа, протоколын ажил урьдын адил ном журмын дагуу болж өнгөрснийг хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн. Дээд хэмжээний уулзалтын өмнө салбарын тэр дундаа Батлан хамгаалах яамны сайд нарын уулзалт, банк санхүү бизнесийн салбарын уулзалтын шийдвэрийг авч баталгаажуулах албан ёсны үйл ажиллагаанууд болж өнгөрлөө. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар “Астанагийн тунхаг бичиг” зэрэг нийт 11 баримт бичгийг эцэслэн баталгаажуулсан байна. Хөндлөнгөөс харах юм бол анхандаа “Шанхайн 5-ын бүлэг” гэж нэрлэгдэж байсан энэ байгууллага өөрийн 7, 8 дахь албан ёсны гишүүнээ нэг дор хамтад нь албан ёсоор элсүүлэн авч бүл нэмснийг онцлох нь зүйтэй болов уу. Ингэснээрээ дэлхийн хуурай газар, хүн амын багагүй хэсгийг эгнээндээ нэгтгэсэн томоохон байгууллага болон өргөжин тэлж байна.

-Манай улс ШХАБ-ын хуралд ажиглагч орны статустай оролцдог. Ер нь Хятадын зэрэг улс манайхыг элсүүлэх саналыг тавьдаг. Манай улс цаашид ажиглагч орныхоо статусаа хэвээр хадгалж үлдэж чадах уу?

-Албан ёсны гишүүнээр элсүүлэхийн тухайд зөвхөн Хятадын талаас гэлтгүй бусад улсын зүгээс ч тойруу замаар сануулах явдал байсаар ирсэн. Ер нь энэ байгууллагадаа ажиглагчийн статустай дөрвөн орон дотроо хамгийн удаж байгаа нь 2004 оноос ажиглагч статустай болсон нь Монгол Улс. Харин энэ статусаа хадгалж чадах, чадахгүйн тухайд манай улсын байр сууринд хүндэтгэлтэй хандах гэдэг утгаараа биднээс л шалтгаална. Бодит байдал дээрээ ажиглагчаас албан ёсны гишүүн болохын давуу тал, үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдал гээд харж үзэх зүйл олон бий. Өнгөрсөн 17 жилийн хугацаанд манайд зохион байгуулагдсан албаны болоод эрдэм шинжилгээний хурал, семинарт хэлэлцүүлж байсан илтгэл, судалгааны өгүүлэлд яаралтай элсэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлэх нь ховор, бараг л байхгүйтэй адил байдаг нь нэгийг хэлэх биз. Ерөнхийлөгчийн зүгээс санаачлан төслийг нь боловсруулсан “Байнга төвийг сахих тухай” хуулийн төслийн үзэл санааг энэ талаас нь тайлбарласан судлаачид бий. Харин Астанагийн өргөтгөсөн хуралдаанд оролцохдоо Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ШХАБ-тай терроризм, мансууруулах бодисын хууль бус наймаатай тэмцэх чиглэлд Монгол Улс хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн. Мөн тэрбээр “Хар тамхитай тэмцэх ШХАБ-ын стратеги хэлэлцэн баталсныг сайшаан дэмжиж, үйл ажиллагаагаа бэхжүүлж, харилцан уялдаа холбоогоо сайжруулах нь Монгол Улсын хөгжил дэвшилд чухал ач холбогдолтой. Түүнчлэн дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэлтэй” байгаагаа хэлсэн үгэндээ дурьдсан.

-Энэ удаагийн ШХАБ-ын хуралд Энэтхэг, Пакистан орнууд тус байгууллагад шинээр элссэнийг онцоллоо. Ингэснээр тус байгууллагын үйл ажиллагаа хэр өргөжин, хүчирхэгжиж байна вэ?

-Хамрах хүн амын тоо, газар нутгийнхаа хэмжээгээр нэлээд дээгүүр эрэмбэлэгдэх байгууллага болсны гадна цөмийн зэвсэгтэй хоёр ч орноор эгнээгээ өргөжүүлж байгаа нь бас л нэг үзүүлэлт болох биз. Гэхдээ ШХАБ-ын анхдагч баримт бичгүүдэд гишүүн орнууд нь хоорондоо ямар нэгэн газар нутгийн маргаангүй байх талаар дурьдсан байдаг боловч шинэ хоёр гишүүн нь энэ талаар харин асуудалтай гэдгийг бид мэднэ. БРИКС зэрэг олон улсын хамтын ажиллагааны механизмуудын гол цөмийг бүрдүүлдэг ОХУ, БНХАУ, БНЭУ-ын хамтын ажиллагаа, эдийн засгийн цар хүрээг тооцож үзвэл чамлахааргүй тоо гарна. Түүнээс гадна орхигдуулж болохгүй нэгэн зүйл нь Хятадын талаас санаачлан хэрэгжүүлж байгаа “Бүс ба зам” хөтөлбөрийн хэрэгжилтэд энэхүү тэлэлт өөрийн нөлөөгөө үзүүлнэ гэдгийг тооцоолсон гэдэгт эргэлзэх хэрэггүй болов уу. Ирэх жилийн дээд хэмжээний ээлжит хурал Хятадад зохион байгуулагдах юм байна.

-ШХАБ-ын уулзалтаар манай гурван улсын Төрийн тэргүүнүүд уулздаг уламжлалтай. Ер нь энэ уулзалт тэднийг уулзуулдаг гол арга хэмжээ гэж хэлж болохоор. Харин өнөө жил манай Ерөнхийлөгч ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзаж байгаа харагдлаа. Тэд хоёр орны харилцааны талаар шийдвэрлэх түвшний ямар тохиролцоонд хүрч чадав?

-Хоёр хөрш улсын төрийн тэргүүний хамтарсан уулзалт ижил түвшинд уулзалддаг гэдэг талаасаа бол ганц арга хэмжээ нь энэ юм. Дээд хэмжээний уулзалтын үеэр төлөөлөгчид хоёр талын уулзалт хийх нь хүлээн зөвшөөрөгдсөн зүйл. Энэ удаагийн уулзалтын үеэр Ерөнхийлөгч В.Путинтэй уулзсан. Уулзалтын гол сэдэв нь эдийн засгийн хамтын ажиллагаа тэр дундаа хөрөнгө оруулалтын боломжийн талаар голчлон хөндсөн гэдгийг мэдээлж байна. Харин В.Путины зүгээс хоёр талын цаашдын харилцааны талбар, чиглэл өргөн гэдгийг онцлоод уулзалтын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн.

-Монгол Улсын хувьд ШХАБ-ын гишүүн орнуудтай худалдаа-эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсролын салбарт идэвхтэй хамтран ажилласаар ирсэн. Цаашдаа хамтын ажиллагааны эдгээр чиглэлүүд өргөжин тэлэх ямар боломжууд байна?

-Уулзалтын дараагаар төлөөлөгчид Ирээдүйн эрчим хүч уриан дор зохион байгуулагдаж буй “Астана Экспо-2017” үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн арга хэмжээнд оролцсон нь эрчим хүчний салбар ШХАБ-ын улс орнуудын цаашдын хамтын ажиллагааны нэг чухал сэдэв гэдгийг тодорхойлсон хэрэг гэж харж байна. “ШХАБ-ын эрчим хүчний клуб”-ын үйл ажиллагаа идэвхжиж, тогтворжиж байгаа нь ч үүнтэй холбоотой биз. Экспод дэлхийн 100 гаруй улс орон, олон улсын 20 орчим байгууллагын төлөөлөл оролцсон. Арга хэмжээний хүрээнд 20 гаруй сэдвээр бизнес форум, үндэсний өдөрлөг, урлаг соёлын арга хэмжээ болно гэнэ. Ирэх гурван сарын хугацаанд нийтдээ таван сая зочин хүлээн авахаар төлөвлөсөн гэдгээс хэр чухал арга хэмжээ гэдгийг нь тодорхойлж болох байх. ШХАБ-ын улс орнуудын 80 гаруй их, дээд сургуулийг эгнээндээ нэгтгэсэн салбарын үйл ажиллагаанд хамтран ажиллах боломж эрэлхийлэх нь ч зүй ёсны асуудал.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Ерөнхий сайд Мухамед Наваз Шариф бараалхсан. Манай Ерөнхийлөгчийн хувьд ирэх жилээс ШХАБ-ын хуралд оролцохгүй. Тэгэхээр хугацаат албанаасаа бууж байгаа Төрийн тэргүүнд энэ байгууллагын зүгээс захих захиас гэж байх уу?

-Манай Ерөнхийлөгчийн хувьд төрийн тэргүүний албаа хүлээлгэн өгөхөөс өмнө хийж байгаа томоохон айлчлалын нэг энэ байлаа. “Хааны алба халаатай, Эзний алба ээлжтэй” гэдэг шиг хуучин хүн явж, шинэ хүн ирсэн ч төрийн гадаад бодлогын залгамж чанараа хадгалаад явах нь гол биз. Харин ШХАБ-д нэгэн зэрэг элссэн хоёр шинэ гишүүнээс Пакистаны Ерөнхий сайдтай уулзсан нь онцлог байлаа. Хэдийгээр албан ёсоор 1962 онд дипломат харилцаа тогтоосон боловч хоёр талын харилцааны ямар нэгэн механизм одоогоор бүрэлдээгүй. 1991 онд манай Улсын Бага хурлын даргын айлчлалыг эс тооцвол өндөр дээд хэмжээний албан ёсны айлчлал аль аль талаасаа одоогоор хийгдээгүй байна. Тиймээс ярилцах, санал солилцох асуудал арвин байх нь гарцаагүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *