Categories
мэдээ цаг-үе

Найрамдлын хотын III арван жилийн 1967-1977 оныхон

1986 оны уулзалт. Дархан хот

Цэцэрлэгийн нэг бүлгэмд хамт сурч дараа нь арван жилийн сургуулийн алтан босгыг мөн л цуг алхаж ороод арван жилийн турш, энэ л насаараа нэг ангийнхан гэж дуудуулна гэдэг ховор хувь тавилан шүү. Сургуулиа төгсөөд гадаад дотоодод сурахаар эрдмийн мөр хөөж, эзэмшсэн мэргэжлээрээ салбар салбартаа түүчээлэн байж амьдралын өнө удаан жилийг өнгөрүүлсэн ч ямагт нэгнээ л гэж тэмүүлж, үргэлж бие биедээ сураг ажиг тавьж, ерөөлтэй сайхан өдрүүдийг хүлээн байж уулздаг амь нэгтэй хүмүүс бол нэг ангийн хүүхдүүд байдаг. Хэдэн ч жил өнгөрч, өвөө, эмээ болсон ч тэд үргэлж л нэг ангийн хүүхдүүд.

Энэ удаад “Нэг ангийнхан” буландаа Дархан хотын гуравдугаар арван жилийн дунд сургуулийг 1977 онд О.Нина, Ц.Даваахүү багштай төгссөн 10-ын “А”, “Б” ангийнхны тухай өгүүлж байна. Эдний ангийнхныг сургуульд орохоос яг нэг жилийн өмнө Дархан хотын гуравдугаар сургууль нь анх нээгдэж байжээ. 1967 онд Д.Аръяа, У.Бадамгарав, П.Хандсүрэн, Ц.Дашаа гэсэн багш нартай нэгдүгээр ангийн дөрвөн бүлэгт хүүхдүүдийг хуваарилжээ. Анх дөрвөн ангид 150 шахам хүүхэд элсэн орж байсан бол тэднээс хоёр бүлгийн 54 хүүхэд сургуулиа төгсчээ. Эдэн дундаас цэцэрлэгээсээ эхлүүлээд арван жилдээ хамтдаа сурч төгссөн хүүхдүүд гэвэл Ч.Отгонбаатар, У.Сууринбүрнээбаатар, Д.Батцэнгэл, Д.Эрдэнэчимэг, Л.Мөнхбаяр, Б.Бадамсүрэн, Л.Оюун нар. Зарим сургуулийн төгсөгчид зөвхөн ангийнхнаа л нэг ангийнхан гэж үздэг бол харин эдний төгсөлтийнхөн бүгдээрээ нэгнээ нэг ангийнхан хэмээн хүндэлж, хайрлаж явдаг ажээ.

“А” бүлгийн ангийн даргаар арван жилийн турш ажиллаж, одоо ч ангийн даргын эрхэм үүргээ биелүүлсээр яваа Ч.Отгонбаатарыг манай спортынхон таних билээ. Хөлбөмбөг, сагсан бөмбөгийн спортын улсын шүүгчээр ажиллаж байсан спортод элэгтэй нэгэн. Одоо тэрээр Азийн спортын сэтгүүлчдийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Олимпийн зөвлөлийн дарга, Монголын орчин үеийн таван төрөлтийн холбооны Ерөнхийлөгч гэсэн олон сонгуульт албан тушаалтай, Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн юм. Тэрээр ангийнхаа хүүхдүүдтэй байнгын холбоотой байдаг бөгөөд нөгөөдүүл нь ч ангийн даргатайгаа зовлон, жаргалаа хуваалцана. Ангийн дарга Ч.Отгонбаатар ангийнхныхаа тухай ярихдаа хүүхдүүдийнхээ нэрийг овогтой нь хэлэх бөгөөд холбоо барих утас, гэр бүлийнхнийх нь хэн нэгнийх нь нөөц утасны дугаар мөн төрсөн он, сар, өдөр, регитрийн дугаар, хэдэн ач, зээтэй болсон, одоо хаана яаж амьдарч байгаа, хэдэн сарын хэдний өдөр холбогдсон тухай мэдээлэл зэргийг жирийтэл нямбай бичсэн жагсаалт хөтөлжээ. Тэрээр “Манай төгсөлтийн 54 хүүхдээс тав нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Одоо байгаа 49 хүүхдээс Саруултуяа, Шүрэнтуяа хоёртой л холбогдож чадахгүй байна” гэлээ. 1967 онд ангийн даргын эрхэм үүргийг хүлээж аваад өдгөө 2017 он хүртэл нэр төртэйгээр “Ангийн дарга аа” хэмээн хүндэтгүүлэн дуудуулж байгаа болохоор Ч.Отгонбаатарын хувьд тэрээр ангийн дарга болоод 50 жилийн ойтойгоо золгож байгаа юм.

Эдний ангийнхан бүгдээрээ хочтой. Нэгнээ “Хар”, “Оготно”, “Хавтгай шар”, “Шумуул”, “Сармагчин”, “Халзан Санж”, “Талх”, “Боохой”, “Данхар” гээд л тухайн холбогдсон инээдтэй, хөгтэй үйл явдал, онцлог шинжээр нь хочилдог байж. Ангийн анд Д.Батчулуун нь их жингэнэсэн дуутай хөвгүүн байж л дээ. Тийм болохоор ангийнхан нь түүнийг Шумуул гээд хочилсон гэнэ.

1976 он. Тэд сурагчийн дүрэмт хувцсаар ижилссэн ч тухайн үеийн моодонд орсон трапецэн өмд платформ гутлаар гоёдог байлаа

Ангийнхан нь ер нь урлаг, дуу хөгжимд авьяастай. Тэрэн дундаа Ц.Оюунцэцэг, Л.Хишигдорж, Р. Мандах-Оргил, Р.Отгонцогт, Б.Дуламсүрэн нар Хөгжим, бүжгийн дунд сургууль руу шилжин суралцжээ. Мөн З.Оюунбилэг, С.Энхжаргал, Л.Жамъяангарав Н.Отгончимэг, У.Сууринбүрнээбаатар, Р.Мандах-Оргил нар сургуулийнхаа циркийн хамтлагт явдаг байж. Тухайн үедээ ерөнхий боловсролын сургууль дэргэдээ циркийн хамтлаг байгуулсан нь бас л сонин содон ховор үйл явдалд тооцогдож байсан гэнэ.

Бас эдний ангийнхан спортдоо гаргуун. Дархан хотын гар бөмбөг, сагсан бөмбөг, гимнастик, хөнгөн атлетикийн шигшээд ангийнхнаас нь орж тоглодог байж. У.Сууринбүрнээбаатар нь уг нь Суурин гэдэг нэртэй байсан аж. Тэгээд гэрчилгээ авах болтол нэр нь Сууринбүрнээбаатар гээд гараад ирж. Тэгэхээр нь л бэлгэшээгээд энэхүү содон, урт нэрийг өгсөн учиртай гэсэн. У.Сууринбүрнээбаатар гимнастикийн тамирчин. Цэргийн сургуульд сурахаар хойшоо явсан гэнэ. Энэ ангийнхнаас хуульч мэргэжил эзэмшсэн нь олон. Л.Мөнхбаяр хурандаа, Ц.Болдоо, Г.Пүрэвсүрэн нар хуульч. Эмч гэвэл Төрийн соёрхолт Ж.Нарантуяа эдний анги. Мөн М.Сүнжидмаа, Б.Дуламсүрэн, Г.Оюунчимэг, Р.Сэлэнгэ, Р.Нарантогтох, Д.Батчулуун, Г.Галбадрах, Б.Далайжаргал, Б.Нарантуяа, Я.Түвшинжаргал гэсэн мундаг эмч нар бий. З.Оюунбилэг, С.Тунгалаг, Г.Сарантуяа, Н.Отгончимэг, Д.Орхонцэцэг С.Цэцэгмаа, П.Нямаа, Д.Баярмагнай, Д.Эрдэнэчимэг, Д.Намжилмаа нар багш мэргэжил эзэмшсэн бол эдийн засагч мэргэжилтэй нь Х.Ариунцэцэг, Б.Бадамсүрэн, Ц.Нямдарь, С.Туяа, И.Нансалмаа. Инженер гэвэл Ч.Отгонбаатар, Л.Гүндэгмаа, Л.Оюун, Н.Баясгалан, Ш.Болдбаатар, Д.Баасандэмбэрэл, Ц.Энхбаясгалан, С.Норовбадам нар юм байна. Л.Гүндэгмаа, Б.Мягмардаш, Н.Биндэргарав нар өөрсдийн гэсэн бизнесээ амжилттай эрхэлж байгаа аж. Эдний ангиас Д.Баатар, Д.Амгаланбаатар, Х.Оргил гэсэн төмөр замчид төрөн гарсан бол Д.Баяртням нь тухайн үедээ улсын тэргүүний зохион бүтээгч хэмээн салбартаа л шилдэгт тооцогдсон загвар зохион бүтээгч байжээ. Монголын басс гитарчдын томоохон төлөөлөл болсон хөгжмийн зохиолч Д.Нармандах эдний анги. Мөн зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнх эдний ангийн хөвгүүн. Г.Уранчимэг нь насаараа “Улаанбаатар хивс” компанид ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан бол түүний ихрийн өрөөсөн Г.Оюунчимэг нь одоо АНУ-д амьдран суугаа юм байна.

Одоо энэ ангийнхан хааяа цуглаж уулзаад ярьж хөөрдөг зүйл нь арван жилийн хөгтэй явдлууд. Тэр болгоноо хөөрөлдөж элгээ хөштөл инээлдэх дуртай.

Ангиараа будаан дээр ажиллаж байгаад хотын тунель доогуур алхацгаана. Тэр мөчид гэрэл унтарчихвал “Тэр тэрийг үнсчихлээ”, “Тэр тэрний гарыг барьсан” гээд нэгнээ цаашлуулж, ичимхий нэгнээ улайлгана. Ангийн дарга нь тухайн үеийн спортын оддын талаарх мэдээ сэлтийг ангийнхандаа сонирхуулдаг байжээ. Дурсгалын дэвтэр дээр нь спортын шилдгүүдийн тухай мэдээ бичиж, зургийг нь наана. Энэ бүхний нөлөөгөөр ч гэх юм уу, ангиараа спортод хорхойтой.

Ер нь л арван жилийн хүүхдүүд багш нар, ангийн багшийнхаа хараа хяналт дор, хий гэснийг нь хийж, сургаалыг нь ягштал биелүүлдэг. Харин эдний ангийнхан тэр болгон багштайгаа зууралдаад, юу хийхээ асуугаад байдаггүй байж. Биеэ даасан, өөрсдөө хэлэлцээд шийдвэр гаргадаг, амь нэгтэй хүүхдүүд байжээ. Хамтдаа Эрдэнэт, Улаанбаатар, Сэлэнгэ, Шарын гол руу галт тэргээр туулайчлаад явчихна. Сайн ч бай, сахилгагүйтэх ажил ч бай бүх юманд бүгд нэгдмэл, зохион байгуулалттай байж чаддаг байсан нь энэ ангийг жинхэнэ нэг анги болгожээ. Д.Батжаргал, Ж.Цэрэнчимэд, Г.Өлзийсайхан, Д.Даваасамбуу, Х.Одтуяа, Д.Нармөнх, М.Батбаяр, Ш.Оюунбаатар, Л.Наран, Д.Оюугчимэг, Д.Эрдэнэцэцэг, Г.Жавхлан. Б.Баяртай, Ц.Гүнжидмаа, Г.Туул, Д.Борбаатар, М.Ганболд, Л.Баярсайхан, О.Пүрэвсүрэн, П.Нямдорж нар ажлыг ягштал хийж анги хамт, багш нараа баярлуулдаг байж. 1974, 1975 оны үед ангиараа сургуулиас зохиогддог байсан бүхий л спортын тэмцээн уралдаанд нэгэн жигд хувцастай оролцдог байсан гэнэ. Охид нь хувцас хэрэглэлдээ номер дугаар хадаж, оёж чимэглэдэг байжээ.

Чөлөөт цагаа аль болох ангийнхантайгаа өнгөрүүлцгээнэ. Хичээлээ тараад гэр гэртээ очоод дүрэмт хувцас, цүнх, номоо заавал аваачиж тавих ёстой. Энэ бол эдний ангийн бичигдээгүй дүрэм. Тухайн үед жинхэнэ моод болж байсан трапецан өмдөө өмсөцгөөж, урт ургуулсан үсээ янзалж гоёод гэрээсээ нэг л их гоё залуус гарч ирнэ дээ. Ингээд л үймүүлэх ажил нь эхэлнэ. Бие биенийдээ очно. Аав, ээж нь эзгүй байгаагийнхаа гэрт очиж тэр үед хит болж байсан дуу, хөгжим сонсч бүжнэ. Нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэнэ. Гашуудал тохиосон нэгнийдээ очиж ажил төрөлд нь тусална. Хотын захад амьдардаг нэгнийхээ гэрт түлээ нүүрс дөхүүлж, мод хөрөөдөх зэргээр бүхнийг хамтдаа хийдэг байж. Юм бүхэнд ингэж хамтдаа зүтгэж, хамтарч ирсэн болохоор жигтэйхэн амь нэгтэй. Нэг нь гэмтэй зүйл хийлээ гэхэд багш ч бай, захирал, хичээлийн эрхлэгч ч бай хэн ч асуусан нэгнээ барьж өгнө өө гэж байхгүй. Бүгд л мөрөө хавчиж мэдэхгүй гэнэ. Хичээлдээ сайн, сурлагатай. Дээрээс нь бүхий л үйл ажиллагаанд идэвхитэй, чанартай оролцдог болохоор тэр хэрээр багш нартайгаа ч шударга харьцдаг байсан нь бас сонирхолтой. Багш орж ирээд “Самбар дээр гар” гэхээр самбар руу авирч элэглэнэ. Багш нь хичээлийн цагаасаа хоцорвол бүгд жагсаалаар гараад явчихна. Ер нь л өөрсдийгөө багаасаа мэдэрсэн, хэрсүү мундаг хүүхдүүд байсан нь энэ бүхнээс нь харагдана.

Ангийн дарга нь спортын ажил төрөл гээд заримдаа ангийнхантайгаа уулзалдахгүй бол “Үгүй ээ, энэ ангийн дарга яачихав. Сая төрсөн өдрөөр минь мэндчилгээ дэвшүүлсэнгүй” гэж ангийнхан нь гомдол нэхдэг гэнэ. Сүүлийн үед фэйсбүүкт ангийн групптэй болсон болохоор төрсөн өдөр нь тохиож буй нэгэндээ төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай болжээ. Заавал ангийн уулзалт гэхгүй, нэгнийхээ одон, медалийн найр, үр хүүхдүүдийнх нь хуримын ёслолд ангиараа оролцож баяр жаргал хүснэ. Мөн зовлон тохиосон нэгэндээ халуун сэтгэлээ илэрхийлнэ.

Өнөөдөр эдний ангийн албан ёсны уулзалтын баяр тохиож байгаа бөгөөд ангийн Г.Оюунтуяа, Б.Отгон нарынх нь төрсөн өдөр ч болж байгаа аж. Энэ удаагийн уулзалтыг ангийн охин Д.Баяртням нь гардан зохион байгуулж, ангийн дарга нь “удирдан чиглүүлж” байгаа аж. Ангийн дарга Ч.Отгонбаатар нь ангийнхныхаа тухай ярихдаа ихэд баяр баясалтай болж, бүгдийнх нь тухай ярьж, нэр усыг бичүүлмээр байна хэмээн инээмсэглэн “Бид чинь балчир багаасаа л ижилсчихсэн болохоор холбоо харилцаагүй болж байсан удаагүй шүү. Байнгын холбоотой байдаг. Энэ чинь л биднийг жинхэнэ нэг ангийнхан гэдгийг илтгэж байгаа юм” гэж бахархан өгүүлсэн юм. Эдний ангийн уулзалтын урилга дээр “Багын найзууд гэдэг зүрхэнд ижилсч ургасан мөнхийн мод. Тэр модны дэргэд бид хүүхдээрээ өтөлдөг өө” хэмээн бичсэн сайхан үгээр булангаа өндөрлөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *