Монголын гаалийн хяналтын бүсээр “Юбийн кофе хаус” ХХК-ийн Хонконг улсын “Golden future trading” компаниас импортолсон “Brazil green arabica”, “Indonesia green arabica” гэсэн хоёр нэр төрлийн, 475 кг кофений буурцагны чанар, аюулгүй байдалд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн долоо хоногт шалгалт хийжээ.
Кофены буурцаг тус бүрээс дээж авч, ургамлын хорио цээрийн болон хор судлалын лабораторийн шинжилгээнд хамруулахад хор судлалын шинжилгээгээр нийлбэр афлатоксин “Brazil green arabica” кофены буурцаг нь стандартын шаардлагаас 6 дахин их, “Indonesia green arabica” кофе нь 9 дахин их байсан ба загвар дээжийн давтан шинжилгээгээр нийлбэр афлатоксин 43.80 мкг/кг, 76.16 мкг/кг байсан нь стандартын шаардлагаас 10-19 дахин их байсан бөгөөд энэ нь Монгол Улсын стандарт “Хүн, малын тэжээл дэх микотоксиний үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ” MNS 6361:2012 стандартын шаардлагыг хангахгүй байна.
Шинжилгээний дүнгээр дээрх хоёр нэрийн кофены буурцаг нь холбогдох хууль, заалтыг зөрчиж байгаа тул 389.6 кг, 7.361.350 төгрөгийн кофены буурцгийг “Захиргааны журмаар эд зүйл хураах, устгах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж хэрэгжилтийг хангуулах” журмын дагуу нийслэлийн орон тооны бус зөвлөлд албан бичгээр шилжүүлсэн байна.
Афлатоксин гэдэг нь хөгц мөөгөнцөрөөс ялгардаг, бодисын солилцооны хоёрдогч химийн бүтээгдэхүүн. Байгальд өргөн тархсан бөгөөд ургац хураахын өмнө үед талбай дахь ургац бохирдуулахаас гадна ургац хураасны дараа хадгалалтын явцад хүнсний бүтээгдэхүүнийг бохирдуулдаг аж. Энэ нь хүнсний бүтээгдэхүүнийг чийглэг ихтэй халуун нөхцөлд зориулалтын бус саванд хугацаа хэтрүүлэн хадгалах, шавж мэрэгчид өртөх зэрэг олон хүчин зүйлс нь хүнсний бүтээгдэхүүн хөгцөрч муудахад нөлөөлөх бөгөөд хүнсэнд үүссэн эмгэг төрөгч, хөгц мөөгөнцөрөөс хор ялгаруулдаг байна.