“Өдрийн сонин”-й 2017.05.31-ний Лхагва гаригийн №122(5689) дугаараас авч нийтлэв.
Монголын Үндэсний бөхийн холбооны ээлжит бус “Их Эе” хуралдааныг хуралдуулж шинэ тэргүүнээ сонгосон талаар ээлжит бус “Их Эе”ийг зохион байгуулах ажлын хэсгийн дарга Үржингийн Хүрэлбаатартай ярилцлаа.
-“Их Эе”-ийг хуралдуулах тодорхой журам байдаг байх. Энэ удаагийн “Их Эе” хичнээн хүний бүрэлдэхүүнтэй болж өнгөрсөн бэ. Мөн хууль бус хурал зохион байгуулсан хэмээн МҮБХ-ноос үзээд байгаа шүү дээ?
-Монголын үндэсний бөхийн холбоо бол төрийн бус байгууллага. Тийм болохоор төрийн бус байгууллагын хуулинд нийцсэн өөрийн гэсэн дүрэмтэй газар. Яг одоогоор Монголын үндэсний бөхийн холбооны дөрөвдүгээр “Их Эе”-ээр буюу 2002 онд батлагдсан дүрэм үйлчилж байгаа юм. Яг хүчин төгөлдөр байгаа ганц дүрэм бол энэ. Харин Р.Нямдорж, Д.Данзан нарын барьж яриад байгаа дүрэм бол 2010 оны зургадугаар “Их Эе”-ээр батлагдсан дүрэм. Гэтэл энэхүү зургадугаар “Их Эе”-ээр гаргасан шийдвэрийг гурван шатны шүүх бүхэлд нь хүчингүйд тооцчихсон. Тийм учраас өнөөгийн дэд тэргүүн, тэр үед батлагдсан дүрэм журам бүгд хүчингүй гэсэн үг. Гэтэл 2010 оны хуралдаанаар томилогдсон тэргүүлэгчид өнөөг хүртэл хуралдаж, ямар нэгэн шийдвэр гаргаж байгаа нь хүчин төгөлдөр бус юм аа. Ингэж шүүхийн шийдвэрээр хүчингүй болчихсон хурлын шийдвэрээр тэргүүлэгчид шийдвэр гаргаж яваад байгаа нь хууль бус үйлдэл гэдгийг тодорхой хэлмээр байна. Яг барьж байгаа буюу 2002 оны “Их Эе”-ээр батлагдсан дүрмэнд дэд тэргүүн гэсэн бүтэц байхгүй. Би энэ батлагдсан хүчин төгөлдөр дүрмээ л барин ярьж байгаа юм. Дүрмийн дагуу Монголын үндэсний бөхийн холбооны эрх барих дээд байгууллага нь “Их Эе”. Энэ нь дөрвөн жилд нэг удаа хуралддаг байх ёстой. Гэтэл 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл хуралдаагүй явсаар ирлээ. 2002 оны “Их Эе”-ээр бүх асуудлыг шийдвэрлэсэн ч тэргүүнээ сонгож чадаагүй тарсан. Үүний дагуу Р.Нямдорж “Би тэргүүн байх ёстой, найман хүний дундаас би ялсан. Үүнийг тогтоож өгнө үү” хэмээн шүүхэд хандсан юм. Улмаар Р.Нямдоржийн энэхүү асуудлыг гурван шатны шүүх авч хэлэлцсэн. Эцэст нь Дээд шүүхээс “МҮБХ-ны тэргүүнээр сонгох асуудлаар ээлжит бус “Их Эе”-ийг 2003 оны гуравдугаар улиралд багтааж зохион байгуулахыг МҮБХ-ны Цэцдэд үүрэг болгосугай” хэмээн дүгнэлт гарсан байдаг юм. Энэхүү Дээд шүүхийн шийдвэр сая болсон “Их Эе”-ээр дуусгавар болж байгаа хэрэг. Тэгэхээр 14 жил энэхүү шүүхийн шийдвэрийг Р.Нямдорж биелүүлээгүй байх нь ээ дээ. Үнэхээр энэ хүн тэргүүн юм бол Цэцдийн зөвлөлийг бүрдүүлж, хуралдуулах үүрэгтэй байсан. Үүнийгээ хийхгүй, хийсэн ч гэсэн хууль бусаар зохион байгуулж ирсэн учраас хэрэгжихгүй явсан. Тэр утгаараа шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй хурлаа хийхгүй явсаар 2014 онд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийг албан хуралдуулсан юм. Тэр хуралд Цэцдийн зөвлөлийн 67 хүн бүрдэж, хуралдсан. Энэхүү хуралдаанаар ээлжит бус “Их Эе”-ийг хуралдуулах ажлын хэсгийг томилон гаргасан байдаг юм. Тэрхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нь миний бие орсон. Энэ эрх үүргийнхээ хүрээнд өнгөрсөн жил Их хурлын товыг зарласан байсан. Гэтэл одоогийн тэргүүн нь тухайн үед нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтанд хэрэг үүсгэн шалгуулсан учраас тэрхүү хурал хойшилсон юм. Улмаар холбогдох хууль, хяналтын байгууллагууд шалгаж дуусаад Р.Нямдоржийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гарсан. Тийм болохоор тухайн үеийн ном журмаараа ээлжит бус их хурлыг зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл сая болсон “Их Эе”-ийг хууль ёсны дагуу явуулж, гүйцэтгэсэн гэсэн үг. Хамгийн гол нь 2003 оны Дээд шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу бид их хурлаа хийсэн.Нөгөөтэйгүүр гурван шатны шүүхийн шийдвэр гарчихаад байхад эсэргүүцээд байгаа нь өөрөө хууль бус үйлдэл юм.“Их Эе” 200 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй байж гэмээнэ ирц бүрэлдэнэ гэсэн дүрэмтэй. Харин сая болсон “Их Эе” 85 хувийн ирцтэй буюу 170 гаруй төлөөлөгч оролцсон. Улсын цолтнууд, бөхийн зүтгэлтнүүд болоод орон нутгийн төлөөллүүд өөрсдийн хурлаар сонгогдсон хүмүүс оролцсон албан ёсны “Их Эе” болсон.
-“Их Эе”-д оролцсон бөхийн зүтгэлтнүүд болоод бөхчүүдийн ихэнх нь Увс аймгийн гаралтай хүмүүс байсан хэмээн МҮБХ-ноос мэдэгдсэн. Энэ үнэн үү?
-Хуралд оролцсон бөхчүүдийн ихэнх нь Увсынх байсан гэдэг бол худлаа. Цэцдийн зөвлөлд Увс аймгийн арав гаруй хүн л байсан. Ер нь толгой бөхчүүдийг харахад ихэнх нь Увсынх шүү дээ. Улсын цолтой бөхчүүдийг ангилаад үзвэл хамгийн олон бөхтэй нь Увс аймаг байдаг юм. Тэр ч утгаараа Х.Баянмөнх, С.Мөнхбат, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь гээд улсын аварга, арслангууд нь оролцохоор тэр хүмүүс өлгөж авч байхгүй юу. Цэцдийн зөвлөлийг аймаг бүрээс сонгоод оруулах гэхээр Увс аймгаас арав гаруй хүн болчихож байгаа юм. Үүнийг бид яах юм. Ямар хүмүүс хэрхэн оролцсон нь бүгд л дүрэм журмынхаа дагуу л зохион байгуулсан. Улмаар Цэцдийн зөвлөл хуралдаж 11 тэргүүлэгчийг сонгосон. Эдгээр тэргүүлэгч дунд Увс аймгийн нэг л хүн бий. Энэ нь улсын гарьд Б.Гантогтох юм. Нэг л хүнийг ингэж сонгоход нийт даяар Увсынх юм шиг ярьж байгаа нь утгагүй л дээ.
-Тэгвэл 2010 онд хуралдсан “Их Эе” яагаад хүчингүй болсон юм бэ?
-Их Эе буюу их хурлыг Цэцдийн зөвлөл хуралдаж, товыг нь зарладаг дүрэмтэй. Гэтэл Цэцдийн зөвлөлөөс зарлалгүйгээр тэргүүлэгч, тэргүүн нь зарлаад 2010 оны зургадугаар их хурлаа хийсэн. Тийм болохоор энэхүү үндэслэлээр зургадугаар их хурал хүчингүй болчихож байгаа юм. Ер нь бол Р.Нямдорж, Д.Данзан нар иймэрхүү хууль бус, цаг авсан, амиа аргацаасан аргаар явсаар байгаад 15 жил боллоо.
-Гурван шатны шүүхийн үндсэн нотлох баримтыг та бүгдийг хуурамчаар үйлдсэн тухай МҮБХ-ноос яриад байгаа. Энэ ямар учиртай юм бэ?
-Хуурамч материал бүрдүүлсэн гэх гомдлыг нь цагдаа шалгаж, шат шатны шүүхээр хэлэлцээд нотлогдохгүй байна гэсэн шүүхийн шийдвэр гарчихсан. Нэгэнт шүүхийн шийдвэр гарчихсаны дараа үүнийг дахин дахин яриад байгаа нь олон түмнийг төөрөгдүүлэх гэсэн утга учир муутай, аргаа барсан хүний үйлдэл. Ер нь яагаад заавал шүүхийн шийдвэрээр их хурлаа хийх ёстой юм бэ. “Их Эе” боллоо гэхэд яагаад зохион байгуулалттай ажил хийж, ирцийг нь бүрдүүлэхгүй байгаа юм. 2014 оны шүүхийн шийдвэрийн дагуу албадан хурал болоход Р.Нямдорж ирээгүй. Өөрөө ирсэн гэдэг юм. Бүр тэр хурлын ирцийг нь бүрдүүлэхгүй байх ажлыг зохион байгуулсан. Энэ бол шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс санаатайгаар бултаж байгаа асуудал байхгүй юу.
-Та бүхний зохион байгуулсан “Их Эе”-ээр гарсан шийдвэрийг Монголын үндэсний бөхийн холбоонд албан ёсоор танилцуулсан уу?
-Одоогоор бол өгөөгүй байна. Уг нь өгөөд байх шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл Р.Нямдорж гэдэг хүн тэргүүн биш гээд 2003 онд сонгогдоогүй шүү дээ. Тэр үеэс хойш тэргүүн бишээр явж байгаа. Тийм болохоор тэргүүн гэж үзээд гаргасан шийдвэрээ танилцуулаад байх шаардлага байхгүй. Сая их хурал болохоос өмнө бөхийн зүтгэлтнүүдийн хурал болсон юм. Тэр хуралд Р.Нямдорж, Д.Данзан нарыг урьсан. Гэвч хуралд хүрэлцэн ирээгүй. Тийм болохоор төлөөлөгч биш хүнийг энэхүү “Их Эе”-д урих ямар ч шаардлага байхгүй юм. Бидний явуулсан албан бичгийг буцаачихна, хүн очихоор доромжлоод хөөгөөд гаргадаг, урихаар ирдэггүй хэрнээ олон юм яриад гоншигоноод байдаг.
-Монголын үндэсний бөхийн холбоог анх санаачлан үүсгэн байгуулсан хүмүүс нь Р.Нямдорж, Д.Данзан, Д.Мягмар, Р.Давааням, Ч.Даваасамбуу хэмээх таван хүн байдаг гэсэн. Харин та нөхдийг энэхүү хүмүүсийн үүсгэн байгуулсан холбоог хувьдаа авах гээд байна хэмээн олон нийтэд тайлбарлаад байгаа шүү дээ. Энэ тухай тодруулахгүй юу?
-Монголын үндэсний бөхийн холбооны улсын бүртгэлийн гэрчилгээг нь хараад би их гайхсан. Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр “хугацаагүй”, үүсгэн байгуулагч нь Р.Нямдорж, Д.Данзан, Д.Мягмар гээд биччихсэн байсан. Гэтэл яг одоогийн хүчин төгөлдөр, мөрдөгдөж буй Р.Нямдоржийн гарын үсэгтэй дүрмэнд “Монголын үндэсний бөхийн холбоог өөрчлөн байгуулах, эсвэл татан буулгасан тохиолдолд залгамжлагчид шилжинэ” гээд заачихсан байгаа юм. Тэгэхээр тэр залгамжлагч гэдэг нь хэн юм. Мөн эдгээр хүмүүс наанаа Увсынхан Бөхийн өргөөг авах гээд байна, Бөхийн өргөө ашиглалтад орсноос хойш энэ хэрүүл эхэлсэн гэсэн хөшиг татчихаад, хэрэг дээрээ эрх зүйн бичиг баримтыг өөрсдөө авч байгаа нь энэхүү байгууллагыг хувьдаа авах гэсэн далд санаатай байгаа нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл Бөхийн өргөөний 10 хувийг өөр дээрээ авч буй байдал, дүрмэндээ “залгамжлагч” гэж оруулж байгаа үйлдэл, үүсгэн байгуулагчаар нь өөрийн гурван хүнийг оруулсан нь эцсийн эцэст өөрсдөө Бөхийн өргөөг хувьдаа авах санаатай байгаа гэсэн үг юм.
-Дүрмэндээ дөрвөн жилд нэг удаа “Их Эе” хуралдана гэж заачихсан байдаг гэж байна. Ингэж бодвол дараагийн “Их Эе” ирэх онд болох ёстой биз дээ?
-Энэ бол тэр хүмүүсийн заль мэх. Үнэхээр л энэ дүрмээ барьдаг бол өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа хуралдах байсан юм. Гэтэл хуралдсангүй шүү дээ. Цэцдийн зөвлөл хоёр жилийн хугацаагаар солигдож, шинэчлэгдэнэ гэдэг. Өнөөг хүртэл хэдэн удаа Цэцдийн зөвлөл солигдохоор болж хэдэн удаа хурал хийчих байсан бол. Гэтэл 2002 оноос хойш хурал хуралдуулахгүй, 2014 он хүртэл явсан. Бүр болохгүй болохоор шүүхийн шийдвэрээр албадан хуралдуулсан шүү дээ. Үүнээс харахад Р.Нямдорж хэзээ дүрмээ барьж, хуралдаанаа хийдэг байсан юм. Өөрийнхөө тааллаар аливаа юмыг хийж болохгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, дүрмээ барих үедээ барьдаггүй хэрнээ өөрт ашигтай үе гарч ирэнгүүт дүрэм гэж ярих нь ёс зүйгүй юм. 2018 онд ярьж байгаа шигээ “Их Эе”-ийг хийхгүй. Тэр үед бас нэгэн маргаан гаргаж ирээд л хойшлуулна. Энэ мэтчилэн явсаар дараагийн дөрвөн жил тэргүүн хийнэ. Ингэж олон түмнийг хоёр талцуулж, бөхчүүдийг хагаралдуулж, хууль шүүхийн байгууллагыг доог тохуу хийж болохгүй шүү дээ. Би үүнд л дургүйцээд байгаа юм. Түүнээс биш Р.Нямдорж бид хоёр үе тэнгийн, нэг нутаг усны найзууд шүү дээ. Би шударга үнэний төлөө л явж байна. Би найзын хувьд хэдэн үг хэлье. Одоо миний найз болсон. “Их Эе” хуулийн дагуу хуралдаж шийдвэр гарсан болохоор шинээр сонгогдсон тэргүүнээ хадаг сүүтэй угтах хэрэгтэй. Битгий олон түмнийг талцуулаач ээ гэдгийг хэлмээр байна.