Categories
мэдээ цаг-үе

Д.Уламбаяр: ОУВС Монголын хөгжилд сөрөг нөлөө үзүүлж байгаагүй

Хүмүүнлэгийн их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал доктор, профессор Д.Уламбаяртай ярилцлаа.


-ОУВС гэдэг энэ байгууллага анх үүсэн байгуулагдсан зорилгын талаар хоёулаа ярилцлагаа эхэлвэл ямар вэ?

-Алтан баталгаатай цаасан мөнгөн дэвсгэрт гүйлгээнд байсан үе дэлхийн I дайн эхэлсэнээр буюу 1914 онд төгсгөл болсон. Тэр цагаас алтан баталгаагүй мөнгөн дэвсгэрт гүйлгээнд их хэмжээгээр зонхилох болсноор дэлхийн эдийн засагт гүн хямрал гаргах шинж тэмдэг мэдрэгдэж эхэлсэн түүхтэй л дээ. Үндэстнүүдийн Холбооны ивээл дор зохиогдсон 1920 оны Хаагын бага хурал, 1922 оны Генуягийн бага хурал алтан баталгаатай мөнгөн дэвсгэртээ рүүгээ эргэж орох хүчин чармайлтыг гаргасан боловч амжилт олж чадаагүй. Ингээд 1920-иод оны сүүлчээс колони эзэмшигч орнуудын хооронд эдийн засгийн протекционист бодлого газар авч, дэлхий II дайн улс орнуудын эдийн засгийг бүхэлд нь сүйрүүлсэн. Ингээд 1944 оны долдугаар сарын 1-22-ны хооронд АНУ-ын санаачилгаар Нью-Хэмшир мужид дэлхийн 44 орны 700 гаруй төлөөлөгчид хуран чуулж, дайны дараах олон улсын валют, санхүү, зээл, худалдаа-эдийн засгийн шинэ дэг журам тогтоох асуудлыг иж бүрэн хэлэлцэж үндсэнд нь шийдвэрлэсэн юм. Энэхүү түүхт бага хурлын дүнд АНУ-ын төслөөр ОУВС, Шинэчлэл, хөгжлийн олон улсын банк буюу Дэлхийн банк, Олон улсын худалдааны байгууллага хэмээх ГАТТ-ын үндэс суурь тавигдсан нь түүхэн амжилт болсон. Үүнийг олон улсын эдийн засгийн харилцаанд “Bretton Woods System буюу Institution” гэж нэрлэдэг. ОУВС-гийн Дүрмийг баталсан хэлэлцээрт 39 орон гарын үсэг зурж, хэлэлцээр 1945 оны арванхоёрдугаар сард хүчин төгөлдөр болсон л доо. ОУВС, Шинэчлэл хөгжлийн олон улсын банк 1947 оны гуравдугаар сарын 1-нээс НҮБ-ын төрөлжсөн статустайгаар үйл ажиллагаагаа Вашингтон хотноо явуулж эхэлсэн. Дэлхийн II дайны төгсгөлд АНУ дэлхийн алтны нөөцийн бараг 80 хувийг эзэмших болж, 1934 онд Конгрессоор батлагдсан Алтны тухай хуульд нэг унци алтыг 35 ам.доллар байхаар заасныг ОУВС-гийн дүрэмд зүйлчлэн оруулсан. Ингэснээр дэлхийн II дайны дараа ам.доллар олон улсын төлбөр, тооцооны гол, үндсэн валют болсон байна. Энэ нь АНУ-ын эдийн засгийн дипломат ажиллагааны шууд үр дүн байсан. Өнөөгийн глобаль валют, санхүү, зээлийн шинэ дэг журмын үндэс суурь нь “Bret­ton Woods”-ын институци юм.

-Өнөөгийн Өрнөдийн эдийн засгийн хөгжилд ОУВС-гийн тусламж маш чухал байсан гэдэг юм билээ?

-АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жорж Маршалл 1947 оны зургадугаар сард Харвардын их сургуулийн төгсөлтийн ёслол дээр Европыг сэргээн босгоход зориулсан нүсэр хөтөлбөрөө зарласан. 1948-1952 оны хооронд Өрнөд Европын 17 оронд хэрэгжсэн 13 тэрбум ам. долларын өртөг бүхий (2016 оны үнэлгээгээр 300 тэрбум ам.доллар юм) Маршаллын төлөвлөгөөг хэрэгжүүлэх эрхзүй, зохион байгуулалтын механизмыг 1948 онд Европын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага нэртэйгээр үүсгэн байгуулжээ. Төлөвлөгөө хэрэгжиж, Өрнөд Европын орнуудын эдийн засаг сэргэн бэхжих явцад тэрхүү байгууллагыг өөрчлөн 1960 онд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага буюу ОЕСD болгон үйл ажиллагааны зорилго, агуулга, хүрээг нь өргөтгөсөн юм. Европыг сэргээн шинэчлэх энэхүү нүсэр төлөвлөгөөний зорилго, мөн чанар нь хүний эрх, эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлс, зах зээлийн эдийн засаг бүхий өөрийн найдвартай холбоотныг Өрнөд Европт буй болгох нь ирээдүйн АНУ-ын үндэсний аюулгүй байдал, эрхэм дээд эрх ашигт бүрнээ нийцэх учиртай байсанд оршино. Энэ нь АНУ-ын эдийн засгийн дипломат бодлогын гайхамшигт ялалт байсан гэж үзэж болно. Дурдсан төлөвлөгөөнд ЗХУ, түүний холбоотнуудыг хамруулах зорилготой 1948 оны Парисын бага хурал зохион байгуулагдсан ч ЗХУ, түүний шинэ холбоотнууд үүнийг Европыг капитализмжуулах хөтөлбөр хэмээн үзэж, түүнд оролцохоос татгалзсан. Үүгээр зогсохгүй 1949 оны нэгдүгээр сард түүний эсрэг ЭЗХТЗ-ийг байгуулсан түүхтэй. Тусламжийн энэхүү мега хөтөлбөр “Bretton Woods”-ын институциүдээр дамжин хэрэгжсэн. 1952 он гэхэд Өрнөд Европын эдийн засаг дэлхийн II дайны өмнөх түвшинд хүрч, 17 орны үндэсний мөнгөн дэвсгэрт ам.доллартай чөлөөтэй хөрвөх ханшинд шилжиж, дурдсан орнуудын төлбөрийн тэнцэл огцом сайжирсан. Японы хөгжилд ч чухал нөлөө үзүүлсэн юм.

ОУВС 1952 оноос эхлэн гишүүн орнуудын төлбөрийн тэнцлийн хэвийн бус байдлыг арилгах зорилгоор “Богино хугацааны хөтөлбөр” буюу Stand-by-ийг хэрэгжүүлж эхэлсэн.

-Азийн бар орнуудыг бий болгоход тус сангийн үүрэг оролцоо ямар байсан бэ?

-Мэдээж Азийн шинээр аж үйлдвэржсэн буюу Азийн бар хэмээн хэмээн нэрлэгдэх болсон орнуудын эдийн засгийн хөгжилд ОУВС маш чухал үүрэг гүйцэтгэсэн. 1960-аад оноос хойших 30 жилд буй болгосон энэ загвар нь эдийн засгийн ардчиллыг хөгжүүлэх үндсэн дээр улс төрийн ардчиллыг хөгжүүлж ирсэн шүү дээ. Азийн шинээр аж үйлдвэржсэн Өмнөд Солонгос, Сингапур, Тайвань, Хонконг зэрэг орнууд зах зээлийн эдийн засгийн тогтолцоог төрийн хүчтэй зохицуулалттай хослуулж, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлж ирсэн. Үнэхээр ч сайхь орнууд олон жил колончлолд байж, дэлхийн II дайны дараа дундад зууны эдийн засгийн харилцаа гүн суурьтай байсан нь Өрнөдийн орнуудын ардчиллыг тэр чигээр нь хуулбарлан авах боломж, нөхцлийг бүрдүүлээгүй юм. 1950-иад оны сүүлээр Өмнөд Солонгос, Тайвань, Сингапур сонгодог либерализмын загварыг туршсан боловч тэр нь хөгжлийг түргэтгэх гол хүчин зүйл биш гэдэг нь удалгүй харагдсан байна.

Хэдийгээр цэргийн болон авторитар дэглэм эдийн засагт хүчтэй оролцож байсан боловч зах зээлийн бодит хуулиудыг үр ашигтай хэрэглэж, нээлттэй бодлого явуулж чадвал эдийн засгийн зохих өндөрлөгт хүрч болохыг энэ туршлага харуулсан. Хятад, Вьетнам ч коммунист намын удирдлагын дор зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж энэ нь ч үр дүнгээ өгсөн. Чилийн хөгжлийн туршлага ч аанай л нэгэн адил. Нээлттэй эдийн засаг, экспортын чиглэлтэй бүтэц, гадаадын шууд хөрөнгө оруулалт, олон улсын санхүүгийн байгууллагуудын зээл, тусламж чухал хүчин зүйл болсон гэдэг нь өнөөдөр ойлгомжтой.

1997 оны дөрөвдүгээр сард ОУВС-гаас гаргасан “Дэлхий эдийн засгийн байдал төлөв” илтгэлд улс орнуудын хөгжлийн ангиллыг шинэчилж тэргүүлэх эдийн засагтай орнуудын тоонд Сингапур, Өмнөд Солонгос, Тайвань, Хонгконг болон Израилийг оруулсан.

-ОУВС-гийн хөтөлбөрүүдийг Монгол Улс хэдэнтээ авч байсан. Үр дүнгийнх нь талаах судлаачид янз бүрээр тайлбарладаг. Харин та тус сангийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийнх нь талаар ямар бодолтой байдаг вэ?

-ОУВС Монголд хэзээ ч гай тарьж байгаагүйгээр барахгүй хөтөлбөрүүд нь амжилтай хэрэгжсэн гэдгийг юуны өмнө тэмдэглэмээр байна. Монгол Улс ОУВС, Дэлхийн банкны хэлэлцээрт 1991 оны хоёрдугаар сард нэгдсэн. Үүнээс хойш 27 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд нэгдүгээрт, “Стэнд бай” хөтөлбөрийн хэлэлцээрийг Монгол Улс анх зах зээлийн эдийн засагт шилжсэн хүнд жилд төлбөрийн тэнцлийг дэмжих зорилгоор 1991 оны аравдугаар сард байгуулсан. Уг хөтөлбөрийн дагуу 13.75 сая зээлжих тусгай эрх буюу 20 сая ам.доллар, 6.5 хувийн хүүтэй зээлийг 1991-1992 онуудад авч ашигласан. Буцаах төлбөрийг 1997 онд бүрэн төлж барагдуулсан байдаг. Хоёрдугаарт, “Бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэх хөтөлбөр-1” буюу төлбөрийн тэнцлийг дэмжих зорилгоор 1993 оны зургадугаар сарын 25-нд байгуулсан. Хөтөлбөрийн дагуу 59.0 сая ам.доллар, 0.5 хувийн хүүтэй зээл амласан. Үүнээс 1993-1996 онд нийтдээ 44.8 сая ам.доллар авч ашигласан байна. Зээлийг 2006 онд эргэн төлж барагдуулсан байдаг. Гуравдугаарт, “Бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэх хөтөлбөр-2”-ыг макро эдийн засгийг тогтворжуулах, бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэх зорилгоор 1997 оны долдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн удаатай. Хөтөлбөрийн дагуу 48.0 сая ам.доллартой тэнцэх хэмжээний, 0.5 хувийн хүүтэй зээл амласнаас 1997-2000 онуудад нийтдээ 23.7 ам.доллар авч ашиглажээ. Зээлийн үндсэн өрийн төлбөрийг 2003 оны хоёрдугаар сараас 2010 оны нэгдүгээр сарын хооронд барагдуулсан. Дөрөв дэх удаа ОУВС “Ядуурлыг бууруулах, өсөлтийг хангах хөтөлбөр”-т 2001 оны есдүгээр сард гурван жилийн хугацаанд Монгол Улсад хэрэгжүүлэхээр шинээр баталсан байдаг. 1999 оны есдүгээр сард шинээр буй болгосон энэхүү хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 36.9 сая ам. доллартай тэнцэх зээлийг авч ашиглажээ.

1990 оны долдугаар сард АНУ-ын Хьюстон хотноо болсон Долоогийн бүлэг, Европын эдийн засгийн хамтын нийгэмлэг(Европын холбоо)-ийн жил тутмын дээд уулзалтаас гаргасан улс төрийн тунхаглалд манай улсад өрнөсөн ардчилсан үйл явцыг тууштай дэмжих тухай заалт анх удаа тодорхой тусгагдсан юм. 1991 оны долдугаар сард Лондонд болсон Долоогийн бүлэг, Европын эдийн засгийн хамтын нийгэмлэгийн дээд уулзалтын баримт бичигт Монгол Улсад олон улсын тусламж үзүүлэх талаар заалт орсон. Уулзалтад Их Британийн Ерөнхий сайд Жон Межорын урилгаар ЗХУ-ын Ерөнхийлөгч М.С.Горбачёв анх удаа оролцсоноор 7+1 хэмээх бүтэц бий болсон түүхтэй. Энэ зөвлөгөөний шийдвэрийг үндэслэн Японы Засгийн газрын санаачилгаар ОУВС, Дэлхийн банктай хамтран Монголд хандивлагч орнуудын анхдугаар чуулга уулзалтыг 1991 оны есдүгээр сард Токиод зохион байгуулж байсан юм.

2003 онд Токиод болсон уулзалтаар шилжилтийн үе дууссаныг албан ёсоор зарлаж хандивлагчдын бүлэг татан буугдсан. Нийт 12 жилийн хугацаанд Монгол Улс хөгжлийн зээл 1.1 тэрбум ам.доллар, буцалтгүй тусламж 1.3 тэрбум ам.доллар авч ашигласан нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд ямар чухал үүрэг гүйцэтгэснийг нотлох шаардлагагүй.

-ОУВС-гийн хөтөлбөрүүд ямар орнуудад амжилт олоогүй вэ?

-Зүүн төвийн социалист үзэлт Латин Америк, зах зээлийн эдийн засгийн харилцаа нэн сул, ардчилсан засаглалгүй улс төрийн дэглэмтэй Африкийн орнуудад амжилт олоогүй. Хүйтэн дайны үед Румын, Польш улсад хэрэгжүүлсэн ОУВС-гийн хөтөлбөрүүд амжилт олоогүйгээр барахгүй асар их өрөнд орсон байдаг. Учир шалтгаан нь маш тодорхой, социалист өмч ноёрхсон, төлөвлөгөөт эдийн засгийн систем, ОУВС-гийн систем хоёр хоорондоо хэзээ ч авцалдахгүй байсан явдалд оршино. Гэтэл булангийн орнууд болох АНЭУ, Катар, Кувейт, Бахрейн өнөөдөр ямар болчихоод байгааг бид цөм мэднэ. Европын холбоонд гишүүнээр элссэн Төв, Зүүн Европын пост-коммунист орнуудын эдийн засагт ОУВС маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Мэдээж ОУВС-гийн хөтөлбөрүүд шулуун дардан замаар хэрэгжиж байгаагүй. Эдийн засаг өөрөө нарийн, баялаг бөгөөд адармаатай.

-Засгийн газартай байгуулсан хөтөлбөрийг ОУВС маргааш батлах юм билээ. Ер нь энэ хөтөлбөр манайд хэр ирээдүйтэй харагдаж байна вэ?

-Эхлээд нэг зүйлийг тодотгож хэлье. Өнгөрсөн жилүүдэд Чингис бонд, Самурай бонд, Хөгжлийн банкны зээл эерэг нөлөө үзүүлж чадсангүй. Энэ бол бонд нэртэй богино хугацаат, өндөр хүүтэй арилжааны зээл байсан нь улс орны амьдралыг бүхэлд нь нэн хүнд байдалд оруулсан. Арилжааны зээл авах цаг нь болоогүй байсныг хөөсөн өсөлт харуулсан. Бид 2011 оны “гайхамшиг”-т дэндүү сагсуурч жин нэмж барилдана хэмээн сайрхаж, ам хамраа олохгүй мөнгө амлаж байлаа. Ийм үе шатыг дамжих ёстой байсан юм болов уу гэж бодох үе байсан. Одоогийн ОУВС-тай хийсэн 440 сая ам.долларын “Өргөтгөсөн сангийн хөнгөлөлт” хөтөлбөр нь Монгол Улсын хөгжилд эерэг зүйл авчирна гэдэгт итгэлтэй байна. ОУВС биднийг гуйгаагүй, бид л хандсан. Зарим нэг процедурын алдаа гарч байгаа ч ирээдүйд гарах үр ашигтай нь харьцуулахад энэ бол юу ч биш. ОУВС-тай тохиролцсон явдал нь бусад гүрнүүд, олон улсын санхүүгийн байгууллагын зээлийн замыг нээж өглөө.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *