Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Хаянхярваа: Монгол банк хууль зөрчиж ажилласан нь тодорхой боллоо

Хаянхярваа зурган илэрцүүд

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, дэд дарга Я.Содбаатар, Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нар мэдээлэл хийлээ. Бүлгийн хурлаар Монголбанкинд хийсэн шалгалтын дүнг хэлэлцээд, УИХ-аас тогтоол гаргах нь зүйтэй гэж үзжээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Монголбанкны шалгалтын дүнг байнгын хорооны хуралдаанаар нээлттэй хэлэлцүүлсэн. Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Нууцын зэрэглэлтэй гурван асуудлаас бусад дүнг УИХ-ын вэб сайт дээр тавьсан. Бидэнд нууж хаах юм байхгүй” гэв.

Тэрбээр ярихдаа “Өнгөрсөн дөрвөн жилийн гол дампуурал нь Монголбанк байсан байна. Бүлгийн гишүүд хариуцлага тооцох асуудлыг маш хүчтэй тавьсан. Хариуцлага тооцох асуудал огт алга. Эдийн засаг хямарсан байна, болохгүй байна, хууль дүрэм зөрчсөн байна, өмч хөрөнгийг үнэгүйдүүлсэн байна гэж өнгөрсөн 8 сар ярьж байгаа ч хариуцлагын асуудлыг огт ярихгүй байна. Монголбанк хууль зөрчиж ажилласан нь тодорхой боллоо. Одоо хэн хариуцлага хүлээж, ямар хариуцлага тооцох вэ гэдэг асуудал л тодорхойгүй байна. Тиймээс Монголбанктай холбоотой асуудлаар УИХ-аас тогтоол гаргаж, Засгийн газар Монголбанкинд тодорхой чиглэл өгөх ёстой гэж үзлээ. Хариуцлагагүй ажилласан хүмүүст хариуцлага тооцоход анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж үзсэн.

Бүлгийн хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжлүүлэх үндсэн чиглэлийн тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцжээ. Намын бүлэг Засгийн газраас оруулж ирсэн үндсэн чиглэлийг дахин нягтлах шаардлагатай гэж үзлээ. Дараа, дараагийн жилүүдийн Засгийн газрын болоод мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэх зорилтдоо тулгуурлаж чадаж байгаа эсэхэд дүгнэлт өгч, засч сайжруулах зүйлд саналаа өгөхөөр болжээ. Үндсэн чиглэлийг мөрөөдлийн жагсаалт болгож, хэлэлцээд ёс төдий баталдаг, батлаад мартдаг байдлыг халах ёстой гэж үзсэн байна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Монголбанкинд хийсэн шалгалтын багт мэргэжлийн хүн ажиллагаагүй, сөрөг хүчнээс хүн оруулаагүй гэж шүүмжилж байна. Яагаад АН-ын бүлгээс ажлын хэсэгт багтаагүй юм бэ?

Д.Хаянхярваа: Өнгөрсөн дөрвөн жилд манай намын бүлэг цөөнх байхдаа Монголбанкинд шалгалт хийх хүсэлтийг УИХ-ын даргад удаа дараа тавьж байсан ч шалгалт хийх шийдвэрийг өгөөгүй. Тиймээс энэ удаа манай намын бүлгээс Монголбанкинд шалгалт хийх хүсэлтээ дахин тавьсан. Бүлгийн ажлын хэсгийн санал дүгнэлттэй цөөнхийн бүлэг санал нэгдэхгүй байгаа. Ажлын хэсгийн дүгнэлт олон улсын байгууллагуудын хийсэн аудитын дүнтэй нийцэж байгааг Монголбанкны Ерөнхийлөгч чуулган болон байнгын хорооны хуралдаанд мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Монголбанкинд хийсэн шалгалт ямар нэгэн улстөржсөн, улс төрийн өнцгөөс харж шалгалт хийгээгүй. Өнгөрсөн дөрвөн жил Монголбанк хуулийн хүрээнд ажилласан уу, үгүй юү гэдгийг шалгасан. Өнгөрсөн долоо хоногт шалгалтын дүнг нээлттэй хэлэлцсэн, энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар дээр нээлттэй хэлэлцэнэ. Гурван асуудал нууцын зэрэглэлд багтаж байгаа. Үлдсэнийг нь нээлттэй хэлэлцэнэ” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *