Яг одоо Баянзүрх дүүргийн Засаг даргын А/151 дүгээр захирамж дагуу зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж байна. Урин дулаан цаг ирж, иргэд оршин суугчид зуслан, ногоон бүсэд амарч зугаалж байгаатай холбогдуулж ая тухтай амрах нөхцөлийг бүрдүүлэх, хот тохижилт, цэвэрлэгээний талаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс дагаж мөрдөх журмын хэрэгжилтийг хангах үүднээс энэ удаагийн бүх нийтийн их цэвэрлэгээ хийж байгаа аж. Бүх нийтийн их, цэвэрлэгээнд оролцож байгаа байгууллага аж ахуйн нэгжүүдэд хяналт тавих, оролцоогүй байгууллагуудад мэдэгдэл, албан шаардлага хүргүүлэх, торгуулийн арга хэмжээ ногдуулах юм байна.
Мөн энэ ажлын хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд гадна орчныхоо нийтийн эзэмшлийн зам талбай, хайс, хашлага, явган хүний замын хогийг цэвэрлэж, угаан, хаягийг стандартын дагуу шинэчилж, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэн, орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжийг цэвэрлэх ажээ. Энэ удаагийн бүх нийтийн их цэвэрлэгээг зуслангийн бүсэд хамаарах Сэлбэ гол, Улиастай гол, Туул гол дагуу хийх бөгөөд аж ахуйн нэгж байгууллага, айл өрх, иргэдийн бүлгийг идэвхтэй оролцохыг дүүргийн Засаг даргын Тамгын газраас уриалжээ.