Categories
мэдээ цаг-үе

Ц.Дашцэвэл: Вьетнамтай харилцаагаа идэвхжүүлснээр Зүүн өмнөд Азийн том зах зээл рүү хөл тавина

БНСВУ-ын дэд Ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхинь манай улсад хийсэн албан ёсны айлчлалын эргэн тойрондох асуудлаар Монгол-Вьетнамын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, доктор профессор С.Дашцэвэлтэй ярилцлаа.


-Вьетнамын дэд ерөнхийлөгчийн айлчлалын үр дүнг хэрхэн харж байна вэ?

-БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхиний айлчлал хэдийгээр богино хугацааных байсан ч их ажил амжууллаа. Эмэгтэй хүн болоод ч тэр үү, айхавтар ажил хэрэгч, чамбай нэгэн юм байна. Одоохондоо Монгол, Вьетнамын харилцаа даруухан байгаа. Ялангуяа эдийн засгийн харилцаа идэвхтэй биш. Манайхан Зүүн өмнөд Азийн зах зээлийг судлаагүй. Учир нь Монгол, Вьетнамын хооронд том гүрэн хөндөлдөөд байж байна. Хятадыг давж Зүүн өмнөд Азийн орнууд руу орж чадахгүй байна. Хэрэв Вьетнамын зах зээл рүү орвол бидэнд хэрэгтэй. Саяын дэд Ерөнхийлөгчийн айлчлалаар Монгол, Вьетнамын худалдаа-эдийн засгийн харилцааг яаж өргөжүүлэх асуудлаар талууд ярилцаж, тохиролцсон нь нэлээд чухал ач холбогдолтой. Яагаад гэвэл Вьетнамтай харилцана гэдэг бол Зүүн өмнөд Азийн АСЕАН хэмээх холбооны хамгийн том хаалгыг татаж, босгоор нь алхлаа гэсэн үг. Тус улс Зүүн өмнөд Азийн орнууд дотроо нэр нөлөө ихтэй орон. Сүүлийн үед түргэн хөгжиж байгаа. Эдийн засгийн өсөлт нь өндөр Хятадын дараа орж байна. Дайн үзсэн улс болохоор ард түмэн нь их хөдөлмөрч.

Бид энэ оронтой харилцаагаа хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Зүүн өмнөд Азийн арван улс АСЕАН-ы холбоонд нэгдээд худалдааны чөлөөт зах зээлд шилжчихсэн. Худалдааны чөлөөт зах зээлийг амжилттай хэрэгжүүлж байна. Европын холбооныхоос ч их хүн амтай том хамтын нийгэмлэг болчихоод байна.Тэгэхээр Вьетнамтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэг бол дээрх холбооны улсуудын 600 сая хүн амтай том зах зээл рүү хөл тавьж байна гэсэн үг. Тиймээс энэ удаагийн дэд Ерөнхийлөгчийн айлчлалын ач холбогдлыг бага үнэлж болохгүй.

-Манайхаас ямааны мах авахаар болж байна. Туршилт амжилттай болбол 200 мянган тн ямааны мах авна гэлээ. Энэ дүн өсөх боломжтой юу?

-Вьетнам бол халуун орон учраас сэрүүн чанарын мах хэрэглэдэг. Манай улсын хувьд тэдний эрэлт хэрэгцээний дагуу ямааны мах их хэмжээгээр нийлүүлэх бүрэн боломжтой нь тодорхой. Энд нэг зүйлийг хэлэхэд Вьетнам улс малын махыг Австралиас авч байгаа. Энэ хоёр улсын Засгийн газар хоорондын байгуулсан гэрээгээр махны гаалийн татварыг багасгачихсан. Дээр нь далайгаар тээвэрлээд хямд мах авдаг. Тийм учраас тэдэнтэй өрсөлдөх хэрэг гарна. Тус улс манайхаас мах авах гэхээр үнэтэй тусдаг. Тиймээс юуны түрүүнд хоёр улс гаалийн татварын асуудалдаа анхаарах хэрэгтэй. Харин саяхан махны асуудалд том тээг болж байсан хорио цээрийн асуудлыг шийдсэн.

Вьетнам руу гүн хөлдөөсөн мах экспортлоход заавал Хятадын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх болохоор тээврийн зардал гэх мэтийг Хятадын талтай нарийн ярилцах хэрэг гарах болов уу даа. Учир нь Хятадад махны хэрэгцээ асар их байгаа. Өөрийнхөө зах зээлд шингээх бодлого бий.

Хэрэв Вьетнам улс манайхаас ямааны махыг тогтвортой авдаг болчихвол цаашдаа АСЕАН-ы гишүүн Лаос, Камбож, Тайланд гээд бусад орнууд нь ч сонирхоод эхлэх магадлал өндөр шүү. Халуун орны хүмүүс сэрүүн чанарын мах түлхүү хэрэглэх дуртай. Тэдгээр улсууд чинь чөлөөт худалдааны бүс болчихсон учраас гаалийн татваргүй хямд мах Вьетнамаас авах боломжтой.

Сонирхуулахад, вьетнамчууд ямааны махыг арьстай нь авна гэдэг. Тэд хуйхалсан мах иддэг уламжлалтай. Тийм болохоор энэ саналаа манайд бас тавьдаг. Манайх хуйхалсан мах нийлүүлэх болбол өртөг нь өндөрсөх учраас боломжгүй юм билээ.

-Мөн манай улсад нефть нийлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байгаа. Харин манай улсын аль салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байдаг вэ?

-Вьетнамын өмнөд нутгийн далайд нефтийн ордууд бий. Вьетнамчууд түүхий нефтиэ экспортолдог. Хэрэв манай улс нефть нэрдэг үйлдвэртэй болбол зөвхөн Оросоос аваад байх биш өөр гарц нээгдэж байна гэсэн үг. Тус улс бас ашигт малтмал, нефтийн эрэл хайгуулд оролцох сонирхолтой. Тэд энэ салбарт хөрөнгө оруулах боломжтой. Мөн зам гүүрийн барилга байгууламж бүтээн босгох ажилд туршлагатай улс. Вьетнамчууд сүүлийн үед давхар зам гүүрийг богино хугацаанд чанартай барьж байгуулж байгаа. Иймэрхүү ажилд оролцох сонирхол бас бий.

Манайхаас махнаас гадна, арьс шир сонирхдог. Тэдний гутал, пүүзний үйлдвэрлэлийн орлого нь газрын тосны дараагаар ордог юм. Одоо манайх арьс ширээ түүхийгээр нь гаргаж байна. Энэ салбарт вьетнамчуудтай хамтарч ажиллавал аль аль талдаа хэрэгтэй. Ер нь мах, арьс, шир, ноос, ноолуурын үнэ дэлхийн зах зээлд байнга хадгалагдаж байдаг. Ийм салбар руу хөрөнгө оруулбал хоёр талд ашигтай. Вьетнамчууд манайд мах боловсруулах үйлдвэрт хөрөнгөө оруулбал өөрсдөө мах аваад зогсохгүй гадаад зах зээлд гаргах боломж ч бүрдэнэ.

-Саяын айлчлалаар яригдсан бас нэг асуудал бол батлан хамгаалахын салбар байлаа. Тус улстай энэ салбарт яаж хамтран ажиллах вэ?

-Вьетнам бол олон жил дайнтай байсан. Тэр үед Өмнөд Вьетнамд Америк, Хойт Вьетнамд нь ЗХУ тусалсан. Тэгэхээр вьетнамчууд энэ хоёр том гүрний аль алиных нь зэвсэг, техник, арга тактик гээд олон зүйл үлдээж авсан. Батлан хамгаалах чадварын хувьд Зүүн өмнөд Азийн хамгийн чадалтай улс юм. Тиймээс тус улстай батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах өнцгийг анхаарах л асуудлын нэг гэж би хувьдаа бодож байна даа.

-Вьетнамын боловсролын чанар ямар вэ. Хоёр улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцагчдын тоог нэмэгдүүлэх тал дээр тохиролцоонд хүрлээ шүү дээ?

-Манайхан тус улсыг соёл, боловсролын хувьд тааруу, их хоцрогдсон гэсэн ойлголттой байдаг л даа. Вьетнам хүнийг гадна талаас нь хараад дүгнэх аргагүй. Харин дотоод ертөнц рүү нь өнгийвөл их мэдлэг соёлтой улс. Жишээлбэл, энгийн хар бор ажлын хүн гэхэд л улс орныхоо үүх түүхийн маш нарийн зүйлийг гайхалтай сайн мэддэг. Аль XIII зууны Вьетнамтай харилцаж байсан Хубилай хааны үеийн түүхийг гэхэд гайхмаар нарийн юм ярьж байх жишээтэй.

-Манай улсад ажилладаг авто засварын газруудын дийлэнх нь вьетнамчууд байдаг. Энэ удаагийн айлчлалаар хөдөлмөрийн гэрээний санамж бичиг байгуулсан нь тэдний асуудалд төр анхаарлаа хандуулна гэсэн үг үү?

-Хоёр улсын хооронд ажиллах хүчний хөдөлмөрийн гэрээ гэж байгаагүй. Монголд мэргэжилтэй, мэргэжилгүй янз бүрийн вьетнам хүн амьдарч байна. Албан ёсоор ажиллуулахад улсаас эрүүл мэндэд нь анхаарч, нийгмийн даатгалд хамруулах зэрэг хариуцлага байх ёстой. Харин вьетнам авто засварын газруудын тухайд хөдөөгийн ажилгүй шахам хүмүүс голдуу байдаг. Зарим нь Вьетнамдаа энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай хүмүүс байна. Тэд Монголд ирээд авто засварын газар байгуулж, бие биеэ сургаж, амьдралыг нь сайжруулах маягаар дэмждэг. Тэд манай улсыг гадаадаас хуучин машин авдаг, засч унадаг зэргийг сүрхий анзаарч харсан байгаа юм. Тэгээд олон засварын газар байгуулсан.

-Манай Засгийн газрын тэргүүн Вьетнамын дэд Ерөнхийлөгчтэй хийсэн хэлэлцээний дараа Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил “Тус улсаас бэлэн бүтээгдэхүүн түүн дотроо радио электрон, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн импортлох бололцоотой” гэж байсан. Өөр юу, юу авч болох вэ?

-Ер нь энэ улс халуун дулаан бүсийн орон учраас манайд байдаггүй зүйл их бий. Жишээлбэл, кофе тэндээс авбал хамгийн ойрхон зах зээл. Тус улс экспортоор Бразилийн дараа ордог. Мөн чихэр, жимс, цагаан будаа авч болж байна. Зүүн өмнөд Азидаа перцээрээ хамгийн алдартай орон. Эд барааны хувьд жинхэнэ хүр хорхойн мяндсан торго байдаг. Мөн бэлэн хувцас нь чанартай бас хямд.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *