Конго улсын нийслэл Киншаса хотоос зүүн хойд зүгт 130 км-ийн зайтай ойн бүсэд эбола вирусийн дэгдэлт гарчээ. ДЭМБ-ын мэдэгдсэнээр дөрөвдүгээр сарын 22-ноос хойш эбола вирусийн есөн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, нэг хүн халдвар аван нас барсан нь шинжилгээгээр батлагджээ.
2014 оноос хойш хоёр жилийн хугацаанд Баруун Африкийн гурван улсад эбола вирусийн дэгдэлт гарч 11 мянга гаруй хүн амиа алдсан билээ. Конго улсад мөн уг вирусийн дэгдэлт 2014 онд гарч байсан бөгөөд 40 гаруй хүний аминд хүрсэн юм. Тус улсын Засгийн газрын мэдэгдсэнээр дэлхий нийтийн эрүүл мэндийг хямралд хүргэж болзошгүй уг өвчний асуудлыг шийдвэрлэх нэн шаардлагатай байгаа бөгөөд ДЭМБ-тай хамтран вирусийн тархалтыг зогсоох арга хэмжээг эрчимжүүлж байгаа аж.