Нийслэл хотод хавар, намартаа хоёр удаа зохиогддог номын яармаг худалдаа өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна. Маргааш мөн үргэлжилнэ. Жил ирэх тусам хүмүүсийн сонирхлыг татах болсон энэхүү үзэсгэлэн худалдаа ажлын өдөр болж буй ч хүн ихтэй байлаа. Энэ жил 21 дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус арга хэмжээг “Номын соёлт ертөнц” ТББ болон “Эмпати ертөнц” ХХК-аас зохион байгуулж байгаа бөгөөд Турк, Америкийн Элчин сайдын яамныхан энэ жил тусалж дэмжин оролцож буй аж.
Баярын гол онцлог нь уншигчид зохиолчтойгоо уулзаж гарын үсэгтэй номыг нь дэлгүүрийн нэмэгдэл үнэгүйгээр авдагт оршдог. Тэр болгон таараад байдаггүй алдартай эрдэмтэд, зохиолчид уншигчидтайгаа уулзахаар ширээнийхээ ард сууж байдаг нь сайхан соёл болон манайд хэвшиж буй юм. Тухайлбал, Го.Аким, Г.Мэнд-Ооёо, До.Цэнджав гээд цагийг эзэлсэн аваргууд даруухнаар номын тамгаа дараад, хүн бүрийн асуусанд хариулан эедэгхэн инээмсэглэн суух нь хаврын өдрүүдийг зунтай золгуулдаг цэнхэр яргуй энд тэнд ургасан байдаг шиг сонин сайхан харагдана.
Залуу зохиолчдоос Т.Бум-Эрдэнэ, Д.Энхболд хоёр нэг ширээн дээр номнуудаа дэлгэн ямар нэг юм хоорондоо булагнан бувар бувар хийн сууж байсан бол хажууд нь агуу их Г.Аким гуай ганцаарханаа юу ч болоогүй юм шиг хүмүүсийн ганц нэг асуултад хариулчихаад “Өнөөдөр ажлын өдөр болоод хүн бага байх шиг байна” хэмээн сэлүүхэн сууж байв.
“Самар хатан” роман нь бестселлер болоод буй Бямбаагийн Сарантуяа зохиолч, саяхан шинэхэн “Хотол цагаан гүнж” номоо өлгийдөн авсан Шүүдэрцэцэг зохиолч, Амай гээд хэзээний л олны танил зохиолчид өөрсдийн номоо худалдаалж байлаа.
Энэ жилийн номын баяр өмнөх жилийн баяруудаас өргөн хүрээнд болж буй нь асруудын тоо олон байгаагаас харагдаж байв. Шинэ номын худалдаатай зэрэгцээд хуучин номын худалдаа өргөн дэлгэр байгаа нь харагдана. Б.Явуухулан, Ц.Гайтав гээд хуучны зохиолч, яруу найрагчдын бүтээлүүдтэй хаа сайгүй тааралдана. Гадаад хэл дээрх номууд ч багагүй зай эзэлж байв. Үнийн хувьд хүүхдийн ном харьцангуй хямд 3000-10.000 төгрөгийн үнэтэй байсан бол сүүлд гарсан Эрдэнэсийн сан 108 цувралын зузаан үлгэрийн номууд 20.000 төгрөгийн ханштай байлаа. Бүх л номнууд дэлгүүрт төлдөг 30 хувийн шимтгэлгүй худалдаалагдаж байгаа учир тухайлбал 25.000-ын ном 20.000 төгрөгөөр худалдаалагдаж байв.
Ингээд зарим зохиолчдоос номын баярын сэтгэгдлийг нь сонслоо.
Зохиолч, шүүмж судлаач П.Батхуяг: Номонд тэмүүлсэн залуус ирээдүйн сайн сайханд итгэсэн чин зорилготой болдог. Тиймээс энэ арга хэмжээ бол хүмүүсийг улам номонд дуртай болгож, өөрсдийн амьдралыг номын ертөнцөөр дамжуулан гэрэл гэгээтэй болгох үндэс суурийг тавьж буй учир номын баярт би оролцох дуртай. Бас анд нөхөд, дүү нар, зохиолчидтойгоо уулзах дуртай. Нэг үгээр олон баяруудаас онцгой нэг баяр гэж боддог. Ном түүнтэй нөхөрлөсөн он жилүүдэд оршиж байна гэдэгт би итгэдэг. Энэ арга хэмжээ монголын өнцөг булан бүрт зохион байгуулагддаг, хөдөө орон нутгаас ирдэг хөлтэй, хөөртэй баяр болоосой гэсэн чин хүсэл, эрмэлзэлтэй байдаг даа.
Зохиолч Шүүдэрцэцэг: Урьд урьдын баяраас гайхамшигтай сайхан болж байна. Юуны өмнө хүүхдүүдээ ном уншаачээ гэхээсээ илүү орчин үетэйгээ хөл нийлүүлэх хэрэгтэй. Энэ сайхан дуу хуур хангинасан орчинд кофе уугаад дуртай номоо үзээд явахад үнэхээр таатай байдаг. Миний сонссоноор иргэншсэн том орнуудад дэлхий даяар мэддэг номын яармагууд болдог. Жишээ нь: Мюньхен, Бээжин хотын яармагуудыг дурдаж болно. Дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс ирж ном худалдан авдаг. Энэ удаад Турк, Казакстан зэрэг улсууд оролцож буй учир цаашдаа Мюньхен хотын номын баяр шиг болоосой гэж ном бүтээгч хүний хувьд бодож байна.
Зохиолч Го.Аким: Энэ баяр жилд хавар, намар хоёр удаа болдог. Энэ жилийн баярын онцлог нь гадаадын байгууллагууд их оролцож байна. Турк болон Америкийн Элчингийнхэн тусалж дэмжиж оролцож байна. Тиймээс номын баяр маань өргөжиж байгаа юм байна гэж бодож байна. Жилд хоёр удаа зохиогч нь уншигчаа хардаг баяр юм шүү дээ.
Энэ жилийн хүмүүсийн худалдан авалт арай бага байх шиг байна. Энэ нь хямралтай холбоотой байх. Бас өнөөдөр ажлын өдөр болохоор хүн цуглаагүй байна. Уг нь хагас сайн өдөр байсан бол сайн цугладаг юм.
Энэ номын баярт би хадны зургийн чиглэлээр өмнө нь гаргасан “Туульс хайлдаг уулс” номоо авчирлаа. Мөн “Зуун жилийн ганцаардал” номоо 10.000 төгрөгөөр худалдаалж байна. Хамгийн сүүлийн номоо өнөө өглөөхөн хэвлэлтээс авлаа. “Тэнгэрээс залрагсдын мөрийг тэнгэрийн хүүхдийн наадгайгаар мөшгив” гэж номоо өөр гаригаас ирж байсан хүмүүсийн тухай дүрсэлсэн хадны зургаар гаргалаа. Эдгээр зургууд нь бүгд манай говьд байж байна. Манайхан бөө гэж үздэг. Зургийг нь харахаар үнэн юм шиг байгаа юм. Гадаадын эрдэмтдийн 20-иод ном, оросын 10-аад ном, мөн монголын хэдэн ном уншиж, судалж баталгаажууллаа.
О.ӨНӨР