Жил бүрийн Хэнтий аймгийн баяр наадам дээр мөнгөн хэрэглэлтэй эмээл хазаар, гоё сайхан монгол хувцсаараа гангарсан морьтой эмээ Хишигням гуайг хүн бүр л танина. Тэрээр одоо наян насны сүүдэр өнгөрч яваа. Өөрийгөө морь унаж өдий хүрсэн маань намайг ингэж өндөр наслуулж байгаа юм гэж бахархан ярина. Хишигням гуай 12 настайгаасаа аавтайгаа хоёулаа амьдарч “эргэн сэтэрхийн” элсэн дээр даага сургаж адуун дээр өссөн гэдэг. Эмээ залуудаа 12 хүүхэд төрүүлж өсгөсөн “буянтай ээж”. Морь унах эрүүл мэндэд эм болдгийг биеэрээ үзүүлж байгаа хүн. Адуун дээр өссөн Хишигням гуайн сэтгэлд төрийн наадамд алтан жолоогоо өргүүлсэн шарга азарга нь мөнхөд гэрэлтэх зул ажээ.
1943 оны Хэнтий аймгийн наадмын шүдлэнгийн цуваанд Баянхутаг сумын Төгсийн Балжиннямын шарга түрүүлсэн гэж бий. Энэ үрээ азарга болж Ардын хувьсгалын 29, 30 жилийн ойн их баяр наадамд Хишигням охин унаж 4, 5-д хурдлуулан жил дараалан айрагдаж Төгсийн Балжиннямын шарга гэж нэршсэн түүхтэй. Галшарын Дагмид-Очир мээрэнгийнхээс НАХ хэлтсийн хураагуулд ирсэн хонгор гүүний шарга унага ийнхүү эзэн хүнээ, ус нутгаа алдаршуулсан түүхтэй ажээ.
Хойтон жил нь сумын хэсэг уяачид наадахаар нийслэлийг зорьж. Эдгээрийн даамал нь өөрөөр хэлбэл үгийг нь сонсч, асууж, эмээж зөвлөгөө авдаг их уяач “шаазан” хэмээх Хасын Шарав явжээ. Уяач Т.Балжиннямын хурдан шарга ч гурав дахь удаагаа төрийн наадамд айрагдах итгэлтэй явсан нь аргагүй биз. 1949 оны Хэнтий аймгийн наадамд соёолон насандаа айргийн тавд цоллуулсан саарал азаргаа Содномын Гомбо бас уяж яваа. Уяаны замд бүхий л давхилдаа шарга азарга Хишигням охин хоёр түрүүлж ард нь морины завсаргүй ирдэг саарлын эзэнд төрийн наадамд айрагдчих итгэлийн зул үе үе бадамлаж байсан болов уу?
Шарга азаргаа охин Б.Хишигням нь гурав дахь жилдээ айрагдуулах гэж байгаа нь энэ. Наадмын өглөө олон жил айрагдсан хашир унаач энэ охинд саарал азаргыг унаж яваа балчир хүү Гомбын Артсэдийг хөтөлж эргүүлэх давхар үүрэг даалган мордуулцгаажээ. Хашир унаач Б.Хишигням дээхнүүр эргээд л саарал азаргаа хөтөлсөөр цээжинд гардгаараа гараад л ирж. Саарал азарганыхаа хүүхдийг “амаа ингээд тэгшхэн бариад яваарай” гээд хөтөлгөөгөө тавив. Эхний хэдэн азарганы өнгөнд Айдасын даваа даваад уруудтал шарга азарганы хүзүүн дээр эмээл нь гарч Хишигням охин уначихгүйн эрхэнд хойд дээрээ сууж жолоогоо татав. Саарал азаргатай Артсэд хүү өнгөнд явсаар түрүүлэх нь тэр. Ингэж будилсаар шарга азарга 9-д оржээ. Орой нь Хишигням охин саарал азаргыг сайн эргүүлж өгсөн гээд уяач Содномын Гомбоос шагнал авч өөрөө түрүүлсэн юм шиг баярлаж байсан гэж өөрөө ярьдаг юм.
Гэтэл аав Төгсийн Балжиннямд “шаазан” Шарав гуай — “ чи гурван жил айрагдах азаргыг айрагдуулсангүй. Өдий болтол морь эмээллэж сураагүй юм бол Хишигням охиндоо өөрөө морио эмээллээд уралдаарай гэхгүй яасан юм бэ дээ” гэж зэмлэж байсан гэдэг.
Аав Төгсийн Балжинням нь зарим зун морио уяад гэрээсээ гараад олон хоног сараар наадамд явчихдаг байж. Хишигням охин хамт л явна. Алдарт хурдан шаргын удам нутгаасаа гадна Төв аймагт “дулаан” Дамдинжав, Дундговийн Дэрэн сумын Цэрэнчимэд гээд олон уяачдад таржээ. Алдарт шаргыг унаж өссөн Хишигням гуай наадам дээр мортойгоо гангарч морьтны соёлын гайхамшгийг үзүүлсээр явдаг хүн. Тэрээр онцолж “миний эрүүл, саруул өдий хүрсэн маань морины минь ач буян шүү” гэж сургадаг юм. Мортой эмээгийн үг өнөөгийн бидэнд, монгол түмэнд удамших болтугай.
“Өдрийн сонин”-ы орон нутаг дахь тусгай сурвалжлагч Н.Санжаадорж