Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан: Төрийн албан хаагчийг зөвхөн шүүхийн шийдвэрээр халж сольдог байя

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Төрийн албаны тухай шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд асуулт асууж өөрсдийн байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Энэ хууль бол маш чухал хууль юм. Яагаад гэвэл олон төрийн албан хаагч сонгуулийн дараа ажлын байр нь тогтворгүй боллоо гэж УИХ-д өргөдлөө гаргадаг. Тэр битгий хэл заримынх нь амьдрал эрсдэлд орж, амь насаа егүүтгэх явдал ч гарч байна. Ямар ч нам гарсан төрийн албан хаагчид халагдаж солигддог энэ жишиг үргэлжлээд олон арван жил боллоо. Төрийн албаны зөвлөл гэж байгууллага байгаа. Даргыг нь таван жилийн хугацаагаар томилдог. Энэ зөвлөл ялсан намын үүрэг даалгаврыг шууд биелүүлдэг байгууллага болсон. Тодорхой хувь нь мэргэжлийн ёс зүйгээ барьдаг байх. Хэд хэдэн хэлэлцүүлэг хийхэд олон залуус бид айдастай байна, шинэ дарга ирвэл бид ажлаас халагдаж зээлээ төлж чадахгүйд хүрэх вий гэж айж байна. Төрийн албаны зөвлөлийг эрх баригчид дураараа сольж халдаг байх юм бол бид энэ хуулийг хэлэлцээд ямар ч нэмэргүй. Төрийн албыг улстөрөөс хэрхэн хараат бус болгох вэ гэдгийг ярилцах хэрэгтэй.

Миний тодорхой санал бол төрийн албан хаагчдын улстөрийн албан хаагчдыг эс тооцоод захиргааны болон тусгай албан хаагчдыг зөвхөн шүүхийн шийдвэрийг үндэслэж халдаг байя. Даргын шийдвэрээр халдаггүй байя. Төрийн албыг төрлийн алба юм уу намын алба болгож ашиглахаа больё.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Танхимд яг одоо 12 хүн сууж байна. Уг нь бид төрийн албаны тухай ярихдаа дээрээс нь эхэлмээр байгаа юм. Эмч,багш бол тэртээ тэрэнгүй ажлаа хийгээд явж байгаа шүү дээ гээд төмөр замын талаар 100 тэрбумын асуудлыг би гаргаж тавьсан. Ч.Хүрэлбаатар гишүүн намайг гүтгэлээ гэж байна. Би ерөөсөө буруу юм яриагүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *