Categories
мэдээ цаг-үе

Монголын анхны балетчдын нэг Ю.Цэрмаа гуайнд өнжлөө

Монгол Улсаас хамгийн анх ОХУ-ын Пермь хотын бүжгийн сургуулийн балетын ангийг төгссөн, Монголын анхны балетын бүжигчдийн нэг Ю.Цэрмаа гуайнд өнгөрсөн амралтын өдөр хөөрөлдөж өнжлөө. Түүнийг театрын зураач, дөчин мянгатын Ц.Зоригт хэмээх эрийн үзэсгэлэнт гэргий, алдарт балетчин Ю.Цэрмаа гэвэл социализмын үеийнхэн бүр ч андахгүй. Энэ гэр бүл болоод, Ю.Цэрмаа гуай 70, 80-аад оны жинхэнэ сонгодог урлагийн од байсан юм билээ. Эднийх одоо ч дөчин мянгатын гурван өрөө байранд үр ач нарынхаа хамт аж төрж байна. Социализмын алтан үеийнхний тэргүүн эгнээнд явсан сонгодог урлагийн гэр бүл болох Ц.Зоригт гуайнх З.Уянга хэмээх ганц охинтой. Охин нь аавыгаа дуурайн уран зураг сонирхож, Дүрслэх урлагийн сургуулийг дүүргэж, ОХУ-ын И.Е Репиний дүрслэх урлагийн академийг төгссөн бөгөөд одоо СУИС-д багшилдаг.

Энэ гэр бүлийнхэн ОХУ-д наймаас, арав гаруй жил суралцсан хүмүүс болоод ч тэр үү, амьдралын хэв маяг, аж байдал нь орос маягийн айл бөгөөд ихэвчлэн орос хоол унд хэрэглэдэг аж. Мөн аав, ээж охин гурав өөр хоорондоо оросоор голдуу ярилцчихдаг байсан гэнэ. Бид болзсон цагаасаа яльгүйхэн хоцорч очоод З.Уянга эгч рүү утас цохиход тэр даруй утсаа авч, орцныхоо кодыг хэлж өгөөд, аль хэдийн хаалгаа дэлгэчихсэн зогсож байлаа. Түүний зээ охин зураг авахуулна гээд гоёлын даашинз, ганган туфлиэ өмсөөд үсээ гоёчихсон

Ц.Зоригт, Ю.Цэрмаа нар. Дэлгэр мөрөн гол. 1961 он

Зочны өрөөнд ороход ширээ засаад, салат зууш хоол бэлтгээд өрчихсөн, шарах зууханд тахиа шарж байна. Хоол, зууш, дессерт сайхан амттай юм. Түүнийг багад аав, ээж нь ихэвчлэн завгүй байдаг тул З.Уянга эгч багаасаа ийнхүү олон төрлийн хоол унд хийж сурсан бололтой. Түүний нөхөр “Цонжин болдог”-ийн морьтой хөшөө болон “Маамуу нааш ир”-ийн хөшөө зэргийг барьсан зураач, барималч Б.Эрдэнэбат гэж эрхэм бий. Эднийх ихэвчлэн зуслангийн байшиндаа амьдарцгааж, өвлийн цагаар 40 мянгатын байрандаа ирдэг юм байна. Биднийг очиход гэрийн эзэн зусландаа уран бүтээлээ хийж байгаа гээд эзгүй байлаа. Б.Эрдэнбат гуайнх хүү охин хоёртой, хоёр хүүхэд нь мөн аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн зураачид болсон бөгөөд “Blue moon”-ийн “Арт галерей”-г ажиллуулдаг юм байна.

СУИС-ийн оюутнууд сургуулиа төгсөхдөө Ю.Цэрмаа гуайн амьдрал, уран бүтээлээр дипломын ажлаа хийж, эрдмийн зэрэг хамгаалах болжээ. Учир нь тэрээр Монголын балетын урлагийн анхдагчдын нэг бөгөөд алтан үеийнхнээс үлдсэн гарын хуруунд багтах хэдхэн хүний нэг. Бас түүний амьдралын замнал ээдрээтэй хэрнээ сонин, гунигтай бас азтай хувь тавилангийн түүхтэй юм. Ю.Цэрмаа гуай 1944 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт Гонгор хэмээх айлд мэндэлжээ. Түүнийг гурван настай байхад ээжийнх нь бие өвдөж, тэмээн жингээр Нийслэл хүрээнд ирээд эмнэлэгт үзүүлэхэд эмчилгээ хийх боломжгүй гээд нутаг буцсан байна. Тухайн үед анагаах ухаан хөгжөөгүй байсан тул насгүй болсноо мэдэхээс өөр хийж чадах зүйлгүй үе байж. Ингээд тэрээр том охин болох Ю.Цэрмааг эгчдээ, бага охиноо эмэгтэй дүүдээ өргүүлснийхээ дараахан бурхан болжээ. Ю.Цэрмаа гуай “Морьтой ч болоосой” Монголын уран сайхны кинонд тоглосон МУГЖ Г.Батсүхтэй эцэг нэгт ах дүү юм байна. Г.Батсүх гуай Гонгор гэж хүний анхны эхнэрээс гарсан хүү байсан тул ахтайгаа харилцаа холбоотой байжээ. Тэдний аав Гонгор, Ю.Цэрмаа гуайн ээжээс хойш дахиж хүнтэй гэрлээгүй бөгөөд нэг охин өргөж аваад нутагтаа аж төрж 90 гаруй наслаад бурхан болжээ.

Ю.Цэрмаа гуай өөрөө ч мэдэлгүй есхөн настайдаа балетын урлагтай амьдралаа холбосон түүхтэй. Түүнийг нийслэлийн хоёрдугаар сургуулийн гуравдугаар ангид сурч байх үед нэгэн өдөр орос, монгол хоёр хүн ирээд хүүхдүүдийн хөл, гарыг өргүүлж үзэж, хөгжмийн аянд нааш, цааш алхуулж байгаад л хэдэн хүүхэд сонгож авсны нэг нь Ю.Цэрмаа гуай. Сонгосон хүүхдүүдээ эрүүл мэндийн үзлэгт оруулахад тэнцчихэж, ингээд 1953 оны арванхоёрдугаар сарын сүүлээр вагонд суугаад ОХУ руу явжээ. Хаа хүрэхээр, юунд явж байгаагаа ч огт мэдээгүй вагонд сууцгаагаад маш удаан яваад л байсан гэнэ. Очоод охид, хөвгүүдээрээ тус тусдаа орос хүүхдүүдийн хамт дотуур байранд амьдарч сургуульдаа оржээ. Анх удаагаа “Хунт нуур” жүжгийг үзээд л ийм хүн болох юм байна гэж учрыг ойлгосон гэнэ. Тухайн үед манай улсаас 14 хүүхэд тэнд очсон бөгөөд дараа жил нь Монголоос мөн 14 хүүхэд Ташкентад сонгодог бүжгийн сургуульд сурахаар явсан түүхтэй. Ю.Цэдэнбал дарга бодлогоор хүүхэд залуусыг олон улсын нэр хүндтэй сургуулиудад сонгодог урлагийн чиглэлээр суралцуулж, алтан үеийнхнийг төрүүлсэн түүхийн нэгэн жишээ энэ юм байна.

Түүнийг өргөж авсан Юндэндоо гуайнх Хөвсгөлд байж. Тэнд зуныхаа амралтаар очоод үдэшлэгт орж байгаад Цэрмаа гуай ирээдүйн нөхөртэйгөө танилцжээ. Түүний хань Ц.Зоригт гуай тухайн үед Хөвсгөлийн цэргийн ангийн дарга байсан, Хурандаа генерал Цэрэндорж гэж хүний хүү байжээ.

Тэднийг 18 нас хүрээд сонгодог бүжгийн сургуулиа төгсөх гэж байхад нь нэг залуу усанд осолдож, нэг залуу сургуулиас хасагдсан байна. Тиймээс энэ хоёрын оронд Ц.Сэвжид, Н.Баатар гэх хоёр залуу очиж байж. Н.Баатар нь балетын бүжигчин болсон бол нэг нь балет чадахгүй гээд буцаж байсан нь Ардын жүжигчин, Төрийн шагналт, XX зууны манлай бүжиг дэглэгч Ц.Сэвжид гуай байжээ.

Тухайн үед балетын бүсгүйчүүд хотын гудамжаар алхахад хүн бүр эргэж хараад л, залуус дурлаад л бусдаас тогос шиг ялгардаг байсан гэнэ. Харин одоо бүх л охид нэгнээсээ ялгарахааргүй гоё болсон байна шүү гэж Ю.Цэрмаа гуай ярилаа. Балетын сургуульд явж байсан 14 хүүхдээс амьд сэрүүн байгаа нь Т.Баянжаргал, Н.Баатар, Х.Цэцэгмаа болон Ю.Цэрмаа гуай ажээ. Оюутан байхдаа 500 рублийн цалинтайгаас 350 рублийг хоолны мөнгөнд төлөөд үлдсэнээр нь тансагхан л амьдардаг байсан бөгөөд тэд монгол бичиг сайн мэддэгийн дээр орос, франц хэлтэй мэргэжлийн балетчид болоод төгсөж ирцгээжээ. Ирээд бүгд л дуурийн театрт 900 төгрөгийн цалинтайгаар ажиллацгааж эхэлсэн байна. Балетын гол дүрийн бүжигчид хүүхэд төрүүлэх хориотой байдаг ч Ю.Цэрмаа гуай цалингаараа торгуулж, загнуулж шийтгүүлж байж ганц хүүхэд төрүүлсэн нь З.Уянга аж. Дэлхийн алдартай балетчид нэг ч хүүхэд төрүүлээгүй амьдралаа бүхэлд нь балетын урлагт зориулсан байдаг юм байна.

Тухайн үед хүүхдээ төрүүлчихээд л 14 хоногийн дараа ажилдаа орж байжээ. Өдөр бүр тоглож, өдөрт гурван өөр тоглолтын гол дүрээр гарч тоглолтын үеэр эргэж байхдаа хөлөө мэдрэхээ больчихсон байх үе ч байж. Энэ нь сонгодог урлаг тэр дундаа балет үзэгч ихтэй, ард олныг сонгодог урлагаар хүмүүжүүлдэг үе байсантай холбоотой гэнэ. Ю.Цэрмаа гуай 22 жил дуурийн театрт тоглоод улсын даалгавраар тухайн үеийн соёлын сургууль болон циркт бүжгийн багшаар зэрэг ажиллаж байгаад 1991 онд зээ нь төрөхөд зээ хүүгээ харахаар бүх ажлаа орхижээ.

Ю.Цэрмаа гуай ярихдаа “Хүүхдүүд их хөөрхөн, яг үнэн сэтгэлээс тоглолтонд орчихдог. “Цэнхэр нүдэн бүсгүй” тоглож байхад л хөөе, хөөе араас чинь барьж авлаа гээд л хашгирна, үзэгч хүүхдүүдийн цайлган зан их сайхан сэтгэгдэл төрүүлдэг байж билээ” гэв. Ц.Зоригт гуайнх Б.Дорж генерал, Хөгжмийн зохиолч Ц.Намсрайжав, С.Зориг агсны аав Санжаасүрэн, хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа зэрэг айлуудтай ах дүү шиг харилцаатай хөршүүд байжээ. З.Уянга ярихдаа “Санжаасүрэн гуайнх яст мэлхий тэжээдэг айл байсныг тод санадаг. Надад нэг яст мэлхий бэлэглэж байсан юм. С.Оюун бид хоёр гадаа их тоглоно. С.Оюун надаас нэг дүү хэрнээ бараг дөрөв, таван настайгаасаа уншиж бичдэг мундаг хүүхэд байж билээ. Ээж нь Доржпалам гээд намайг эмчилдэг, эмчээр ажилладаг, эрүүл мэндийн сургуульд багшилдаг гоё эмэгтэй байсан” гэлээ.

Охин З.Уянга

Энэ үеэр Ц.Зоригт, Ю.Цэрмаа нарын охин СУИС-ийн дүрслэх урлаг график дизайны танхимын багш З.Уянгатай ярилцлаа.


-Танд балетын сэдэвтэй нэлээд бүтээл байна. Балетын урлагийг харж, мэдэрч өссөнийх байх. Балетчин болно гэж бодож байв уу. “Жизель” гэх томоохон бүтээлийнхээ тухай сонирхуулаач?

-Багадаа балетын бүжигчин болно гэж боддог байсан ч ээж энэ урлагийн хүнд хэцүүг мэддэг учраас зөвшөөрөөгүй. Харин аав маань миний охин авьяастай, чадна гээд дүрслэх урлагаар явуулсан. Ээждээ зориулж балетын сэдэвтэй дөрвөн ч үзэсгэлэн гаргасан. Ээж баруун солгойгүй 32 эргэдэг бүжигчин. Баргийн балетчид ингэж эргэдэггүй. Балетчид техник сайн байхаас гадна жүжиглэх авьяастай нүдээрээ үйлдлийг илэрхийлэх ёстой байдаг. Ээж маань энэ бүгдийг эзэмшсэн хүн. Би түүхийн болон бүх сэдвээр бүтээлээ гаргадаг ч балетын урлагтай ойр байсны хувьд “Жизель”-ээс сэдэвлэсэн “Зүүд” бүтээл маань хоёр метр өндөр, төмөр бар аргаар урласан дэлхийд маш ховор бүтээл. Бар зураг бол хүнд, баргийн зураачдын хийдэггүй сэдэв. Энэ бүтээлээ өнгөрсөн жил төрийн шагналд нэр дэвшүүлсэн.

-Сонгодог урлагийн ач холбогдлыг та юу гэж ойлгодог вэ?

-Сонгодог урлагаар хүмүүжсэн хүн сонгодог л байна. Сонгодог хувцас хүртэл хэзээд хоцрогдсон харагддаггүй шүү дээ. Моодны хувцас авлаа гэхэд нэг жилийн дараа өмсвөл ичмээр харагдана. Сонгодог урлагаар хүмүүжсэн хүн хариуцлагатай, дэгтэй журамтай, цаг барьдаг, аливааг байж болох хамгийн сайн, зөвд тултал хийдэг, уйгагүй хөдөлмөрч болсон байдаг. Тиймээс улсын хар хайрцагны бодлогоор хүүхэд, залуусыг сонгодог урлагаар хүмүүжүүлж байсан. 1990 оноос хойш энэ бодлого алдагдсан. Социализмын үеийн хүмүүс ажил тасалдаггүй, худлаа хэлдэггүй шүү дээ гэлээ.

Ю.Цэрмаа гуай Ардын жүжигчин, ХХ зууны манлай балетчин Ю.Оюунд өөрийн дүрээ зааж өвлүүлж үлдээжээ. Тэрээр дуурьт ажиллаж байхдаа Төрийн шагналт, Ардын жүжигчин, ХХ зууны манлай циркчин, уран нугараач Б.Норовсамбуу гуайтай гадны олон орноор тоглолтоор явдаг байсан аж. Ю.Цэрмаа гуай 1973 онд МУГЖ болжээ. Харин 1971 онд “Дон Кихот”-ыг тоглоход нөхөр Ц.Зоригт нь тайзны зураачаар ажиллаж, Ю.Цэрмаа гуай гол дүрд тоглосон нь энэ гэр бүлийн том дурсамж. Энэ үеэр Баянхонгороос илжиг морь хоёр авчирч тоглуулж байсан нь дуурийн театрын түүхэнд амьд амьтан тоглуулсан анхны бөгөөд цор ганц тохиолдол гэнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *