Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан мэдээгээр одоогоор хоёр аймаг түймэртэй байна. Тодруулбал,
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн Шар жалга гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлага энэ сарын 26-нд тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу 10 албан хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 30 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Богдхан-Уулын Нүхтийн-Ам гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлага энэ сарын 26-нд ирж, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 55 албан хаагч, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, цурманд оруулсан аж. Одоогоор цурмыг манаж буй байна. Түймэрт 8 га орчим талбай өртжээ.
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Ивэн багийн Хавчуу гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 27 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын .28-нд ирж, Орхон, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, орон нутгийн 38 иргэн, нийт 62 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн Ар-Бэрх гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 36 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлага мөн энэ сарын 28-ны өдөр ирж, тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 53 хүн, нийт 65 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.