УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.
Төсөлд зөрчил үйлдсэн хүнийг долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар тусгай зориулалтын байранд саатуулахыг баривчлах шийтгэл гэнэ хэмээн тодорхойлсон бөгөөд баривчлах шийтгэлийг шүүгч оногдуулж, баривчлах шийтгэл эдлүүлэх журмыг хуулиар тогтоохоор тусгах саналыг Ажлын хэсгээс оруулжээ. Шүүх баривчлах шийтгэлийг энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд оногдуулах ба жирэмсэн эмэгтэй, арван дөрөв хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг, эх, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, баривчлах шийтгэл эдлүүлэхэд саад болохуйц өвчтэй хүнд оногдуулахгүй юм байна. Дээр заасны дагуу баривчлах шийтгэл оногдуулахгүй тохиолдолд нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож торгох шийтгэл оногдуулж болно хэмээн тусгажээ. Хуульд заасан тохиолдолд баривчлах шийдвэрийг биелүүлэхийг хойшлуулж болох бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед саатуулагдсан хугацааг баривчлах шийтгэл эдлүүлэх хугацаанд оруулан тооцно хэмээн баривчлах шийтгэлтэй холбоотой саналыг томьёолсон байна. Энэхүү саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм.
Түүнчлэн Ажлын хэсгээс хуулийн төсөл дэх Албадан сургалт гэсэн зүйлийг өөрчлөн найруулах саналыг гаргажээ. Ажлын хэсгээс, Шүүх баривчлах шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэн хүнд албадан сургалтад хамруулах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно. Албадан сургалтыг баривчлах шийтгэлийг эдэлж байх хугацаанд эрх бүхий байгууллага хэрэгжүүлнэ. Албадан сургалт арван цагаас тавин цагийн хугацаатай байна. Апбадан сургалттай холбоотой харилцааг хуулиар зохицуулна хэмээн найруулах санал гаргасныг Хууль зүйн байнгын хороо дэмжсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи мөн дэмжсэн.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танхайрах үйлдэлтэй холбоотой зүйлийг өөрчлөн найруулах санал гаргасныг олонхи дэмжсэн.
Ингээд төсөлд, Олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэсэн, бусдыг өдөөн хатгасан, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан, олон нийтийг үл хүндэтгэсэн бол, түүнчлэн үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна хэмээн тусгахаар боллоо.
Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Түр хамгаалах байрны журам зөрчиж нэвтэрсэн бол хүнийг хоёр зуун нэгжгэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Түр хамгаалах байрны зориулалтыг өөрчилсөн, эсхүл хуульд зааснаас өөр зориулалтаар ашигласан бол хүнийг нэг зуун нэгжгэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжгэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналыг гишүүдийн олонхи дэмжлээ.
Мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарласан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар тусгасан санал гишүүдийн дэмжлэгийг авсан.
Хуулийн төслийг дараагийн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.