Categories
мэдээ цаг-үе

Засгийн газрыг огцруулах хэмжээнд тулсан долоон концесст юу багтав

Хаврын урь орьж ханш нээгдэхтэй зэрэгцэн улстөрчдийн “ханш” давхар нээгддэг нь жам шахуу болчихсон зүйл. Үүний баталгаа нь Ман-ынхны хоорондын цусгүй тулаанаас харагдана. Ман-ынхан асуудлаа бүлэг дотроо чимээгүйхэн ярилцаж гадагшаа хэрүүлийн алим шиддэггүйгээрээ бусад намуудаас ялгаатай. Үүнийгээ ч шагшин ярих нь олонтаа. “Сархад савнаасаа бусдыг дийлдэг” хэмээх үг бий. Үнэн хэрэгтээ Ман-ынхан албан тушаал, концессын төслүүдээс үүдэн нам доторх хэрүүл нь савнаасаа хальчихаад байгаа нь хаврын хахир өдрүүдэд хачир болж ч байх шиг. Ц.нямдорж нарын зарим гишүүд УиХ-ын дарга М.Энхболдыг Ерөнхийлөгч болон дэвшээд явчихвал парламентын танхимын хоймор дахь суудалд тухлах хүсэл их бий. Энэ нь ч сүүлийн саруудад илүүтэй мэдрэгдэж сав л хийвэл намынхнаа намнах болсноос тод харагдана. намаасаа санал нэгтэй дэмжиж Ерөнхий сайд болгосон ж.Эрдэнэбатыгаа “аймгийн засаг дарга” хэмжээнийх гэж шүүмжилж, эр бяраа харуулна. засгийн газрын тэргүүн ч түүнийг “УиХ-ын дарга болох гэж ингэж байгааг тань мэдэж байна” гэдгийг нь хүртэл бүлгийн хурал дээрээ хэлээд амжсан гэдэг. Концессын төслүүдийн хэрүүлд оролцсон УиХ-ын гишүүн Х.Болорчулуун “Засгийн газрыг огцруулах асуудлыг оруулж ирнэ” хэмээн мэдэгдчихсэн.

Энэ хаврын улс төр нам хоорондын гэхээсээ илүүтэй эрх баригчдын дотоод зөрчил давамгайлж байна. МАН-ын гишүүдийн ярьж байгаагаар Засгийн газар Их хурал тэр дундаа бүлгийн гишүүддээ хэлэлгүй сайд нар нь концессыг хувааж “идэх” гэж байна хэмээн ихэд бухимдаж байгаа бололтой юм. Эрх баригчдын хүслээр бол бүгдээрээ хувааж идэх ёстой гэж уншигдаж байна.

Сангийн яам, Үндэсний хөгжлийн газрынхан хэрүүлийн алим тариад буй концессын жагсаалтыг МАН-ын гишүүдэд ч бүрэн тарааж өгөөгүй гэдэг. Учир нь Засгийн газрын гишүүдэд хамаатай гэдэг нь доорх концессын жагсаалтаас харж болохоор. Ихэд нууцлаг маягаар явж байгаа гэхэд болно. МАН-ынхныг талцуулсан Засгийн газарт багтсан сайд нар өөрсдөө хувааж авсан гэх концессын төслүүдийг танилцуулъя.

Концесс 1

Засгийн газраас баталсан концессын жагсаалтын эхэнд 2016 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар баталсан барих, шилжүүлэх гэрээтэй 148 дугаар бүхий концесс байх юм. Энэ өдрийн Засгийн газрын хуралдаанаар уг нь албан тушаалтнууд гар утасныхаа төлбөрийг өөрсдөө төлөх, тэмдэглэлт ой, баяр ёслолд Засгийн газрын нөөцөөс хөрөнгө гаргахгүй байх, цалин, тэтгэмжтэй холбоотой өр төлбөрийг эцэслэх зэрэг асуудлуудыг шийдэхэд хамтад нь шийдсэн байна. МАН-ын гишүүд хувийн компанид мөнгө зарцууллаа хэмээн орилж байгаа ч тэр үед үгээ хэлээд явах боломжтой байж. Уг концесс нь “Оюу толгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц”-ын төсөл. Нэг үгээр хэлбэл, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барина гэсэн үг. Барьж дууссаныхаа дараа Засгийн газар мөнгийг нь төлөх учиртай. Энэхүү концессын төсөвт өртөг нь 32 сая 231 мянга, 104 ам.доллар. Үүнийг төгрөгт шилжүүлэн тооцвол 78 тэрбум 752 сая төгрөг болж байна. Гүйцэтгэгч компани нь Монголын алт компани буюу МАК ХХК аж. МАК компанийг УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Н.Номтойбаярынх гэдгийг хэлүүлэлтгүй бүгд мэднэ. Ерөнхий сайдыг “МАК-ийн Ерөнхий сайд юм уу” хэмээн цоллуулахад хүргэсэн төсөл энэ юм. Энэ төслийг хэрэгжүүлснээр Цагаан суваргын ордын бүтээн байгуулалтыг цахилгаанаар хангахын зэрэгцээ Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг сумыг төвлөрсөн эрчим хүчний системд холбох гэнэ.

Концесс 2

Өнгөрөгч гуравдугаар сарын 29-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”-ийн төслийн 103 тоот тогтоолоор баталжээ. Гэхдээ Засгийн газрын хуралдааны албан мэдээлэлд энэ талаар тусгагдаагүй байх юм. Уг хуралдаанаар “Багануур-Улаанбаатар цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын төсөл”-ийн явц, цаашид авах арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцуулга хийснээс “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”-ийн төслийг хэрэгжүүлэхээр баталсан зүйл алга. Аль гараараа дэмжлэг хүлээсэн нь эргэлзээтэй гэсэн үг. Энэхүү барих, шилжүүлэх гэрээтэй концессын төсөвт өртөг нь 31 сая 798 мянга, 194 ам.доллар юм байна. Төгрөгт шилжүүлэн тооцвол 77 тэрбум 695 сая төгрөг болж байгаа. Хамгийн сонирхолтой нь уг концессыг “Алтай трест” ХХК гүйцэтгэх аж. “Алтай трест” компани нь УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтынх хэмээн яригддаг.

Концесс 3

УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өнгөрөгч даваа гаригийнхаа бүлгийн хуралдаан дээр “Би нэг зүйл хэлэхгүй бол болохгүй юм байна. Надтай холбоотой нэг концессын гэрээний асуудал байна. Говь руу явж байгаа 30 гаруй км замын ажлыг концессын гэрээгээр гүйцэтгэж байгаа. Гэхдээ өмнөх Засгийн газрын үед байгуулсан гэрээ” гэдгийг тодотгосон байдаг. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Та нарт юм байвал Мөнхбат шиг ингээд хэлчих” гэж хэлэхэд хүргэсэн яри л даа. Энэ нь 2016 оны тавдугаар сарын 16-ны өдрийн Засгийн газрын хуралдааны 264 дүгээр тогтоолоор баталсан концессын гэрээ байгаа юм. Уг концессын ажлыг Ч.Сайханбилэгийн Засгийн газар баталсан гэсэн үг. Энэ нь “Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын “Шар тээг”-ийн уулзвараас Цогц цэций сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай автозамын төсөл” аж. Барих шилжүүлэх төрлийн уг концессын ажлын 30 гаруй км нь Ж.Мөнхбат сайдад хамааралтай юу, эсхүл бүхэлдээ юу гэдэг нь асуулт хэвээрээ үлдэж байна. 59.6 км хатуу хучилттай автозамын төслийн төсөвт өртөг нь 35 сая 922 мянга 290 ам.долларын буюу 87 тэрбум 771 сая төгрөг юм байна. ЗГХЭГ-ын дарга өөрийнхөө нэр дээр хамаатуулж байгаа ч “Эм Си Эф” ХХК гүйцэтгэгчээр нь ажиллах гэнэ. Бас автозамын концесстой холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханаас бүлгийн гишүүд нь тайлбар авчээ.

Концесс 4

Жагсаалтын дөрөвдүгээрт Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаас 213 дугаар тогтоолоор батлагдсан ажлыг үргэлжлүүлэхээр орж иржээ. Энэ нь “Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас Зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто замын төсөл” байна. Барих шилжүүлэх нөхцөлтэй авто замын ажлын төсөвт өртөг нь 86 сая, 508 мянга, 551 ам.доллар. Үүнийг төгрөгт шилжүүлэн үзвэл 211 тэрбум, 373 сая төгрөг болж байгаа юм. Тус замын гүйцэтгэгч компаниар “Хос мөнгөн залаа” компани ажиллаж байгаа юм байна. Эл компанийн талаар одоогоор ямар нэгэн мэдээлэл байхгүй байгаа юм. Ямартай ч Завхан аймгийн Сонгино сумаас “Үзүүрийн булаг” гэх газар хүртэл автозам нь тавигдсан бөгөөд цаашаа уг ажил үргэлжлэхээр ийнхүү орж ирээд байгаа нь энэ. Эх сурвалжуудын хэлж буйгаар АН, МАН-ын нөлөө бүхий хүмүүсийн оролцоо бий гэх юм билээ.

Концесс 5

Өнгөрөгч оны арван­нэгдүгээр сарын 16-ны өдрийн Засгийн газрын хуралдааны 148 дугаар тогтоолоор “Завхан аймгийн Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвараас Нөмрөг, Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай автозамын төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болжээ. Барих, шилжүүлэх нөхцөлтэй хатуу хучилттай авто замын энэхүү ажлын төсөвт өртөг нь 660 сая, 17 мянган юань. Төгрөгт шилжүүлэн үзвэл 234 тэрбум 160 сая төгрөг юм байна. Уг замын ажлын явц ямар байгаа талаарх мэдээлэл одоогоор алга. Гэрээнд өөрчлөлт орсноор уг замыг барих компани өөрчлөгдөж байгаа бололтой.

Концесс 6

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай холбоотой нэг авто замын нэг концесс орж ирсэн талаар зарим эх сурвалж хэллээ. Уг концессын төслийг энэ оны гуравдугаар сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар баталжээ. Засгийн газрын 84 дүгээр тогтоолоор баталсан уг замын ажил тухайн өдрийн Засгийн газрын хуралдааны мэдээлэлд байхгүй байсан юм. Энэ өдрийн хуралдаанаар Уул уурхайн дэд сайдаар Д.Загджавыг томилж, Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн зааг, Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагуудыг тус тус тогтоож, Өмнөговийн Ханбогдод зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих асуудлыг шийдсэн талаар Засгийн газрын сайтад мэдээлжээ. Дархан-Эрдэнэтийн автозамаас Сэлэнгэ аймгийн Сант, Орхон сумын замыг зураг төслийг нь боловсруулах-барих-шилжүүлэх нөхцөлтэй 22.2 км авто зам юм байна. Төсөвт өртөг нь 26 тэрбум 640 сая төгрөг аж. Магадгүй Ерөнхий сайдыг огцруулах асуудал оруулж ирнэ гэсэн шалтгаан нь үүнтэй холбоотой байж мэднэ.

Концесс 7

Хэрүүлийн алим тарьсан концессын төслүүдийн жагсаалтын сүүлд 2016 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар удтал хүлээгдэж буй Яармагийн гэх тодотголтой төрөх эмнэлгийн асуудлыг шийдэхээр болсон байдаг. “Нийслэлийн Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ор бүхий төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусган, дэд бүтэц барих” төсөл юм. “Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх” төрлөөр уралдаант шалгаруулалтын аргаар хэрэгжүүлэхээр Засгийн газар 2013 онд шийдвэрлэсэн. Барилгын ажлын гүйцэтгэл 68 хувьтай байсан ч төсвөөс санхүүжүүлэх боломжгүй болсноос ажил нь зогсоод байсан юм. Төслийн уралдаант шалгаруулалтыг Үндэсний хөгжлийн газарт даалгаад байсан. Тэгвэл 68 хувьтай байсан барилгын ажлыг гүйцэтгэх, дэд бүтцийн асуудлыг шийдэхэд 20 гаруй тэрбум төгрөг тусгаад байгаа аж.

Эдгээр концесс нь барих шилжүүлэх гэрээтэй байгаа нь анхаарал татна. Учир нь уг ажлаа хийж дуусгаад улсад шилжүүлж, мөнгөө авна гэсэн үг. Ерөнхий сайдын хэлснээр уг нь барих, ашиглах, шилжүүлэх гэрээтэй байх ёстой л доо. Ашиглах гэдэг нь тухайн концессыг гүйцэтгэгч компани нь барьж, ашигласнаар өөрсдийн зардлыг олсны дараа Засгийн газарт тодорхой хугацааны дараа өгөх үүрэгтэй юм. Ямартай ч дээр дурдсан долоон төрлийн концессыг Засгийн газар хэрэгжүүлнэ гэсэн ч бүлгийн гишүүдийнхээ эсэргүүцэлтэй тулгараад байна. Эдгээр концессын ажлууд цаашид хэрхэн шийдэгдэхийг л харах үлдлээ.

Эдийн засаг хямралтай байгаа тул УИХ-аар баталсан төсвийн хүрээнд их биш ч чинээндээ таарсан бүтээн байгуулалт, засвар, үйлчилгээний ажлууд нийслэл болон аймгуудад хийгдэхээр байгаа. Эдгээр ажлуудад хувийн хэвшлийнхэн орох сонирхол ихтэй байгаа ч тухайн тойргоос сонгогдсон гишүүд нь өөрсдийн лоббигоор хамаарал бүхий компаниудаа оруулахаар зүтгүүлж байгаа аж. Үүнээс үзэхэд Засгийн газар л концессыг шахаад байгаа гэж ойлгож болохгүй нь. Төр түшилцэж буй эрхмүүд хүртэл өөрсдийн эрх мэдлийн хүрээнд тодорхой хэмжээний төсөвтэй ажлуудад хуруу дүрж байгаа нь үнэн юм. Гэхдээ аливаа ажлыг өөрсдийн өчүүхэн эрх ашгийг хутгахгүй хийж болохгүй гэж үү.

Д.Өрнүүн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *