Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Улстөрчид хариуцлага хүлээх хуулиа батлаагүй байж иргэдийн эрхэнд халдах ёсгүй

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ хэлэлцэж эхлэхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганд оролцож, гурван санал хэллээ. Ерөнхийлөгч хэлэхдээ:

– Иргэд, аж ахуйн нэгжийн эрх ашиг хөндөгдөж байгаа асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Ер нь бидний баримталж байгаа гол зарчим бол аль болох яллах буруутгах бус иргэдийн эрхийг хамгаалахад анхаарч ажилладаг. Дараа нь хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай бол нэмэлтээр оруулах эрх нь төрд бий. Төрийн зүгээс шийдэж байгаа учраас албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүдийн талд биш иргэд, аж ахуйн нэгж, бүтээгчдийнхээ талд шийддэг байдлаар ажиллая гэж бид олон жил ярьж ирсэн. Энэ чиглэлд анхаарах байх гэж бодож байна.

ШҮҮХ НЭГ БОЛ ХАРИУЦЛАГА ТООЦДОГ, ҮГҮЙ БОЛ ЦАГААТГАДАГ БАЙХ УЧИРТАЙ

Энэ хуульд олон зарчмын шинжтэй шинэчлэл, өөрчлөлтийн асуудлууд байгаа. Нэг зүйлд онцгой анхаарал хандуулаач. Засгийн газраас оруулж ирсэн төсөлд өмнө нь хуулийн байгууллагын шинэчлэлийн хүрээнд бидний ярьж байсан зарчмын гол санал бол шүүхэд асуудал очсон бол шийдэгдэх ёстой. Шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаадаг,тодруулна гэж чирэгдэл учруулдагийг болиулъя. Нэг бол шүүх хариуцлага тооцоод шийддэг. Нэг бол цагаатгадаг бол мөрдөн байцаах байгууллага, шүүхийн өмнөх шатанд оролцож байгаа хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа сайжирч, хариуцлагатай болдог юм билээ. Засгийн газрын төслөөс энэ байдал нь өөрчлөгдөж байгаа гэж сонссон. Үүнийг онцгой анхаарах ёстой. Бид бүх талдаа ярьж, хуулийн байгууллагуудтай ярьж байгаад хариуцлага, ажлын гүйцэтгэлийг сайжруулъя. Шүүхэд асуудал очсон л бол цагаатгадаг, нэг бол хариуцлага хүлээлгэдэг байхгүй бол шүүхэд дутуу хөтүү материал ирдэг, мөрдөн байцаах байгууллагуудын дутуу хийсэн зүйлийг дахин буцааж, иргэн аж ахуйн нэгжийг чирэгдүүлдэгийг больё гэж олон жил ярьж байгаад оруулж ирсэн зарчмын гол өөрчлөлт байгаа юм шүү. Үүнд та бүхэн анхаараарай.

ТОРГОНО ШИЙТГЭНЭ ГЭДЭГ ХАМГИЙН БҮДҮҮЛЭГ АРГА

Дараагийн гол зүйл ойрын өдрүүдэд гарч байгаа иргэдийн мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхтэй холбоотой асуудал яригдаж байна. Миний баримталж байгаа гол зарчим бол Монголын өнөөгийн нийгэмд байгаа ололт үүнтэй холбоотой. Цаашдаа ч манай УИХ, хууль тогтоох байгууллагаас шийдвэр гаргахдаа энэ үнэт зүйлээ хамгаалсан шийдвэр гаргах хэрэгтэй. Төрд эхлээд хариуцлага бий болгоё. Төрийн өндөр албан тушаалтнууд ард иргэддээ амлалт өгөөд, түүнийгээ хэрэгжүүлэхгүй бол хариуцлага хүлээдэг хуулийн заалт байдаг уу, үгүй шүү дээ. Эхлээд төрийн албан тушаалтнуудтай хариуцлага тооцдог хариуцлагын хуулиа гаргах хэрэгтэй. Төрд алба хашиж байгаа хүмүүсийн ёс зүйн дүрмийг баталж мөрдүүлэх учиртай. Ёс зүйгүй авирласан этгээд хариуцлага хүлээдэг, тогтолцоог бий болгох хэрэгтэй. Ингэхгүйгээр иргэдийн эрхийг боомилсон ямар нэг заалт оруулж болохгүйг онцгой анхаараарай. Ялангуяа олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, фэйсбүүк, твитерийг үүндээ хамааруулад байх шиг байна. Техникийн хувьд шийдэх бүрэн боломжтой асуудал шүү дээ. Цаана нь үйлчилгээ үзүүлдэг байгууллага руу нь хандаад эндээс буруу, худал мэдээлэл тарж байна гэхэд тэндээ хаадаг. Тухайн үйлчилгээ үзүүлж байгаа улс орон хамтраад төлөөлсөн байгууллага, албан тушаалтнуудтай нь ярьдаг. Зохицуулалтаа хийх боломж бий. Торгоно шийтгэнэ гэдэг хамгийн бүдүүлэг арга. Манай улстөрчид хэвлэлтэй маргахад иргэний шугамаар асуудлаа бүрэн шийдүүлэх боломжтой. Эрүүгийн хуулинд байдаг албан тушаалтнуудын нэр төр, гүтгэлэг гэдэг асуудлыг Эрүү, зөрчлийн хуулиас авч хаях бодлогыг бид барьж ирсэн шүү дээ.

Сая тэр торгууль нэмлээ гэдгээр шуугиан болж байх шиг байна. Би нэг ийм арга байна уу гэж хараад байгаа юм. Торгууль нэмэх саналаа татаж авлаа гэхээр үндсэн санал нь үлддэг. Тэгэхээр үндсэн саналыг ч бас алга болгох ёстой. Улстөрчид ёс зүйн дүрмээ батлаагүй, хариуцлагын хуулиа батлаагүй байж иргэдийн нүд чихийг боох алхам хийж болохгүй. Эсрэгээрээ улс төрийн албан тушаалтнууд энэ талаар гомдол гаргах эрхийг нь хаах хэрэгтэй. Ер нь өөрсдийнхөө үйлдлийг хичээгээд явах хэрэгтэй. Ухаалаг улс төрч үг, үйлдлээ хичээж явдаг. Хэвлэлтэй, олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй барьцах, зогсоох үйл ажиллагаа явуулж болохгүй. Би хувьдаа хамгийн их гүтгүүлж байсан. Муудсан зүйл байхгүй. Харин ч нийгмийн зүгээс ирж байгаа шүүмжлэл албан тушаалтнуудад тус нэмэртэй байдаг. Ер нь албан тушаалтнуудтай холбоотой үнэнийг олохын тулд эхлээд харддаг. Эхэндээ тэр хардлага нь гүжирдлэгэ маягаар гарч ирэх нь бий. Хэрвээ гүжирдлэгэ байвал тухайн албан тушаалтан няцаах боломжтой. Хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийт рүү хандсан, иргэдийн эрхийг боох байдлаар ямар нэг алхам хийж болохгүй. Харин энэ заалтыг бүрэн хүчингүй болгох хэрэгтэй.

Улстөрийн албан хашиж байгаа бол чиний холгосон хөлөн дээр үргэлж хүн гишгэх болно, мөрийг чинь үргэлж харж байх болно.

ГАДААДЫН БАНКИНД ГАЗАР БАРЬЦААЛАХ АСУУДЛЫГ ЭНЭ ХУУЛИАС АВЧ ХАЯХ ШААРДЛАГАТАЙ

Өөр нэг хэлэх зүйл Хөрөнгө оруулалтын банкны хуультай холбоотой. Уг нь бид ярьж байгаад тохирсон. Гадаадын банк, санхүүгийн байгууллагыг Монголд оруулж ирэхээр бол ҮАБЗ дээр ярина гэж. Гэтэл энд нэг ийм үг хавчуулж орж ирээд УИХ-ын гишүүд болгоомжилж асуугаад байгаа юм. Санаачилсан улсууд тойруулсан хариу өгөөд яваад байгаа. Үүнийг онцгой анхаарах хэрэгтэй. Үүний цаана ерөөсөө Монгол Улсын газрыг, ашигт малтмалыг барьцаалах эрхийг л олж авч байгаа юм. Өнөөдөр гадны хөрөнгө оруулалт давамгайлсан аж ахуйн нэгж, банк санхүүгийн байгууллага, Монгол Улсын газрыг, ашигт малтмалын лицензийг барьцаалах эрх байхгүй байгаа. Эхлээд барьцаална, дараа нь аж ахуйн нэгж, иргэд маань зээлээ төлж чадахгүй болно. Дараа нь тэр байгууллагын өмч болж хувирна, цааш наашаа зарагдана. Ингээд Монголын тусгаар тогтнол, бие даасан байдлын асуудалд онцгой хохирол учрах эрсдэл байгаа шүү. Үүнийг бид өмнө нь ярьж байсан. Үүнд онцгой анхаараарай. Хөрөнгө оруулалтын банкны хууль гэдэг дотор Монголын хувь заяанд онц ноцтой аюул учруулах хутга далдуур оруулаад ирж байгаа юм биш биз дээ. ҮАБЗ-ын ажлын албаны хүмүүс оролцож үүнийг ажиглаж харж байгаа. Гаднын банк барьцаатай холбоотой асуудал дээр газар, үндсэн хөрөнгө барьцаалах асуудлыг энэ хуулиас бүрэн авч хаях шаардлагатай шүү. Явж явж Монгол Улсын тусгаар тогтнол бие даасан байдалтай эргэж холбогдоно. Хүн нь чухал биш газар нутаг нь, баялаг нь чухал гэдэг бодлого хэдэн зуун жилээр явж ирсэн. УИХ-ын гишүүд үндэсний эрх ашгаа онцгой анхаарах ёстой.

Б.ЭГШИГЛЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *