Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Буйлсын төглөөр Богд уулаа чимцгээе

Цаг наашилж, урин дулаан болоход усны шувууд гол, нуураа зорин алсаас аяншиж ядарсаар ирнэ. Монгол орны маань үзэсгэлэнт байгалийг чимдэг монгол сакура хэмээн нэрлэгддэг буйлс удахгүй цэцэглэнэ. Буйлс нь тавдугаар сарын дундуур цэцэглээд тавхан хоног хүмүүний нүдийг баясгаад буцдаг юм.

Ургамлын гол онцлог нь гэвэл модны холтос нь алтан шаргал өнгөтэй бөгөөд хөгшрөх тусам холтос нь час улаан болон хувирдаг бол навчис нь намар бүдэг шаргал өнгөтэй болдог байна. 15 м хүртэл өндөр ургадаг энэхүү модыг Богд уулынхаа хүмүүс хамгийн их алхах дуртай замын хоёр талаар нь цэцэрлэгт хүрээлэн эсвэл ойн зурвас төгөл байгуулчихвал цэцэглэх цагаар нь олон хүмүүс очиж баяр зохион байгуулагддаг болох байх даа. Японд сакура дэлбээлэхийг харах гэж орон орны жуулчид зорин ирдэг шиг манайх ч бас энэ цэцгээрээ хотоо яагаад гоёж болохгүй гэж.

Буйлс цэцэглэдэг Баянбогд уул

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс зүүн хойш 20-иод км-т уудам хөндийн уулс дундах сүрлэг сайхан байгалийн үзэсгэлэн төгс уул юм. Далайн түвшнээс 1053 метрт өргөгдсөн, 1997 онд байгалийн нөөц ангиллаар 30 га талбайтайгаар аймгийн тусгай хамгаалалттай нутаг юм. Тал бүр тийшээ олон модтой сайртай голтой. Ялангуяа баруун тийм буусан 3 амыг гурван харанхуй гэнэ. 15-30 метр өндөр хадан хавцал хясаатай. Хойд талын шугам татсан мэт битүү шигүү ургасан буйлс хайлас мод,өвс ургамалтай амыг их харанхуй гэнэ. Энд төрөл бүрийн могой ихтэй учир могой эзэнтэй догшин газар гэдэг.

Уулын өндөрлөг тахилгат овооны оройгоос харахад 4 зүг, найман зовхист байгаа бүхэн тод харагддаг. Уулын олон хавцал, жалга, сархиаг хадан хавцал нь байшин барилга мэт сүрлэг, Энд төрөл бүрийн хайлаас буйлс,алтан харгана, зээргэнэ, бударга, шаваг, агь таана, агаруу, ганга, гашуун, чихэр өвс, тэсэг, нохой шээрэн, таана, хөмүүл, хар өвс, таван салаа зэрэг эмчилгээний болон төрөл бүрийн шимт ургамал ургадаг. Хур устай жил хад, жалга бүрт ус тогтон мал амьтан ундаалдаг. Энэ ууланд үнэг, чоно, аргаль, янгир ан амьтан элбэг. 1960-1980-аад онуудад гадаад дотоодын найрамдлын зочид төлөөлөгчид очиж үздэг, аргаль янгир агнадаг, аймгийн ганц үзвэрийн газар байлаа. Ер нь энэ уулын ойролцоох Хонгор, Бэрх, Салбар, Бага богд, Хавирга Зүрх, Хар овоо, Өндөр улаан, Цэцэрлэгийн уул овоо нь үзэсгэлэн төгөлдөр бараа ихтэй араатан амьтад, айл мал сүрэг нутаглахад аятай таатай сайхан нутаг юм.

Түүхэн баримт судраас сөхвөл: Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошууны “Сүлд овоо” болон 1800-аад оны дунд үеэс тахигдаж ирсэн түүхтэй Тухайлбал: Мэргэн вангийн хошуу, “Олон хүрээ” хийд Рашаант, Аргалант, Дундбаян, Өндөр Ханангийн энгэрт нүүдлэн нутаг сэлгэж байсан ч энэ уулыг “Сүлд овоо”-гоо гэж жил бүр тогтмол тахидаг уламжлалтай байжээ. Баянбогд уул нь төрийн хар хүний буюу эр хүний хийморь лундааг дааж байдаг гэж “Далх” бурхан шүтээнтэй гэдэг эртний түүх тахилгат, домог арвин уул юм.

Нэгэн домогоор: Догшин ноён V хутагт Данзанравжаа нэгэн өдөр 2 шавиа дуудаад “Миний хэлснийг биелүүлж чадах уу?” гэж лавлаад та нар тэмээ хомнон 2 торх ус аваад Модон шанд дээр оч. Тэгээд усаа буулгах үед нэгэн бүдүүн могой ирнэ. Айх юмгүй. Түүнд усаа гадирт /сав/ хийж өгөөд могойг ус уухаа болихоор ачиж аваад Баянбогдын баруун харанхуйд хүргэж тавь” гэжээ. Хоёр шавь хэлсэн ёсоор нь Баян Богдын баруун хойд харанхуйд хүргээд, тэмээгээ хэвтүүлтэл нөгөө могой өөрөө буугаад харанхуй ам руу явсан гэдэг. Могой ачсан тэмээний нуруу, хом эсгий нь нов ногоон болсон байсан гэдэг.

Бас нэгэн болсон явдал, яриагаар: Зүүнбаянгийн нефтийн үйлдвэр барьсны дараах 1950-аад оны эхээр Оросын геологи хайгуулынхан Баян Богд уулын баруун хойд харанхуйд аварга могой байгааг тандан мэдэж, харанхуйн аман дээр цахилгаан мотор асааж цахилгаанаар цохиулан аварга могойг авсан гэдэг. Тэр могой нь машины тэвш дүүрэн байсан гэж үзсэн харсан гэх олон хүмүүс одоо ч ярьж байдаг. Уул могой одоо 5/9 Ленинградын нэгэн музейд “Богд” нэртэйгээр хадгалагдаж байгаа сурагтай.

Зураглаач Булгантамир буйлс цэцэглэх цагаар амжин, зорьж энэ клипний зургийг авчээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *