Categories
мэдээ улс-төр

Ц.Ням-Осор: “Эрдэнэт”-ийн захирал сарын 25 сая төгрөгийн цалин авдаг

Холбоотой Зураг

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал болон ТУЗ-ийн гишүүдийн цалингийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор: “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл яваад байгаа учир энэ талаар мэдээлэл хийх гэсэн юм. Яг одоогоор Эрдэнэтийн захирал 10 мянган доллар буюу 25 сая төгрөгийн цалинтай, ТУЗ-ийн гишүүд нь 4000 долларын цалинтай байна. Үүнийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар шийдвэрлэсэн. IKON.mn сайт дээр миний хэлснийг дарж, гуйвуулж энэ талаар ташаа мэдээлэл цацсан. Хэвлэл мэдээллийнхэн соён гэгээрүүлэх ажлаа хийхгүй гүтгэх ажил хийгээд байна шүү. Та бүхэн УИХ, Засгийн газрын эрхэлдэг чиг үүргийг салгаж ялгаж ойлгох хэрэгтэй байна. Бүх зүйл дээрээсээ тушаал, даалгавартай явдгийг санах хэрэгтэй шүү.

Би эмчилгээнд зарцуулах зардлыг өгдөг байсныг болиулсан. Жилд нэг удаа гэр бүлийн гишүүний хамт амрах, аялах зардлыг даах саналыг зөвшөөрөөгүй. Улаанбаатар хотод 4-5 өрөө байрыг үйлдвэрийн зардлаар авахыг болиулсан. Нэг хүүхдийг гадаадад сургах зардлыг компани даах саналд үгүй гэж хэлсэн. Иймэрхүү байдлаар 14 саналаас мөнгөтэй холбоотой 1, унаа зардал гээд 4 саналыг зөвшөөрч, 10 саналыг зөвшөөрөөгүй.

Гэтэл үүнийг буруу тайлбарласан байна. Цалинг бага зэрэг өндрөөр зөвшөөрсөн. Энэ үнэн. Би үүнийг хариуцна гэдгээ хэлж байсан. Өмнөх захирлууд маш их хэмжээний хангамж эдэлдэг байсан ч энэ нь олон улсын гэрээний дагуу нууц байсан” гэв.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *