Сүхбаатар аймгийн АН-ын гишүүд өнгөрөгч амралтын өдрүүдэд жагсаал зохион байгуулж, Монгол ардын нам, УИХ-ын дарга М.Энхболдын нэр хүндэд илтэд халдаж, ташаа мэдээллийг олон нийтэд тараасанд харамсаж байгаагаа иллэрхийлж, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан МАН-аас дараах мэдэгдлийг гаргалаа.
МЭДЭГДЭЛ
Сүхбаатар аймгийн АН-ын гишүүд тус аймагт үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлын талаар иргэдэд ташаа ойлголт төрүүлэн, илт улс төржүүлж Монгол Ардын Намын дарга, УИХ-ын дарга М.Энхболд Аймгийн ИТХ-д нэр дэвшигч П.Мөнхжаргалын бүрэн эрхийг батламжуулахгүй байгаа мэт ойлголтыг тарааж, жагсаал зохион байгуулж байгаад харамсаж байна.
Монгол Ардын Нам үйл ажиллагаандаа хууль дээдлэх зарчмыг баримтлан хуулийн байгууллагын гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж ирсэн болно. Сонгуулийн тухай хуулийн 161.4-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо сонгуулийн дүнг тав хоногт багтаан хурлаараа хэлэлцэж, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон аймаг, нийслэл, сум, дүүргийн хуралд өргөн мэдүүлж, энэ тухай Сонгуулийн ерөнхий хороо болон нийтэд долоо хоногийн дотор тус тус мэдээлнэ, Монгол Улсын Засаг захиргаа, Нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар Хурлын бүрэн эрхэд 18.1.1.-ийн а-д “Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн асуудал” гэж заасан нь аль нэг Намын дарга, УИХ-ын дарга аймгийн ИТХ-д сонгогдсон нэр дэвшигчийн бүрэн эрхийг баталгаажуулахад оролцох эрхзүйн үндэс байхгүй юм.
Аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшигч П.Мөнхжаргал нь Сонгуулийн тухай хуулийн “29 дүгээр зүйлийн 29.4,” “67 дугаар зүйлийн 67.3, 67,5” “70 дугаар зүйлийн 70.1.6, 70.5.4, 70.5.13, 70.5.13, 70.5.13, 70.5.15, 70.5.18,” “76 дугаар зүйлийн 76.4 “дэх хэсгийг тус тус зөрчсөн тухай хуулийн байгууллага хэрэг үүсгэн, хоёр шатны шүүхээр хэлэлцэгдэн, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2017 оны 2 дугаар сарын 24-ны өдрийн 36 тоот магадлал, 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 44 тоот магадлалаар тус тус анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль бус байна гэж шийдвэрлэн, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт дахин шалгуулахаар шилжүүлэн, шалгах ажиллагаа дуусаагүй байна. Гэтэл Сүхбаатар аймгийн АН-аас МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдыг Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулахгүй байгаа мэтээр илт улстөржсөн, иргэдийг төөрөгдүүлсэн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа нь Улс төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсгийг зөрчиж байгаа болно.
Эрх баригч улс төрийн хүчин хууль хяналтын байгууллагад нөлөөлж оролцдог гэсэн буруу ойлголтыг иргэдийн дунд түгээж, Улс төрийн нам болон Хууль шүүхийн байгууллагын нэр хүндэд халдаж, улс төрийн шалтгаанаар хэн нэгэн албан тушаалтанг гүтгэж, хэт улстөржсөн үйл ажиллагаа зохион байгуулж, ард түмнийг хууль зөрчсөн үйлдэлд уриалахгүй байхыг Сүхбаатар аймгийн АН-ын гишүүдэд МАН-ын зүгээс хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
МОНГОЛ АРДЫН НАМ
2017.04.04.