Өнөөдөр Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай өөрийн оффшортой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр ямар ч байсан өөрийгөө оффшорт дансгүй, нэг ч гүйлгээ хийгээгүй гэдгээ шүүх цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа. Үүнийг нэг тийш нь болгож, асуудлыг заавал мухарлаж та бүхэндээ мэдэгдэх болно гэв.
Б.Чулуудай: Өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж байгаа үндсэн зорилго маань өнгөрсөн тав дахь өдөр Сүхбаатарын талбай дээр “Оффшорчдын эсрэг” жагсаал боллоо. Тэрэнд оффшорт данстай хүмүүс ил гарах ёстой гэсэн. Тиймээс энэ талаар байр сууриа илэрхийлэх гэсэн юм. Өмнө нь би оффшорын талаар байр сууриа илэрхийлж байсангүй. 2016 оны сонгуулиар Монгол HD болон бусад нэр бүхий этгээдүүд намайг оффшорт данстай, дансанд нь мөнгө байгаа, дансны гүйлгээ хийсэн, тэр нь тогтоогдлоо гэж мэдээлэл цацсаныг та бүхэн санаж байгаа байх.
Энэ мэдэгдэлтэй холбоотой манай өмгөөлөгч мэдээлэл тэр үед хийж байсан. Тухайлбал, “Бид оффшор бүсэд компани байгуулсан. Тэгээд дараа нь татан буугдсан. Компани байгуулахтай холботой ямар нэг данс нээлгээгүй. Дансны гүйлгээ огт хийгээгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье” гэсэн байгаа. Үүний дараа хууль хяналтын байгууллагуудад хандаад үүний үнэн мөнийг тогтоогоочээ гээд өнөөдрийг хүртэл явж байна. Одоо ч гэсэн шүүхэд хандчихсан тодруулах гээд байж байгаа.
Оффшорын асуудал хамгийн анх Монгол HD телевиз зарласан байдаг. Иргэн Б.Чулуудай оффшор дансаар гүйлгээ хийсэн нь нотлогдлоо гэсэн. Би данс нээгээгүй. Нэг ч гүйлгээ хийгээгүй гэдгээ дахин хэлье. Бизнес хийхэд гадаадын том компаниуд оффшор компаниар дамжуулан харьцдаг. 2011 онд энэ компани байгуулагдаж 2013 онд татан буугдсан байдаг. Хөрөнгийн бирж дээр уул уурхайн чиглэлээр мөнгө босгох, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор тус компани байгуулагдсан. Монгол HD дараа нь энэ талаараа үргэлжлүүлэн нэвтрүүлэг хийнэ гэсэн ч сонгуулийн дараа нэг ч удаа явуулаагүй. Баримтуудыг гаргаж тавиагүй. Тиймээс би баримт нь байгаа гээд байгаа хүмүүсийг шүүхэд хандаачээ, үнэн мөнийг тогтоогоочээ гэж хүсч байна. Би өөрийнхөө зүгээс баримт нотолгоогоо шүүхэд гаргаад өгчихсөн байгаа. Мөн эзэн биегүйгээр фэйж хуудсаар хүний нэр төрийг гутааж байгаа асуудлуудыг цагдаагийн байгууллагаар шалгуулна.
Б.Чулуудай оффшор данс нээгээгүй гэдгийг дахин хэлье. Интернэтээр ороод ийм данс нээлгэхэд ямар бичиг баримт шаардлагатай байдаг зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг үзэж болно. Хэрвээ миний буруу нь шүүхээр тогтоогдвол хариуцлага хүлээхэд бэлэн байна гэдгээ л хэлэх гэсэн юм.
Иргэн Б.Чулуудай би өөрөө өөрийгөө шалгуулах гэж өнөөдрийг хүртэл явж байна. АТГ-т хандахаар намайг төрд ажиллаж байгаа хүн биш учир манайд хамаагүй гэдэг. Цагдаад хандахаар гадаадын иргэнээс мэдээлэл ирсэн юм байна, шалгана гэдэг ч хариу өгдөггүй гэв.
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал дээр хүүгийнхээ компанийг тендерт ялуулсан гэсэн асуудал яваад байдаг. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-АТГ-с 2013 онд БЗД-ийн 12-р хороонд баригдсан дахин төлөвлөлтийн барилга, байшингийн тал дээр ямар ч ашиг сонирхлын зөрчил байхгүй гэсэн бичиг ирсэн. Тухайн газар нутгийн оршин суугчид өөрсдөө манай компанийг заавал сонгоно гээд сонгосон байдаг. Өнөөдөр иргэд байраа аваад амьдарч байгаа.
О.ӨНӨР