Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Золзаяа: Ээж нь биедээ сэтгэл хангалуун, эсвэл өөрийгөө голох нь охинд нь дамждаг байна

“Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” төрийн бус байгууллагын захирал Б.Золзаяатай ярилцлаа.


-Танай байгууллагаас гаргадаг “Сайхан бие” үзэсгэлэн хоёр дахь удаагаа гарлаа. Рекламны гол дүр хэн нэгэн шиг болох гэж өөрийгөө зовоох бус биедээ сэтгэл хангалуун байх гэдэг үзэл санаа нь таалагддаг. Өмнөхтэй харьцуулахад хүмүүсийн хандлагад өөрчлөлт гарсан болов уу?

-“Сайхан бие” үзэсгэлэн хоёр дахь жилдээ гарлаа. Хүмүүсийн хандлага харьцангуй эргэсэн. Гэхдээ нийгмээс ирж байгаа тулгалт шахалт илүү хүчтэй байгаа. Энэ эмэгтэй шиг болох ёстой гэсэн дүр төрх бүтээчихдэг. Тэр эмэгтэй нь ихэнхдээ загвар өмсөгч, реклам сурталчилгаанд тоглодог хүмүүс байдаг. Түүн шиг байлгах гэж эмэгтэйчүүдийг шахдаг. Гэтэл бид долоон тэрбум хүн өөр гэж ярьдаг хэрнээ тэр нь тунхагийн төдий. Үнэндээ өөр байдлыг хүлээн зөвшөөрч байна уу гэвэл асуудалтай. Хувь хүмүүсийг хайрцагласан, бий болгосон дүр төрх рүү түлхдэг. Урьд цагт гоо сайхан гэдэг ойлголт хүрэхэд ойр байсан бол одоо маш их фотошопдсон засварласан дүр төрхөд жирийн хэн нэгэн дөхөж очиход амаргүй болчихоод байгаа юм. Эмэгтэйчүүд үүнээс болоод сэтгэл зүйн дарамтад орж, цаг мөнгөө үрэх, өөртөө итгэлгүй байдал үүсдэг нь гадны судалгаагаар нотлогдсон. Монголд ч 800 эмэгтэйн дунд судалгаа хийсэн л дээ. Судалгаанд оролцогчдын 90-ээд хувь нь биедээ сэтгэл хангалуун бус байв. Тэдний 80 хувь нь биеийн жингийн асуудалгүй хэрнээ турах тухай мөрөөддөг гэсэн үр дүн гарсан. “Сайхан бие” үзэсгэлэнг хоёр дахь удаагаа ирж үзэж байгаа хүмүүс эерэг хүлээж авсан л даа. Анх удаа үзэж байгаа хүмүүсийн хувьд нэлээд шинэ мэдрэмж төрүүлсэн байх. Яагаад гэвэл хагас нүцгэн, нүцгэн хүмүүсийн зураг байгаа шүү дээ.

-Ийм биетэй хүнийг сайхан гээд байгаа юм байх даа гэж зарим нь гайхсан байх л даа?

-Бид зочидтойгоо ярилцсан л даа. Өмнө нь бид модель хүнийг л хагас нүцгэн, нүцгэн байдлаар харж байсан болохоор үнэхээр шинэ зүйл байсан байх л даа. Ирж үзсэн хүмүүс “Би өөрийгөө харж байгаа юм шиг санагдлаа. Надад ч гэсэн ийм язралт, харвин бий” гэсэн. Гэтэл бид гоёчилсон дүр төрхийг харж дассан байдаг. Үрчлээгээ хүчээр дарж арилгах оролдлогууд хийдэг. Тэр нь эрүүл мэндэд хортой. Турж л байвал юу ч хийсэн яах вэ гэсэн хандлага түгээмэл.

Гоё сайхан гэдэг ойлголт юунаас үүссэн юм бэ. Соёлоос гадна эдийн засаг, хоол хүнстэй ч холбогдоно. Антропологичдын судалгааг харвал хоол хүнс багатай нийгэмд махлаг хүнийг сайхан гэж үздэг байж. Одоо ч Африкийн зарим соёлд тарган эмэгтэйг илүүд үздэг. Бидний амьдарч байгаа хэрэглээнд суурилсан капиталист нийгэмд хэвлэл, мэдээлэл, гоо сайхны бүтээгдэхүүний сурталчилгаанаас болоод бид тодорхой дүр төрхийг сайхан гэж үзэж байгаа. Хэрэв бид тэр болгоныг цааш нь тавиад, өөрийгөө толинд харвал өөртөө таалагдана. Гэтэл үүний оронд өөрийгөө хиймэл, бүтээсэн дүр төрхтэй харьцуулж голдог.

-Гоо сайхан ертөнцийг аврана гэж ярьцгаадаг. Үнэндээ бол Достоевский гоё сайхан хүүхний тухай яриагүй амьдралын эгэл гоо сайхны тухай хэлсэн юм биш үү?

-Гоо сайхан гэдэг өргөн хүрээтэй ойлголт. Beauty гэдэг үгийг орчуулахаар зөвхөн гадаад гоо сайхны тухай бид төсөөлдөг. Гоо сайхныг харж байгаа нүднээсээ л шалтгаалдаг. Таны нүд гоо сайхныг олж хардаг уу, үгүй юу. Ихэнхдээ бид өөрийгөө байнга голж хардаг. Өрөөлийг ч тэр шалгуураараа хардаг. Өөрөөр хэлбэл билгийн нүдээ нээх хэрэгтэй байгаа юм. Нүд маань маш их хайрцаглагдсан. Бид энэ жил дэлхийн шилдэг 22 зургийг сонгож авсан. Зуун зууны туршид хамгийн алдартай байсан уран зураг, уран зураачид гоо сайхныг өөр өөрөөр харсан байдаг. Эдгээр зурагт эмэгтэй хүн хамгийн их дүрслэгдсэн. Гэхдээ 90-60-90 гэх мэт тогтсон хэмжээсүүдээр биш огт өөрөөр харжээ. Гоо сайхан гэдэг ганцхан ойлголт байсан бол бүгд нэг л хэлбэрийн юм зурна шүү дээ. Саяхан олны танил нэг эмэгтэй ярьсан. Түүний биеийн нэг хэсгийг өөрчлөх саналыг хүмүүс тавьж л дээ. Тэгэхэд нь тэр хүн “Миний энэ хэсэг л намайг илэрхийлж байгаа. Хэрвээ би үүнийгээ өөрчилчихвөл би биш болчихно” гэж хариулж л дээ. Хүн болгон өөрийнхөө түүхийг бүтээж, онцлогийг мэдэрч, амьдралыг өөрийнхөөрөө туулах ёстой болохоос биш өөр хэн нэгэн шиг болох нь чухал биш.

Хэрэглээнд суурилсан нийгмийн хохирогч нь бид болчихоод байна. Саяхны нэг сургалтан дээр эмэгтэй хүнийг засч “сайжруулах” үйлчилгээнүүдийн тухай ярьсан. Гэтэл бүх эрхтнийг засварлах боломжтой байна. Үснээс авахуулаад нүд, хамар, ам, өгзөг, гэдэс бүхнийг засч сайжруулна гэсэн сурталчилгаа явж байна. Тэгэхээр бид маркетингийн талбар болчихож.

-Бидний энэ мэт хандлага хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж байна. Зарим сургуульд “Царай муутнуудыг дэлхийгээс зайлуулъя” гэдэг хөдөлгөөн өрнүүлсэн байна лээ?

-Ээж нь биедээ сэтгэл хангалуун байх нь охинд нь дамждаг гэдэг. Хүүхдийнхээ дэргэд толинд хараад, өөрийгөө шүүмжлээд байх юм бол охин нь ч гэсэн би дутуу юм байна гэж бодно. Энэ хандлага өөртөө итгэлгүй байдлыг бий болгодог. Өөртөө итгэлгүй байдал амжилтаас хойш чангаана. Эмэгтэйчүүд өөртөө сэтгэл хангалуун байх учиртай. Яагаад эмэгтэйчүүдийг онцлоод байна гэхээр эрчүүдэд яг энэ асуудлаар бага дарамт ирдэг. Эр хүн сармагчингаас арай дээр царайтай байхад болно гэсэн үг ч бий. Бид эмэгтэйчүүдийг нүүрээ битгий буд гэж хэлээгүй. Тэр бол хувь хүний сонголт. Хамгийн гол нь эхлээд өөрийгөө мэдэр. Өөрийгөө хайрла. Түүний дараа өөрийнхөө юуг илүү тодруулах, гэрэлтүүлэх гэдэг нь чухал. Дотроосоо гэрэлтэх учиртай.

Цахим ялгаварлан гадуурхалт их байгаа нь боловсролтой холбоотой. Хүмүүст хувийн орон зайн мэдрэмж, мэдээлэл хүлээн авах шүүлтүүр буюу шүүмжлэлт сэтгэлгээ төдийлөн төлөвшөөгүй байна. Аливаа мэдээллийг шалгадаггүй, шууд хүлээж авдаг сул талтай. Бүтээлч сэтгэлгээ, дүн шинжилгээний чадвар, шүүмжлэлт сэтгэлгээ, олон талт байдал чухал байна. Энэ болгоныг боловсрол олгодог байх учиртай.

Олон тохиолдолд бид өөр хүн шиг байх гэж хичээдэг. Гэтэл өөртөө итгэлтэй хүнд хүмүүс татагддаг шүү дээ. Туранхай, өндөр, нам, өөр байх нь хамаагүй. Энд зөвхөн тарган, туранхайгийн тухай яримааргүй байна. Улс орны хүн амын 10 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүр ч олон асуудалтай. Хүмүүс хүлээн зөвшөөрөгдсөн дүр төрхөөс өөр хүнийг ялгаварлан гадуурхах хандлагатай байдаг. Нийгэм хэр хүмүүнлэг байгааг илтгэдэг хүний эрхийн асуудал энэ. Олон тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дутуу гэж үздэг. Гаднаас нь хараад ялгаварлаж ханддаг. Хүний эрхийг дээдэлдэг улс оронд бол дунд сургуулийн сурах бичиг дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, таягтай хүмүүс, хараагүй хүүхэд, өндөр, нам, тарган туранхай хүмүүсийн зураг байдаг. Бид сурах бичгийн зурганд мониторинг хийж үзэхэд яг л нэг хэвийн эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхдийн зураг зонхилж байлаа. Ийм байх нь энгийн, өөр бол байж болохгүй гэсэн мессежийг хүүхдэд өгч байгаа нь ялгаварлан гадуурхалт бий болоход нөлөөлдөг. Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэртээ нуугдахад хүрдэг. Гарвал ялгаварлан гадуурхалтанд өртөнө, эсвэл зүгээр л гарах боломжгүй байдаг.

-Зарим эцэг эхчүүд ангид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байвал “Манай хүүхэд ийм хүүхэдтэй хамт сурах ёсгүй” гээд заргалдаад явдаг юм билээ. Үнэндээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ангид байснаар нийгмийн олон өнгийг хүүхэд мэдэрч, зөв харьцаж сурах давуу талтай л даа?

-Яг үнэн. Сурах бичиг, сургуулийн орчинд бусдыг ялгаварлан гадуурхахгүй байхаас ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрдөг, олон талт байдалд зохицож амьдардаг иргэд төлөвшинө. “Сайхан бие” үзэсгэлэнд олон янзын хүмүүсийг оруулахыг зорьж байна. Трансжендер эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зэрэг өөр дүр төрхийг бид нийгэмд байхгүй мэтээр нүдээ аньж, ил гарч ирсэнийг нухчин дарах нь хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулах Үндсэн хуульд заасан үнэт зүйлд маань нийцэхгүй.

-Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд юуг хамгийн их өөрчлөхийг хичээж байгаа вэ?

-Хүмүүс юуг өөрчлөх гэж байна гэж асуудаг. Энэ нийгэмд ялгаварлан гадуурхалтгүй, тэгш, авьяас байвал зам нээлттэй гэдэг зарчим жинхэнээсээ хэрэгждэг байгаасай гэж хүсдэг. Одоо бол ингэж бидэнд итгүүлж байгаа ч тухайн хүн хэн байхаас маш их юм шалтгаалж байгаа. Бизнес хийе, өөрийгөө таниулъя гэхэд хаанаас гаралтай, эрэгтэй эмэгтэй, баян хоосон, хэдэн настай, мөнгөтэй юм уу, хэнийг таньдаг вэ гээд маш олон зүйлээс амжилтад хүрэх эсэх нь шалтгаалдаг. Одоо бол эмнэлэгт үйлчлүүлэхэд ч таны хэн гэдгийг хардаг. Дэлгүүрт ороход ямархуу хувцасласнаас үйлчилгээ нь шалтгаалдаг. Хүн бүрд тэгш боломж олгодог нийгэм биш байна. Бүгдийг нь хүчээр тэгшитгэнэ гэсэн үг биш л дээ. Бүгд шударгаар үнэлэгдэх боломжийн тухай ярьж байгаа юм. Мөн хүн бүр өөрийнхөөрөө байхыг хүлээн зөвшөөрдөг нийгэм байгаасай гэж хүсч тэмүүлдэг.

“Сайхан бие” төсөл бол түүний зөвхөн нэг хэсэг. Дэлхий дахинд яригдаж байгаа жендерийн тэгш эрхийн нэг сэдэв “Биедээ эерэгээр хандах” юм. Монголд биднээс өөр энэ талаар дуугарч байгаа байгууллага хараахан алга. Энэ бол маш чухал асуудал. Мэдээж шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо, гэр бүлийн хүчирхийлэл гээд зөндөө асуудал бий.

-Та нар богино юбкатай жагсаал хийж, “Үтрээний хүүрнэл” жүжиг тавих гээд содон аргаар өөрсдийгөө илэрхийлдэг шүү дээ. Сүүлийн үед бэлгийн боловсролд анхаарал хандуулж байгаа гэл үү?

-Саяхан дунд сургуулийн эрүүл мэндийн хичээлийг хассан нь дэлхийд өрсөлдөх монгол хүнийг бэлтгэж байгаа сургалтын хөтөлбөрийн хүрээнд хийсэн өөрчлөлт гэнэ. Математик, хими, физикийнхээ цагийг нэмсэн юм байна. Гэтэл бэлгийн боловсролгүй хүн дэлхийд яаж өрсөлдөх вэ. Бэлгийн замын халдварт өвчин, хүсээгүй жирэмслэлт өсвөр насныханд тулгарна. Хүн болгон эрдэмтэн болохгүй, хүн бүр бэлгийн харилцаанд орно. Эрүүл мэндийн хичээлийг чанаржуулах, залууст бэлгийн боловсрол олгохыг зорьж “Улаан булан” гэсэн төсөл хэрэгжүүлэх юм. Бэлгийн боловсрол бол зөвхөн бэлгийн замын халдварт өвчин, хүсээгүй жирэмслэлтээр дуусахгүй. Бидний хандлага, хүчирхийлэл ч энд багтана. Наад зах нь сайн дураараа бэлгийн харьцаанд орно гэж юу гэсэн үг болох талаар залуустай ярилцана. Ихэнх тохиолдолд бид маш буруу ойлголттой байдаг. Бэлгийн боловсрол дутуугаас болоод ихэнх тохиолдолд өсвөр насныхан таамаг, бие биенээсээ авсан буруу мэдээлэлтэй байдаг нь сөрөг үр дагавартай. Эцэг эх нь, багш нь ярихгүй,интернэтээр мэдээлэл хайхад ямаршуухан үр дагавартай нь ойлгомжтой.

-Монгол эцэг эхчүүд угаасаа хүүхэдтэйгээ бэлгийн боловсролын талаар ярьж сураагүй хүмүүс. Ярилаа гэхэд яаж зөв өнцгөөр ярих вэ гээд асуудал их л дээ?

-Эцэг эх, багш нь тохирсон насанд нь хүүхэдтэйгээ ярих ёстой юм байна. Яриагүйгээс болоод эрсдлүүд үүсдэг. Солонгосын жишээ гэхэд л цэцэрлэгийн наснаас нь эхлээд биений чинь аль хэсэгт хүн хүрч болох, болохгүйг заадаг. Ингэж зааж өгөхгүй бол олон тохиолдолд хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаагаа өөрөө ч мэдэлгүй өнгөрдөг. Энэ бол хүн хүрч болохгүй газар гэдгээс л бүх юм эхэлнэ. Түүнээс биш шууд 18 нас хүрсэн хүнд ярьж байгаа юм шиг ярихгүй. Эцэг эхчүүд өсвөр насны хүүхдэдээ “Бэлгийн харилцаанд орж болохгүй, аюултай” гэж хэлдэг. Ингэж хэлээд хол явахгүй. Хэзээ ийм харилцаанд орох тохиромжтой, бэлгийн харьцаанд орсон тохиолдолд өөрийгөө яаж хамгаалах вэ гэдгийг нь зааж өгөх ёстой.

-Эцэг эхчүүд бол насанд хүрэхээс нааш бэлгийн харьцаа байж болохгүй гэдэг ч бодит байдал дээр эсрэгээрээ байх нь их. Сурагчид эрт бэлгийн харьцаанд орж байгааг судалгаа харуулдаг. Хамгийн сүүлд гэхэд л 15 настай хүүхэд ДОХ-ын халдвар авсан тухай мэдээлэгдсэн шүү дээ?

-Үзэж харж байгаа юм нь юу вэ гэдгийг бодох ёстой. Нүцгэн, хагас нүцгэн хүмүүс харуулдаг клипүүд, кино маш их гарч байна. Эцэг эх, багш нар зааж сургасан гэхэд хэцүү. Ихэнхидээ болохгүй л гэж загнадаг болохоос биш жинхэнээсээ хүүхдэдээ чи ингээрэй, тэгээрэй гэж ярилцсан нь цөөхөн.

-Зурагтаар хараал, хэрүүл, хүчирхийлэлтэй кинонууд ямар ч цензургүй гарч байна. Ийм тохиолдолд эцэг эх бүгдийг хянаж чадахгүй л дээ?

-Жон Ленноны хэлсэн үг байдаг. Бид хүүхдэдээ хүчирхийллийг чөлөөтэй үзүүлдэг хэрнээ хайрын тухай яагаад ярьдаггүй юм бэ гэж. Хүчирхийлэлтэй киног хамт үздэг хэрнээ, үнсэлт гарахад хүүхдийнхээ нүдийг нь тагладаг шүү дээ. Хайрыг тохирсон насанд нь үзүүлж, хүчирхийлэл харуулсан кинонд болгоомжтой хандах учиртай. Телевизүүдийн холбоонд энэ талаар хандаж ч болно.

-Ингэхэд улаанбулан хаана ажиллах вэ?

-Клуб дээрээ ажиллуулна. Бэлгийн боловсрол, сексийн асуудлаар ярилцая гэсэн юм.Танд сонирхуулахад “Дайвар хүйстэн” гээд Симон Де Бовоурын ном байдаг шүү дээ. Эмэгтэйчүүд өөрийнхөө бэлэг эрхтнийг мэдрэх, ярилцах чухал гэдэг. Монголчуудын хувьд ч эрэгтэй хүүхдийн бэлэг эрхтнийг “тамхилах” гэх мэтээр бахархуулж өсгөдөг. Эрэгтэй хүн бэлэг эрхтэнтэйгээ бахархлын харилцаатай. Эмэгтэй хүн болохоор бэлэг эрхтнээ бараг л байхгүй юм шиг ханддаг нь эргээд бэлгийн амьдралд нь сөргөөр нөлөөлдөг байна. Үүнээс болоод маш цөөхөн эмэгтэй бэлгийн таашаал авдаг гэнэ. Эмэгтэй хүн үтрээний хэсгээ мэдэрч, хайрлаж, яаж баярлуулах тухай төдийлөн боддоггүй. Муухай юм шиг ханддаг. Энэ бүхэн сексийн идэвхигүй оролцогч болоход нөлөөлдөг юм байна. Эмэгтэй хүнийг хүссэн, хүсээгүй хэзээ ч секс хийж болно, эмэгтэй хүн таашаал авч байгаа үгүй нь тийм ч чухал биш гэсэн тогтсон хандлага бий. Гэтэл хэлүү бол хүний биеийн хамгийн мэдрэмтгий эрхтэн. 8000 мэдрэлийн эстэй. Тийм мэдрэмтгий эрхтэн байхад зарим нь байгааг нь ч мэдэхгүй шахуу амьдардаг. Америкт эрэгтэй, эмэгтэй хүмүүс сексийн үеийн мэдрэмжүүдээ ямар үгээр илэрхийлж байгааг судалжээ. Бүсгүйчүүдийн 30 хувь нь өвдөлт, доромжлол, таагүй байдал гэсэн бол эрчүүд ялан дийлсэн, таашаалтай мэдрэмжүүдтэй байсан. Эмэгтэй хүн юу хүсч байгаагаа мэдэж байвал хүссэн харилцаандаа орж, хүсээгүйдээ орохгүй байх эрхтэй. Сексийн таашаал авах нь амьдралд эерэгээр хандах, сэтгэл өөдрөг байхад сайн нөлөөтэй. Маш олон тохиолдолд секс сайн муу болсон гэдэг хэмжүүр нь эрэгтэй хүн дур тавьсан уу гэдгээр үнэлэгддэг. Эмэгтэй дур тавих эсэх нь тийм ч ач холбогдолтой бус байх жишээтэй. Уг нь бэлгийн эрх бол хүний үндсэн хэрэгцээ. Биднийг кофе шопд суух, сонин унших, зурагт үзэх гэх мэт нэмэлт хэрэгцээнүүдээс холдуулаад уулын мухарт аваачвал хоол олж иднэ, аюулгүй байдлаа хангана, секс хийнэ.

Канадад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага байдаг. Тэд өөрсдийгөө хүний эрхийн байгууллага гэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүний бэлгийн асуудлыг байхгүй юм шиг л ханддаг шүү дээ. Харин тэд тэр хүмүүст хүрч очиж, бэлгийн үйлчилгээ үзүүлж байгаа ажилтнуудаа нийгмийн ажилтан, хүрч очих ажилтан гэж нэрлэдэг юм билээ. Канадын байгууллагын ажилтнууд би ажил хийж байгаа, хөгжлийн бэрхшээлтэй хүн эрхээ эдлэхэд нь тусалж байгаа гэж ярьж байна лээ. Бэлгийн шударга ёс гэж яригдаж байгаа. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс сексийн үед эрх мэдлийн огт өөр байр суурьтай оролцож байна. Уг нь эрэгтэй, эмэгтэй хоёулаа бэлгийн харилцаанаас кайф авдаг бол хосуудын аз жаргалд нөлөөлдөг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *