Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-д “Монголын зэс” корпорацийг төлөөлөн сонгогдоод байсан М.Мөнхбаатар, Ц.Пүрэвтүвшин, Да.Ганболд нар мэдээлэл хийлээ.
М.Мөнхбаатар “Хуулиараа гомдолтой байгаа зүйлд бүртгэл хийхгүй гэж заасан байдаг. Гэтэл өглөө Улсын бүртгэлийн ерөнхий газарт Ц.Пүрэвтүвшин захирал очиж гомдлоо өгсөн байтал шууд бүртгээд авчихсан байгаа юм. Бид нар арай ч ийм юм болно гэж төсөөлөөгүй.Хувийн өмчийг төр ингээд булаачихдаг гэж бодсонгүй.Бид хуулийн байгууллагаар асуудлыг шийдүүлэхээр хандаад байна.
Өнөөдөр Засгийн газарт манайхтай хэлцэл хийх ажлын хэсэг байгуулагдсан гэж хэвлэлээр мэдээлж байгаа ч бодит байдал дээр тийм зүйл болоогүй. Хэлцэл болоогүй байхад булааж авах ажиллагаа л боллоо шүү дээ. Бид өнөөдөр хуультай цаазтай улсад амьдарч байгаа биз дээ. Хүнийг яаж дээрэлхэж, яаж харлуулж, буруутгаж болдгийг олон улсад тунхаглалаа шүү дээ. Төрийн өмчид авангуутаа П.Орхон бид нарыг чөлөөллөө. Засгийн газрын зүгээс бидэнд цахимаар, и-мэйлээр утсаар ч холбогдож мэдээлэл өгөөгүй” гэв.
Да.Ганболд “Өнгөрсөн баасан гарагт амралтын өдрийг далимдуулаад ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлж, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу дангаараа хуралдаад, “Монголын зэс” корпорацийн төлөөллийг халж, өөрсдийнхөө хүмүүсийг томилсон байна. Өнөөдөр хурал дээрээ 100 хувь төрийн өмчит компани боллоо гээд сууж байна. Хэрэв төрийн өмчид хэрэв шилжүүлж байгаа бол нөгөө талтайгаа хэлцэлд ор.Нөгөө талдаа мэдэгдэлгүйгээр нэг шөнийн дотор гэрчилгээг нь сольж, ТУЗ-ийг нь халж болдоггүй юм. Үүнийг л та бүхэнд мэдээлж байгаа юм. Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш төр хувийн өмчийг булааж авсан анхны тохиолдол боллоо” гэлээ.
Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийн талаас буюу төрөөс ТУЗ-д томилогдсон гишүүд орж ирснээр тэд микрофоныг орхин гарсан юм.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн “Өнгөрсөн долоо хоногт хувьцаа эзэмшигчдийн хурал хуулийн дагуу болсон. ТУЗ өөрсдийгөө томилдоггүй. Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдаад холбогдох шийдвэрүүдийг гаргасан. Уг хурлаар “Монголын зэс” корпорацийн 3 хүнийг ТУЗ-өөс чөлөөлсөн.
“Эрдэнэт” үйлдвэр бол бизнесийн байгууллага. Бизнесийн байгууллагын ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон хүмүүсийн хувьд ашигтай ажиллуулахын тулд ажиллаж байгаа. Зарим бүтцийг өөрчилж, шинэчилнэ. Гэхдээ 7-8 дэд захирал тавих асуудал байхгүйг хариуцлагатайгаар хэлье. “Эрдэнэт” үйлдвэр хоёр улсын хамтарсан үйлдвэр байх хугацаандаа олон улсын гэрээнд заагдсаны дагуу харьцангуй нууцлаг байсныг та бүхэн мэдэж байгаа.
Харин одооноос Монгол Улсын компанийн тухай хууль, Засгийн газрын тогтоолын дагуу ажиллана. Бүтцийн өөрчлөлт зайлшгүй хийгдэнэ. Ажлаа хийж байгаа хүмүүсийг халж солино гэсэн зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.Цалинг нь багасгах асуудал байхгүй. Бүтцийн өөрчлөлт удирдлагын түвшинд хийх нь байж болох асуудал. Хувьцаа эзэмшигчдийн хурал хуулийн дагуу шийдвэрээ гаргаад ТУЗ-д төлөөлөл нь ирж танилцуулдаг байсан. Сүүлд хувьцаа эзэмшигчдийн хурал болсноос хойш анх удаа ТУЗ хуралдах гэж байна. Эрдэнэт бол Монгол Улсын өмнөө барьдаг байгууллага. Хувьцаа эзэмшигчдийн хурал холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдаад ном журмаараа явагдсан гэж үзээд бүртгэлийн газар бүртгэсэн гэж бид үзэж байна.
51 хувь гэсэн асуудлыг Монголд байхгүй болсон юм шиг асуудал яриад байгааг худал гэдгийг хэлье. Монгол Улсын Засгийн газар УИХ-ын шийдвэрийг хуулийнх нь хүрээнд биелүүлж байна. Ямар нэг дээрэм биш” гэв.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ын гишүүн Д.Дэмбэрэл“Энд маргаад байгаа зүйл бол 49 хувийн тал дээрэмдүүлээд өмчөө алдчихсан юм уу. Би тэгж бодохгүй байна. Ярилцаад тохиролцоно гэсэн шүү дээ. Тэгэхээр яарч дээрэм, тонуул гэж ярих нь илүүц юм. Нэг мэдэгдэхгүй байгаа асуудал нь хувьцаа эзэмшигчдийн хурал хуулийн дагуу болсон юмуу, үгүй уу юм уу. Үүнийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай ярих хэрэгтэй. Бас нэг зүйл гэвэл, Эрдэнэт үйлдвэрийн ажилчдыг халах, солих тухай яригдаж байна. Энд санаа зовох зүйл байхгүй. Аль ч ТҮЦ-ийн ажилтныг халахгүй. Ийм асуудал гарахгүй. Харин Эрдэнэтийн удирдлагын бүтцийг өөрчлөх асуудал байж болно” гэв.