“Монгол зэс” корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин Эрдэнэтийн 49 хувийг төрд авсан хийгээд тус компани одоогийн байдлаар албан ёсоор 49 хувийг эзэмшиж байхад хэлэхгүйгээр өнөөдөр Улсын бүртгэлд бүртгүүлэхээр явж буйг хууль бус үйлдэл хэмээн мэдэгдэв. Энэ талаар тэрбээр дараахь тайлбарыг өглөө.
Ц.Пүрэвтүвшин: Өнгөрсөн лхагва гаригт Засгийн газраас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт “Эрдэнэт” үйлдвэр болон “Монголросцветмет”-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлнэ гэсэн чиглэл өгсөн. Ингээд баасан гаригт Төрийн өмчийн хороо хуралдаад ТУЗ-ийг бүрдүүлээд зогсохгүй 49 хувийг төрийн өмчид бүртгэж авсан байна. Тэгээд компаниудын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулаад дангаараа батлаад Улсын бүртгэлд бүртгүүлэх гээд явж байна. Бидний авсан мэдээллээр өнгөрсөн баасан гаригаас эхлээд бүртгэ гээд дарамт шахалт үзүүлсэн байна. Гэтэл өнөөдөр манай компани албан ёсоор 49 хувийг эзэмшиж байгаа. УИХ-ын тогтоолоор манай компанийг хүлээн зөвшөөрөөд хэлцэл хий гэж заасан байгаа. Төр хуулийн этгээдийн байр суурьнаас ижил тэгж эрхтэй оролцоно гэж заасан байгаа. Гэтэл Төрийн өмчийн хороо Улсын бүртгэлийн газрыг дарамталж хүчээр хэлцэл хийлгэх гээд байна. Бид өнгөрсөн хугацаанд Төрийн өмчийн хороо, Засгийн газрын тогтоолоор ямар нэг хариу ирэх болов уу гэж хүлээж байсан. Гэтэл ямар ч хариу ирүүлээгүй байж ингэж түрэмгийлэн шийдвэр гаргаж байгаа нь хууль бус учир хойшид гарах үр дагаврыг нь шийдвэр гаргасан албан тушаалтнууд нь үүрэх болно шүү гэдгийг хэлмээр байна гэв.
О.ӨНӨР