С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн яллагдагч Т.Чимэгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт оноосон ялыг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээв. Өнгөрсөн долоо хоногт хэрэгтэй холбоотой урьд сонсож дуулаагүй баримтуудыг прокуророос дэлгэж эхэлсэн нь шуугиан болоод байна. Энэ бүх баримт нотолгоо хэрвээ үнэн бол одоо хамгийн хэцүү дээрээ ирлээ гэж туршлагатай хуульчид, судлаачид ярьж бичиж эхэллээ. Энэ нь тус хэргийн захиалагчийг тогтоох үйл явц.
Тус хэрэгт биечлэн холбогдсон дөрвөн хүн байгаа. Тэд бүгдээрээ нэг хүний эргэн тойронд ажиллаж амьдарч байсан хүмүүс гэх. Тогооч нь, малчин нь, бие хамгаалагч нь гээд. Сүүлийн өдрүүдэд хэргийг яаж үйлдсэнээ биечлэн үзүүлж, ганцаараа дуржигнатал ярьсаар байгаа Ц.Амгаланбаатар нь шоронгоор дийлэнхдээ явсан хүн. Мань эр С.Зориг гуайн амь насыг бүрэлгэхдээ гэрт хаалганых нь хоёр талд хүлээж зогсож байгаад орж ирэхэд нь сугадаж аваачаад хутгаар зөөлхөн бүлж алсан тухайгаа ярилаа. Тухайн үеийн сонинд дэлгэж байсан фото зургаар бол С.Зориг гуайн биед бодит 18 удаагийн хутганы сорви байдаг. Талийгаач таван минут орчим тэдэнтэй эсэргүүцэн тэмцэлдсэн байдаг. Тэгэсгээд бие нь суларсан тухай тэр үед бичигдсэн. Ц.Амгаланбаатарын ярьж зогсоо коридорт С.Зориг агсан хэргийн газрын үзлэг хийгдтэл бараг цаг шахуу бүтээлэгтэй хэвтсэн. Цогцос дээгүүр нь харайлган гэрт нь орж гарч байсан нөхдүүд өнөөдөр нийгэмд алхаж яваа. Аллагын маргааш нь шахуу Б.Булган томоохон хэмжээний ярилцлагыг Р.Даваажав гэж сэтгүүлчид өгсөн нь хэвлэлээр гараад шахуу нам алга болсон. Тухайн үед Булганы өгч байсан ярилцлагыг одоо уншвал их л юм мэдрэгдэх байх.
С.Зориг гуайг хөнөөх бэлтгэлээ базааж байсан Б.Содномдаржаа талийгаачийн байрных нь оршин суугчаас “С.Зоригийнх аль хаалга вэ” гэж асууж байсан тухай баримтад авагдсаныг сая олон түмэн мэдлээ. Ц.Амгаланбаатар “ваннынх нь өрөө өөрчлөгдсөн байна” гэж ярихыг бас харлаа. Гэнэн ч гэмээр баримт нотолгоонууд юм даа. Ваннын өрөөний талаар урьдчилан яаж ч ярьж тохирч болно. Хүн хөнөөх гэж яваа этгээд хажуу айлынх нь хүнээс гэрийнх нь хаалгыг асууж ч байдаг. Б.Булганы амыг ингэж таглаад хүлсэн гэж Ц.Амгаланбаатар бас ярилаа. Б.Булганы хоёр гарын эрхий хурууг холбож хүлээд нойлынх нь өрөөнд оруулсан шалтгаан нь гаднаас гар утсаар “Эхнэрийг нь амьд үлдээх ёстой юм билээ шүү” гэсэн даалгаврын дагуу гэнэ. 1998 онд малчин, тогооч, бас 16 настай байсан хүүхэд гар утастай байсан гэхээр юу бодогдож байна. Монголын нийгмийн нэлээн дээд түвшний хүмүүс гар утас барьж эхлэх төдий байсан цаг үе шүү дээ. Өнөөдрийн хүмүүст бол гайхах зүйл биш байх. Тэр үед тийм л байсан. Гар утас дөнгөж орж ирж байсан юм. Өнөөдрийн гурван яллагдагчийн гарт амь үрэгдсэн гэх Б.Отгонбаатар л гадаа нь байгаад энэ гурав бол дотор С.Зориг гуайг хутгаар сийчсэн юм байна. Тэгэхийг ч захиалагчид хийгээд зуучлагчид хатуу сануулсан бололтой. Иймэрхүү мэдээлэл, логик ойлголтыг энэ сарын 21-ний өдрийн “ММ” агентлагийн мэдээнээс аваад байсан Монголын ард түмэн удалгүй 24-ний өдөр news.mn сайтад өгсөн Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих Нэгдүгээр хэлтсийн хяналтын прокурор Б.Батжаргалын өгсөн ярилцлагыг уншаад дахиад сэртхийв.
С.Зоригийн амь насыг бүрэлгэхийнхээ өмнөхөн нь тэд С.Зоригийн гэрт тухалж, Б.Булганы чанаж өгсөн махыг идэцгээж, түүнтэй хамтдаа тамхилцгаасны эцэст “За одоо өнөөхөө янзалъя” гээд ажилдаа орсныг прокурорын ярианаас ард түмэн ойлголоо. С.Зоригийг амь насаа алдсанаас хойш талийгаачийнхаа ар гэрийнхэнтэй үй зайгүй холбоотой байж, С.Зориг агсны ээжийнх нь гэрт “мама мама” хэмээн цай хоолыг нь дөхүүлж өгөн сүйд болж байсан Б.Булган төд удалгүй хөндийрч холдсон тухай ойр тойрныхон нь ярьцгаадаг. Гэтэл прокурор Б.Батжаргал юу хэлчихэв, “Тэдний тамхиныхаа үнсийг хийж байсан будаатай аяга хэргийн газрын үзлэгийн баримтад бий” гэж. Ингэхээр Булган гуай маань “зуучлагч уу, захиалагч уу, гэрч үү, хохирогч уу” ямар ч байсан хэргийн гол сэдэв боллоо. Прокурорын хэлснээр бол “Захиалагчийг тодруулах, мөрдөн шалгах явцад Булган хэн ч болж болно” гэж хэллээ.
Ер нь бол хоёр дахь шатны шүүх хурлын дараа “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр Ж.Сандагсүрэнгийн өгсөн мэдээлэл дотор энэхүү хэргийн мөрдөн байцаалт 18 жилийн турш үргэлжилж ялтнуудын гэмт хэрэг үйлдсэнийг баримтаар нотолсон. Ялтан Ц.Амгаланбаатар нь хэрэг үйлдэх үедээ 16 настай байсан ч наснаасаа ахмад харагдахаар бие бялдрын хөгжил сайтай байсан учраас гэрчийн мэдүүлэг насны хувьд зөрсөн. Хэрэг гарах үед гэмт этгээдүүдийг харсан гэх гурван гэрч ялтнуудыг таньсан. С.Зориг агсны эхнэр Б.Булган энэ хэргийн гэрч боловч өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу түүнийг хэргийн холбогдогчоор шалгаж, түүнд холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон. Тухайн үед хэргийн гэрч гэгдэж байсан Б.Булганы өгсөн ам зурагтай өнөөдөр ял аваад буй этгээдүүд таарч байгаа зэрэг баримтууд нь эдгээр гурван хүнийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчид хэмээн тодорхойлоход хүрчээ. Ингэхээр одоо яалт ч үгүй захиалагч, зуучлагчдыг тодорхой болгоход тус хэрэг тулж очоод байгаа бололтой. Мөн хяналтын прокурор Б.Батжаргалын ярьсан “830142 гэсэн дугаартай хэргээс захиалагч гэх хүмүүсийг тогтоох, нотлох баримтуудыг шалгах шаардлага байгаа учраас хэргийг тусгаарлан шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Хэргийн захиалагчийг илрүүлсэн тохиолдолд энэ хэрэг төрийн нууцад хамаарахгүй болно” гэлээ.
Энэ мэт мэдээлэл, баримтууд нийтэд ил болсонтой холбогдуулан ялтнуудын өмгөөлөгчид, прокуророос хэргийн баримтыг хэт нэг талтайгаар мэдээлж буйд шүүмжлэлтэй хандаж, энэ бүх мэдээллүүд зөвхөн өчүүхэн хэсэг нь. Бүгдийг нууцын зэрэглэлээс гаргасан үед их өөр дүр зураг харагдана хэмээн ярьж байгаа юм. Ойрын өдрүүдэд нийгэмд хүргэсэн эдгээр мэдээлэл нь гурав дахь шатны шүүх хуралдаанд нөлөөлөх гэсэн үйлдэл байж болзошгүй ч гэж тэд үзэж байгаа.
Ийм л дараалсан хоёр шуугиантай мэдээллийн ард өнгөрсөн бямба гаригийн орой УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэргийн талаар ярилцлага өглөө. Тэрээр захиалагчийг олж байж гүйцэтгэгчийг яллах хэрэгтэй гэв. Түүнийхээр прокуророос мэдээлж буй дээрх баримт нотолгоог Үндсэн хууль зөрчиж буй хэрэг гэж үзжээ. Тэрээр “Хохирогч болон яллагдагчдын ар гэрийнхэн шүүх хурлыг нээлттэй явуулахыг л хүсч байгаа. Нотлох баримтыг нууцын зэрэглэлээс гаргахдаа, үндэсний онцгой эрх ашгийн өмнөөс гэсэн боловч хоёр шатны шүүх хурлыг хаалттай хийснийхээ дараа баримт ил гаргах ямар онцгой эрх ашиг байсан бэ гэвэл байхгүй байгаа. Прокурорын тэр мэдэгдэлд, энэ хэргийн талаар биднээс өөр хүн яривал яллана гэдгээ шууд хэлж байна. Одоогийн мөрдөж буй Эрүүгийн байцаан шийтгэх хуульд шүүх хурлыг хаалттай хийх ердөө хоёрхон тохиолдол байдаг. Нэг нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой хэрэг. Нөгөө нь насанд хүрээгүй хүүхэдтэй холбоотой хэргийг хаалттай хийдэг. Гэтэл энэ хэргийг хараад байхад гүйцэтгэх ажиллагааг эс тооцвол төрийн болон хувь хүний нууц гэж байгаагүй. Харин өмгөөлөгчид нь төрийн нууцтай холбоотой хэрэг учир мэдээлэл гаргахгүй гэдэг юманд гарын үсэг зурчихсан учраас тодорхой мэдээлэл өгч чадахгүй байгаа юм билээ. Мөн энэ хэргийн цорын ганц гэрч бол Б.Булган. Хэргийг үзсэн харсан гэдгээрээ гэрч, эхнэр нь байсан гэдгээрээ хохирогч. Яалт ч үгүй гэрч, хохирогчийн аль нэг нь болж таарна. Тэгэхээр наад зах нь тэр ам зургийн талаар Б.Булганаас гэрчийн мэдүүлэг авах хэрэгтэй. Үүнийг яагаад хийхгүй байгаа юм. Магадгүй Б.Булган шүүх хуралд оролцвол хуулийнхны хүсээгүй өөр зүйлсийг ярьж мэдэх юм. Хамгийн гол нь захиалагчийг нь олж байж, гүйцэтгэгчдийг яллах нь зөв. Эдгээр хүмүүс захиалгаар хүн алсан юм бол хүн алсныхаа төлөө ямар эд хөрөнгө юу авсан бэ гэдгийг гаргаж тавих хэрэгтэй. Хүн алахдаа хүрвэл ямар нэг ашиг сонирхол байна аа даа. Ингээд харахаар 1937 оныхтой ижил онцгой комисс энэ улсад байгуулагджээ. Хуулийнхан хэргийг нуу гэхээр нуудаг, ил болго гэхээр мэдэгдэл хийгээд сууж байдаг ийм ардчилсан орон гэж байх уу. Ер нь бол Элбэгдоржийг буухаар та нар баларна даа” гэж тэрээр тодорхой ярьсан нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Шүүх, прокурорт илт нөлөөлөх гэсэн, дарамт шахалт үзүүлэх оролдлого гэж ард түмэнд ойлгогдож байгааг мэргэжлийн хүмүүс ярьж байна. Үнэхээр С.Зоригийн хэрэг Ц.Нямдорж хийгээд зарим нэг хүний яриад байгаа шиг цаанаасаа явуулгатай, зохион байгуулалттайгаар хийгдэж байгаа нь үнэн юм бол Монголын шүүх засаглал, бусад хууль хүчнийхнийг улнаас нь эхлээд оройг нь хүртэл устгаж цэвэрлэх маш том ажиллагаа явагдах хэрэгтэй. Гэхдээ бид Монголын шүүхэд итгэж байна. Хуулийнханд итгэж найдаж байгаа. Ц.Нямдорж бол насаараа хуулийн байгууллагад ажилласан, Хууль зүйн сайдыг нэг бус удаа хийсэн, хууль эрх зүйн нарийн мэдлэгтэй хүн. Гэтэл түүний С.Зоригийн хэрэгтэй холбоотой өнөөдрийн энэ бүх үйл явцыг цаанаасаа захиалгатай, зохион байгуулсан гэж хэлж байгааг нэг талаасаа бодож үзмээр байгаа юм. Нөгөө талаасаа түүний өнгөрсөн хугацаанд энэ хэрэгтэй холбоотой дуугарч байсан байр суурийг бас эргэн санах хэрэгтэй.
2004 онд М.Энхсайханыг АН-ын дарга байх үед Ц.Нямдорж “Намын даргагүй нам сонгуульд ялахыг үзнэ” гэж хэлж байсныг хүмүүс өнөөдөр санаж байгаа байх. Тэр үед “Эх орон- Ардчилал” эвслийн дарга М.Энхсайхан байсан биз дээ. 2004 оны сонгуулийн өмнө эрх баригчид С.Зоригийн аллагад сөрөг хүчнийхнийг буруутгах зорилгоор Д.Энхбат-Ч.Энхтайван- М.Энхсайхан гэсэн гаргалгаа бодож олжээ гэж тухайн үед хэвлэл мэдээллүүд бичиж байв. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “2004 онд одоогийн МАН-ын томчууд тухайн үеийн “Эх орон-Ардчилал” эвслийн дарга М.Энхсайханыг С.Зоригийн аллагад буруутгахын тулд Францаас хүн баривчлан ирж, гэмт хэрэгтэн гэж тулгаад, нотлогдохгүй болохоор нь өөр зүйл ангиар шоронд оруулсан. Хэрвээ тухайн үед Д.Энхбат энэ хэргийг М.Энхсайхан захиалсан гээд хэлсэн бол маргааш нь тэр хүн үхээд нөгөөдөр нь М.Энхсайханыг шоронд аваачаад хийх байсан” гэж ярьсан байдаг нь тухайн үеийн сонин хэвлэл дээр бий. Ц.Нямдорж даргын өмнө нь хэлж, нотолж байсан энэ санаагаар нь С.Зоригийн хэрэг өнөөдөр шийдэгдэхгүй, явахгүй байгаа нь түүний сүүлд ярьсан ярианых нь өдөөлт болж байж ч мэднэ. Энэ өдөөлт, урьдын хэлсэн ярьсан, бодож санаж явдаг зүйл нь өнөөдөр шүүх, прокурорт нөлөөлөх гэсэн оролдлого байж болох юм.
Ингэж харахаар С.Зоригийн хэрэг нь үе үеийн улс төрийнхний дарж байгаад ашиглах болохоор гаргаж ирдэг хөзөр шиг болж байна. М.Энхсайханы захиалгаар Д.Энхбат хийсэн болгох гэж нийгэм хэсэг шуугьсан. Дараа нь Э.Бат-Үүл юм биш үү гэж нийгэм бас шуугилаа. Үгүй ээ, өөр том хүн байгаа гээд үргэлжилдэг. Одоо Булган юм биш үү гэсэн шуугианыг нийгэмд өглөө. Ёстой нэг гурван сая монголын мэдрэлээр тоглож байна даа. Эцэст нь хэлэхэд уг хэргийн захиалагчийг сонгуулийн өмнө илрүүлбэл аль нэг намыг ялуулахын тулд хийсэн ээлжит хөзөр гэж ард түмэн ойлгоно. Сонгуулийн дараа захиалагчийг илрүүлбэл үнэн юм байжээ гэж ойлгох уу.
Б.НЯМАА