Цаг уур орчны шинжилгээний газраас дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх талаар урьдчилсан төлөв гаргажээ. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе.
Баруун зүгийн нутаг.. Энэ сарын агаарын температурын дундаж нь Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 7-11 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан буюу Баян-Өлгийн хойд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1.0-2.0 градусаар дулаан байх төлөвтэй байна.
Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч Увс нуур, Идэр, Тэс, Хүрэнбэлчир, Завхан голын эхээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн ба эцсээр харьцангуй дулаарч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байна. Бусад хугацаанд Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.
Энэ сард орох хур тунадас нь Баян-Өлгий, Увсын ихэнх нутаг, Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй.
Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар, сүүлчээр нь нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.
Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар 14-16м/с, Алтайн уулархаг нутгаар зарим үед түр зуур 20-24 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.
Төвийн нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь Хөвсгөл, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус дулаан буюу ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5 градусаар дулаан байх төлөвтэй.
Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулсаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. Харин гуравдугаар арав хоногийн сүүлчээр харьцангуй дулаарч шөнөдөө Дархадын хотгороор 4-9 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө Орхон, Сэлэнгийн хөндийгөөр 19-24 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, Өвөрхангай, Булган, Сэлэнгийн өмнөд хэсгээр 12-17 градус дулаан байна.
Энэ сард орох хур тунадас нь Хөвсгөлийн баруун, Өвөрхангайн хойд, Төв аймгийн зүүн өмнөд хэсэг, Архангайн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй.
Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.
Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар 14-16м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.
Зүүн зүгийн нутаг. Энэ сарын агаарын дундаж температур ихэнх нутгаар 2-7 градус дулаан буюу Сүхбаатарын ихэнх нутаг, Дорнодын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уур амьсгалын дунджаас 0.5 градусаар дулаан байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн эх ба сүүлийн хагаст хүйтэрч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. Мөн хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хүйтэрнэ. Харин хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр харьцангуй дулаарч Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 18-23 градус хүрч дулаарна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.
Энэ сард орох хур тунадас нь Хэнтийн зүүн хойд, Дорнодын хойд хэсгээр уур амьсгалын дунджаас багавтар, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр зарим газраар бага зэргийн цас, нэгдүгээр арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр зарим газраар хур тунадас орох төлөвтэй.
Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе ба сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар 14-16 м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед түр зуур 18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.
Говийн нутаг. Энэ сарын агаарын дундаж температур нь Өмнөговийн ихэнх нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр 8-12 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан буюу ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд үеэс харьцангуй дулаарч ихэнх нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.
Энэ сард орох хур тунадас нь Дундговийн зүүн хэсэг, Дорноговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орох төлөвтэй. .
Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр зарим газраар 16-18 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед 20-24 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй байна.