Ардчилсан намын дотоод сонгууль өнөөдөр болно. Ардчилсан намыг бодлогын нам болгон шинэчлэх зорилготой сонгуулиар Үндэсний бодлогын хорооны 380 гишүүн, аймаг, нийслэл, дүүргийн Ардчилсан намын дарга нарыг энэхүү санал хураалтаар тодруулах юм. Намын 160 мянга гаруй гишүүн саналаа өгнө.
Олимпийн аварга Н.Түвшинбаяр, сумогийн их аварга Д.Дагвадорж, Кёкүшюзан Д.Батбаяр, улсын арслан Д.Азжаргал зэрэг олон бөх энэ удаагийн дотоод сонгуульд нэр дэвшээд байгаа нь олны анхаарлыг татаж байгаа юм. Говьсүмбэр аймгийн Ардчилсан намын даргад Кекүшюзан Д.Батбаяр, улсын арслан Д.Азжаргалтай өрсөлдөнө. Өмнөговь аймгийн Ардчилсан намын даргад аймгийн арслан Р.Сэддорж, Булган аймгийн Ардчилсан намын даргад самбо бөхийн дэлхийн аварга, аймгийн арслан Б.Ариун-Эрдэнэ нар өрсөлдөж буй.
Харин нийслэлийн Хан-Уул дүүргийн Ардчилсан намын даргад аймгийн арслан Р.Дамдин хүч үзэж байна.
Үндэсний бодлогын хороонд самбо бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Х.Баттулга тэргүүлэн улсын харцага М.Батжаргал, улсын начин Ц.Гэрэлт-Од, их аварга Асашёорюү Д.Дагвадорж нар өрсөлдөж байгаа юм.
Тэгвэл нийслэлийн Ардчилсан намын даргын суудалд Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж нар өрсөлдөж байна. Хэн нь нийслэлийн Ардчилсан намын даргаар сонгогдохыг есөн дүүргийн гишүүдийнх нь санал шийдэж өгнө.
Нэр дэвшигчид зургаагаас 90 сая хүртэлх төгрөгийг намынхаа дансанд хийснээр өрсөлдөх эрхээ олж авсан. Үүнийг нь нэр бүхий гишүүдийн зүгээс “Мөнгөтэй хүмүүст нэр дэвших боломжийг олгосноороо Ардчилсан намын үнэт зүйлийг уландаа гишгэлээ. Мөн мөнгөтэй хүмүүсийн халаасанд гишүүдээ оруулах увайгүй үйлдэл рүү түлхэж байна” гэж шүүмжлэлтэйгээр хандаж байсан юм.
Нэр дэвшигчдийн сонгуулийн хураамжийн төлбөрийг тодруулбал,
- Үндэсний бодлогын хороонд өрсөлдөхөд 3 сая, дэнчин нь мөн 3 сая
- Нийслэлийн намын даргад өрсөлдөхөд 90 сая
- Аймгийн намын даргад өрсөлдөхөд 15 сая
- Дүүргийн намын даргад өрсөлдөхөд 20 сая
- Багануур, багахангай, Налайх дүүргийн намын даргад өрсөлдөхөд 10 сая
- Сумын намын хорооны даргад өрсөлдөхөд 200 мянга
- Нийслэлийн намын хорооны гишүүнд өрсөлдөхөд 1.5 сая
- Аймгийн намын хорооны гишүүнд өрсөлдөхөд 50000, дэнчин нь 120000
- Дүүргийн намын хорооны гишүүн 250000
- Багануур, Багахангай, Налайх дүүргийн гишүүнд өрсөлдөхөд 250000
- Сумын намын хорооны гишүүн 12000 төгрөг
Сонгуулийн сурталчилгаа хаах өдөр буюу өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос Сэлэнгэ аймгийн 25 дугаар тойргоос нэр дэвшсэн С.Баярцогтын нэрийг нэр дэвшигчийн бүртгэлээс хасах шийдвэр гаргажээ.
Уг шийдвэрийг Дотоод сонгуулийн хороо Ардчилсан намын үндсэн дүрэм зөрчсөн талаар маргаан ирсэн тул нэр дэвшигчийн бүртгэлээс хаслаа хэмээн тайлбарласан байна.