Categories
мэдээ цаг-үе

Ч.Базарсүрэн: Харааны бэрхшээлтэй тамирчдад мэх заахдаа дотор сэтгэлд нь харагдтал дүр, зураг үзүүлж ярих хэрэгтэй байдаг

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор энгэрээ мялаасан Монголын самбо, жүдо бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн анхны дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер Чоёндоржийн Базарсүрэнтэй ярилцлаа.


-Танд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч болсонд баяр хүргэе. Ажил хөдөлмөрийн гараагаа хаанаас эхэлж байв. Хичнээн жил дасгалжуулагч хийсэн бэ?

-Би “Хоршоолол” нийгэмлэгийн “Харцага” клуб дээр Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын начин Баатаржав багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилт хийдэг байлаа. Ер нь оюутан байхаасаа л клуб дээрээ очиж хүүхдүүдийг бэлтгэл хийлгэдэг байсан. Би Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг бөхийн багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн л дөө. Харин XI сургуулиас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байлаа. Ажиллаж байх хугацаандаа Үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулалт эхлэх гэж байгаа тухай сонссон. 1996 оны арванхоёрдугаар сард гэсэн үг л дээ. Сонгон шалгаруулалтад эмэгтэй жүдо бөхийн шигшээ багийг хөгжүүлсэн Буядаа, Машбат багш хоёр маань нэг баг болж мөн би Эрдэнэбат ахтай хамтран өрсөлдөж байлаа. Ингээд 1997 онд дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн тушаалаар тухайн үеийн Биеийн тамир спортын үндэсний төвийн жүдо, самбо бөхийн анхны эмэгтэй багийн дасгалжуулагч гэсэн хариуцлагатай ажилд томилогдсон юм.

-Хөнгөн атлетикаар хичээллэдэг байсан гэсэн. Харин жүдо бөх рүү урвах болсон шалтгаан нь юу байсан бэ?

-Би арван жилийн сурагч байхаасаа эхлээд л спорттой холбогдож эхэлсэн л дээ. Хөнгөн атлетик, сагсан бөмбөг гэх мэт спортоор хичээллэж тэмцээн, уралдаанд оролцдог байлаа. Гэхдээ миний хувьд аав, өвөө минь бөх хүмүүс учраас бөхийн спортод илүү сонирхолтой хүүхэд байсан. Тухайлбал, миний нагац эмээ Луу гүний Галсанхүүгийн Вандан аваргын том охин юм. Харин миний аав үндэсний бөхөөр барилддаг начин цолтой мөн самбо, жүдо бөхийн анхны шигшээ багийн тамирчдын нэг. Тиймдээ ч бөхийн спорт, тэр дундаа жүдо бөхийг сонгон хичээллэх болсон. Гэхдээ барилдах сонирхолтой байсан хэдий ч намайг арван жилд байхад эмэгтэй бөхчүүд хараахан барилдаж эхлээгүй байлаа. Тиймээс арван жилд байхдаа буюу 1987 онд Спортын төв ордонд зээрэнцэг, бөөрөнцгийн төрлөөр хичээллэдэг байсан.

-Вандан аваргын үр удам гэж дээр ярилаа. Ингэхэд гэр бүлд тань аваргыг залгамжилсан бөх хүн бий юү?

-Өвөөг минь жин тээдэг, хөдөлмөрч, их бяртай хүн байсан гэдэг. Жин тээж байхдаа хэвтсэн буурыг өргөчихдөг бяр тэнхээтэй хүн байсан гэдэг. Мөн хүзүүнээс мөр хүртэлх зай нь хоёр төө байсан гэх мэт үлгэр, домог шиг яриа сонсож байсан.

Вандан өвөө минь дөрвөн хүүхэдтэй. Хамгийн том нь миний эмээ юм. Ганц хүүтэй хүн байсан. Харин хүүгийнх нь хүү аймгийн заан цолтой Мөнхжаргал гэж ах минь байдаг. Одоо Архангай аймгийн Батцэнгэл сумандаа амьдарч байна. Өөр барилдсан залуучууд байхгүй. Харин намайг дагаад хэд, хэдэн охид жүдогоор барилдсан шүү. Олон улсын хэмжээний мастер цолтой хэдэн охид бий.

-Таны шавь Б.Ууганхүү “Рио-2016” паралимпийн наадмын жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртэж түүхэн амжилт үзүүлсэн. Ер нь хэзээнээс пара тамирчдыг бэлтгэж байна вэ?

-Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн захирал доктор, профессор Лхагвасүрэн багш маань 2004 оны Афины паралимпийн наадам үзэхдээ харааны бэрхшээлтэй болон хараагүй тамирчид барилдаж болдог юм байна гэдгийг мэдсэн юм билээ. Харин ирснийхээ дараа надад харааны бэрхшээлтэй тамирчид дасгалжуулах санал тавьсан л даа. Тухайн үед би “Монгол охид” клубт дасгалжуулагчаар ажиллаж байсан. Миний хувьд чадах болов уу яах бол гэж их эргэлзэж байлаа. Харин Лхагвасүрэн багш 2005 онд харааны бэрхшээлтэй эрэгтэй жүдочдын дунд хоёр жингийн төрлөөр тэмцээн хийсэн. Тухайн үед багш маань “Одоо энэ залуучуудтай ажиллаж сайн тамирчин бэлтгэх хэрэгтэй. Базарсүрэн минь, энэ бол хүмүүнлэгийн ажил шүү. Чи ийм сайхан эмэгтэй тамирчид бэлтгэж чадсан юм чинь энэ залуучуудыг амжилтад хүргэж чадна” гэж хэлсэн. Түүнээс хойш л пара тамирчдаа бэлтгэж байна даа.

-Анх хөгжлийн бэрхшээлтэй тамирчидтай ажиллахад ямар хүндрэлүүд тулгарч байсан бэ?

-Мэдээж хүндрэлтэй зүйлүүд тохиолдож байсан. Хүмүүс төдийлөн ойлгохгүй, заал талбай ч олддоггүй байлаа. Харин Үндэсний биеийн тамирын дээд сургуульд болон Спортын төв ордонд жүдо, чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчдыг бэлтгэлээ хийж дууссаных нь дараа бэлтгэл хийх боломж олддог байсан. Миний хувьд залуу байсан болоод ч тэр үү, ярихаасаа эхлээд л туршлага дутдаг байсан шүү. Энгийн тамирчдад мэх зааж байгаа тохиолдолд энэ мэхийг хараад сураад аваарай ч юм уу, дагаад хийгээрэй гэж хэлнэ. Харин харааны бэрхшээлтэй тамирчдад тэгж хэлж болохгүй шүү дээ. Тиймээс дотор сэтгэлд нь харагдтал дүр, зураг үзүүлж ярих ёстой юм билээ. Мөн өөрийн биеэр бэлтгэл сургуулилтаа заах шаардлагатай болдог. Миний ямар мэхийг яаж хийж байгааг тамирчид гараараа мэдэрч сурдаг юм. Тэд минь ч өндөр мэдрэмжтэй байдаг. Бас сул хараатай тамирчид бусдадаа зааж хамтарч ажилладаг. Энэ нь ч тэдэнд давуу тал болдог гэж хэлж болно. Ингээд бэлтгэл сургуулилт хийлгэснийхээ дараа тамирчдаа заавал гэрийнхэнд нь хүлээлгэж өгнө. Ер нь харааны бэрхшээлтэй тамирчидтай ажиллах хүнд ажил л даа. Гэхдээ цаг хугацаа ч хурдан юм даа. 12 жил пара тамирчидтайгаа хамтарч ажиллаж байна. Тус бүр гурван паралимпийн наадам, Азийн наадамд баг тамирчдаараа амжилттай оролцжээ. Цаашид ч улам их амжилт үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй явдаг шүү.

-Паралимпийн наадмын хүрэл медальт Б.Ууганхүү хэзээнээс таны шавь болж, их спортоор хичээллэж эхэлж байв?

-Б.Ууганхүү 2010 оноос эхлэн пара жүдогоор хичээллэж байгаа. Тэрээр 2011 онд Хараагүйчүүдийн дэлхийн наадамд оролцохдоо харааны ангиллаа тогтоолгоод B3-т багтсан. Ерөнхийдөө хараагаа 80-аас дээш хувьтай алдсан хүмүүс пара жүдогийн тамирчин болдог юм. Ямартай ч өнгөрсөн жилийн “Рио-2016” паралимпийн наадамд Б.Ууганхүү маань хүрэл медаль хүртэж түүхэн амжилт үзүүлсэнд хамгаас их баяртай байна. Б.Ууганхүүгээ хөтлөөд дэвжээн дээр гарахад сандралгүй маш тайван байсан. Яагаад ч юм, надад бас итгэл төрөөд болчих юм шиг л санагдаад байлаа. Тухайн үед “Чадна биз дээ. Энэ тамирчинг заавал хожих ёстой шүү” гэж хэлсэнд Ууганаа маань “Чадна аа багш аа. Би хичээнэ” гээд л дэвжээнд гарсан. Хэлсэндээ ч хүрч дөрөвхөн секундын дотор л өрсөлдөгчөө буулгаж авсан. Тухайн үед маш их баярлаж, бахархаж байлаа. Шантарч, төвөгшөөлгүй зорьсондоо хүрэхийн төлөө хичээсэн минь талаар болоогүйд хамгийн их баяртай байгаа.

-Одоо пара жүдочид бэлтгэл сургуулилтаа хаана хийж байгаа вэ?

-Бидэнд тусад нь зориулсан бэлтгэл сургуулилтын заал талбай байдаггүй л дээ. Жүдо бөхийн шигшээ багийн тамирчдынхаа заал, талбайд хуваарийн дагуу бэлтгэл сургуулилтаа базааж байна. Жил ирэх тусам харааны бэрхшээлтэй хүүхэд, залуус жүдогоор хичээллэхээр бидэнд хандах нь ихэсч байгаа. Мөн Улсын аварга шалгаруулах тэмцээнд аймаг, сумдын маш олон тамирчид ирж оролцдог болсон.

-Таны дасгалжуулагч хийж байсан “Монгол охид” бөхийн клубээс гурван ч гавьяат төрсөн байна. Түүний нэг нь яах аргагүй олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа шүү дээ. Эдгээр шавь нарынхаа тухай яриач?

-Самбо бөхийн дэлхийн аварга Батдэмбэрэл, жүдо бөхийн олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа, Дэлхийн аваргын хүрэл медальт Бундмаа нар маань “Монгол охид” клубээс төрөн гарсан гавьяатууд юм. Манай Бундмаа клубт орохоор 1997 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумаас зорьж ирж байсан. Бундаа их адтай. Ямар ч зүйлд эв дүйтэй шүү. Бас их хор шартай. Харин Сумъяагийн аав нь охиноо манай клубт оруулахаар 2004 оны наймдугаар сарын сүүлээр байна уу даа, ирж уулзаж байсан юм. Ингээд манай клубт 2007 он хүртэл хичээллэсэн. Энэ хугацаанд спортын мастерын болзол хангаж “Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ багт харьяалагдахаар болсон. Сумъяагийн онцлог нь маш их бяртай. Залхуугүй, шантардаггүй, аливаад тууштай чанар нь өнөөдрийн амжилтад хүргэлээ гэж би боддог юм.

О.АРИУНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *